МУГЖ Ж.Оюундарь: “Этгээд” УСК-ноос огт өөр мэдрэмжийг авах болно

МУГЖ Ж.Оюундарьтай ярилцлаа.
-ШИНЭ УРАН БҮТЭЭЛД ОРСОН ҮЕД БАРАГТАЙ Л ШӨНӨ УНТДАГГҮЙ-
-Жүжигчин Ж.Оюундарийн ажлын нэг өдөртэй танилцаж болох уу. Таны өдөр хэрхэн эхэлж, яаж өрнөдөг вэ?
-Өдөр, өдөр янз бүр дээ. Зарим үед өдрийн 24 цаг ч багадах үе бий. Жишээлбэл, шинэ жүжиг тавигдаж, бэлтгэл эхэлсэн үед бол үнэхээр завгүй өнгөрдөг. Ойрын үед гэх юм бол, өглөө тогтмол 06.00 цагт босч байна. Өглөө эрт босоод л юун түрүүнд цай ундаа бэлдээд, ажилдаа яг 08.00 цагт гараад 09.00 цагт бэлэн байдаг. Ажилдаа очоод жүжгийн бэлтгэл, бүжгийн хичээлдээ орно, үргэлжлүүлээд дууны бэлтгэлдээ орж ажилласаар нэг мэдэхэд өдрийн 14.00 цаг өнгөрчихсөн байдаг юм. За, ингээд шинэ жүжгийн уншлага орно.
Драмынхан яг одоо “Анна Каренина” жүжгийн бичлэгт орсон байгаа. Үүнийхээ уншлагыг хийхэд нэг жүжигчинд ойролцоогоор гурван цаг гарангийн ажил болдог юм. Ингээд тооцоод үзэхээр бараг зургаан цагийн хугацаа энэ ажилд зарцуулагддаг. Нэг мэдэхэд л орой болчихсон, гэр лүүгээ яарсаар харина даа. Түгжирсээр гэртээ ирээд л хоол унд гэсээр байтал шөнийн 02.00 цаг гэж орондоо орно, ойрын хэдэн өдөр бол ихэвчлэн л оройтож унтаж байна.
Уг нь хүн чинь унтлагын цагаа чанартай, зөв зохицуулах нь эрүүл мэнд, гоо сайханд их хэрэгтэй л гэдэг. Харамсалтай нь энэ зарчмыг хэрэгжүүлж чадахгүй л явна. Аминдаа л хичээгээд, “Эрт орондоо оръё, унтах ёстой шүү Оюундарь аа” гээд л өөртөө их үглэнэ ээ /инээв/. Даанч шинэ уран бүтээлд орсон үед барагтай л шөнөдөө унтахгүй шүү дээ. Нөгөөдөхөө бодоод л, тал талаас нь хараад, яавал сайн ажиллах вэ, юун дээр анхаарах вэ гэж өөртэйгөө ярьсаар байгаад нойр сэргэчихдэг. Ингэж хэвтсэнээс босч бэлдэе, уншсан нь дээр юм байна, үгээ давтъя гээд нэг мэдэхэд л босоод ирдэг дээ.
Үнэхээр зав чөлөө гайгүй, ажил багатай үед жаахан унтъя гэж шийдээд 09.00 цаг хүртэл хэвтчихээр бүр нэг оройтсон санагдаад, юмнаас хоцорсон юм шиг бодогдоод чаддаггүй юм аа. Заримдаа хүн байна даа, өөрийгөө нэг боловсруулъя, ном уншъя, шинэ юм суръя гээд тэмүүлэх, өөрийгөө шахах үе бий.
-Мөнхийн залуугаараа байдаг жүжигчин, биднийг хүүхэд байхын л ийм байсан хүн шүү дээ гэдэг үгийг их олон сонсч байсан байх. Миний хувьд, таныг амьдралын их зөв хэмнэлтэй хүн юм болов уу гэж бодоод байна. Байнга дасгал хөдөлгөөн хийх ч юм уу, хоол хүнсний тал дээр барьдаг нарийн дэглэм танд бий юу?
