ДЭЛХИЙНИЙГЭМ

Пак Гын Хэ-г ялтан болгосон “Сэволь” гаталга онгоцны дуулиан

Өмнөд Солонгосын 18 дахь Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ бусад өршөөлөөр суллагдсан гэм хэрэгтнүүдийн дундаас шоронд хамгийн урт хугацаанд ял эдэлсэнд тооцогдож байгаа юм. Төдий чинээгээрээ нийгмийн зүгээс тавих хяналт ихтэй байсан гэж болно.

2022 оны хавар болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх барих болон сөрөг хүчин талаас чухамхүү хэн сонгогдох вэ гэсэн дүр зургийг бодолцох хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Инг эсэргүүцэгч талынхан сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд түүнийг мөн л Пак Гын Хэгийн нэгэн адил шоронд ял эдэлж ч магадгүй гэсэн таамаг байгаа юм.

Энэ удаад Мүн Жэ Ин өршөөл үзүүлэх хэрэгтнүүдийн нэрсийн жагсаалтад Пак Гын Хэгийн нэрийг багтааж, түүнд өршөөл үзүүлж байгаа нь ард иргэдийнх нь дунд нэлээдгүй шуугиан дэгдээлээ.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өршөөлөөр суллагдаж байгаад “Сэволь” гаталга онгоцны ослын хохирогчдын ар гэрийнхэн эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.

Өмнөх үйл явдлыг эргэн сануулъя.

2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны үүрээр орон нутгийн цагаар 08:50 цагт Өмнөд Солонгосын Чолланамдү Жиндугүн бүсийн ойролцоохон Танвонгу сургуулийн 325 сурагч, 14 багш, 104 энгийн иргэн, 33 онгоцны багийнхан зорчиж явсан Чэжү арлыг зорьсон “Сэволь” гаталга онгоц үл мэдэгдэх шалтгааны улмаас гэнэт осолдож, далайд живсэн.

Аврах багийнхан нэмэлт тусламж дуудсан байсан. Зорчигчид усны аврах хантааз өмсөөд далай руу үсэрсэн бол бараг бүгд амь аврагдах боломжтой байсан гэж үздэг.

Усан онгоцны ахмад нь аврах анги ирж яваа, удахгүй аврагдацгаана, байрнаасаа хөдөлж болохгүй хэмээн зорчигчдыг тайвшруулсан гэлцдэг. Хүүхэд, эмэгтэйчүүд ч үүнд нь сэтгэл тайвширч, сүртэй юм бодолгүй инээж тоглоод, хантаазаа өмссөн ч зааврын дагуу далай руу үсрэлгүй аврагчид ирэхийг итгэн хүлээсэн.

Харин онгоц хурдтайгаар далайн ус руу живж эхлэх мөчид хүртэл байрнаасаа огт хөдөлж болохгүй гэсэн заавартай байв.

Тэр үед өрөөндөө байсан хүүхдүүд их аюул ирж байгааг мэдээгүй гэдэг. Гэсэн ч, хамгийн анхны аврах завь хүрч ирэхэд битгий хөдөл гэж зааварчилгаа өгсөн ахмад өөрөө дээгүүрээ энгийн хувцас өмсчихөөд энгийн зорчигчийн дүр үзүүлэн жүжиглэж, хамгийн түрүүнд аврагдсан түүхтэй.

“Сэволь” онгоц хурдтай живсээр байсан тул аврагдаж, амь гарах боломж буурсаар байв. Живж буй онгоцны дээгүүр харин нисдэг тэрэг эргэлдсээр байсан гэдэг. Тухайн өдөр бүх мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээнүүд ар араасаа цуварсаар. Харин хамгийн аймшигтай нь осолдсон онгоцны мэдээг мэдээлэхдээ зорчигчдыг 100 хувь аварч чадлаа гэж худал мэдээлсэн байв.

Гэсэн ч, үдийн алдад гэнэт онгоцны зорчигчдын ихэнхийг нь аварч чадаагүй, далайн усанд живж, амиа алдсан гэх жинхэнэ мэдээ гарч, ард түмэн эмгэнэлд автав.

Ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүл, хамаатан садан далайн ойролцоо цугларч, эрх баригчдын зүгээс арга хэмжээ авна гэсэн итгэлээр далайн зүг ширтэн, уйлан хайлсаар хүлээсэн дүр зурагтай байв.

Гэсэн ч, Өмнөд Солонгосын Засгийн газар дорвитой тушаал, арга хэмжээ аваагүй бөгөөд Ерөнхийлөгч Пак Гын Хэ долоон цагийн турш чухам юу хийж байсан нь одоо хүртэл маргаантай асуудал хэвээр байсаар байна. Пак Гын Хэ гаталга онгоц далайн усанд живж буй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор цацагдан, ард иргэд нь үймж сандралдах тэр мөчид харсаар байж ямар ч шийдэл гаргаж чадалгүй онгоцыг живүүлсэн. Улс орон даяараа гашуудалд автан, газар газраас усанд шумбагчид болон сайн дурынхан цугларсан байв.

