Ярилцлага

Гоожингийн өндрийг ӨМЧЛӨГЧ: Нураах зорилгоор худалдаж авсан бидэнд ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ байхгүй

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, 107 жилийн түүхтэй Гоожингийн өндөр гэгддэг байшинг Б.Мөнх-Эрдэнэ нарын иргэд өмчилдөг талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өмчлөгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оргилбаатартай уг асуудлаар ярилцаж, байр суурийг нь сонслоо.

Уг сэдвээр бэлтгэсэн өмнөх контентуудад багтсан зарим албаны эх сурвалжийн өгсөн мэдээлэл эл ярилцлагын үеэр үгүйсгэгдэж байв.

-ЗАРИМД НЬ МӨНГӨ, ЗАРИМД НЬ БАЙР ӨГСӨН-

-Гоожингийн өндрийг та бүхэн хэдэн онд өөрсдийн өмч болгосон юм бэ. 2014 онд худалдаж авсан гэх мэдээлэл бий?

-2012 онд албан ёсоор бидний өмч болсон. Тухайн үед тэнд 12 айл амьдардаг, ес нь ордертой байсан. Тэр айлуудтай зөвшилцөн, заримд нь мөнгө төлж, заримд нь байр авч өгөөд өөрсдийн болгосон.

-Яагаад энэ барилгыг сонирхсон юм бэ. Соёлын өв, түүнчлэн дотор нь айлууд амьдарч байсан гэхээр нэлээд төвөгтэй шийдэл биш үү?

-Тухайн үед Гоожингийн өндрийг тойроод хуучны олон ижил байшин байсан юм. Бизнес эрхлэгчид тэднийг газартай нь худалдаж авч, нураагаад, байшин барилга барьж эхэлсэн үе. Харин бидэнд энэ байшин таарчихгүй юу. Ингээд л оршин суугчидтай нь учир зүйгээ олоод, өөрсдийн болгосон. Мэдээж бид бизнесийн зорилгоор л худалдаж авсан.

-Нураагаад, барилга барина гэсэн бодолтойгоор уу?

-Тийм.

-Дотор нь амьдарч байсан хүмүүс сэтгэл хангалуун гарч чадсан юм уу?

-Сэтгэл ханамжтай байлгүй яах вэ. Энэ бол гал түлдэг байшин. Айлууд нь өвөл цонхоороо яндангаа гаргачихаад гал түлж суудаг байсан. Гадна тал нь ч ер яг одоогийнх шигээ л байсан шүү дээ. Дотор тал нь л арай дээр байсан болохоос. Яг үнэнийг хэлэхэд, тухайн үед энэ барилгыг соёлын өвд бүртгэснийг мэдээгүй. Хуучны хоёр давхар байшин авчихлаа л гэж бодсон.

Уг нь Сайн ноён ханы өргөө юм билээ. Сайн ноён хан ийм байшин хоёрыг бариулсан юм. Одоогоор Богдханы музейн зүүн хойд талд анх баригдаж, “Хоёр өндөр” гэж нэрлэгддэг байсан. Нэгийг нь ийш зөөж авчирсан. Дараа нь ЗХУ-аас С.А.Козин гэж хүн ирж, суусан.

Учир юу гэвэл, дайны үед манай улс ЗХУ-аас буу, зэвсэг худалдаж авна гэж мөнгөн тусламж авчихаад заан энэ тэр авч, тансаглахгүй юу. Иймд ЗХУ-аас С.А.Козиныг хяналт тавиулахаар явуулсан. Харин монголчууд Чингэлтэй уулнаас мод тайрч, худалдаад С.А.Козинд төлбөр болгож тушаадаг байсан. Модонд явах зөвшөөрлийг нь тэр бичдэг байж. Ингээд Козины нэр Гоожин гэж хэлэгдсээр байшин Гоожингийн өндөр нэр зүүсэн. Сүүлд 1990-ээд онд, акталсан. Тэгээд л дотор нь амьдарч байсан хүмүүсийн өмч болчихсон юм билээ.

-СОЁЛЫН ӨВД БҮРТГЭЛТЭЙГ НЬ ДҮҮРЭГ Ч, НИЙСЛЭЛ Ч МЭДЭХГҮЙ БАЙСАН-

-Та түүхийг нь мэддэг мөртлөө яагаад соёлын өвд бүртгэлтэй барилгыг нураах зорилгоор авсан юм бэ?

