ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Арван жил үргэлжилсэн Оюутолгойн нүргээнд олон сая доллар хаашаа урсав

-СҮ.БАТБОЛДЫН ТАНСАГЛАЛ-

Харродс их дэлгүүр, Хайд Парк зэрэг Лондон хотын төвөөс хэдхэн алхмын газарт байрлах “The Knightsbridge Apartments” гэх тансаг зэрэглэлийн орон сууцны барилгыг “ямар ч таван одтой зочид буудалтай өрсөлдөхүйц хэмжээний үйлчилгээ, ая тухтай” гэж сурталчилдаг.

Цагаан шохойн чулуугаар хийсэн шал, зузаан шилмүүст модоор урласан тавилга, усан сан, спа, фэн-шүйн цэцэрлэгт хүрээлэнтэй хоёр унтлагын өрөөтэй байрыг Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн агентууд 4-8 сая доллараар борлуулдаг. Ихэнх оршин суугчид нь байрны цаад эзэмшигчдээ өнгөлөн далдлахыг хичээсэн том том корпорациудын эзэмшилд байна.

Гэвчиг ийм нууцыг хадгална гэдэг одоо цагт улам л хэцүү болсон. Аравдугаар сарын эхээр “International Consortium of Investigative Journalists /ICIJ/” буюу Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас нийтэлсэн оффшор бүс дэх санхүүгийн нууцтай холбоотой асар их мэдээлэл ил болж “Пандорагийн баримтууд” /Pandora Papers/-д манай Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг компанийн 2006 онд худалдан авсан хоёр ч орон сууц байгааг олж илрүүлэн илчилсэн билээ.

Тэрхүү хоёр орон сууц бол 2020 оны арваннэгдүгээр сард Их Британийн Дээд шүүхээс Монгол дахь шүүх хурлын явцыг хүлээж байх зуураа Сү.Батболдын эсрэг хориг тавьсан тансаг зэрэглэлийн “The Knightsbridge Apartments”-ын байрнууд гэгддэг. Нэг байрыг нь 2017 онд илтэд бизнесийн нэг хэсэг болгон арилжсан бол үлдсэн байраа 2018 онд хувь хүмүүсийн хяналтанд байдаг корпораци руу шилжүүлсэн аж. Их Британийн Дээд шүүхийн шүүгч хэлэхдээ, “тэдгээр хүмүүс нь ноён Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэдгийг нотлох баримтаар тогтоож нотолсондоо “сэтгэл хангалуун” байгаагаа мэдэгдэж байв. 

-ЯЛ ЗАВШИХАД САЙН ӨМГӨӨЛӨГЧ ТУС БОЛНО-

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Гэтэл Сү.Батболдын өмгөөлөгч хэлэхдээ, Ерөнхий сайд асан хувийн бизнес эрхэлж байхдаа, өөрөөр хэлбэл өндөр албан тушаал хашихаасаа өмнө тэдгээр орон сууцыг хууль ёсны дагуу худалдаж авсан, тэгээд дараа нь зарсан гэжээ. “Одоо Сү.Батболд тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэггүй, мөн Их Британид өөр ямар ч хөрөнгөгүй” гэж байв. Их Британийн Дээд шүүхийг иш болгон Сү.Батболдод холбогдох Монгол дахь шүүх хурал 2020 оны аравдугаар сард Нийслэлийн Прокурорын Газраас Ерөнхий сайд асан Сү.Батболд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан орон нутгийн уул уурхайн компаниудаас хэдэн зуун сая америк долларыг завшсан гэх хэрэгт буруутгаж эхэлсэн.

Сү.Батболдын өмгөөлөгч хэлэхдээ, түүнийг буруутгаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа, түүний эсрэг чиглэсэн хэргүүд бол Монгол дахь улс төрийн өрсөлдөгчдөөс үүдэлтэй гэж булзааруулжээ. Цаашлаад нэхэмжлэлд дурьдсан төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс хэрэг үүсгэх эрх Монгол Улсын прокурорт байхгүй гэдгийг ч онцлов. “Ноён Батболд бол түүний улс төрийн өрсөлдөгчдийнх нь “эргэлзээтэй эрхэм”-үүдээр дамжуулан зориуд зохион байгуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль эрх зүйн халдлагын бай” гэж байв.

Тэгэхэд Сү.Батболдыг буруутгаж байгаа нь улс төрийн зорилготой байж магадгүй гэдэгтэй Монголын улс төрчид мөн санал нийлсэн ч гэлээ Австрали, Канад болон Хятадын компаниуд нүүрсний, мөнгөний түүнчлэн алт, зэсийн ашигт малтмалын ордуудыг ашиглахаар шилжин ирж эхэлснээр сүүлийн арван жил хагасын хугацаанд уул уурхайн “буум”-аас үүдэн бий болсон олон тэрбум долларын ашигт малтмалын баялаг юу болсон бэ гэдэг асуултыг төрүүлж байна гэдэгтэй тэд мөн санал нэгддэг.

-ПАНДОРАГИЙН БАРИМТААР БҮХ БУЛХАЙ ИЛЧЛЭГДЭВ-

“Пандорагийн баримтууд” Монголын сонин хэвлэлүүдийн эхний нүүрэнд тавигдаж, улс орон даяар шуугиан тарьж, олон нийтийн сүлжээгээр ил цацагдав. Харин тус улсын улс төрийн ХОЁР ТОМ НАМ болох эрх баригч Монгол Ардын Нам /МАН/ болон сөрөг хүчин Ардчилсан Нам /АН/-ынхан энэ асуудлаар өдийг хүртэл чив чимээгүй таг дуугүй байсаар л.

