Нийгмийн

Дуусашгүй ажил, дундрашгүй уламжлалтай САР ШИНИЙН ДУРСАМЖУУД

Өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгон нэг нас нэмсний баяр бол цагаан сар. Харин цаанаа үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаа хадгалах, түүгээр бахархах, аав, ээж, биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоогоо батжуулах, удам судраа мэдэх, хийморь лундаагаа сэргээх гээд олон ёс заншлыг өөртөө шингээдэг юм. Гэвч цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр залуус бид сар шинийн баяр, уламжлалд ач холбогдол өгөх нь багассаар...

Гагц эцэг эхээс өвлүүлж сурсан эрдэм, дурсамжаараа л ирэх жилүүдийнхээ баярыг төсөөлсөөр явна. Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ сар шинийн баяраа тэмдэглэсээр яваа эгэл түмнийхээ баярын дурсамжийг хуваалцаж байна. Тэд цагаан сарын баярыг өөрсдийнхөөрөө дурсаж, бас тэмдэглэцгээж байна.

-Б.БАЯРЦЭНГЭЛ: ААВГҮЙ ЦАГААН САР ЯМАР ГЭЖ САНАНА...-

"Аавынхаа цор ганц алиа жаахан охин нь би... Тиймдээ ч, тэнгэрт байгаа аавыгаа хэзээд үл одох газартаа /зүрхэндээ/ нандигначихсан. Аавыгаа амьд сэрүүн ахуйд нь үргэлж энгэрт нь наалдаж эрхэлдэгсэн... Намайг хайрладаг хайраараа нялх үрсийг минь эрхлүүлэн суугаагаар хааяа төсөөлөн боддог. Тэр л бодолдоо умбан хэсэгхэн ч болов бялуурдаг юм аа. . .

Цагаан сар, наадам гээд л баяр бүрээр л үгүйлэх юм билээ. Шугамын автобус хараад л бодолд торхийнэ миний аав...Тостой хар жолооч л гэнэ. Миний аав 40 жил жолоо мушгихдаа халтааж үл үзээгүй цэмбэгэр жолооч байсан даа. Цагаан сарын өглөө аавын суудал эзгүйрэн ханхийх нь даанч уйтай. Аавгүй цагаан сар ямар гэж санана. Сэтгэлийн хаа нэг мухарт хоосон оргиод, хэзээ ч үл дүүрэх мэт тэр нэгэн мэдрэмжийг үгээр үл дүрсэлж чадна би.

Цагаан сарын баяр цаанаа л нэг сэтгэл тэнүүн, хөөр дүүрэн өнгөрдөг байж билээ. Хүүхэд насны хамгийн бялхам хөөр баяр, цагаан сартай зэрэгцэн оюун бодолд буудаг. Энэ л өдрүүдэд аав минь зурагт эзэлж суугаад бөхөө хараад хачин их догдолно. Бал, цаас нийлүүлэн шрифтээр шахуу ганган гээч нь "Хэн, хэнийг амлав? Унасан, давсан" гээд л нарийн бичиж эхэлнэ. Манай ах нар бөх ярина, бөхөө үзэцгээнэ аавтай хамт... Цагаан сараар ах нар усаа, түлээ түлшээ ахиухан бэлдэж, жимбийлгэж хураана.

Харин дунд ах бид хоёр ээжтэйгээ, угаалга цэвэрлэгээний ажлаа жигдэлнэ. Бага байхад цас их ордог байлаа. Цаснаар хивсээ гөвж цэвэрлээд л, инээд хөөр дүүрэн тоглоцгооно. Дөрвүүлээ ажлаа тэгшхэн хуваана. Бууз хийвэл нэг нь элдэж, нөгөө нь чимхэнэ. Харин өрж гаргахыг багачууд хариуцна. Цагаан сарын ажил дуусч өгөхгүй, их санагддаг байж билээ. Жаахан байсан болоод ч тэр үү, нөр их ажил хийгээд байгаа мэт л санагддаг байж билээ.

Битүүний үдэд бүхий л ажил жигдэрчихнэ. Аав зурагтын урд бал дэвтрээ авч суух, ах нар аав бараадаж сууцгаагаад л бөхөө шимтэн үздэгсэн. Харин ээж буузаа гаргаж, салатаа таваглана. Төд удалгүй "за идээрэй, битүүлье" гэх нь жаргал шүү дээ. Битүүний өдөр ах дүүсээрээ цуглаад хууч хөөрөөд хамтдаа зооглох нь мөн ч сайхан даа. 

