Нэг настай монгол хүүхэд уул уурхайн компанийн эзнээр бүртгэгдсэнийг ОЛОН УЛСАД мэдээллээ

Олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлдэг “Organized Crime and Corruption Reporting Project” төслийн албан ёсны вэб хуудсанд хоёрдугаар сарын 8-нд дэлхийн томоохон оффшор бүсүүдийн нэг Люксембург улсад бүртгэлтэй компаниудын эзэмшигчид нь насанд хүрээгүй хүүхдүүдийн нэрс байгааг зарлажээ.
Төслийн хүрээнд Люксембургийн томоохон компаниудын хувьцааг нийт 291 насанд хүрээгүй хүүхэд эзэмшиж байгаа нь онц анхаарал татаж, “OpenLux” төслийн хүрээнд явуулсан мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Хамгийн сонирхолтой нь, 291 насанд хүрээгүй хүүхэд эзэмшдэг компаниудын дунд Монгол Улсын говьд үйл ажиллагаа явуулж буй томоохон нүүрс олборлогч компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байсныг нэг өгүүлбэрээр цухас дурдсан байна.
Вэб хуудсанд тэдгээр 291 хүүхдүүдийн эцэг, эхийнх нь хэн нэгэн нь оффшорчин, олигархи, гэмт хэрэгтэн эсхүл нөлөө бүхий улстөрчтэй нэр холбогдсон хүмүүс байх магадлалтай гэжээ.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн нэрсийн дунд Азербайжаны 11 настай хүүгийн нэр байгаа аж. Тэр хүүхэд нь Туркменистан болон Хятад улстай төрийн гэрээ байгуулан ашиг олдог гэжээ. Мөн ОХУ-ын өсвөр насны охин Канад болон Калифорнийн тэтгэврийн системд оруулсан хөрөнгө оруулалтын тэрбум долларын хөрөнгөдөө тооцдог юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.