Дэлхийн Банкны тайланд дурьдсанаар, Монгол Улс 2004 оноос хойш 28 тэрбум америк долларын ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэжээ. Үүнээс сүүлийн 15 жилийн хугацаанд татвар, нөөц ашигласны төлбөр нь есөн тэрбум орчим америк долларт хүрч, харин Монголын Засгийн газар 8,7 тэрбум америк долларын зээл авч, ингэхдээ гол төлөв ашигт малтмалын орлогоо хөшүүрэг болгосон байна. Үүнээс 2019 оны байдлаар 200 сая америк доллар нь Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хадгаламж хэлбэрээр хадгалагдаж үлдэж.

“Монгол Улс бараг бүх ашигт малтмалын бүтээгдэхүүнээ хэрэглээд зогсохгүй их хэмжээний зээл авч, ирээдүй хойч үедээ “сөрөг” баялгийг өвлүүлэн үлдээсэн” гэж тайланд дурьджээ. Мөн “Монгол Улс хэдхээн жилийн дараа “баялгийн хараал”-ын эдийн засагтай төстэй эрсдэлийг үүрнэ” гэжээ.

“Баялгийн хараал” гэх муухай нэр томъёог анх Английн эдийн засагч Ричард Аути /Richard Auty/ гаргаж ирсэн. Энэ нь байгалийн арвин нөөц баялагтай, ялангуяа эрдэс чулуулаг болон түлш зэрэг дахин сэргээгддэггүй баялаг ихтэй улс орнууд нөөц багатай улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн хөгжил, өсөлт нь бага, ардчилсан засаглал нь ч сайн төлөвшиж хөгжөөгүй, хөгжлийн хувьд сул үлбэгэр байх хандлагатай байдгийг илтгэсэн ойлголт.

Энэ бол дэндүү танил түүх юм: Улс орон баяжсан ч шинэ баялгийн нуранги нь улс төрийн үйл явцыг хордуулж, институцийг нь завхруулж, эдийн засгийг гажуудуулан, бүр салан тусгаарлах дарамт шахалтыг бий болгодог.

Дэлхийн жишээ дурьдвал, алмаз буюу очир эрдэнэтэй гэдэг нь илэрсний дараачаас Африкийн нэг хүнд ногдох орлогоороо дээгүүрт ордог Ботсван улс, бас 1995 онд байгалийн хийн орд илрүүлж, Дотоодын Нийт Бүтээгдэхүүн /ДНБ/ нь 8 тэрбум америк доллараас бүр 175 тэрбум америк доллар болтлоо өссөн Катар улсад “баялгийн хараал” гэгч нь туссан түүхтэй. Мөн Нигери эсхүл Сьерра-Леоны хувьд ч бас адил ашигт малтмалын арвин нөөц нь үйл ажиллагааны доголдолд, тэр ч бүү хэл мөргөлдөөнт байдал руу түлхэн оруулсан гашуун жишээ бий.

-ИХ НҮРГЭЭН ДУНД-

Монголын уул уурхайн “НҮРГЭЭН” бол хил хязгаараас хол давсан үйл явдлуудын азтай ч гэмээр азгүй ч гэмээр тийм үр дүн байв. 2010 онд Австралийн нүүрсний уурхайнууд сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том үерт нэрвэгдэж, Хятад руу нүүрсний экспортоо зогсооход хүргэсэн. Хятадын төмрийн хүдэр хайлуулах үйлдвэрүүд ч хойд хөршөөсөө авах нүүрсний импортоо нэмэгдүүлж эхлэв. 2011 онд Монголын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 12 сарын хугацаанд 17 хувиар өссөн нь ерөөсөө Хятадын хилээс 240 км-ийн зайд орших Тавантолгой дахь нүүрсний орд, Оюутолгойн ойролцоох зэсийн ордуудтай холбоотой.

Өнөөдөр уул уурхайн салбар Дотоодын Нийт Бүтээгдэхүүний бараг дөрөвний нэг хувийг бүрдүүлж, ашигт малтмалын экспортын хэмжээ төсвийн орлогын 26 хувийг бүрдүүлж байгаа бол 2000-аад оны эхэн үед 10 хувиар өссөн байна. Судалгаагаар нүүрс, зэс, алт, газрын ховор ашигт малтмал, ураны ордуудын үнэлгээ нь 2,75 их наяд америк доллар байна. Энэ тоо бол 3,3-хан сая хүн амтай улсын хувьд хүн бүр бараг саятан болоход хангалттай тоо.

Гэтэл тэгш бус хүртээмж, эдийн засгийн өсөлт-уналтын мөчлөг, авлига хээл хахуулийн улмаас ихэнх монголчууд үр шимийг нь хүртэж чадаагүй. Монгол улсад ядуурлын түвшин 28 хувийг эзэлж, баялгийн зөрүү 2012 оны эхэн үеийнхээс өөрчлөгдсөн зүйлгүй хэвээр.

