Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбат нарыг ӨНӨӨДӨР шүүнэ

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнгөрсөн баасан гарагт /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болсныг бид шууд дамжуулан хүргэсэн билээ.
Тухайн шүүхийн хурлаар чанаргүй зээл олгосон асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр нарыг болон мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлсэн юм.
Шүүхээс Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, Б.Шинэбаатар, Ч.Энхбат нарыг сар хорих шийдвэр гаргасан. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг хэргийг хэлэлцэх хугацааг өнөөдрийг /2022.2.21/ хүртэл хойшлуулсан.
Тодруулбал, яллагдагч Б.Чойжилжалбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бол Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс яллагдагч Х.Бат-Эрдэнийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах саналыг хүлээн авсан юм. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг хойшлуулсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.