-Баярлалаа, бусдаас ийм урмын үг олон сонсдог л доо. Үнэхээр сайхан санагддаг юм. Миний хувьд өөрийгөө юу гэж бодож байна гэхээр, мэдээж хүн юм чинь, надад өтлөлт явагдаж л байгаа. Харин би энэ өтлөлтийг хурдасгахгүйн тулд, бие дээр илрэх байдлыг нь удаашруулахын үүднээс өөрийнхөө хэмжээнд тэмцдэг. Ингэхийн тулд хөдөлгөөнийг л чухалчилж байна даа.
Фитнест явдаг ч юм уу, агаарын иогт явах, боломжоороо үргэлж дасгал хөдөлгөөн хийх гээд, аль болох хөшиж суухгүйг л хичээж байна. Миний насан дээр чинь хүний уян хатан байдал алдагдаж, юм л бол хөших гээд байдаг болчихдог юм байна. Гэтэл хүн чинь хөгширч биш хөшиж үхдэг гэж ярьдаг. Долоо хоног л хөдөлгөөн хийхгүй бол дороо л хөшчих гээд хэцүү шүү дээ /инээв/. Өөрөөр хэлбэл сунгалт багасаад л бие дороо хүндрээд байдаг болчихдог юм байна.
Тэгэхээр байнгын, тогтмол хөдөлгөөнтэй байж, байгаа хэмжээнээсээ хэтрүүлчихгүйхэн байх юмсан гээд тэмцээд л байна. Бид чинь олны нүдэн дээр байдаг, тайзан дээр амьдардаг уран бүтээлчид учраас үзэгчидээ хүндэтгэх ёстой. Тэгэхийн тулд бие хаа, гоо сайхандаа анхаарах чинь нэг ёсны үүрэг байдаг юм. Жингээ бариад, хөдлөөд байгаа учраас л хөгширөөгүй, хэвэндээ байгаа юм шиг санагддаг байх даа. Тэрнээс биш толинд харахаараа өөрөөсөө заримдаа цочдог ш дээ /инээв/. Ялангуяа том нүдтэй хүн чинь, нүдний эргэн тойронд үрчлээ нэмэгдсэн байгаа нь шууд анзаарагддаг.
Ядаж байхад би чинь хамаг арьсаа хамар дээрээ овоолж ярьдаг хүн болохоор үрчийхдээ их амархан юм шиг байгаа юм. Ямар сайндаа ээж минь надад “наад нүүрээ, ямар муухай үрчийж, хамаг юмаа овоолж ярьдаг юм” гээд л үглэдэг ш дээ /инээв/. Гэхдээ би, хэзээ нэг өдөр хийнэ дээ гээд нүүрний иог хадгалчихсан байгаа. Өөртөө л зав гаргахгүй бол болохгүй л дээ. Зурагт үзэхдээ ч гэсэн зүгээр суухгүй сунгалтын дасгал хийгээд, аль болох л тэмүүлэлтэй, тэмцэлтэй амьдрах юмсан гэж хичээж явна даа.
-ТЕАТР МИНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР-

-Драмын театрын “улаан байшин”-гаар сонин юутай байгаа вэ. Сүүлийн жилүүдэд театр маань их амьтай байх болж, байнга л шинэ сайхан жүжгүүд тоглогдож, зорин очих үзэгчдийн хөл тасрахгүй болжээ?
-Театр бол яриа байхгүй миний хоёр дахь гэр. Сүүлийн жилүүдэд театр маань менежмент, бодлогын хувьд, уран бүтээлийн тал дээр улам л сайжирч, чанаржиж байна. Үүнд олон л шилтгаан бий. Нэгдүгээрт, мэдээж авъяаслаг найруулагч нарын гавъяа. Хоёрт, шаардлага өндөртэй, дэг журамтай байж чаддаг учраас өсч хөгжих шалтгаан болж байгаа байх.
2021 онд бид түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ ондоо бид шинээр гурван уран бүтээл хийхээр төлөвлөгөөндөө оруулаад бэлтгэлээ базаагаад явж байна. Эхнийх нь, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар, драмын театрын дэргэдэх студи ангийн залуус маань Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийг тоглохоор бэлдэж байна. Энэ бол нэг ёсны шалгалт гэсэн үг л дээ. Тун удахгүй тайзнаа тоглогдоно.