Аавтай минь дэндүү адилхан том ахыгаа харж, хачин их баярлаж хайр урсах болсон доо. Том ах цаг явах тусам аавтай минь ижилхэн болоод байх шиг санагдана. Дуу хоолой, алхаа гишгээ нь дэндүү адилхан. Гэрт хааяа нэг зочлохоороо аав шиг л бөх үзээд суучихна. Би гурван ахтай айлын ганц охин. Эрчүүдтэй тоглож өссөн болоод ч тэр үү аливаад эрдүү, хүч сорих дуртай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үрс нь ухаажиж, өнөр өтгөн болсоор... Тэнгэрт байгаа аавдаа хайртай шүү. Баяр бүрээр л таныгаа хачин ихээр үгүйлэх юм даа. Эгэл бор сайхан ажиллаж хөдөлмөрлөөд үрс нь хүн ёсоор гэлдэрсээр л..."

-Ч.ЭРДЭНЭБАТ: САР ШИНИЙН БАЯРААР ХАНЬТАЙГАА ХАМТ ИРГЭДИЙНХЭЭ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ АВРАН ХАМГААЛСАН ТОХИОЛДЛУУД ОЛОН-

"Би Дундговь аймагт төрж өссөн. Гэвч Говьсүмбэр аймагт суурьшаад 30 жил болж байна. Би аймгийнхаа Онцгой байдлын албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Харин хань минь аймгийн эмнэлэгт эмч хийдэг. Тиймээс баяр бүрээр ээлж таараад, эсвэл дуудагдаад явах нь олонтаа.

Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэг өөрөө сайхан шүү дээ. Хань минь амь тэмцээд ирэх иргэдэд туслаад харин би аюултай байдалд орсон иргэдийг авран хамгаалдаг байлаа. Ингээд л хоёул албанаасаа буугаад тухайн өдрийнхөө сонин хачинг ярилцаж, хууч хөөрөөд суудаг.

Ёс уламжлалын хувьд бид бүгд л адил монголчууд учир ялгараад байх зүйлгүй ээ. Бусдын жишгээр орон гэрээ цэвэрлэж, идээ будаагаа засна. Удаан уулзаагүй хамаатнуудтайгаа учран золгож, өнгөрсөн жилийнхээ сонин хачинг хуваалцаад яриа өрнүүлнэ. Хамтдаа хооллож, өдрийг мартагдашгүй сайхан өнгөрүүлнэ шүү дээ.

Ингээд бодоход хүүхэд байхад цагаан сар илүү утга учиртай сайхан байжээ. Морины тарганыг унаж, саахалтын айлуудаар хэсэж, айраг цагаа ууна. Хүүхэд насны дурсамж, дурдатгал л хамгаас нандин юм аа"

-Г.ЭРДЭНЭСҮХ: ХАНЬТАЙГАА БАЙХАД ЦАГААН САР ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ БАЙЛАА-

"Би гурван хүүхэдтэйгээ Хөвсгөл аймагт аж төрдөг. Цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил бусдын л адил цагаан сараа цомхон тэмдэглэж, ёслоод л өнгөрсөн. Түүнээс өмнө өрх гэрээ цэвэрлэж, сар шинийн битүүний өдөр гэр бүлийнхээ хамт битүү хоол зооглож, бэлдсэн идээ, шүүсээ хүртдэг байлаа. Дархад үндэстэн гэхээр бусдаас өөр шинэлдэг гэсэн үг биш. Идээ будаа нь ч ижил, шинэлдэг уламжлал нь ч мөн адилхан.

Дурсамжтай цагаан сар гэвэл ханьтайгаа хамтдаа байсан баярын он жилүүдийг л нэрлэнэ. Хань минь олон жилийн өмнө бурхан болсон. Түүнээс хойшхи баяр бүрийг бүлтийж хоцорсон үрстэйгээ хамтдаа тэмдэглэж байна. Одоо ингээд бодох нь гэр бүл элэг бүтэн байхдаа л дүүрэн жаргалтай байдгийг ойлгосон. Хань минь уул шиг нөмөртэй, түшиг болсон эрхэм хүн байлаа. Цагаан сарын баярын идээ будаагаа хамтдаа засаж, бүхнийг хамтдаа хийдэг байсан юм. Тэр бүхэн жижиг мэт хэрнээ эргээд бодоход нандин дурсамж болоод үлджээ. Тиймээс ханьтайгаа тэмдэглэдэг байсан цагаан сар л илүү утга учиртай байлаа..."

