НИЙГЭМ

В.Путин: Дэд бүтэц, ХАА, уул уурхай салбарт хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх талаар ярилцсан. Яриа хэлэлцээрийн түвшинд хоёр орны эдийн засгийн харилцаанд анхаарал хандуулсан нь ойлгомжтой" хэмээгээд олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит эх суурь болсон гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Түүнчлэн "Монгол Улс нь ОХУ-ын гадаад худалдааны чухал түнш. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 21 хувиар нэмэгдэж, энэ оны долдугаар сарын байдлаар 12 хувь нэмэгдсэн. Мөн цаашид өмнөх амжилтаа нэмэгдүүлж, хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан нь Монголын түншүүдтэй хамтарч гарын үсэг зурсан.

Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жилийн турш тусламж үзүүлж ирсэн. Орос улс төмөр замын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат системийг ашиглалтад оруулснаар Монголын төмөр замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид Монголын төмөр замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад тусламж үзүүлэхэд бэлэн байна.

 “Ростех” компани Улаанбаатар хотын IV Цахилгаан станцын шинэчлэлд тусламж үзүүлж байгаа ба шинэчлэлийн үр дүнд тус станцыг хүчин чадал улам нэмэгдэнэ. Ташрамд хэлэхэд өчигдөр тус станцын эрчим хүчний блокийг ашиглалтад оруулсан.

Манай хоёр улсын  хооронд шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Орос улс зарим мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд Монгол Улсад тусламж үзүүлдэг. Батлан хамгаалах, терроризмтой тэмцэх асуудлыг дэлгэрэнгүй ярилаа. Уг салбарын хамтын ажиллагаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Энэ оны наймдугаар сард цэргийн хамтарсан сургуулилт амжилттай болж өнгөрсөн. Хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь дамжиггүй.

Орос, Монгол, Хятад гурван улсын хамтын ажиллагааны шугамыг хөгжүүлж, Евро Азийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Монгол Улсын эрмэлзлэлийг дэмжиж байна. Манай айлчлалын хөтөлбөр шахуу байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг халуун дотноор хүлээн авсанд  талархал илэрхийлье. Удахгүй нээлтээ хийх гэж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно” хэмээжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button