-Жүжигчин Ж.Оюундарийн хувьд театрын 90 жилийн хэдэн жилтэй нь хувь заяагаар холбогдоод явж байгаа вэ?
-Би чинь 1986 оноос л Драмын театртайгаа холбогдсон хүн шүү дээ. Тэгэхээр чинь энэ театртаа ороод 36 жил болж гэсэн үг юм байна. Бүр хүүхэд байхаасаа л театрын коридороор гүйж өссөн болохоор теартаа орж ирэх бүрт үргэлж дотно, дулаан мэдрэмж, төрдөг, нэг ёсны гэр минь юм даа.
-Жүжигчин болох шийдвэр тань хүүхэд наснаас л театртай холбогдсоноос үүдэлтэй байх даа?
-Би чинь уг нь бүжигчин болох хүсэлтэй, Ленинград явах шалгалтанд орж байлаа. Тэр үед жаахан тарган, махлаг охин байжээ. Шалгалт авч байсан багш нар нь, “Энэ хүүхдэд уг нь материал байна, авч явмаар л байх юм, даанч тарган хүүхэд юм аа” гэж ярьцгааж билээ. Тэгж хэлэхэд нь Монголоос төлөөлөн сууж байсан Жав гэж багш маань их баярласан гэдэг. “Энэ хүүхэд хойшоо явахгүй болвол, би ардын бүжигтээ авмаар байгаа юм аа” гэж хэлж байсан юм гэнэ лээ.
Ингээд алинд нь ч ороогүй, сурч байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт оров оо. “Шадар гурван цэрэг” жүжгийн Д’Артанъяанд тоглосон санагдаж байна. Энэ жүжгээрээ ангиараа дүүрэгт шалгарч байсан юм аа. Тэр үед чинь би өвдгөө хүрсэн урт үстэй байлаа шүү дээ. Жүжигтээ тоглохдоо урт үсээ малгай дотроо хийчихдэг. Ерөнхий хөдөлгөөн, тоглолт энэ тэрээ ааваар заалгаад бэлдэж байсан юм.
Ингээд ангиараа тэмцээнд ороод 2-р байрт шалгарч байсан юм. Тайзан дээр тоглож дуусчихаад, ёслохдоо малгайгаа аваад урт үсээ нэг их сүртэй намируулаад л унагана. Яг тэр үед үзэгчид уулга алдаад л орилох нь сонсогдоод л, нэг л гоё мэдрэмж төрснийг санаж байна. Яг тэрнээс улбаалаад л жүжигчин болох юмсан гэсэн бодол их хүчтэй төрсөн юм. Ингээд л “Би ер нь заавал жүжигчин болно” гээд л дайрчихсан. Гэтэл намайг 10 төгссөн жил сургуулийн хуваарь байгаагүй.
Аав, ээж хоёр минь “Сургуульгүй хоцрох нь байна, одоо яах вэ” гэхэд нь би “Яадаг ч байсан жүжигчин болно, би театр орно” гээд гөжүүдэлчихсэн. “Би лав чамайг театрт оруулж чадахгүй шүү” гэж аав хэлж байна. “Би өөрөө орчих юм чинь” гээд л театрын даргын өрөөний үүдэнд яваад очлоо. Тухайн үед Театрын дарга байсан А.Таяа гуай намайг яваад ортол гайхаж байна. “За, энэ чинь ямар харсан хүүхэд вэ, яах гээв” гэлээ. “Би Жамсранжавын хүүхэд байна аа, театрт ажилд орох гэсэн юм, сургуульд орох гэтэл хуваарь байдаггүй, заавал жүжигчин болмоор байна” гээд хэлчихлээ. “Тэгээд одоо цэвэрлэгч л хийнэ ш дээ, өөр чамаар хийлгэх ажил байхгүй” гэхэд нь “Хамаагүй ээ, би юу ч байсан хийнэ” гээд л дайрчихсан.
Харин А.Таяа гуай “За, ийм сайхан аавын хүүхдийг буцаагаад яахав, чамайг бид үйлчилгээн дээр авъя, сайн ажиллана шүү” л гэсэн дээ. Би энэ хүнд их баярлаж явдаг юм аа. Театртай холбогдох замыг минь нээж өгсөн хүн шүү дээ. Уг нь бас тэр үедээ би яаж зүгээр байх вэ, эмч болох шалгалт өгөөд Унгар явах хуваарь авчихсан байсан юм шүү. Тэгээд эмчээрээ яваагүй ээ, жүжигчин л болно гээд үлдсэн.