-Ийм явдал болсон. Надад архитектур төлөвлөлтийн даалгавар нь байдаг юм. Энэ бол “Буулгаад, байшин барьж болно” гэж зөвшөөрсөн тохиолдолд өгдөг бичиг. Би юмны зах зух мэддэг хүн болохоор бичиг гарсны дараа бататгах гэж, өөрөө лавласан. Гэтэл Баянзүрх дүүргийн хамгаалалтад орсон байсан.

Ингээд би Нийслэлд хариу мэдэгдээд “Та нар ийм учиртай барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгсөн байна. Буулгавал Соёлын өвийн тухай хууль зөрчинө. Иймд Соёлын өвөөсөө хасаж өгөөч” гэж хандсан. Бидний анхны хүсэлт бол энэ барилгыг соёлын өвөөс хасуулах байсан юм.

-Соёлын өвд бүртгэгдсэн барилга дээр “Буулгаж болно” гэсэн утгатай бичгийг Нийслэлээс гаргаад өгчихсөн байсан гэсэн үг үү?

-Тийм, өөрсдөө мэдээгүй байсан. Дүүрэг нь ч, Нийслэл нь ч мэдээгүй байсан. Би өөрөө сураглаж явж олж мэдээд, асуудал тавьсан. Нэг бол Нийслэлийн өмчдөө авчих, нэг бол соёлын өвөөсөө хасчих гэдэг асуудлыг тавьж, 2012 оноос хойш явж байна.

-Энэ асуудлаар 2016, 2018 онд хоёр ч удаа ажлын хэсэг гарч, ажилласан. Ямар үр дүн гарсан бэ?

-Э.Бат-Үүл дарга 2016 онд, ажлаа өгдөг жилийнхээ хавар нь ажлын хэсэг гаргасан. Хот газрын хүн юм болохоор нурааж болохгүй гэдгийг ойлгож байсан. Тийм болохоор Нийслэлийн өмчид авъя гэдэг тал дээр дэмжсэн байр суурьтай байсан. Ингээд үнэлгээ хийдэг компаниар үнэлүүлээд, гарсан үнэ дээр нь зөвшилцөж, Нийслэлийн өмчид авъя гэдэг хувилбарыг ярьж байсан. Гэтэл  Э.Бат-Үүл дарга ажлаа өгсөн.

-Үнэлгээ хийлгэх төсвийг нь НИТХ-ын хурлаар дэмжээгүй юм билээ?

-Надад НИТХ-ын хурлын протокол нь байдаг. Э.Бат-Үүлд дарга “Төсөвлөөд, үнэлгээг нь хийлгэе” гэж ярьж байсан ч  ийм явдал болсон юм билээ.

Дараа нь С.Батболд даргад хүсэлт гаргаж явсаар байгаад уулзсан. Ер нь 10-аад жил хөөцөлдсөөр намайг Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газрынхан андахаа больсон. Сүүлийн жилүүдэд соёлын өвөөс хасах хувилбар огт байхгүй гэдэг хариу өгч байгаа.

-Д.СУМЪЯАБАЗАР ДАРГА Л УУЛЗСАНГҮЙ-

-Нэгэнтээ соёлын өвийг өөрийн өмч болгосны хувьд засаж, сэлбэх тал дээр яагаад хариуцлага хүлээгээгүй юм бэ?

-Бид энд засвар хийнэ гэвэл маш үндэслэл муутай ойлголт болно. Шударга хэлэхэд, засах байтугай буулгах асуудал ярих гэж бид худалдаж авсан шүү дээ. Гэтэл иргэний чин зориг гаргаад “Ийм учиртай барилга байна” гэж өөрсдөө хандсан. Буулгачихсан бол бүр мэдэхгүй өнгөрөх байсан. Намайг энэ талаар яриад анх очиход дүүрэг нь ч, Нийслэл нь ч мэдэхгүй байсан гээд бод л доо.

Бид хувь хүмүүс үүнийг хүчитгээд янзална гэвэл утгагүй.  Бидний хөрөнгө энд боогдчихсон байна. Тэгэхээр ашигтай л болгох чиглэлд ажиллана. Засахын тулд гадаадаас тусгай баг, мэргэжилтэн ирэх ёстой. Үзвэл модны дотор тал нь өмхрөөд үнс шиг болчихсон байгаа. Маш нарийн мэргэжлийн хүмүүс ирж хүчитгэх байх.

Надад албан бичиг ч ирдэг юм. “Эзэнгүйдээд байна, хүн хар цуглаад байна” гээд. Ингээд би өөрөө хашаалсан юм.

