НийгмийнЯрилцлага

“ХҮН ЦЭГ”: Зөөлөн “аялгуу”

“Хорвоог ээж чинь харахгүй төрсөн

Хонгор үр минь харааг минь орлох болно

Гашуун зовлонг эдэлж явна би

Ганцаардахгүй ээ, үртэй хүн дээ би

Миний хүү, ээжийн хүү

Ээждээ түшиг болон яваарай

Эргэх хорвоог харах нүд болон жаргуулаарай”.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Амаржаргал охиноо эрүүл, хараатай төрсөнд баярласан, эх болсон хосгүй мэдрэмжээ шингээн энэ дуугаа бүтээжээ. “Охин минь эрүүл төрөөсэй. Ээж шигээ харааны бэрхшээлтэй мэндлэх вий” гэсэн айдас, зовнилын ард гарсан, түшиж тулах охинтой болсондоо баярласан гээд бүхий л сайхан мэдрэмжээ эл уран бүтээлд багтаасан юм.

Төрөлхийн харааны бэрхшээлтэй ч өөрийгөө ялж, амжилтад хүрч болохыг үлгэрлэн, итгэл найдвар бэлэглэж яваа уран бүтээлчдийн нэг нь тэр яах аргагүй мөн.

“Учрал”, “Үггүй хайр”, “Нартад ганцхан ээждээ”, “Амин нүдэн” зэрэг олон, олон хит дуугаар нь монгол түмэн түүнийг сайн мэднэ.

Ч.Амаржаргал дуулахын сацуу урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайтай хөгжмийн зохиолч. Өөрөө дуулсан уран бүтээлүүдээс нь гадна “Гарыг тань атгая ээж ээ”, “Эрийн хийморь”, “Чамдаа”, “Төрсөн өдрийн дуу” тэргүүтэй олон хит дууны аяыг зохиосноос хэр ур чадвартай, авьяастайг нь бэлхнээ харж болно.

“Хүн цэг” булан энэ удаа Гавьяат жүжигчин Ч.Амаржаргалыг онцоллоо.

АНХНЫ ТАЙЗ МИНЬ МАНАЙ ГЭРИЙН ХОЙМОР

Болгоомжтой. Амьдралынхаа турш хамгийн олон сонсож буй үгсийн маань нэг нь энэ. Төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн намайг бэртчих вий, гэмтчих вий гэсэндээ хайртай хүмүүс минь надад ингэж хэлдэг, элдэв эрсдэлээс хамгаалдаг. Миний бага нас Тэрэлжтэй, тэндхийн сүрлэг уулс, цэцэг алгалсан хөндийтэй салшгүй холбоотой.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн бага нас бусдаас арай өөр. Гэхдээ би өөр мэдрэмжийг авахгүй, бусадтай адилхан байхыг аль болох хичээдэг байв. Багадаа би аливаа зүйлийг их бүрсгэр хардаг байлаа.

“Би харааны бэрхшээлтэй” гээд бусдаас дөлөх, гэртээ бүгэх бус олны дунд байхыг хичээдэг байсан юм. Бусдын адил тоглож наадахыг хүснэ. Жимсэнд явах, мод түүхээс авхуулаад эмээдээ тусална, хүүхдүүдтэй хамт байхын бөөн хүслэн.

Юмны учрыг тийм ч сайн олоогүй багадаа харааны бэршээлтэйдээ нэг их эмзэглэдэггүй байв. Би байгальтай ойр өссөн минь урлагийн хүн болоход нөлөөлсөн ч байж мэднэ. Голын урсгал, цэцэгсийн үнэр, шувуудын чимээг сонсох их дуртай, гоё мэдрэмж төрдөг байж билээ.

Ээж минь дуулдаг, тоглолт хөтөлдөг байлаа. Намайг урлагийн авьяастайг аав, ээж хоёр багаас анзаарсан шиг байгаа юм. Багад байхад минь надад мандалин, гитар авч өгсөн нь урлагт дурлахад, дуучин болоход их нөлөөлсөн. Миний анхны тайз бол манай гэрийн хоймор. Цэцэрлэгтээ явж ирчихээд орой бүр шахам гэрийнхэндээ концерт тоглоно. “Амаржаргал дуулна” гээд өөрийгөө зарлаад л дуулдаг байлаа.

