ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ, ОХУ дайнд бэлдэж эхэлсэн үү

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Газар дундын тэнгисийн дээгүүр АНУ болон ОХУ-ын цэргийн онгоцууд гурван ч удаа аюултай байдлаар ойртож ирсэн мэдээлэл байна.

Америкийн болон оросын цэргийн нисэх онгоцууд хоорондоо хэт ойрхон зайтайгаар ниссэний улмаас гурван осол гарчээ. Энэ талаар АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамнаас эш татан “The Wall Street Journal” мэдээллээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад Майк Кафкагийн хэлснийг тус сониноос эш татвал, “Бид ОХУ-ын албаныханд дипломат шугамаар хандаж, санаа зовоож буй асуудлаа илэрхийлсэн. Ослоор хэн ч хохироогүй боловч иймэрхүү үйлдэл гаргах нь хэн хэнээ буруу ойлгоход хүргэж, буруу ташаа дүгнэлт хийхэд хүргэж болзошгүй” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагуудад олон улсын агаарын орон зайд ОХУ-ын гурван “Су-35” сөнөөгч онгоц АНУ-ын гурван тагнуулын “P-8A” онгоцны нислэгийн замыг дайрч өнгөрсөн хэмээн “The Wall Street Journal” онцолжээ.

Пентагон ийм хоёр тохиолдлыг нь аюултай, нэгийг нь маш мэргэжлийн бус үйлдэл байсан гэснийг эх сурвалж мэдээллээ. Энэ бол 2020 оноос хойшх АНУ, ОХУ-ын цэргийн нисэх онгоцуудтай холбоотой анхны тохиолдол хэмээн “The Wall Street Journal” тодотгов.

Энэ оны нэгдүгээр сарын 20-нд ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яам 140 гаруй усан болон хөлөг онгоц, 10 мянга гаруй цэргийн алба хаагч оролцсон тэнгисийн цэргийн цуврал маневр /сургуулилт/ хийж эхэлснийг зарласан.

ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Николай Евменовын ерөнхий удирдлаган дор явагдах эл сургуулилт нь оросын нутаг дэвсгэртэй зэргэлдээх тэнгис, түүнчлэн далай тэнгисийн үйл ажиллагааны чухал бүс нутгийг хамарна хэмээн цэргийнхэн мэдэгдсэн. Газар дундын тэнгис, Хойд болон Охотскийн тэнгис, Атлантын далайн зүүн хойд хэсэг, Номхон далайд тус тусад нь сургуулилт хийнэ хэмээн Батлан ​​Хамгаалах Яам мэдээлсэн юм.

ОХУ-ын эскадриль Газар дундын тэнгист тогтмол байрлаж байгаа ба бүрэлдэхүүнд нь 15 хүртэлх байлдааны хөлөг болон туслах хөлөг онгоцууд багтаж байгаа хэмээн ОХУ-ын Хар тэнгисийн флотын хэвлэлийн алба мөн мэдээлсэн.

Энэ мэтээр АНУ болон ОХУ цэргийн бэлтгэлээ базааж, сургуулилт хийгээд эхэлсэнд дэлхий нийт санаа зовниж, дэлхийд цэрэг арми, зэр зэвсгээрээ тэргүүлэгч их гүрнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй хэмээн болгоомжилж эхэллээ. Шинжээчдийн үзэж, дүгнэснээр хэрэв зэвсэгт мөргөлдөөн гарч даамжирвал Дэлхийн III дайн гарахыг ч үгүйсгэхгүй байгаа юм. Дайн гарвал хамгийн эхний шалтгаан нь Украйныг тойрсон асуудал болно гэцгээж бйгаа юм.

(Эх сурвалж: The Wall Street Journal)   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button