-Б.БАЯРМАА: ЭЭЖЭЭСЭЭ ӨВЛӨСӨН ЦАГААН САРЫН ЁС ЗАНШИЛ, ҮЙЛДЛИЙГ ХҮҮХДҮҮД МИНЬ ӨВЛӨЖ БУЙД БАЯРТАЙ БАЙНА-

"Бидний үеийнхэнд цагаан сарын баяр мартагдашгүй, гоё дурсамжууд үлдээгээд зогсохгүй ажил хөдөлмөр, ёс заншилд сургаж дадуулсан гэж боддог. Тухайн үед биднийг бага байхад сүүлийн үеийн хүүхдүүдийн санаанд багтамгүй бэлтгэл ажил цагаан сарын өмнө явагддаг байлаа. Цас, мөс хайлж, гэрийн бүх зүйлийг угаана. Оросын зузаан орны бүтээлгүүд төмөр ваннд хийгээд үрж нухаад угаана. Бүх ор дэр, дэвсгэрүүдийг гаргаж гөвнө. Хурган болон сэгсүүргэн дээлнүүдийг хүртэл эргүүлж байгаад бургас модоор гөвж цэвэрлэдэг байлаа.

Хашаа хороо гээд цөмийг нь цэмбийтэл цэвэрлэнэ. Хүний мэдээ орохоос эхлүүлээд "цагаан сарын баярт ингэж бэлддэг" гэх ойлголтыг авсан болохоор бидэнд төвөгшөөх, залхуурах зүйл байдаггүй байлаа. Ийнхүү өргөн хэмжээний субботниктой зэрэгцэн хүүхдүүд бууз, хэвийн боов, бурхны идээ, хайлмаг тос, бараашиг, ууц чанахад хүртэл оролцоно. Би ихэвчлэн бэмбий нухна. Буузны гурилаа махны машинаар машиндана. Ууц чанахад тосыг нь тусгай бэлдсэн саванд хамж авдаг байв. Ээж минь л харин энэ бүх ажлын хажуугаар дээлнүүд оёно.

Битүүний орой ээж үдшийн гялайн од гарахтай зэрэгцэн идээгээ засна. Лхам бурхны ундаа болгож мөс хагалж, тотго дээрээ тавина. Ингээд бүх ажил цэгцэрсний дараа ээж далд байдаг Алтангэрэл судраа гаргаж гэрээ тойруулж, хүүхдүүдээ адислана. Хэдий тухайн үед шашин шүтэх нь хаалттай байсан ч, цагаан сарын өдрүүдэд судар номоо дэлгэн тавьж, идээ цайны дээжээ өргөдөг байлаа. Битүүний шөнө зулын гэрэлд ер бусын амар амгалан, тайвширлыг мэдэрдэг байсан маань санаанаас ер гардаггүй юм. Хүүхдүүд  гудамжны айлуудаараа заавал орно.

Айлууд ихэвчлэн 12 хуудастай дэвтэр, харандаа, эсвэл нэг юмуу гурван төгрөг чихэртэй өгнө. Тууш дэвтэр өгөхөөр их л чамлалттай санагдана. Дөрвөлжин дэвтэрт бол баярлана. Таваг буулгаснаас хойш айлд очвол хэвийн боов, самнай, мэхээртэй тос өгдөг байв. Миний ээж ном их уншдаг, маш их мэдээлэл өөртөө хуримтлуулсан хүн байсан. Тиймээс намайг жаахан гэлтгүй бүхнийг тайлбарлаж өгдөг байлаа. Тэр бүхнийг нь би өнөөг хүртэл амьдралдаа уламжлаад авч явна. Хэдийгээр өнөөдөр нийслэлд суурин амьдарч байгаа хэдий ч, цагаан сараар хүүхэд насандаа ээжийнхээ хэвшүүлсэн тэр бүхнийг яг ёсоор хийдэг. 

Зулаа өргөнө, бурхан тахилаа тоослоно, хайлмаг, цагаалга, будаалга бүгдийг хийдэг. Миний ээжээсээ өвлөж сурсан цагаан сарын ёс заншил, үйлдлийг хүүхдүүд минь өвлөөд, суралцаад явж байгааг харах сайхан байдаг. Биднийг бага байхад ээж минь "очир" гэж боорцгийг бурхны идээндээ зориулж хийдэг байлаа. Би ээжээсээ суралцсан цагаан сарын бэлтгэлдээ очир боорцгоо л хийдэггүй. Хэдхэн боорцог хийх гэж гэртээ хиншүү гаргахгүйн тулд өөр бүтээгдхүүнээр орлуулдаг. Бусдаар 70,80-аад оны цагаан сарын баярыг өөрийн хэмжээнд уламжлан тэмдэглэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 2, 2022 08:46

Сайхан дурсамж уншлаа

Зочин
Зочин
2 сар 2, 2022 08:46

Цагаан сар сайхан баяр шүү

Холбоотой мэдээ

Back to top button