АНХНЫ БҮТЭЭЛ МИНЬ “ХАРАХЫН ХҮСЛЭН”

Сурагч байхдаа найзуудтайгаа хамтарч хүүхдийн хамтлаг байгуулсан. Дараа нь амьд хөгжмийн хамтлаг болгон өргөжүүлэв. Тэр бүхэн одоогийн “Цагаан шөнө” хамтлагийн эхлэл байлаа. “Цагаан шөнө” хамтлагийнхантайгаа хамт урлагийн салбарт 30 жил зүтгэн, уран бүтээлээ туурьвиж явна.

Анхны юм бүхэн хамгийн дурсамжтай байдаг. Би анхны уран бүтээлээ 1987 онд, 15 настайдаа хийж байлаа. Нэр нь “Харахын хүслэн”. Хэдийгээр би багадаа төдийлөн тоодоггүй байсан ч том болохын хэрээр харааны бэрхшээлтэйдээ эмзэглэдэг юм билээ. “Би яагаад ийм төрсөн юм бол. Хардаг болчих юм сан” гэсэн бодол намайг үргэлж дагадаг байлаа. Тусгай сургуульд орж, өөр шигээ хүүхдүүдтэй хамт сурахаар сэтгэл санаа минь тайвширч, бодит байдалтай нүүр тулсан, сөрж давахаар шийдсэн юм. Өөрөө өөрийгөө илүү сайн ойлгодог болсон үе минь юм уу даа.

ХАРАХЫН ТӨЛӨӨХ ХҮСЛЭН

Яг ямар шалтгааны улмаас харааны бэрхшээлтэй төрснөө би сайн мэдэхгүй. Эгч минь мөн харааны бэрхшээлтэй. Эгч, дүү хоёр ийм төрснийг бодохоор удам дамжсан ч юм болов уу гэж боддог. Харахын хүслэн явсан надад нэг боломж 1994 онд олдсон юм. Тэр нь “Ахиллис” клубийн шугмаар АНУ-д очоод мэс засалд орох. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээнд оролцуулан, ивээн тэтгэгч олж өгдөг байгууллага л даа. Өмнө нь “Ахиллис”-ын шугмаар нэг монгол хүн яваад, хараа ороод ирсэн нь надад итгэлийн гал асаасан юм. Тиймээс энэ боломжийг алдахыг би хүсээгүй.

Уран бүтээл хийн, ард түмэндээ тодорхой хэмжээнд танигдаад байсан үе. АНУ руу явах зардлаа олохын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. “Хараа л орж байвал” гээд бусад бэрхшээл надад хүнд санагдаагүй. Гитараа үүрээд явна. Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт тоглолт хийн, хандив цуглуулсан юм. Бүр заримдаа кино театруудад, киноных нь өмнө дуулдаг байлаа. Намайг мэс засал хийлгэхээр АНУ руу явахад олон хүн туслаж, дэмжсэн. За, тэгээд Америкт очлоо.

42 км гүйн, өөрийгөө ялсан ч харамсалтай нь, харах хүсэл минь биелээгүй. Эмч “Хараа орох боломжгүй” гэсэн хариу надад үнэхээр хүнд туссан. Тухайн үед 20 гаруйхан настай байсан тул их эмзэглэсэн юм. Харахыг би ямар их хүсдэг билээ. Өмнө нь нэг хүн АНУ-д ирээд хараа орсон, эдгэрсэн. Гэтэл би яагаад...

Хараа ороогүйд сэтгэлээр их унав. “Сэтгэлийн тэнхээтэй байя, толгой гудайхгүй шүү” гэж бодон, өөрийгөө хэчнээн хатуужуулсан ч санаснаар болоогүй. Монголд ирснийхээ дараа гурван сар орчим хугацаанд хүнтэй уулзаагүй, гэртээ нам бүгсэн. Хэдийгээр би буруугүй ч “Эдгээрэй, хараа ороод ирээрэй” гээд бүхий л боломжоороо туслаж, дэмжээд явуулсан хүмүүсийн өмнө гэмтэй юм шиг надад санагдав. Урлагийн хүн, дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөж орсон СУИС-иас хүртэл гарлаа.