Гаталга онгоцны дотроос зорчигчдын цогцос гаргах ажиллагаа гурван өдрийн дараа буюу дөрөвдүгээр сарын 19-нд л эхэлсэн.

Шумбагчид олон хоног сараар хэт ачаалалтай ажиллаж, дийлэнх цогцосыг  гаргасан ч, есөн хүүхдийн цогцос олдсонгүй. Нэгэн шумбагч ярьснаар, “Цогцосыг газарт гаргах үед “ямар оройтож ирэв гэсэн шиг цогцос гомдсон аятай хөшсөн байсан. Тэгээд би “Ах нь аав ээжид нь хүргээд өгье, гэртээ харья гэсний дараа цогцос аяндаа хөнгөн болж, дээшээ өргөж гаргаж байсан. Мөн аврах хантаазаа хооронд нь холбож уясан чигээрээ нас барсан байдалтай цогцос ч байсан. Тэднийг хараад өөрийн эрхгүй уйлсан. Улс нь тэдэнтэй хамт байгаагүй ч, шумбагч бид нар тэдэнтэй хамт байлаа” гэсэн юм.

Ажлын хэт ачааллаас үүдэн хожим нь зарим шумбагчдын бие болон сэтгэл санаа муудаж, гар хөл нь мэдээ алдах зэрэг хүндрэлүүд гарч эхэлсэн. Гэсэн ч, төр засгийн зүгээс тэдний эмчилгээнд ч анхаарал хандуулаагүй.

“Сэволь” онгоцонд нийт 476 хүн зорчиж байсан ба 172 нь аврагдаж, 295 нь нас барж, есөн хүүхдийн цогцос олдоогүй юм.

Онгоц живэх үед хүүхдүүдийн аврал эрсэн бичлэг, гэр бүлдээ илгээсэн мессеж, видео бичлэг зэрэг нь бүх ард түмний сэтгэлийг өвтгөж, улс даяар уй гашууд автуулав.

“Сэволь” онгоцны ослын үеэр ямар ч арга хэмжээ аваагүй Пак Гын Хэг ийнхүү өршөөлд хамруулан суллах нь хүнлэг бус, зүйд нийцэхгүй зүйл хэмээн онгоцны осолд амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэн бухимдаж эхлэв.

“Бүх хүүхдүүд аврах хантааз өмссөн байхад тэднийг аврахад тийм хэцүү байна уу” хэмээн Пак Гын Хэ мэдэгдэж байсан нь ард түмний эгдүүцлийг хүргэсэн. Ямарч хариуцлагагүй, мэдээлэлгүй Ерөнхийлөгч тухайн цаг үед нь оновчтой шийдвэр гаргаж, бүх хүчээ дайчлан ажиллаагүйгээс улбаалан олон хүүхэд амь насаа алдсан гэж Пак Гын Хэг буруутгаж байна.

Энэ эмгэнэлт үйл явдлын талаар мэдэхгүй хүмүүс, бас бус дутуу дулимаг  мэдээлэлтэй хүмүүст товчхон дурдваас, осол болсон өдөр өглөөний 08:49 цагт онгоцонд асуудал гарч эхэлсэн ба 10 цагт Үндэсний Аюулгүй Байдлын Алба болон Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн байна. Харин 10:30 цагт усан онгоц живж эхэлсэн ба 12 цагт Ерөнхийлөгчийн үсчин “Хөх ордон”-д ирэх дуудлага авсан байсан учир үдийн 13-16:30 минутийн хооронд ордонд байж, 1 цаг гаруй Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн үсийг зассан аж. Ерөнхийлөгч Пак Гын Хэ үдээс хойш 15 цагт Үндэсний Гамшиг Аюулгүй Байдлын Төв Штабыг бэлэн байдалд байхыг тушааж, оройн 17:15 цагт анхны хуралдаан хийн, хамгийн анхны асуулт нь “Бүх хүүхдүүд аврах хантааз өмссөн байхад тэднийг аврахад тийм хэцүү байна уу” гэж асуусан аж. Тиймээс бусдын үр хүүхдийн алтан аминаас илүү үс зүс, гоо сайхан төрхөө ард түмнээсээ илүүд үзэн нэгдүгээрт тавьсан Ерөнхийлөгчийг өршөөлөөр суллагдах гэж буйд иргэд нь эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.

(Эх сурвалж: Chosun News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:19

солонгосчууд ийм айхтар ингэж өөрсдийнхөө төлөө тэмцэж чаддаг үнэхээр хүчирхэг ард түмэн

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:22

нэг хэргээс мултараад нөгөө хэрэгт орчих гэж

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:26

nzdaa mongo zeeleed heregt orj garsanaa odoo bolhoor ali 10 jiliin omnoh heregt buruutgagdaad butsaad oroh gd suuj bdag manaid bsan bol ystoi tui mai l bhdaa

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:48

tuhain ved n shiidehgui odoo bolhoor unasan deer n dewsej ntr ene solongoschuud uneheer hun chanargui geh vv eswel ys zuitei geh vv

Холбоотой мэдээ

Back to top button