Иргэд: Эх орон, төрийн минь хишиг гээд л хүртэнэ дээ

Монгол Улсын Засгийн газар 2027 онд "Оюутолгой" компаниас ₮3 их наядын ногдол ашиг авахаар хэлэлцээ хийсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2026.11.03/ "Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг тухай бүрд нь иргэдэд олгох хэрэгтэй” гэсэн чиглэлийг Ерөнхий сайд, Сангийн сайд нарт өгсөн юм. Тэгвэл бид энэ асуудал дээр иргэд ямар байр суурь, санаа бодолтой байгааг тодрууллаа.
Оюутолгойн ногдол ашигт авахаар яригдаж буй ₮3 их наядыг 3.5 сая хүндээ хуваасан дүн буюу “Ногдол ашгийн 857 мянган төгрөгийг иргэдэд тараах нь зөв үү” гэсэн асуултад иргэд ийн хариулав.
Иргэн: Бэлнээр өгөхийг дэмжиж байгаа, төр засгийг хэрэгтэй зүйлд зарцуулна гэдэгт эргэлзэж байна
-Бэлнээр өгөхийг дэмжиж байна, юунд зарцуулагдах нь тодорхойгүй, ашигтай юманд зарцуулна гэдэгт эргэлзэж байна. Өмнөх ногдол ашгуудаа ч юунд зарцуулсан нь бүрхэг өнгөрсөн.
Иргэн: Гутал хувцас, хоол ундандаа нэмэрлэх л юм даа
-Өвлийн идэшний цаг ч болж байна. Үхэр 3-4 сая төгрөгний үнэлгээтэй байна. Гутал хувцас хоол ундандаа нэмэрлэх л юм даа. Хаанаа ч хүрэхгүй л дээ. Нэг бодлийн инээдтэй хэдэн төгрөг л юм, гэхдээ яах вэ, төрийн минь хишиг гээд л хүртэнэ дээ.
Иргэн: Хүүхдийнхээ мөнгийг хадгална, өөрсдийнхийгөө гэр бүлийн хэрэглээндээ зарцуулна
-"E-Mongolia"-гаар санал асуулга явуулахдаа өөр зүйлст зарцуулна гэсэн сонготгүй шууд тулгаж асуусан байсан нь онцгүй санагдсан. Цахилгаан станц барина гээд бас өөрсдөө завшчих ч юм бил үү, мэдэхгүй учраас иргэддээ тараах нь зөв. Хэрэв тараагдвал хүүхдийнхээ мөнгийг хадгална, харин өөрсдийнхөө ногдол ашгийг гэр бүлийнхээ хэрэгцээнд л шууд зарцуулна.
Иргэн: Хэрэв тэр мөнгө нь үнэхээр тараагдвал зээлээ төлнө
-Зөв, бид нар авах ёстой юмаа л авах гэж байна, ямар хулгай хийх гэж байгаа биш. Эх орны баялаг шүү дээ. Угаасаа монголчуудын амьдрал хэцүү байна. Зээлээс зээлийн хооронд л амьдарч байна, хэрэв тэр мөнгө нь үнэхээр тараагдвал зээлээ төлнө.
Иргэн: БНСУ-д сурч буй охиндоо өгнө, сургалтын төлбөртөө нэмэрлэг
-Ард иргэддээ тараахыг дэмжиж байгаа. 857 мянган төгрөг орж ирвэл БНСУ-д сурч амьдарч буй охиндоо өгөхийг бодож байна, сургалтын төлбөртөө нэмэрлэг дээ. Хаа сайгүй л амьдрал хэцүү байгаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.