Оксфордын Төрийн Удирдлагын Блаватникийн нэрэмжит Их Сургуулийн нөөцийн эдийн засгийн чиглэлээр суралцдаг Пол Коллиер /Paul Collier/ хэлэхдээ, засаглал–гэдэг бол “баялгийн хараал”-аас зайлсхийх түлхүүр гэжээ. Хүчирхэг засаглалтай улс орнууд баяжсан хойноо ямар ч гэнэтийн ашгийг ухаалгаар ашиглах хандлага суучихсан байдаг. Энд Норвегийг жишээ болгон дурьдах нь зүй. Тус улс 1969 онд далайд газрын тосны нэлээд том ордыг олж нээснээрээ олборлолтын түүх нь эхэлсэн. Гэвч тухайн үед Норвегичүүд байгалийн баялаг хэрхэн олборлох талаар туршлагагүй, ер нь ямар ч бэлтгэлгүй байсан ч тэд ТОМ БАЯЛАГ бол ТОМ ЭРСДЭЛ дагуулдаг гэдгийг ойлгож байв. Үүнтэй эсрэгцээд байгалийн баялгийн урсгал нь Нигери гэх мэт хүчирхэг засаглалгүй улс орнуудад маш ноцтой хор хөнөөл дагуулна.

“Гэвч, жинхэнэ эмгэнэл – бол Засгийн газар нь гаднаа хүчирхэг мэт харагдавч бүх мөнгөнөөс үүдэлтэй бүх л дарамт стрессийг даван туулж чадахгүй байгаа улс орнууд” гэж Коллиер хэлжээ. “Энэ бол үнэхээр эмгэнэл, учир нь энэ эрүүл саруул улс орныг сүйрүүлж болзошгүй” гэжээ.

-ИВЭЭН ТЭТГЭГДСЭН УЛС ТӨР-

Монголчууд өөрсдийнхөө баялгийн нөөцийг үрэн таран хийх шатандаа явааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ талаар харин юу хийх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд харин хамгийн ноцтой гэмт хэрэгтнүүд “уур хилэнг” улс төрийн үр дүнтэй хэрэгсэл болгон хувиргав.

Энэ оны зургадугаар сард Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр Ухнаагийн Хүрэлсүх сонгогдсон билээ. Тэрбээр “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” гэх уриа лоозон барьж, тэтгэвэрийнхэнд улсын төсвөөс бэлэн мөнгө “цацсан”-ыхаа дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэвчиг санал худалдан авсан ямар ч оролдлого хийгээгүй гэж У.Хүрэлсүх өөрийгөө өмөөрөв.

У.Хүрэлсүх өнгөрсөн жил Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн мэдлийн мөнгөний ордоор баталгаажсан бондыг зарж, тэтгэвэрийн зээлтэй байсан ахмад настнуудын 695 тэрбум төгрөг буюу 244 сая америк долларын өрийг барагдуулж тэглэсэн. Тэгээд ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болохоос сарын өмнө У.Хүрэлсүхийн толгойлсон намын мэдлийн Засгийн газар 216 тэрбум төгрөгийг тэтгэврийн өр зээлгүй байсан ахмадуудад тараав. Энэ удаад мөн л өнөөх төрийн мэдлийн мөнгөний ордоор баталгаажсан бондоос гаргав.

Сонгууль нь хүртэл бэлэн мөнгө тараах сонгууль болон хувирч, баялгийг шавхах хоолой нь авлига хээл хахуульд идэгдэн, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэгдсэн улс төр Монголд хэвийн үзэгдэл болжээ.

2021 оны сонгуулийн үр дүнгээс харвал тэтгэврийн насны ахмадууд улс төрийн эрх мэдлийг атгах гол түлхүүр нь аж. Монголын тэтгэврийн насныхны 75 хувь нь сонгуульд идэвхитэй оролцон санал өгдөг бол 18-25 насныхны дөнгөж 50 хувь нь л саналаа өгдөг байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сард нийт сонгогсдын 68 хувийн саналыг авч, сонгогдсон юм.

МУИС-ийн улс төр судлаач Эрдэнэбилэгийн Гэрэлт-Од хэлэхдээ, “Монголын улс төрчдөд, тэдний намд шүүмжлэлтэй ханддаг сэтгэх чадвартай ухаалаг сонгогчид огт хэрэггүй. Харин тэдэнд шаардлагатай үед нь бэлэн мөнгөөр аргалаад хуурчихаж болох ядуу сонгогчид хэрэгтэй” гэсэн байдаг.

Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд олборлосон эрдэс баялгийнхаа нэг доллар тутамд 99 цент зарцуулж, ердөө нэгхэн центийг л хэмнэсэн гэсэн банкны тооцоог Дэлхийн Банкны бүс нутаг хариуцсан менежер Андрей Михнев онцолсон байдаг.

-СОНГУУЛЬД САНАЛЫН ХУУДАС БӨӨНДСӨН НЬ-

Сонгуулийн саналыг бөөнөөр нь худалдаж наймаа 2008 онд эхлэв. Одоогийн эрх баригч МАН-ынхан сонгуулийн сурталчилгааныхаа үеэр уул уурхайн ашиг орлогоос иргэн бүрт 700 америк доллар олгоно гэж амлав. Яг энэ амлалтын маргааш нь тэдний “өрсөлдөгч гэгддэг” Ардчилсан Нам иргэн бүрт 1000 америк доллар өгнө гээд давуулан амлав. Энэ нь тухайн үеийн улсын нийт ДНБ-ний 60 хувьтай тэнцэх дүн байв.