-Тэр үед аавын тань байр суурь ямар байсан бэ. Таныг дэмжих, эсвэл эсэргүүцэх, аль нь байсан бол?
-Аав минь өөрөө уг нь эмч болох гэж байсан хүн шүү дээ. Уг нь бол эхлээд урлагийн хүн болно гээд шалгалт өгөөд тэнцсэн байсан гэсэн. Тэгсэн чинь хотод очих газаргүй, хаашаа явахаа мэдэхгүй залуу тэнцсэн сургуульдаа дараа нь очих гээд хайгаад олоогүй юм гэнэ лээ. Тэгж хайж яваад нэг сургууль байхаар нь явж ороод бас шалгалт өгөөдөхсөн чинь Анагаах байж таараад тэнцчихгүй юу.
Тэгээд л нөгөө урлагийн сургуулиа мартаад Анагаахдаа сураад явж байж. Ингээд сурч байхдаа урлагийн үзлэгт орсон юм гэнэ лээ. Тухайн үед урлагийн үзлэгийг нь Драмын хэдэн мундаг жүжигчид ирж шалгажээ. Ингээд үзэж байхдаа аавыг минь олж хараад, “Хүүе ээ энэ авъяастай хүүхэд чинь энд юу хийж яваа юм бэ, урлагийн л хүн болох нөхөр байна даа” гээд нөгөө сургууль руу нь аваад явсан гэсэн.
Тэгсэн чинь нөгөө сургуулийнх нь захирал “Хүүе ээ энэ, манайд шалгалт өгөөд тэнцсэн хүүхэд ирэхээ байгаад алга болихсон юм, хаанаас олоо вэ” гээд бөөн инээдэм болсон гэнэ лээ /инээв/. Аав минь эмч болох гээд Анагаахад сурч байсан болхоор намайг эмч болгох сонирхолтой байсан.
-НААД НАРИЙХАН ХУРУУ, ГАР ЧИНЬ ХҮНИЙ БИЕД ХАГАЛГАА ХИЙХЭД ЯГ ТОХИРНО ГЭДЭГ БАЙСАН-
“Чи эмч болвол сайн эмч болно шүү, хүнд хандаж байгаа хандлага, халамж чинь яг л эмч хүнд байх чанар, тэр дундаа мэс залын эмч болоодохвол тун сайнсан. Наад нарийхан хуруу, гар чинь хүний биед хагалгаа хийхэд яг тохирно” гээд л ятгадаг байлаа. Үнэндээ, жүжигчин болгох дуртай байгаагүй ээ. Гэхдээ хөөрхий минь, хожим ээжид хэлэхдээ “ямар ч байсан, мэргэжлийг минь өвлөөд үлдэх хүүхэд нэг гарлаа шүү” гэсэн юм гэнэ лээ. Тэгэхээр бас дотроо баяртай л байж.
-Театрын тайзнаа олон сайхан ахмад уран бүтээлчидтэй хамтран дүр бүтээж байсны тухайд тэднээс мэргэжлийн хувьд, хүнийхээ тал дээр яг юуг сурч мэдэн, өвлөж үлдсэн гэж боддог вэ?
-Буурлуудын маань нэг зарчим байдаг юм. Нэгдүгээрт, хэзээ ч юмнаас бүү хоцор, хоёрт, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд. Уран бүтээлч хүн гэдэг бол үргэлж, шинэ, соргог байх ёстой. Тэгэхийн тулд ювмнаас хойш суух, сурахаас татгалзах, хоцрох гэдэг зүйл яав ч байж болохгүй. Тэгээд, хийж байгаа бүх ажилдаа зүрх сэтгэлээ зориулах, чин сэтгэлээсээ хандах юм бол үр дүн заавал гарна. Энэ л хамгийн том үлдээсэн сургамж нь гэж боддог. Хүүхэд байхад бид жүжигчдийн лагерьт хамтдаа гардаг байлаа.
