Нийгмийн

РЕДАКЦИЙН ТУРШИЛТ: 15 настай хүүд дэлгүүрүүд электрон тамхи ЗАРЖ, онлайнаар захиалахад ХҮРГЭЛТ ХИЙЛЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн өрөөнд дунд, ахлах ангийн сурагчид электрон тамхины утаа манаргаж, тамхилан зогсдог болсон тухай сургуулийн ажилчид бухимдангуй ярьдаг гэх мэдээлэл гарсан. Электрон тамхи худалдан борлуулах тодорхой хуулийн хориггүй. Гэвчиг сургуулийн орчинд тамхи зарахыг хориглодог. Eguur.mn сайт электрон тамхийг хүүхдүүд хэрэглэж, түүгээрээ чамирхаж буй тухай сэдвийг энэ удаагийн сурвалжилгаараа хөндөж байна.


Асуудал 1.

ХҮҮХДҮҮДИЙН ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ

Энэхүү сурвалжилгаа бэлтгэхийн тулд бид сургуулийн сурагч, эх эцэг, нийгмийн ажилтанг эх сурвалжаа болгосон юм. Хамгийн түрүүнд бидэнд эх сурвалж болсон хүүгээс "голдуу хэддүгээр ангийн сурагчид электрон тамхи татдаг, хаанаас авч хэрэглэдэг” тухай олж мэдсэн юм.

ХУВИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН СУРАГЧ: АХ, ЭГЧ НАР ДЭЛГҮҮРЭЭС АВАХДАА МӨНГИЙГ НЬ ЖААХАН НЭМЭЭД ӨГЧИХДӨГ ГЭЖ ЯРЬДАГ

Манай сургуулийн ах нар болон бидний үеийнхэн ойролцоох хүнсний дэлгүүрүүдийг аргалж байгаад, электрон тамхи авдаг. Хичээлийн завсарлагааны цагаар хөвгүүдийн  нойлын өрөөний хаалгыг хааж байгаад татчихдаг юм билээ. Би нойл орж, бие засах зуураа электрон тамхийг нь сонирхож хараад гардаг. Ээж, аав маань надад анхаарал, халамж сайн тавьдаг учраас тамхи татах санаа төрөхгүй байгаа. Электрон тамхийг хөвгүүдээс гадна охид ч их татдаг. Тэд нойлд ороод, хаалгыг нь дотроосоо түгжиж байгаад татдаг юм билээ. Электрон тамхийг дэлгүүрээс авахдаа мөнгийг нь жаахан нэмж өгөөд, авчихдаг гэж ярихыг нь сонссон. Би бол авах оролдлого хийж байгаагүй. Нойлын өрөөнд электрон тамхи татаад байгааг сургуулийн захиргаа мэддэг эсэхийг мэдэхгүй байна. Энэ талаар арга хэмжээ авдаг эсэхийг ч мэдэхгүй” хэмээн өөрт тааралдаж тохиолддог үйл явдлаасаа ярьж өгөв.

УЛСЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: АНГИЙНХАА ХОЙНО СУУЖ БАЙГААД ТАТААД, БАГШДАА БАРИГДДАГ

Улмаар бид сурагчийн яриаг баталгаажуулахын тулд сургуулийн нийгмийн ажилтнаас үргэлжлүүлэн мэдээлэл сонслоо. Ингэхэд улсын сургуулийн нийгмийн ажилтан Н бидэнд хэлэхдээ,

“Хувийн сургуулийн сурагчдыг бодвол амьдралын боломж, бэлэн мөнгөтэй явах нь бага учраас үнэтэй хэрэглээ хэрэглэх нь бага” хэмээв. Гэхдээ ахлах ангийн сурагчид мэр сэр хичээл дээрээ дамжуулалцсан, хойно сууж татаж байгаад хичээл орж байсан багшдаа баригдаж, хураалгасан тохиолдлууд цөөнгүй гарсан тухай хэлж байлаа. Тиймээс сурагчдадаа электрон тамхийг мансууруулагчтай учраас “Хүүхэд хэрэглэж болохгүй, хор уршиг ихтэй” гэх үүднээс мэдлэг олгох сургалтыг хийдэг гэсэн тайлбар өглөө. Улсын сургуулийн нийгмийн ажилтан амьдралын бололцооноос хамаарч хэрэглээний ялгаа байдаг тухай хэлсэн юм.