Ингээд эцэстээ МАН сонгуульд ялалт байгуулав. Тэд сонгуулийн өмнө ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх, бас далимд нь нүүрсний өрөө дарахын тулд 2011 онд Засгийн газар “Чалко” /Chalco/ гэх нэрээрээ алдартай Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн корпорацаас 350 сая америк долларын зээл авав. Гэвч, дараа нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 50 орчим хувиар унахад нүүрсний ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар /ТӨҮГ/ өрөө барагдуулахын тулд зургаан жил зарцуулсан өрөө хамаг хүчээ шавхан төлөхийг оролдов.

Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэн /Natural Resource Governance Institute/-гийн Монгол дахь менежер Намхайжанцангийн Дорждарь ярихдаа, “Монгол Улс уул уурхайн олборлолтоос олсон ашгаа зарцуулаагүй. Харин ирээдүйд уул уурхайгаас ашиг орлого олно гэсэн итгэл үнэмшлээр өр тавьсан” гэв.

Зардал нь хэрээс хэтэрсэн тул 2012 онд УИХ сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улс төрийн намууд сонгогчдод шууд бэлэн мөнгө тараах, мөн бэлэн мөнгө амлахыг хориглов. Гэвч үүнд хуулийн нэг цоорхой байсан: Хуульд зөвхөн бэлэн мөнгө амлахыг хориглосон ч гэлээ уул уурхайн компаниудаас зээл төлөхэ эсхүл ногдол ашиг хувиарлахыг хориглосонгүй. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 2021 оны зургадугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Халтмаагийн Баттулга “Тавантолгой”-н нүүрсний уурхайн орлогоор бүх иргэдийнхээ өр ширийг төлнө гэж амлаж байв.

Үүнээс гурван жилийн дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа тэтгэвэр авагчдын өрийг барагдуулах амлалт өгөв. Чухамхүү энэ амлалтын ачаар л энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр өөртөө болон намдаа үнэмлэхүй ялалтыг авчирч, УИХ-ын 76 суудлын 62-ыг нь авсан юм.

Ингээд сонгууль болохоос сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани иргэн бүрт 70-100 мянган төгрөгийг “ногдол ашгийн хувиарлалт” нэрээр мөнгө тараав. Энэ хувиарлалт нь эргээд компанид сөргөөр нөлөөлж, тус компанийг үндсэн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх боломжгүй болгож, баригдаж дуусаагүй төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэрээ барьж дуусгахын тулд зээл авах шаардлагатай болов.

-УЛС ТӨРИЙН ТОРНООС ГАДУУР-

Дэлхийн банкны статистик мэдээгээр 2010-2020 оны хооронд Монгол Улсын ДНБ хурдацтай өсч, жилд дунджаар 6,5 хувиар өссөн ч гэлээ ихэнх иргэд эдийн засгийн өсөлт хөгжлийг мэдэрч чадаагүй гэж дүгнэв. Харин ч эсрэгээрээ тэд үнийн өсөлтийн эцэс төгсгөлгүй мөчлөгийг даван туулах гэж тэмцсээр байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ургамал судлаач, хоёр хүүхдийн эх Базарсадын Сансартуяа ярихдаа, “Улаанбаатар хотод байнгын ажлынхаа хажуугийн орлогогүй бол амьдрах ямар ч боломжгүй. Нөхөртэйгээ нийлээд сарын 1,3 сая төгрөгийн цалинтай. Малчин аав, ээжийнхээ буянаар тэд мах, түлэх модондоо санаа зовдоггүй” гэв.

Эдийн засгийн ийм хурдацтай өсөлт нь ядуурлын түвшин 2010 онд 38,7 хувь байсан бол 2012 онд 27,4 хувь хүртэл огцом буурахад хүргэсэн ч Дэлхийн банкны 2018 оны хамгийн сүүлийн судалгаагаар 28,4 хувь гэсэн үзүүлэлттэй хэвээр л байгаа аж.

Сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлийн амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн. Кофе шоп, иж бүрэн тоноглогдсон спорт фтнесс болон йогийн төв, худалдааны төв, олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, байгаль орчинд ээлтэй, веган хоолтнуудад зориулсан тусгай дэлгүүрүүд олноор бий болсон.

-ИРГЭД БА ИДЭЖ УУЖ БАЯЖИГСАДЫН ЯЛГАА-

Базарсадын гэр бүлийнхэн есөн жилийн өмнө Улаанбаатар хотод нүүж иржээ. Тэднийх гэр хороололд байшин, газраа 16 мянган америк доллараар худалдаж авсан ба модон хашаагаар хүрээлэгдсэн, төвлөрсөн дулаан, бохирын шугамд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Гэр хорооллынхон худгаас ус авч, мод, нүүрс түлж, гэрээ дулаацуулна. Монголын хүн амын тал хувь буюу ойролцоогоор 1,5 сая хүн одоо хэр нь монгол гэрт аж төрсөөр л.  

Базарсадын гэр бүл сарын олсон орлогынхоо 385 долларыг зээлэндээ өгчихнө, харин сарын эцэст 70-хан доллар л үлдэж, түүнийгээ хэрэгцээт зүйлдээ зарцуулна. Охин Саруултуяа нь зүрхний өвчтэй мэндэлсэн болохоор эмчилгээнийх нь зардалд сар бүр 190 мянган төгрөг нь яваад өгнө. Сансартуяа хажуугаар нь бас оросын гоо сайхны бүтээгдэхүүн борлуулна.