Аав, ээж нар минь завгүй ажлынхаа хажуугаар хэзээ ч биднийг орхидоггүй байсан. Үргэлж зааж сургаж, дэмжиж, хөгжүүлж өсгөж ээ, одоо бодоход. Бүх хүүхдүүдээ нийлүүлж байгаад л, нас насаар нь эрэмбэлээд байнга уралдаан тэмцээн зохионо. Дуу шүлэг, бүжиг наадам, спортын гээд л бүх л төрлөөр шүү. Тэгээд түрүүлсэн хүүхэд байнга урамшуулал хүртэнэ. Энэ нь нэг талаар биднийг завгүй байлгах, хөгжүүлэх, хэн ямар авъяастайг олж нээх гээд олон талын ач холбогдолтой байж. Нөгөө талаар хүмүүжлийн асар том хичээл болж өгчээ гэж боддог юм.
-Ахмадуудаасаа сурсан, өвлөж үлдсэн бүхнээ залуустайгаа хэрхэн хуваалцаж байна?
-Алтан үеийнхнээсээ, ахмад уран бүтээлчдээсээ урмын үгийг сонсч, зэмлүүлэхдээ зэмлүүлж явсан болохоор залуу хүмүүсээ дэмжих, тэдэндээ дэм болох тал дээр их анхаардаг шүү. Гэхдээ хүн их магтуулаад ирвэл хортой гэдгийг бас мэдсэн болохоор хий хоосон магтаалаас бол зугатдаг. Харин уран бүтээлд нь нэмэр болох оновчтой үгийг хэлэх, хамтран ажиллах саналд аль болох зөвшөөрч, дэмжиж ажиллах дуртай. Олон залуу уран бүтээлдчийн анхны уран бүтээлд сэтгэлээсээ тусалж, хамтран ажиллаж, эхлэлийг нь тавилцаж байсандаа баяртай байдаг.

-ДҮР АВАХ БОЛГОНДОО Л НЭГ ХООСОН ХАРАНХУЙ РУУ ЯВААД ОРЧИХ ШИГ, ХАНА МӨРГӨӨД Л ЗОГСДОГ-
-Чөлөөт зах зээлийн үед театраа орхилгүй, үлдсэн шалтгаан тань юу бол?
-Орхиод гарах боломж, нөхцөл байдал олон л удаа тулгарч байлаа. Цалин мөнгө хэцүү, уран бүтээл ховор үе байсан шүү. Яг тийм үед мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдүүд, дүү нар гээд л нилээд уран бүтээлч хувиараа продакшн, хамтлаг байгуулж гараад л. Би ч бас хэд хэдэн шоу тоглолтонд нь хамтарч тоглоод, хөдөө гадаа хүртэл явж байлаа. “Өнгөт инээд”, “Х түц”, “Шинэ үе” гээд л продакшнууд бүгд драмын байшингаас л гарсан шүү дээ. Бид олон ч удаа толголт хийсэн. Битүү үзэгчтэй. Мөнгө ч сайн олж байсан даа.
Яг тэр үе үзэгчдийн цангасан үе байсан юм шиг санагддаг юм. Театрын жүжгүүдийн хажуугаар зохицуулаад л, ёстой бужигнуулсан даа. Өглөө 09.00 д ажилтай гэхэд л үүрээр хөдөө тоглолтоос хотод орж ирж байх жишээтэй. Тэгээд нэг тоглолтын үеэр санагдаж байна, яг ажилдаа үлдэх үү, гарах уу гэдгээ шийдэх, өөрөөр хэлбэл халагдах дээрээ тулсан юм аа. Ингээд л тушаал гарах болоод л эцсийн шийдээ үзэх боллоо. Тухайн үед театрт дарга байсан Зориг гэж хүн” Оюундарийг гаргамааргүй байна аа.
