БИЧЛЭГ: Монголын жүдочид ДАШТ-д V байрт шалгарлаа

Японд болж буй жүдо бөхийн ДАШТ сүүлчийн өдөр холимог багийн барилдаанаар үргэлжилж байна.
Монголын шигшээ багийнхан D хэсэгт БНХАУ, ОХУ, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны багтай багтсан. Тэд эхний тойрогт өмнөд хөршийн жүдочдыг 4:3-аар ялсан ч удаах даваанд ОХУ-ын тамирчдад 4:0-ээр дийлдэн, дагах тойрогт Кубийн багийг 4:1-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрх өвөртөлсөн.

Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын багт 4:2-оор ялагдлаа.
Манай тамирчдаас 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар Барбос Эдуардог, 90 кг-д Азийн наадмын дэд аварга Г.Алтанбагана Рафаэл Мачедог ялж, 57 кг-д залуу бөх Л.Энх-Отгон олимпын аварга Рафаэл Сильвад, 70 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч Мариа Портелад, +70 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг Мариа Алтеманд, +90 кг ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр Сильва Рафаэльд дийлдэв.

Ингэснээр Монгол жүдочид энэ жилийн ДАШТ-ийг ганцхан хүрэл медаль хүртсэн амжилттай дуусгалаа.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.