Монголчуудын дундаж давхаргынхан бараг бүгд ипотекийн зээлтэй ба Японы 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн хуучин “Приус” машинтай ч хадгаламжгүй. Хэрэв гэр бүлийн хэн нэг нь хорт хавдар эсвэл үүнтэй төстэй ноцтой хүнд өвчин тусвал эмнэлгийн тусламж авахын тулд байгаа бүх эд зүйлсээ зарахад хүрнэ. 2018 оны улсын статистик мэдээгээр хүн амын дөнгөж 23,7-хон хувь нь л хадгаламжтай гэжээ.

Сансартуяа ярихдаа, “Би санхүүгээ ухаалаг болгохын тулд зарлага бүрийг дэвтэртээ бичиж тэмдэглэдэг. Тэрээр нөхөртэйгээ нийлж хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн “Приус” автомашин худалдаж авсан ч охиныхоо зүрхний хагалгааны төлбөрийг төлөхийн тулд машинаа барьцаанд тавих шаардлагатай болсон гэнэ.

Сансартуяагийн хүсч байгаа ганц зүйл бол банкууд түүнд илүү бага хүүтэй мөнгө зээл өгөх юм. “Миний зээлийн төлбөрийн бараг 40 хувиар хүүгээ төлдөг. Хэрэв зээлийн хүү буурчихвал энэ нь бидэнд маш том дэмжлэг болно” гэж тэр ярив.

51 настай Лодойн Жаргал бол хөдөө тал нутгаас Улаанбаатар хотын зах руу нүүж ирсэн малчин. Баялгийн өсөлт нь монголчуудын дийлэнх нь эрхэлж байсан уламжлалт мал аж ахуйн зардлыг ч өсгөв. Жаргал бол цаг уурын байдлаас болж нүүж ирсэн “цагаач” бөгөөд тэжээ байсан ямаануудынх нь бэлчдэг байсан газрынх нь өвс ургамал хатаж гандсан гэнэ. Ингээд тэрбээр мянга шахам ямаатай байсан ч өнгөрсөн намар ямааныхаа 550-г нь мах болгон зарсан аж. Одоо түүнд ердөө 300-хан л ямаатай үлджээ.

Ямааны ноолуур бол Монголын зэс, алтны дараа гуравт орох том экспортын бараа. 2020 онд 30 сая ямаагаар 215 тонн самнасан ноолуур үйлдвэрлэж, дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын 40 хувийг хангадаг. Ноолуурын салбарт 100 мянга гаруй хүн ажилладаг ба энэ нь уул уурхайн салбараас хамаагүй илүү тоо.

Улаанбаатар хотоос 200 км-ийн зайд орших төрөлх Баян-Өндөрт хонь малдаа идүүлэх өвсгүй болсон тул Жаргалынх хотын ойролцоохон нүүн иржээ. Жаргалын эхнэрийг Дэлгэрмаа гэх ба тэд хоёр хүүтэй. Хоёр хүүхэд нь хоёул Улаанбаатар хотод амьдардаг. Тэд ноолуураас олсон орлогоороо хүүдээ нийслэл хотод хоёр өрөө байр авч өгсөн гэнэ.

Жаргал ярихдаа, “Ноолуурынхаа ачаар л бид сайхан амьдарч байна. Малчид бидний хувьд цөөн боловч ашиг шим өгөх малтай байх нь чухал. Гэвч тийм өндөр ашиг шимтэй малыг бид хаанаас олохоо мэдэхгүй байна” гэв.

-БАЯЛАГИЙН ХАРААЛААС ЗУГТАХЫГ ҮЛ МЭДЭГСЭД-

Гайхалтай нь Монголын удирдагчид “баялгийн хараал” гэгчээс зайлсхийх тухай ном зохиолыг хэр мэддэг, “баялгаар хараал”-д өртсөн дэлхийн улс орнуудын өмнөх гашуун алдааг давтахгүйн төлөө хэр их санаа зовдог бол.

Одоогийн Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2015 онд “Монгол Улс Катар улс шиг байж чадахгүй ч гэлээ орлогыг хэрхэн удирдах стратегийг хэрэгжүүлж чадахгүй бол Нигер улс шиг болно” гэж байв. Гэвч яг үнэндээ одоогоор Монгол Улс яг л Нигер болж байх шиг.

2010-аад оны эхээр Засгийн газар Төсвийн Тогтвортой Байдлын Сангийн хамт төсвийн орлогын удирдлагын стратеги, үндэсний хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй төсвийн савлагааг саармагжуулах зорилготой байв. 2011 онд Засгийн газар Төсвийн тогтворжуулалтын Сан болон Ирээдүйн өв санд төсвийн орлогын тодорхой хэсгийг хуримтлуулж эхэлсэн. Гэвч хөрөнгө, төлөвлөгөө хэрэгжээгүй бөгөөд төсвийг голчлон улс төрийн гэх “алдартай” зарлагад зарцуулсаар байв. Төлөвлөгөөнүүд нь үндсэндээ бүтэлгүйтсэн. Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Михнев Японы “Nikkei Asia” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр байгалийн баялгаас хамааралтай улс орнуудад тодорхой хэмжээний савлагаа ажиглагдах нь зүйн хэрэг боловч Монголын макро эдийн засгийн савлагаа бусад түүхий эд экспортлогч орнуудтай харьцуулахад өндөр байна” гэжээ.

