Нийгмийн

Оюу толгой төгрөгийн ханшид ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

Оюу толгойн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Энэхүү баялгийг 2023 оноос тогтвортой олборлож эхэлснээр Монголд жил бүр таван тэрбум ам.долларын экспортын орлого орж ирэх боломжтой гэх тооцоолол бий.

Энэ нь одоогоор жилд олж буй есөн тэрбум долларын экспортын орлогыг огцом нэмэгдүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа /2023 оны эхний хагас/ хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" бүрэн хариуцахаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл Засгийн газар, Рио Тинтотой амжилттай тохиролцсоноор нэг сарын 25-нд Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат эхэлсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих үйл явдал болсон. Оюу толгой шиг томоохон мега төслүүд амжилттай хэрэгжих нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болдог. Түүнчлэн дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах таатай уур амьсгалыг бүрдүүлдэг аж.

ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИРЭЭДҮЙ

Өнгөрсөн онд хил хаагдсанаас үүдэж нүүрсний экспорт зорилтдоо хүрээгүй буюу 56.3 хувийн гүйцэтгэлтэй байсан ч зэсийн экспорт төлөвлөгөөнөөс 15 орчим хувиар давж биелээд байна.

Мөн зэсийн үнэ тогтвортой өндөр түвшинд хадгалагдаж байна. Энэ нь цар тахлын хүнд үед төсвийн орлого бүрдүүлэлт, валютын орон урсгалд томоохон дэмжлэг болсон бөгөөд цаашид ч энэ хандлага үргэлжлэх өндөр боломжтой.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүд өргөн хүрээнд хэрэгжиж байна. Тухайлбал, Европын орнуудад бензинээр явдаг автомашиныг халах, БНХАУ-д нүүрсний цахилгаан станцуудаа хаах зэргээр эрчтэй арга хэмжээнүүд авч буй.

Энэхүү ногоон шилжилтэд шаардлагатай цахилгаан автомашин, салхин сэнс зэрэг бүтээгдэхүүний гол орц нь зэс тул ойрын ирээдүйд эрэлт нь дэлхий даяар тогтвортой өсөх хандлагатай байгаа юм. Тухайлбал "Goldman Sachs"-ийн шинжээчид одоо тонн нь 10 мянган долларт арилжигдаж байгаа зэсийн үнэ энэ онд дунджаар 12 мянган доллар хүрч өсөх, 2024-2025 онд 15 мянган доллар хүрч өсөх төсөөллийг “Copper is the New Oil” тайландаа дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button