Тийм хүнд үед байхад Гавьяат Ү.Хүрэлбаатар ах надад эрч хүч өгсөн. Түүнтэй уулзан, сэтгэлээ онгойтол ярилцсаны дараа бүхнийг шинээр эхлүүлэхээр шийдсэн юм. Би дуулахаас илүү ая зохиох тал руугаа өөрийгөө хөгжүүлсэн. СУИС-ийг төгсөөгүйдээ харамсдаггүй.

АЯ ЗОХИОХ ЭРДМИЙГ ХЭН НЭГНЭЭР ЗААЛГААГҮЙ

Түрүүн хэлсэнчлэн би өөрийгөө ая зохиох тал руугаа хөгжүүлсээр өдий хүрсэн. Уран бүтээлээ өөрөө дуулахыг чухалчилдаггүй. Ая зохиохын хувьд би мэргэжлийн сургууль төгсөөгүй, хэн нэгнээр заалгаагүй. Ерөнхийдөө авьяас, мэдрэмжээрээ л зохиодог. “Цагаан шөнө” хамтлагтаа зориулж дуу хийе гэсэн хүсэл, эрмэлзэл намайг хөгжмийн зохиолч болгосон юм.

Дуу хуураар дамжуулан уран бүтээлчийн дотоод ертөнц рүү өнгийж болно. Уран бүтээлээс авах мэдрэмж өөр, өөр. Дуу бүхнээс дараагийн уран бүтээлээ хийх эрч хүч, урам би авдаг. Үүний сацуу амьд хөгжимтэй дуулдаг нь намайг их хөглөдөг.

 “ОХИН МИНЬ Л ЭРҮҮЛ ТӨРӨӨСЭЙ”

Би, төрсөн эгч минь харааны бэрхшээлтэй. Жирэмсэн болсноо мэдээд “Би ээж болох нь” гээд баярласан ч амаржих хүртлээ “Охин минь эрүүл төрөх болов уу” гэж санаа зовсон. “Охин минь л эрүүл төрөөсэй. Миний туулж буй зовлон, бэрхшээлийг битгий амсаасай” гэж өдөр бүр залбирдаг байлаа.

“Охиных нь хараа эрүүл”. Эмч надад ингэж хэлэхэд цээжин дотроос том чулуу аваад хаячих шиг болсон. Би хэчнээн их баярласан гэж санана. Хүүхэдтэй, би ээж болсноос илүү охин минь эрүүл төрөх л юу юунаас чухал байлаа. Охин минь эрүүл гэдэг баярт мэдээг сонсоод цээжиндээ тэвэрсэн тэр мөчийг одоо ч өчигдөр мэт тод санаж байна.

Эх хүн болсон, эрүүл төрсөнд нь баярласан мэдрэмжээрээ охиндоо зориулж “Миний охин миний сэтгэлийн нүд” гэдэг дуугаа зохиосон юм, 1991 онд. Тухайн үед охин минь хоёр сартай байв. Одоо манайх хоёр охин, нэг хүүтэй. Би нээрэн эмээ болсон, хоёр хөөрхөн зээтэй.

Урлаг хатуу. Хэдийгээр охин минь авьяастай ч гоц байж л амжилтад хүрнэ. Тиймээс урлагийн хүн болгоё гэж хүчлээгүй. Өөрийнх нь хүсэл, сонирхлыг дагасан юм.