Сургуулийн сурагчид болоод нийгмийн ажилтан электрон тамхи хэдийн сургуулийн орчинд нэмтэр, сурагчдын хэрэглээ болсоор байгааг батлан хэлж байна. Харин хууль нь батлагдаагүй хориотой зүйлийг сурагчид хаанаас аваад, хэн тэдэнд худалдаалаад байна вэ гэдэг асуулт анхаарал татав. “Мансууруулах бодистой барааг 21 нас хүрээгүй хүүхдэд худалдаж байгаа юу” гэх асуулт дэвшүүлэн түүндээ хариулт эрэв.


Асуудал 2.

БИДНИЙ ТУРШИЛТ: ХҮҮХДЭД 10 ДЭЛГҮҮРЭЭС ГУРАВ НЬ ХУДАЛДААЛЖ, ОНЛАЙН ЗАХИАЛГЫГ ШУУД БАТАЛГААЖУУЛАВ

Редакцийн зүгээс эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 15 настай хүүг сүлжээ дэлгүүр, Нарантуул, Sunday зэрэг худалдааны төвөөс электорн тамхи авах оролдлого хийлгүүлж, онлайн захиалга руу залгуулах туршилт хийв. Үүнд ямар хариу үйлдлүүд үзүүлсэн бэ?.

Эл асуултдаа хариулт олохын тулд бид электрон тамхи борлуулдаг АРВАН дэлгүүр лүү насанд хүрээгүй хүүхдийг /эцэг, эхийн зөвшөөрлөөр/ оруулж туршсан юм. Ингэхийн тулд цахим орчинд иргэдийг талцуулж, насанд хүрээгүй хүүхдэд хориггүйгээр электрон тамхи худалдаалдаг гэгдэж буй “GS-25”, “CU” дэлгүүрүүдээр ч мөн орууллаа. Бидний явуулсан хүүхдүүд "CU” сүлжээ дэлгүүрийн хотын төв дэх гурван салбараар орсон. Гэвч тэдгээр салбарууд бүгд "Насанд хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй” хэмээх хариултыг хүүхдүүдэд өгч байв. Учир нь арваннэгдүгээр сарын эхээр цахим орчинд "CU” сүлжээ дэлгүүрийг хүүхдүүдэд тамхи худалдаалдаг хэмээх шүүмжлэл гарч эхэлсэн тул арваннэгдүгээр сарын 13-ны өдөр удирдлагуудаас нь чиглэл ирсний дагуу худалдаалдаггүй болжээ.

CU СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ: ХҮҮХДҮҮД ИХ АСУУДАГ Ч БИ ЛАВ ЗАРДАГГҮЙ

Мөн бид нууц сурвалжилгын явцад "CU” сүлжээ дэлгүүрт цагаар ажиллаж, борлуулагч хийдэг оюутан Ш-ээс тодруулахад,

“Миний хувьд “21 нас хүрээгүй бол тамхи худалдаалахгүй” гэх хуулийн заалтаа яг баримталдаг. Гэвч бусад борлуулалтын ажилчид насанд хүрээгүй хүүхдэд худалдаалдаг байж магадгүй” хэмээн бидэнд хэлж байлаа. Учир нь Ш-ийг “Энэ барааг насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй” гэж хэлэхээр “Өмнө нь танайх зүгээр л өгч байсан даа” гэх зэргээр хариу үзүүлдэг гэв. Зарим арван жилийн жаахан хүүхдүүд электрон тамхийг ямар ч хориггүй авдаг байдалтай, шууд л кассан дээр аваад ирдэг гэнэ. Түүнээс гадна хүүхдүүд CU-д зарагддаг электрон тамхины нэр төрөл, цэнэглэгч зэргийн талаар маш сайн мэдээлэлтэй байдаг тухай CU сүлжээ дэлгүүрийн цагийн ажилтан Ш хэлж байлаа.

Харин бид үргэлжлүүлэн "GS-25” сүлжээ дэлгүүрээр оров. Ингэхэд хотын төв дэх хоёр ч салбар насанд хүрээгүй хүүхдэд энэ төрлийн барааг тайлбарлаж, хэрэглэх аргыг нь зааварлаж өгч байлаа. Улмаар яг худалдан авах үед "Иргэний үнэмлэхээ шалгуулаад аваарай” хэмээн шалгааж байлаа.