Асуудлын үндэс суур нь эдийн засгийн бус харин улс төрийн шинжтэй байх. Хэцүү шийдвэрүүд нь өсөлтийн үед онцгой амжилтанд хүрсэн “үндэс нь бат ургасан” улс төрийн ангийн эсэргүүцэлтэй тулгардаг ба Монголын цөөн тооны л улс төрчид ямар нэгэн дуулиан шуугианд өртөөгүй.

Тэднээс хамгийн алдартай нь С.Батболдтой холбоотой хэрэг. Монгол Улсын Прокурорын газар төрийн хоёр компани, Засгийн газрын агентлагийн хамтаар 2020 оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Сү.Батболдыг хэд хэдэн оффшор компани ашиглан уул уурхайн үйл ажиллагаанаас хэдэн зуун сая долларын ашиг олж авсан хэрэгт буруутган, иргэний хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан өргөдөл нэхэмжлэлийн дагуу Монголын Засгийн газар Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй хоёр байгалийн баялаг болох Эрдэнэтийн зэсийн уурхай, Оюутолгойн зэс-алтны уурхайтай холбоотой хууль бус, залилангийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг барагдуулахаар чармайж байгаа юм. Оюутолгойн хувьцааны 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” /”Turquoise Hill Resources” буюу хуучнаар “Айвенхоу Майнз” /Ivanhoe Mines/ эзэмшдэг бөгөөд одоогоор хамгийн том хөрөнгө оруулагч нь Англи-Австралийн уул уурхайн аварга гэгддэг “Рио Тинто” юм.

-РИО ТИНТО БУЛЗСААР Л-

Монголын прокурорууд олон улсын хуульчдын багийг ашиглан Англи, Хонконг, Жерси болон Сингапурын шүүхээс заавар авч, Сү.Батболд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэрлэгдсэн этгээдүүдийн эсрэг 70 сая америк доллараас дээш хөрөнгөтэй хэмээн шүүхийн баримтад нотолсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдсэн байдаг. Үүнд нэг зүйлийг нэмээд хэлэхэд, тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэхэмжлэл гаргаж, Нью-Йорк мужийн Дээд шүүхээс захирамж гаргахыг шаардсан ч хариуцагч нар нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр Сү.Батболдын эзэмшлийн хоёр орон сууцны барилгыг худалдах, шилжүүлэхгүй байхаар тохиролцсны дараа нэгдүгээр сард нэхэмжлэлээ буцаасан байдаг.

Сү.Батболдыг өмгөөлж буй өмгөөлөгч “Nikkei” руу илгээсэн тайлбар захидалдаа “Монгол Ардын Нам, түүний удирдлага, тэр дундаа Сү.Батболдын нэр хүндийг унгаж, сэв суулгах гэсэн зорилгоор зориуд зохион байгуулалттай сэдсэн ажиллагаа бөгөөд энэ нь ямар ч үндэслэлгүй худал зүйл” хэмээжээ.

Сү.Батболдын өмгөөлөгчийн хэлснээр, анхны иргэний нэхэмжлэлд нэхэмжлэгчээр дурьдагдсан төрийн зарим компани уг хэрэгт оролцохоос татгалзсан, мөн Нийслэлийн прокурорын газар нэхэмжлэл гаргахдаа “хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж мэдэгдэв. Аравдугаар сарын 12-нд холбогдох прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Сү.Батболдод холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа, хэрэг хаагдаагүй” гээд үүнд ямар нэгэн өөр нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байдаг.

Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр, Нью-Йоркийн шүүх Батболдын АНУ дахь эд хөрөнгийг битүүмжлэхээс татгалзсан нь хэрэг хангалттай үндэслэлгүй гэдгийн нотолгоо гэж онцлов. Монгол Улсын прокурорын газарт ажиладаг хууль, өмгөөлөгч нар мэдэгдэхдээ, хэргийг Монгол Улсын шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл эд хөрөнгийг худалдах, бусдад шилжүүлэхгүй байхаар тохиролцсонд шүүхийн шийдвэр гаргах шаардлагагүй гэжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан “Рио Тинто” мөн өөрийн бодлоо илэрхийлэв. “Бид орон нутгийн болон олон улсын хууль тогтоомж, үнэт зүйлсийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, газар доорхи уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой нэхэмжлэл Нью-Йоркийн шүүхэд очоогүй. “Рио Тинто” ч, “Оюутолгой” ч тэр хэргийн оролцогчоор татагдаагүй. “Рио Тинто” болон “Оюутолгой” компанийн зүгээс ямар ч зохисгүй үйлдэл хийгээгүй гэв.

Монголын хууль тогтоогчид 2018 онд авлигын зарим нэг хуулийн цоорхойг нөхөхийг оролдож, ашиг хүртэх өмчлөлийн тухай хууль гаргав. Энэ хуулиараа уул уурхайн компаниудыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газарт бүртгүүлэхийг шаардав.