-Хашааг та барьжээ?

-Тийм. Харуул, манаач байх үндэсгүй. Ус байхгүй. Тойроод айлууд байхад тэнд ил жорлон барьж болохгүй. Манаач үсрээд хоёр сар л болдог. Урьд нь хүмүүс хачин их цугладаг байсныг нь харин ч хашаагаар хашиж болиулсан. Одоо харин ганц, нэг хүн амьдарч байх шиг байна билээ. Хашчихаар газрын албанаас ирээд  “Хашаагаа буулга, албадан буулгана” гэдэг гээч.

С.Батболд даргын үед хэрэв зөвшөөрвөл бид яг энэ хийцээр нь ОХУ-д захиалж, дөрвөн давхар болгож хийлгээд аваад ирье. Тэгээд энэ барилгаа нураая гэж санал тавьсан, зөвшөөрөөгүй.

-Хамгийн сүүлд та бүхнийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзсан байсан. Уулзалтаар ямар шийдлүүд яригдсан бэ?

-Ер нь үе, үеийн Засаг дарга нар манай хүсэлтийг хүлээж аваад, өөрсдөө уулзаж байсан. Д.Сумъяабазар дарга л ирсэнгүй. Манайхан нутаг ус ярьдаг хүмүүс, Д.Сумъяабазар дарга уг нь Сайн ноён ханы нутгийн хүн шүү дээ. Өөрөө ч “Би сайн ноён ханы нутаг” гэж нутгархах хандлага гаргадаг гэж би боддог. Мөртлөө үүнийг тоохгүй юм.

Ж.Сандагсүрэн даргын тухайд хэд хэдэн чиглэлийн төрийн байгууллагын бүрэлдэхүүн оруулаад, зөвшилцөх, Нийслэлийн өмчид авах боломжийг судлах ажлын хэсэг гаргасан.

-С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга байх үед юу болсон бэ?

-Бас уулзсан. С.Амарсайханы үед С.Батболд даргын гаргасан захирамжийг нэлээд хөдөлгөөнд оруулсан юм. Ингээд байж байтал сонгууль таараад бас замхарчихсан. Д.Сумъяабазар хотын дарга болоход, худалч хүнд маргааш нь л хүсэлт өгсөн.

-1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХ САНАЛ ТАВЬСАН ЗЭРЭГ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ-

-Та бүхэн Гоожингийн өндрийг Нийслэлд “1 тэрбумаар ав” гэж үнэлдэг тухай мэдээлэл үнэн үү?

-Би одоо ийм мэдээлэл гарсанд гайхаад байгаа юм. Өдийг хүртэл би нэг ч төгрөг улсаас нэхэж үзээгүй. Нийслэл надаас мөнгөн дүн асууж байгаагүй, би ч хэлж байгаагүй.

-Бүр албаны эх сурвалж “Сүүлийн үес 400-500 саяар ч хамаагүй авчих гэж гуйсан” гэж мэдээлэл өгсөн?

-Би бол үнэхээр гайхаж байна, гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн асуудал ярьж үзээгүй. Үнэхээр соёлын өв гээд нурааж болохгүй байгаа бол үнэлгээгээ хийлгээд, Нийслэлийн өмчдөө авчихаасай гэж л хүсдэг.

-Та бүхний хувьд энэ хугацаанд ямар хохирол учрав?

-Цаг хугацааны хохирол байна. Мөнгө төгрөгийн асуудал бол ярихгүй ээ. Анх гаргасан мөнгөө л болж өгвөл гаргаад авчихмаар байна.

Ж.Сандагсүрэн дарга бас “Бид барилгаа аваад явчихъя. Та бүхэнд газар нь үлдэг” гэж хувилбар ярьсан.

-Үлдсэн газар нь анх гаргасан зардалтайгаа дүйцэх үү. Хэлэлцэж болох хувилбар уу?

-Хотын төвд 200 м2 газар 2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. 2 тэрбумаа байг гэхэд анх гаргасан мөнгөө олоод авчих байлгүй дээ. Болж л байна, хамаагүй.

-Анх амьдарч байсан хүмүүсийн хэдэд нь байр өгсөн гэсэн бэ?

-Тэрийг ил хэлмээргүй байна. Нийслэлийн соёл, урлагийн газар уг нь мэдэж байгаа.

-Анх гаргасан зардлаа хэлэхгүй юм уу?