АЯЫГ НЬ ЗОХИОСОН 170 ГАРУЙ ДУУТАЙ

Одоогоор би аяыг нь зохиосон 170 гаруй дуутай. Шүлгийг нь бичсэн 30 гаруй уран бүтээлтэй. 2012 онд “Сэтгэлд нуугдсан харц” гэдэг нэртэй цомгоо гаргасан. Миний дөрөв дэх цомог. Би аяыг нь зохиосон “Гарыг тань атгая ээж ээ”-г жүжигчин Эрдэнэбаяр, “Эрийн хийморь”-ийг дуучин Отгонгэрэл, “Мөрөнгийн намар”-ыг Л.Болдбаатар, “Чамдаа”-г Чинбаяр, “Төрсөн өдрийн дуу”-г Аззаяа, “Хайрын өнгө”-ийг би С.Жавхлантайгаа хамтарч дуулсан. Өө, тэгээд зөндөө олон уран бүтээл бий. Яг ингээд тоочоод бичвэл нэлээд урт жагсаалт хөвөрнө.

“Төрсөн өдрийн дуу”-ны аяыг би 1990 онд зохиосон. Энэ дууг “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Батболд “Найрамдал”-ын олон, олон хүүхдэд заасан гэнэ билээ.

Би ая зохиохдоо шүлгээр их хөглөгддөг. Олон сэдвээр төдийлөн дуу, ая хийж чаддаггүй. Амьдрал, хайрын сэдэвтэй дуу зонхилдог.

Аяны гоё санаа төрөхөд шууд тэмдэглээд авах боломж надад байхгүй. Тиймээс анхандаа аяа кассетан дээр хураан, хадгалдаг байлаа. Тэгэхгүй бол мартчихна. Одоо гар утсан дээрээ бичээд хадгалчихдаг. Миний зохиосон ая бараг засагддаггүй. Анхны хувилбар нь илүү санагддаг. Шүлгээ сонсонгуут л яг ийм ая хийвэл зүгээр юм байна гэж шууд төсөөлөгддөг юм.

“ҮГГҮЙ ХАЙР”-ЫН АЯЫГ ГУРВАН МИНУТАД ЗОХИОСОН

Би Ү.Хүрэлбаатар ахтай хамтарч 20 гаруй уран бүтээл хийсэн. “Үггүй хайр”, “Амин нүдэн” хоёр дуу яалт ч үгүй анхных нь. Хүрлээ ахын ажил дээр очоод уулзахдаа “Үггүй хайр”-ыг хийхээр ярилцаж байлаа. Энэ дууны шүлгийг надад зориулж бичсэн юм. “Үггүй хайр”-ын аяыг би гурван минутад л зохиосон. Их гоё шүлэг тул аялгуу нь аяндаа төрчихсөн юм. Аялгуу онгодоор зохиогддог. Шүлгээ сонсож байх мөчид л ая аяндаа сэтгэлд эгшиглэдэг. Тэгээд аяа зохиочихдог юм.

ХАНЬ, ХАМТРАГЧ

Миний амьдралыг ханьгүйгээр минь төсөөлөхийн аргагүй. Урлагийн хүн тул намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг. Харааны бэрхшээлтэй хүнтэй ханилах, хамт амьдрах амаргүй. Одоо бол миний нүүр, үсийг хэр баргийн хүнээс илүү янзалж чадна.

Хүнтэй уулзах, тоглолтод оролцох, ажил хөөцөлдөх гээд би ганцаараа явж чадахгүй. Тэр бүхэнд хань минь намайг дагуулж явдаг, түшиж тулдаг юм. Одоогоор ханьтайгаа хамтарч хосолж дуулсан дөрвөн уран бүтээлтэй. Дахиад хоёр дуу хийх гэж байгаа. Ирэх онд хамтарсан цомгоо гаргахаар төлөвлөж сууна.

ГАВЬЯАТ БОЛОХДОО “АМИН НҮДЭН” ДУУГАА ДУУЛЖ, ТАЛАРХСАН СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙЛАА

Нэг хэсэг тоглолт төдийлөн хийхгүй, олны өмнө гарахгүй нам гүм амьдарсан. Тухайн үед бусдад мартагдахаас би айгаагүй. Тоглолт л хийгээгүй болохоос уран бүтээлээ тасралтгүй гаргасаар байлаа. 2010 оноос уран бүтээлээ дахин эрчимтэй хийхэд С.Жавхлан гавьяат намайг их дэмжиж, тусласан.