Гэвч тэдний энэ хууль “шүдгүй” гэж шүүмжлэлд өртөв. Ж.Соросын сангийн Улаанбаатар дахь “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Дашдоржийн Эрдэнэчимэг “Nikkei” агентлагт ярихдаа, “Компаниуд ашиг хүртэгч эзэмшигчээ бүртгүүлээгүй тохиолдолд ямар ч шийтгэл хүлээхгүй. Уул уурхайн компаниуд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газарт заавал бүртгүүлнэ гэсэн хууль 2018 онд батлагдсанаас хойш уул уурхайн компаниудын дөнгөж 37-хон хувь нь л ашиг хүртэгч эзэмшигчээ бүртгүүлсэн. Хууль сахиулах байгууллагад үүнийг зач залруулан, сайжруулах боломж байсаар л байна” гэсэн юм.

Зөрчлийн эсрэг арга хэмжээ авах гэдэг нь эцэстээ Засгийн газарт аль хэдийн бүрэлдчихсэн ашиг сонирхлын улс төрийн “түлхэлт”-тэй тулгарсан юм. Тухайлбал, тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуяг 2013 онд “Оюутолгой” компанийн зардал хэтэрснийг шалгах шийдвэр гаргах үед УИХ дахь түүний өөрийнх нь намын гишүүд түүнийг огцруулахаар гэнэт санал хураалт явуулсан нь хачирхалтай.  

-ЭД, ЭРХИЙН ТӨЛӨӨ ХӨНЖИЛ ДОТРОО ХӨЛӨӨ ЖИЙЛЦСЭН НЬ-

Н.Алтанхуягийн удирдаж байсан Засгийн газрын танхимд Хууль Зүйн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжин хэлэхдээ, “Алтанхуяг сайдын танхим уул уурхайн хэд хэдэн гэрээ хэлэлцээрийн ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудад саад тотгор учруулсан. Алтанхуягийн мэдлийн Засгийн газар албан тушаалтнуудын хүссэн шийдвэр гаргаагүй. Мөнгөнөөс үүдэлтэй авлигад идэгдсэн хүчирхэг тогтолцоо байсан бөгөөд тэр нь бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяаг ч өөрчлөхөд хангалттай тийм хүчтэй байсныг би үгүйсгэхгүй” гэсэн байдаг.

Харин Н.Алтанхуягийн халааг авсан дараагийн Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг “Оюутолгой”-н зардлаа хэтрүүлсэн гэх хэргийг “өршөөж”, 5,3 тэрбум америк долларын гүний уурхайн бүтээн байгуулалт болох төслийн хоёрдугаар шатыг санхүүжүүлэх нэмэлт гэрээнд гарын үсэг зурав.

“2015 онд гарын үсэг зурж баталсан “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд анхны ил уурхайд гарсан илүүдэл зардлыг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн хатуу заалтуудыг тусгасан юм. Мөн эдгээртэй холбоотой ямар нэгэн тулгамдсан асуудал байхгүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой байв. Харамсалтай нь, цаашид зардлаа хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, хэрэв хэтэрсэн тохиолдолд түүнийгээ хэрхэн шийдвэрлэх талаар нэг ч үг, өгүүлбэр гэрээнд тусгаагүй” гэж 2020 оны арваннэгдүгээр сараас хойш “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа Энхбаатарын Баясгалан ярьсан юм. Э.Баясгалан бол “Оюутолгой”-н төсөлд 34 хувийг нь эзэмшдэг төрийн эрх ашгийг төлөөлж байгаа гишүүн.

Дээрхи бүх үйл явдлын дараа “Рио Тинто”-гийн эсрэг ээлжит сөргөлдөөн үргэлжлэв.  Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард тус компани далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн анхны тооцоогоо 1,5 тэрбум америк доллараар давуулж, төслөө хоёр жилээр хойшлуулна гэж Засгийн газарт мэдэгдсэн.

Зардлаа хэтрүүлсэн нь Засгийн газрын төслийг хэрэгжүүлэх сонирхолд ихээхэн хохирол учруулав.

Уг нь анх Засгийн газар 34 хувийг эзэмшдэг “Оюутолгой”-н уурхайгаасаа 2032 он гэхэд ногдол ашиг хүртэнэ гэж тооцоолж байсан ч үүндээ найдах хэрэггүй гэсэн тооцооллыг Э.Баясгалан хийв. Харин ч “Оюутолгой”-н зардал нь удааширч, өссөний улмаас уурхайн нөөц дуусахаас өмнө ямар ч ногдол ашиг авахгүй байх вий гэж Засгийн газар болгоомжилж эхлэв.

“Рио Тинто” ч уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтыг дангаараа санхүүжүүлсэн бөгөөд тус уурхайн 34 хувийг эзэмшихийн тулд Монгол Улсад зээл олгов. Монгол Улс “Оюутолгой”-н уурхайгаас ногдол ашиг хүртэхээс өмнө зээлээ бүрэн барагдуулах шаардлагатай гэсэн заалтыг ч оруулав. Зээлийн жилийн хүү нь LIBOR London Interbank Offered Rate/ буюу Лондонгийн банк хоорондын саналын хүүгээр тооцож, 6,5 хувь байх юм.

“Оюутолгой”-н олборлолт эхэлснээс хойш долоон жилийн дараа зээлийн өрийн үлдэгдэл Монгол Улс “Рио Тинто”-д 2,2 тэрбум америк долларын өртэй болохыг харуулав. Тогтмол зардал нэмэгдэх тусам Монгол Улс ногдол ашиг хүртэхэд тунчиг хүндрэлтэй болно.

