ДАШТ: Найдлага алддаггүй Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана

Монголын жүдочид энэ жилийн ДАШТ-ийг тааруухан амжилттай үргэлжлүүлж байна. Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль авсан ч түүний амжилтыг хэн ч үргэлжлүүлж чадсангүй.
Ганцаарчилсан төрлийн барилдааны сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар барилдана. Тэд хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн.
Найдлага алддаггүй Н.Түвшинбаяр аварга удаах даваанд Сенегалын бөх Н.Мбагниктай барилдана. Түүнийг ялбал гуравдугаар тойрогт олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Японы Х.Харасаватай өрсөлдөх магадлалтай.
Харин Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар тойрогт Австралийн Парк Лиамтай хүч үзнэ. Түүний барилдах С хэсгийг олимп, дэлхийн аварга Лукас Крпалек тэргүүлж байгаа. Тэгэхээр хэрвээ манай бөх учраануудаа давбал хэсгийн аваргын төлөө түүнтэй өрсөлдөнө. Ө.Дүүрэнбаяр өнгөрсөн жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Л.Крпалекийг ялж, дэлхийн дэвжээнээс анхны медалиа хүртсэн юм.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.