Харин хотын төвийн камертай дэлгүүрүүд энэ төрлийн барааг хүүхдэд худалдаалахгүй байсан учир манай сурвалжлах баг "Нарантуул”, "Sunday” зэрэг худалдааны төвөөр нууц камертай сурвалжилга хийв. Ингэхэд "Sunday” худалдааны төвийн нэг давхарт байрлах электрон тамхи борлуулах хоёр лангуу хоёул ямар ч үнэмлэх шалгахгүйгээр хүүхдэд худалдаалж байлаа. Биднийг очих үед өсвөр насны зургаан хөвгүүн тус лангуун дээрээс электрон тамхи худалдан авч буй дүр зурагтай таарсан юм.

Сурвалжилгын явцад хүүхдүүд зөвхөн дэлгүүрээс худалдан авалт хийдэггүйг бид мөн олж мэдэв. Тодруулбал, “Электрон тамхи хэрэглэгчид”, “Электрон тамхи авна, зарна”, “Vape сонирхогчдын групп” гэх зэрэг цахим хуудсууд ч сурагчдад электрон тамхи борлуулдаг аж. Тэд ямар ч хяналтгүйгээр насанд хүрээгүй хүүхдэд тамхийг үнэ тохиролцон зарж байв. Үүнийг баталгаажуулахын тулд бид хүүхдээр захиалга өгүүлж үзсэн. Ингэхэд хүргэлтээр тамхи авч ирсэн худалдаачид сургуулийн насны сурагчдыг тэд мөн л цензурдсангүй. Бараагаа зарж, мөнгөө авахыг урьтал болгов.

ХУВИЙН СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХ: ХҮҮ ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТАЖ, БИ СУРГУУЛЬ ДЭЭР НЬ ДУУДАГДСАН

Бидний сурвалжилгын турш зарим дэлгүүрүүд сурагчдад цензургүй худалдаж, хүүхдүүд ч авч хэрэглэдэг болох нь батлагдав. Харин хүүхдүүдтэй нь хамт тохой дэрлэн суралцаж байгаа сурагчид, цаашлаад хүүхэд нь электрон тамхийг нууцаар хэрэглээд эхэлчихсэн байгааг эцэг эхчүүд мэддэг үү. Мэддэг бол яах вэ, мэддэггүй бол бас яах вэ. Эцэг эхчүүд чухам ямар байр суурьтай байгааг мөн сонирхож үзлээ. Ингэхэд хувийн сургуулийн эцэг эх бидэнд хэлэхдээ,

Манай хүүхдийн сургууль дээр эрэгтэй сурагчид электрон тамхи татсан. Түүнд манай хүү оролцсон асуудлаар бид сургууль дээр нь дуудагдаж очсон удаа бий. Энэ талаар хүүтэйгээ ярилцахад  “Электрон тамхины хэрэглээ ахлах ангиудад хэвийн зүйл” гэж тайлбарласан. Мөн сурагчид групп чат үүсгэж, тамхины талаар мэдээлэл солилцдог болчихсон юм билээ. Харин үүнийг нь сургуулийн захиргаа нь мэдээгүй байсан нь харамсалтай санагдсан. Сургуулийн захиргаа болон эцэг эхчүүдийн хараа хяналт л сул байгаатай холбоотой болов уу. Анхаарч үзмээр санагдсан хэмээн ярьсан юм.

Бидэнд эх сурвалж болсон эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан, сурагчийн ярьсныг сийрүүлж бодит байдал ямар байгааг хүргэлээ. Үргэлжлүүлэн бид хүүхдүүд электрон тамхийг хэрхэн яагаад татахыг хүсэх болов, энэ нь ямар сэтгэл зүйгээс үүдэлтэй, ямар хор уршигт хүргэж болох талаар сэтгэл зүйч болон эмчээс тодруулга авснаа хүргэж байна.


Асуудал 3.

СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛТАЙ ИРГЭДИЙН 10 ХУВЬ НЬ ДОНТОЛТТОЙ ХҮҮХЭД

Монголын Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн зөвлөх сэтгэл зүйч, Оксфордын их сургуулийн магистрант Б.Жавзан донтуулагч бодистой электрон тамхийг хэрэглэж буйг ийн тайлбарлав. Тэрбээр "Хүүхдүүд үе тэнгийнхэн дундаа атаман харагдахын тулд, түүнийг хэрэглэвэл том хүн болчихсон мэтээр төсөөлөх хандлага ажиглагддаг. Үүнд нөлөөлөх хэд хэдэн шалтгаан байдаг. Гэр бүлийнхний буруу үлгэрлэл, найз нөхдийн уруу таталт, телевизийн сурталчилгаа зэрэг ихээхэн нөлөөтэй. Нэгэнт электрон тамхи хэрэглээд эхэлчихсэн хүүхдэд зан аашийн болон байр байдалд нь сөрөг нөлөө их гарна. Ингэхдээ гол төлөв зожиг, уцаартай, тавтиргүйтэх хандлага ажиглагддаг. Энэ нь тухайн бараа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буйн илрэл.

Үүнээс гадна мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдүүд тамхин бүтээгдэхүүн буюу электрон тамхи хэрэглэдэг гэх сүүлийн үеийн судалгаа байдаг. Иймээс электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд мансуурлын түвшингээ ахиулж хар тамхи зэрэгт орох хандлагатай гэж хэлж болно. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ эрт дээр нь мэдээгүй, анхаараагүй орхиж, хожим хэрэг төвөгт орооцолдон, шүүх хурал болох үед л хориотой бараа хэрэглэдэг байсныг нь мэдэх тал их бий. Шүүх хурлын дараа тэдний сэтгэл зүйг эмчлүүлэхээр манай төвд ханддаг. Байдал хүндрэхээс өмнө хүүхдийнхээ сэтгэл зүйг эмчлүүлдэггүй. Манай төвд сэтгэл зүйгээ эмчлүүлэг нийт өвчтөний арван хувийг электрон тамхи зэргийн мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэдтэй холбогддог” гэсэн юм.


Асуудал 4.

СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ОРОХООС ГАДНА ХАВДАР ҮҮСЭЖ ХӨЛ, ГАРАА ТАЙРУУЛСААР БАЙНА

Сэтгэл зүйчийн ярианаас электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд зан байдлын хувьд ихээхэн өөрчлөлттэй болдгийн бид мэдсэн юм. Харин электрон тамхи эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар уршиг дагуулдаг болохыг СЭМҮТ-ийн НЭМЭША Архи, донтолтын асуудал хариуцсан мэргэжилтэн Анагаах ухааны магистрант С.Мөнхтуяа хэлэхдээ,

“Арван хүүхдийн нэг нь ганцхан удаа электрон тамхийг татаад түүндээ ордог. Учир нь энэ бүтээгдэхүүн никотин агуулдаг. Энэ нь донтуулагч бодис юм.

Никотинд 7000 төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд дөрвөн төрлийн нөлөөтэй. Үүнд судас агшаах, уушгины намираа эдийг саажуулах, донтуулах, сэтгэцийн болон зан үйлийн хамаарал үүсгэдэг” хэмээв.

Тэрбээр энгийн тамхийг бодвол электрон тамхи залгиур хоолой руу биш, шууд уушгинд нөлөөлдөг тухай хөндөн ярив. Тийм ч учраас энгийн тамхийг бодвол хавдар үүсгэх хорт нөлөө нь илүү байдаг гэлээ. Мөн "Тамхинд хүнд ээлтэй нэг ч шинж байдаггүй. Хэрэв хүн тамхи татаад өлсөхөө болиод, уурлахаа болиод, тайвшраад, анхаарал төвлөрөөд байх юм бол тэр нь сайн нөлөө биш таныг хамааралтай болсныг илтгэх шинж” гэв.

Түүнчлэн тус төвд электрон тамхины нөлөөнд хордож хяналтаа алдаж сэтгэц мэдрэл нь өөрчлөгдсөн, хөл гарт нь хавдар үүсэж тайруулахдаа тулаад буй хүмүүс ирсээр байгаа тухай онцолж байлаа. Никотины нөлөөгөөр үүссэн хавдрыг иргэд донтуулагч бодисоос болсныг мэдэлгүй Хавдар Судлалын Үндэсний Төвд ханддаг болохыг тэрбээр хэлж байлаа. Зөвхөн уушгины хавдар гэхэд л 90 хувь нь никотины агууламжтай тамхин бүтээгдэхүүнээс болдог тухай С.Мөнхтуяа эмч хөндөж ярьсан юм.


СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Дээрхээс харахад, Монгол Улсад электрон тамхийг хянаж зохицуулах хууль үгүй учир хүүхдүүд энэ мэт хаа сайгүй, бүхий л орчинд хэрэглэх нөхцөл бүрджээ. Гэвч үүнийг хэрэглэсэн хүүхэд эд эрхтнээрээ хохирч байдаг тухай СЭМҮТ-ийн эмч хэлж байсан юм. Хэзээд эерэг нөлөө үзүүлдэггүй, хохирол учруулсаар байгаа электрон тамхины асуудлыг хууль үгүй гэх шалтгаанаар цагдаагийн байгууллага зөрчил биш хэмээн үзэж, хэрэг бүртгэдэггүй аж.

Ямар ч хуулийн орчингүй учир дэлгүүрүүд шагийн бараа шиг, хүүхдүүдэд үнээ нэмээд зарчихдаг байдал ч газар авсан байна. Сурагчдын хувьд электрон тамхийг чамирхал гэж үзэж, энгийн хэрэглээгээ болгох нь ихэссээр байна. Электрон тамхины хэрэглээнд эцэг эх, сургуулийн захиргаа санаа зовоод суудаг, ямар ч зохицуулалгүй бүс үүссэн нь туйлын харамсалтай. Электрон тамхинд "живсэн” ирээдүйг төр хайхрахгүй байх зуур хуулийн цоорхойг наймаачид ашигласаар...

Бид энэ удаа сурагчдын электрон тамхины хэрэглээг хөндлөө. Дараагийн удаа сурагчдын газны хэрэглээг хөндөн сурвалжилснаа хүргэх болно.

СЭТГҮҮЛЧ Э.ҮҮРИЙН ЦОЛМОН, Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕО ЭВЛҮҮЛГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-23 09:16

Энэ ёстой асууд�##� шүү, хоргүй хоргүй гэж рекламдаад ирээдүйгээ б�##�лаж дуусгах нь

Зочин
Зочин
2021-11-23 10:10

Иргэд электрон тамхийг ихээр хэрэглэх болж химийн бодис хэрэглэж хорт хавдарын үндсэн ш�##�тгаан энэ дор бол татдаг тамхий татсан арай дээр. Үүнээс болж маш их хүүхэд тамхинд орж байна.

zochin
zochin
2021-11-23 10:11

mashhhhh ikh khortoi shuu.....ug ni tamkhi tatakhgui bol sain l bna...surguuliin khuukhduud iim ikh tamkhi tatdag yumuu...aimaar yumaa etseg ekhchuud haraa khyanaltaa saijruul...manai khun elektron tamkhi avch tataj ekhleed neg udaa buu deer ochij murgukhduu tamkhia karmandaa khiisen bsan yumaa...tegsen uvuu buuj uzej bsanaa chi yu tataad bna gej asuusan manai khun tamkhinaas garakh geed iim tamkhi khereglej bgaa geed uzuulsen uvuu shuud evdej gargaj khaya geed khayaulsan sh dee...mash muu khortoi dakhij buu tat gej zemlesen...az bolj tataad nekh udaagui bsan ...udaan tatval mash ikh khortoi tul evguitekh bsan yum bilee...itgekh esekh ni khuvi khunii l asuudal...

Зочин
Зочин
2021-11-23 10:14

Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ анхаар�##� хандуулж хаана юу хийж явааг нь мэдэу байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-11-23 10:34

Яана аа яаж юу хийж байгааг нь мэдэх үү асуухаар үгүй л гэдэ л дээ

өж
өж
2021-11-23 10:48

Энэ электрон тамхи гэж юм арай л замбараагаа �##�даад байна уу

монгоогийн ээж
монгоогийн ээж
2021-11-23 11:01

хөө яанаа бодит байд�##� ийм байдаг юм уу. Аав ээжүүд ёстой мэддэггүй юм байна аа. хүүхдүүд бол яг л үнэн байдлыг хэлж байгаа

Зочин
Зочин
2021-11-23 12:32

Худлаа онгонтохоо больнуу. Бүх үед л нэг тийм би би, би лаг аймар, нэг тийм лаг босс харагдах гэсэн үзэл байж л бсан татдаг л бсан шд

ayul ircen bain
ayul ircen bain
2021-11-24 20:00

ee yuw ee. eniig yaraltai ondor awch xuulin orching n uusgeh heregtei m bnshte

Холбоотой мэдээ

Back to top button