“Рио Тинто”-гийн зүгээс “Оюутолгой” төслийн борлуулалтын орлогоосоо жил бүр 300 орчим сая америк долларын татварыг Монголын Засгийн газарт төлдөг гэж мэдүүлдэг.

Авлигатай Тэмцэх Газар 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг “Оюутолгой”-н ордыг тойрсон хэлэлцээтэй холбоотой эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн баривчилсан. 2009 онд анхны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр болон 2015 онд “Оюутолгой”-н өргөтгөлийн гэрээг байгуулах үед Ерөнхий сайд байсан Чимэдийн Сайханбилэг нарыг хоёуланг нь саатуулсан. Гэвч дараа нь Ч.Сайханбилэг нь эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорихоос суллагдаж, АНУ руу ниссэн. Ч.Сайханбилэг одоо хэр нь тэндээ байсаар л. С.Баярт харин 2020 онд таван жилийн хорих ял оноосон байдаг.

Үндэстэн дамнасан “Рио Тинто” компани "Оюутолгой”-н бүх гэрээнд холбогдуулан “Бид үргэлж Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, стандартын дагуу ажилласаар ирсэн” гэж мэдэгддэг юм.

-ШИНЭ ҮҮРИЙН ГЭГЭЭ-

Энэ дуулиан Монголын шинэ үеийн улс төрчдийг зоригжуулж, өмнөх үеийнхнээсээ салж байж л улс орных нь нөхцөл байдал сайжирна гэх зориг, итгэл хайрласан.

2020 онд УИХ-д сонгогдохоосоо өмнө Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Хүрэлбаатарын Булгантуяа нь өмнөх удирдлагуудын ивээлд багтсан улс төрөөс залхсан гэх сэргэлэн залуу үеийнхний нүүр царай болж байна. Авлигатай тэмцэгч гэдгээрээ алдаршсан тэрбээр Монгол Улсад илүү ил тод байдал, төсвийн сахилга батыг тогтоох, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахын тулд нэн сайн зохицуулалт, илүү сайн хууль хэрэгтэй байна гэдэг нэгэн юм.

"Бид дараагийн супер циклийн талаар өөдрөг байхын тулд зарлагаа нэмэгдүүлэх гэх мэт өмнөх алдаагаа давтахгүй учиргүй. Мөн бид олон нийтийн өмнө илүү хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Би хүмүүсийг ядахдаа өөрсдийн ажиллаж буй салбарынхаа бодлого, төсөвт хяналт тавин ажиллахыг уриалмаар байна” гэж Х.Булгантуяа хэлсэн байдаг. “Уул уурхайн салбарын өсөлт, уналтаас бид маш их сургамж авсан хэдий ч эрсдэлтэйг ч бас ухамсарлан ойлгож байгаа юм. Хэрэв бид “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт дэндүү олон аварга том уул уурхайн төслүүдэд оролцож, уул уурхайгаас хараат байдлаа бууруулах ямар чухал вэ гэдгээс суралцахгүй бол бид урьд өмнө нь тулгарсанаасаа ч илүү хамаагүй том сорилтуудтай тулгарах болно” гэж тэр нэмж ярьсан юм.

2017 онд үүсгэн байгуулагдсан Ирээдүйн өв санг хойч үедээ тодорхой хэмжээний хуримтлал бий болгох үүднээс баталсан гэж Х.Булгантуяа тайлбарласан юм. Санг тойрсон хууль тогтоомжид 2030 он хүртэл менежментийн хураамжаас гадна аливаа хөрөнгө зарцуулахыг хориглосон заалт бий. Х.Булгантуяагийн үеийнхний хувьд тус сан нь ирээдүйд итгэх итгэлийн жижигхэн ч болов чухал бэлэг тэмдэг болох юм.  

(Эх сурвалж: Nikkei Asia Review)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэрмээ
Дэрмээ
2021-10-29 09:21

2008 онд эхлээд АН, дараа нь МАН бэлэн мөнгө амласан байдгиймаа

Khyzgaargui
Khyzgaargui
2021-10-29 16:36

Iim ih horongo tsugluulaad hoid toroldoo ochihdoo avch ochij jargh ym bolov uu? Ugui l baimaar ym. Bayn hun “Monhorono” gesen logik tosoololtei baidag baij boloh ym.

залхаж бна , дотоод тэмцэлээ зогсоо.
залхаж бна , дотоод тэмцэлээ зогсоо.
2021-10-29 17:43

энэ худ�##� хар пиаруудаа зогссогооч , яасан хардаж сэрдэж гөжирдэү ханадаггүйм бэ , дэлхийд монголоо муухай харагджуулж , хөрөнгө оруул�##�т гацааж бна , засгийн газар эрх бүхий байгуулага , цагдаа тагнуул бүгд л ажиллаж бна. оюу толгой төсөл дээр ахиц гарч бна . хий хоосон атаа жөтөө хардлагаа зогсоо. поп улс төрчид чинь монголын хөгжилд тушаа л бно. ...энэ монголд маань хэрүүл хоосон хардлага нэг нэгнээ үзэн яадах хэрээс хэтэрлээ , яамар бодлого яваад байгаам ... бусармаг аргаа л зогсоо. үнэн ил болно. бүү тухираад бай.

kk
kk
2021-10-29 21:21

Yarij, bichij hanalaa, odoo hariutslagiig l shaardaj baina. Ene hun ingeed yabaad baihuu.

Холбоотой мэдээ

Back to top button