Энэ хүүхэд яагаад ч шоугаар явах хүн биш ээ, театртаа л үлдэх ёстой хүн” гэж хурал дээр хэлж билээ. Ингээд аав, ээж хоёр луу хэлсэн байдаг. “Чи гарч болохгүй ээ, яадаг ч байсан театртаа үлд” гэж аав минь зөвлөсөн. МУГЖ Н.Ариунболд /Бооёо/ болохоор “Дариа эгч ээ, хамт гаръя аа, продакшн байгуулаад явъя” гээд байдаг. Ингээд л хоёр салаа зам дээр зогссон доо. Эцэст нь би шийдээ гаргаад театртаа үлдсэн. Бодохоор хайр, харуусал гээд олон мэдрэмж төрөөд, энэ дотно газраа яагаад ч орхиж чадахгүй юм байна гээд л гарч чадаагүй дээ.
-Театрын тайзнаа бүтээсэн дүрүүдээс таныг уран бүтээлчийн хувьд хамгийн их сорьсон, шандас шаардсан дүр гэвэл алийг нь хэлэх бол?
-Ер нь дүр авах болгондоо л нэг хоосон харанхуй руу яваад орчих шиг, хана мөргөөд л зогсдог доо. Тэгээд аяндаа дүртэйгээ танилцаад, сэлээд эхлэхээр, мэдрэмж өөрчлөгдөөд, дүрээ таниад сайхан байдаг юм. Хамгийн анхны дүр минь ерөөсөө мартагддаггүй. Тэр үед би Армийн театрт байлаа. “Аянгын бороо” жүжгийн Си Фан И-ийн дүр маань үнэхээр миний хүчийг сорьсон доо. Учир нь тухайн үедээ бүх бэлтгэл нь хангагдчихсан, жүжигчдийн ансамбль бүрдчихсэн баг дээр талийгаач, жүжигчин Я.Оюунцэцэгийн оронд тоглох болсон юм л даа. Тийм тохиолдолд үнэхээр хэцүү шүү дээ.
Ямар сайндаа айгаад, дэвтэр дүүрэн зохиолыг өөр хүний үг байна уу, хамаагүй бүгдийг нь цээжлээд, өөртөө суулгачихсан байж билээ /инээв/ Дараагийнх нь бол УГЗ, найруулагч Ч.Найдандоржийн найруулсанаар тавигдсан “Худалч эхнэр” жүжгийн гол дүр. Тэр бас гайхалтай уран бүтээл, гайхалтай дүр байсан даа. Дөнгөж сургуулиа төгссөн охиныг утгаар нь сорьсон юм. Энэ хоёр дүрийг л юун түрүүнд онцлох юм байна.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
-Хэд, хэдэн дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүр дээр ажиллаа. Эхнээсээ нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох гэж байна. Хамгийн сүүлд зураглаач, найруулагч Б.Баатарын "Этгээд" УСК-н дээр ажилласан.
-Нэрнээсээ эхлээд тун их сонирхол татаж байна. Зохиолын тухай, танд анх санал тавихад ямар мэдрэмж төрүүлсэн бэ?
-Б.Баатар бид хоёр урьд нь хэд хэдэн уран бүтээл дээр хамт ажилласан юм аа. Тийм болохоор намайг энэ уран бүтээлд тохирно гэж бодоод л санал тавьсан байх. Миний хувьд уран бүтээлийн санал ирэхэд баярлахаас урьтаад айх мэдрэмж нь түрүүлчихдэг юм. Чадах болов уу, тохирох болов уу, найруулагч надаас юу хүсч байгаа бол, хүслийг нь биелүүлж чадахгүй бол яанаа гээд л их олон юм бодно.
“Этгээд” киноны хувьд зохиол нь надад дэндүү их таалагдсан. Үнэхээр сонирхолтой зохиол. Бүтээлийн хувьд жүжигчнийг хөтөлж явах зүйл олонтой баялаг болох нь гэж санагдсан. Нэрний хувьд үнэхээр “этгээд”. Миний дүрийн хувьд ч мөн их “этгээд” дүр. Дүрийн тоглолт, сэтгэхүйн онцлог, хувцаслалт, стиль имиж гээд өмнө ажиллаж байсан дүрүүдээс минь өөр байж чадсан гэж бодож байгаа.
-ЧАНАРТАЙ ГАНЦ СЦЕН АВАХЫН ТУЛД ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА БАГИЙНХНАА ХАРААД ШАНТАРЧ БОЛОХГҮЙГ, САНААНД НЬ ХҮРТЭЛ ДҮРЭЭ БҮТЭЭЕ Л ГЭЖ ХИЧЭЭСЭН-
-“Этгээд” УСК-ны үзэгчдэд өгөх гэсэн гол мэссэж нь юу юм бэ?
