
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2016 онд тус улсын Эдийн Засгийн сайдаар ажиллах хугацаандаа төсвийн мөнгийг дэмий зүйлд үрэн таран хийж, хувьдаа завшсан гэх хэрэгт нэр холбогдож эхэллээ. Үндэсний ассамблей дахь “Нугарашгүй Франц” нам /фракц/-ын бүлгийн гишүүд түүнтэй холбоотой баримт сэлтүүдийг Францын шүүхэд хүргүүлсэн байна.
Францын “BFMTV” телевизийн сувгийн мягмар гараг /2022.02.08/-т мэдээлснээр, зүүний үзэл баримтлалтай парламентын гишүүд Ерөнхийлөгч Эммануль Макроныг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгааны кампанит ажлын үеэр Эдийн Засгийн сайдын албан тушаалаа ашиглан Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд Берси гудамжны зоогийн газарт оройн зоог барьж, улмаар хүслээ биелүүлж, төрийн тэргүүнээр сонгогдсон хэмээн буруутгаж байгаа юм.
Хэдийгээр тухайн үед Фредерика Сэса, Марион Л'Ур Ад Берси гэх сэтгүүлчид эрэн сурвалжлах номондоо Эммануэль Макроныг шүүмжилж, сайдын албан тушаалаа урвуулан ашигласан талаар илчилж байсан удаатай. Гэсэн ч, энэ удаад түүнтэй холбоотой эл хэрэг шинэ баримт нотолгоотойгоор “ТV France 2” телевизийн “Нэмэлт мөрдөн байцаалт” гэх баримтат нэвтрүүлгээр хоёрдугаар сарын 3-нд цацагдсан нь нэлээдгүй шуугиан тарьж эхэллээ.
Телевизийн “ТV France 2” суваг нь тухайн үеийн Төрийн сангийн нарийн бичгийн дарга, Макроны хамтран зүтгэгч байсан Кристиан Экерийн “Сайд үүнийг ярих ёсгүй” хэмээх номонд дурдсан эшлэлүүдийг татсан байна. Эшлэлд Францын Эдийн Засгийн Яамны төлөөллийн сангийн нг жилийн мөнгө болох 120 мянган евро наймхан сарын дотор дууссан гэж онцолжээ.
Кристиан Экер номондоо Эммануэль Макрон, түүний эхнэр Брижит Макрон нар Берси гудамжинд байрлах үнэтэй, алдартай барилгад оройн зоог зохион байгуулсан талаар мөн тодорхой дурджээ. Тэрхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын хүрээнд хийсэн оройн зоогонд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, алдартай жүжигчид, шоу бизнесийн салбарын одод, мөн пүүс компанийн захирлууд уригдсан талаар бичсэн байдаг.
Одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макронтой холбоотой тэдгээр баримтуудыг ил болгох үеэр 2016 оны дөрөвдүгээр сард Макроны үүсгэн байгуулсан “Урагшаа” гэх хөдөлгөөн өрнөсөн талаар эх сурвалж онцолсон байна. Хожим нь тус хөдөлгөөн нь нам болон өргөжсөн түүхтэй. Макроны эл хөдөлгөөн түүнийг эсэргүүцсэн, буруутгасан бүхнийг эрс няцааж байсан юм. Тиймдээ ч, 2017 онд эл хөдөлгөөнөөс мэдэгдэл гаргаж, “Эдийн Засгийн Яамны төсвөөс сохор ч зоос “Урагшаа” хөдөлгөөний үйл ажиллагаанд зарцуулагдаагүй. Энэ бол цэвэр гүжир гүтгэлэг” хэмээж байсан удаатай.
Ерөнхийлөгч Эммануэль Макронтой холбоотой хэл ам, шуугианы хариуд Елисейн ордон ямар ч тайлбар хийгээгүй байгааг эх сурвалж онцоллоо.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.