-Тэр үеэс хойш төгрөгийн ханш асар их унасан. Дүйцүүлж бодвол юун 1 тэрбум байтугай мөнгө болно. Тийм учраас нэг их мөнгөн төгрөг гэхгүй байгаа. Гэхдээ Нийслэл шууд хувь иргэдтэй наймаалцаж болохгүй учраас үнэлүүлэх л ёстой. Бид өөрсдөө компани авчраад үнэлүүлчихэж ч болохгүй. Үнэлүүлээд гарч ирсэн үнийг нь төлж дийлэхгүй гэсэн ч бид зөвшилцөж болно оо л гэдэг.

Тэр хавьд миний тооцоогоор 200-аад өрхийн 1000-аад хүн амьдарч байна. Тийм тооны хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Учир нь янз бүрийн хүмүүс цуглаад архи дарс ууна, бааж шээнэ. Хамгийн гол нь хүүхдүүд очиж гааз үнэртдэг. Би хааяа очдог юм, хөөж гаргана. Дотор нь амьдардаг гээд байгаа тэр хүнийг л арай хөөдөггүй юм. Хүүхдүүдийг бол хөөгөөд гаргадаг. Орж үзсэн үү. Битүү гаазны сав байгаа биз. Ирээдүй үедээ тэгэх нөхцөл бүрдүүлж өгөөд байж байхаасаа энэ дарга нар ичих ёстой байхгүй юу. Би өөр яах юм бэ, ядаж харуул хамгаалалт тавьчихъя гэхээр дэд бүтэц байхгүй.

-ХРИСТИЙН СҮМ ХУДАЛДАЖ АВЪЯ ГЭСЭН Ч ӨГӨӨГҮЙ-

-Та өөрсдөө хашаалсан юм байна. Өөрөөр  дараа нь хөрөнгө оруулсан хэлбэрүүд бий юү?

-Тухайн үед 20 хэдэн сая төгрөгөөр нэлээн сайн чанартай, хүн давахааргүй өндөр хашаа бариулж байсан. Нэг цэвэрлэгээ хийлгэсэн. Хогийн машин авчраад, хүн амьтан хөлслөхөд 2 сая гаруй төгрөг болсон. Өөр юмгүй дээ.

-Гоожингийн өндрийг та бүхнээс худалдаж авъя гэж хувь иргэд, ААН-үүд холбогдож байсан удаатай юу?

-Уг нь Д.Дагвадорж аварга авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм билээ. Тэгээд больсон. Өөрөөр, нэг Христийн сүм авъя гэж санал тавьсан.

-Хажууд нь байгаа сүм үү?

-Биш. Тэр сүм бодвол холбож өгсөн байх л даа. Бид бол өгөхгүй гэсэн.

-Яагаад?

-Хэдий манай улсад шашин шүтлэгийн асуудал эрх чөлөөтэй боловч энэ барилга Христийн шашинтай ямар ч хамаагүй. Манай улсын үндэсний өрх чөлөөтэй холбоотой барилга ш дээ. Үүнийг Христийн сүмд өгчихвөл тоогүй юм болно. Өвөг дээдсүүд маань дээрээс харж байгаа байлгүй дээ. Өөр худалдаж авъя гэж хандсан удаа байхгүй.


Энэ сэдвээр бэлтгэсэн өмнөх контентууд:

СУРВАЛЖИЛГА: Нураана гэгдээд буй 100 жилийн настай соёлын өв дотор хүн амьдарч байна

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

107 ЖИЛИЙН ТҮҮХ: Гоожингийн өндрийг өмчлөгчид “500 саяд ч хамаагүй аваач, нураасан ч байршил нь ашиггүй” гэж гуйжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-01 08:23

Юу гэж тэгээл ийм байшинг зсах гэж худ�##�даж авах билээ дээ

Иргэн
Иргэн
2021-11-01 09:59

Юун 2 тэрбум гэж 22 сая төгрөгийг нь өгөөд засаж сэргээж авсан нь дээр

Очин
Очин
2021-11-01 11:18

Засч яах гээд бган ш�##� хэрэггүй

Зочин
Зочин
2021-12-29 11:45

НОМИН ТАЛСТЫН ХАЯНАА 150 САЯАР ЗАРСАН ГЭДЭГ Ш ДЭЭ. УЛСЫН ГАЗРЫГ

zochin
zochin
2022-09-10 16:44

ter havid bsan huuchnii baishinguud bvgd l nuraagaad oron suuts barissn tuhain ved nuraasan bol hen ch medehgvi l baih bsan harin ch naad hvmvvsee uramahuulah estoi shu

Back to top button