-Хүн ер нь өөрийн гэсэн ухаантай, оюун бодолтой, үзэл баримтлалтай баймаар байна аа. Хэрэв тэгж чадахгүй бол хэзээ нэгэн цагт хэн нэгний тоглоом болоод л дуусдаг юм байна. Зөвхөн “Би” дээр аваад үзэх юм бол өөрөө, цаашлаад гэр бүл, улс нийгэм даяараа ухаантай л байхгүй бол хэн нэгний олз, хоол болж дуусдаг юм байна шүү. Томоор сэтгээд үзэх юм бол улс үндэстэн гэдэг чинь өөрийн гэсэн үнэт зүйлтэй, хайрлаж бишрэх бахархалтай, тэрнийгээ хамгаалж явах чадалтай байх ёстой юм байна. Гол санаа ердөө л энэ. Найруулагч ч энэ үзэл санаагаа маш оновчтой гаргаж чадсан гэж бодож байна.
-Зөвхөн хэлэх гэсэн санаанаас гадна, энэ киног үзэх бусад шалтгаан юу вэ?
-Найруулагчийн өвөрмөц шийдлүүдийг хэлнэ. Зураг авалт, өнгөний тавилт гээд тун онцгой байж чадсан. Энэ бол найруулагч, баг хамт олны чадварын үнэлгээ байх. Миний тоглосон, киноны сүүлийн сцен л гэхэд үнэхээр содон. Тэнд киноны гол илэрхийлэх гэсэн санаа, бүх зангилаа тайлагдана. Найруулагч маань тэр хэсэг дээр үнэхээр чамбай ажиллаж, бидэнтэй бүр тулж байж бүтээсэн. Уг нь их богинохон хэсэг л дээ. Гэтэл бүтэн өдөржин зурагаа авсан шүү дээ. Маш олон янзаар, өвөрмөц шийдлүүдээр авч байж, санаандаа хүртэл авч чадлаа гэж хэлсэн. Тэр үед айж байсан би жаахан тайвширч байлаа. Энэ бол бас зураглаач, найруулагчийн онцлог давуу тал юм л даа.
-Ажилласан баг хамт олны тухайд?
-Маш туршлагатай, чадварлаг баг бүрдэж ажилласан. Зураглаачдын баг, зураачийн баг, нүүр будалтынхан гээд маш мундаг хамт олон бүрдсэн байлаа. Жүжигчдийн хувьд Эрхэмээ, Сэлэнгээ, Ялалт, Ариунбямба, Бадмаа гээд үнэхээр хайр хүрмээр авъяаслаг уран бүтээлчид нэгдэж ажиллаа.
Хараад бахархаж л байлаа, ямар мундаг залуус вэ гэж. Учир нь эд чинь бидний үргэлжлэл шүү дээ. Урлагийн хойч үе улам л чадвартай, тууштай, тэвчээртэй болж өсч өндийж байгаад баярлаад баршгүй. Тэд ийм мундаг байхад би олиггүй байж болохгүй шүү дээ, чанартай ганц сцен авахын тулд яаж гүрийж, тал талаас үзэж, хөдөлмөрлөж байгааг нь харахаар би шантарч болохгүй, чинээнд нь тултал хийе, санаанд нь хүртэл бүтээе л гэж хичээсэн дээ.
-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.
-Ярилцсанд их баярлалаа. Уншиж байгаа хүмүүстээ эрүүл энхийг хүсье. Хамгийн чухал нь эрүүл мэнд юм шүү. Та, бид эрүүл энх байвал олон зайхан үйлийг бүтээж чадна. Олон сайхан уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзахын ерөөлийг өргөе дөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
�######�.
Сайхан ярилцлага байна. Ухаантай , тууштай, хөдөлмөр ч сайхан жүжигчин дээ.
Энэ доод зовхи унжсан хужаагийн хурлийз авгай чинь гавъяа шагн�##� нэхээл байгаам бишүү ккк.
Гонгинож байгаад АЖ болов шд.Сэтгэлд хүрсэн ганц гол дүрч байхгүй