2012 онд хийсэн тоглолтод уран бүтээлчид миний дууг дуулснаараа өвөрмөц, онцлогтой байлаа. Тэр жил би гавьяат болсон. Монгол Улсын гавьяат жүжигчин болоход их олон зүйл бодогдсон. Амьдрал, уран бүтээлийн бүхий л цаг хугацаагаа эргэцүүлэн боддог юм билээ. Улам хичээе, бүр ч чанартай уран бүтээл хийе гэж бодсон, урам авсан юм.

Ерөнхийлөгчөөс Гавьяат цолоо хүртэн, Төрийн ордноос гарч ирэхэд олон сэтгүүлч надаас ярилцлага авсан юм. Шагнал авсан хүмүүс баярын сэтгэгдлээсээ хэлдэг бол би “Амин нүдэн” дуугаа дуулан, ард түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа. Дараа жил нь “Амин нүдэн” тоглолтоо хийн, Гавьяат болсон баяраа хуваалцсан юм.

Үзэгчдийн алга ташилтын чимээ, намайг түрээд дуулахыг нь сонсоод сэтгэл их хөдөлдөг. Миний ихэнх дууны дахилтыг үзэгчид дуулдаг. Ялангуяа, “Үггүй хайр”-ын дахилтыг бүр ч илүү. Зарим дууныхаа дахилтыг би үзэгчдээр дуулуулдаг. Үзэгчдийн дуулж буй нь ямар ч аянаас чанга сонсогддог. Бүр ч сайхан уран бүтээл хийх урам, эрч хүч тэндээс авдаг юм. “Монгол Улсын Гавьяат жүжигчин Амаржаргал” гэж зарлуулан тайзан дээр гарах, дуулах хэчнээн сайхан байдаг гэж санана.

“ЦАГААН ШӨНӨ” ХАМТЛАГИЙНХАА 30 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТЫГ ХИЙНЭ

 “Цагаан шөнө” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойд зориулсан онлайн тоглолтоо бид арванхоёрдугаар сарын 3-нд хийнэ. Бидний лайв тоглолтыг “TV5” телевиз шууд дамжуулна. Манай хамтлагийнхан “Цагаан шөнө-30” гэсэн нэртэй цомгоо гаргасан байгаа. “Цагаан шөнө” амьд хөгжмийн хамтлаг. Би дуулахын зэрэгцээ ард түмэндээ гитар тоглож үзүүлэх гээд их догдолж сууна.

Аяыг нь зохиосон 170 гаруй дуунаасаа 100-г нь шилэн, ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Дуунуудынхаа нотыг хамтад нь хэвлүүлнэ. Зохиосон нотоо бичих шиг хэцүү юм харааны бэрхшээлтэй надад үгүй. Дорнодын дуу хөгжмийн багш Ганзориг гэдэг хүн надад нот бичиж өгөхөөр болсонд их баярлаж сууна. Одоо номныхоо ажлыг эхлүүлчихсэн, ид хийж байгаа. 100 дууныхаа үг, аяыг, хамтарч хийсэн уран бүтээлчдийн сэтгэлийн үгийн хамт номондоо оруулна. 

Урлагаар, дуу, хөгжмөөр дамжуулан “харж”, сэтгэлийнхээ даль жигүүрийг болгож яваа миний амьдрал нэг иймэрхүү. “Би бусдаас дутуу, өөр биш. Бусадтай л адилхан хүн” гэж өөрийгөө хурцалж, дотоод сэтгэлээ уран бүтээлээрээ илэрхийлж яваа энэ миний амьдрал.


“Хүн цэг” булан Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавыг онцолсныг ЭНД дарж уншина уу.

Анхны зочноор уригдсан Д.Амартүвшингийн тухай контентыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэмжигч
Дэмжигч
2021-12-01 22:47

Сайхан дуучиндаа болон гэр бүлд нь аз жарг�##� хүсье.Дуучин маань хэдийгээр харааны бэрхшээлтэй боловч сайхан сэтгэлтэй ханьтай учирч өөрөө сэтгэлийн тэнхээтэй байж хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон сайхан уран бүтээл хийж өөрөө сайхан дуулж,сайхан үр хүүхдүүдтэй болж өдий дайтай яваад нь баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button