
Их Британийн эрх баригчид ОХУ-ын газрын тосны худалдан авалтыг тодорхой үе шаттайгаар зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Энэ талаар тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
ОХУ-ын газрын тосны импортыг зогсоох асуудлыг ирэх хэдэн сарын хугацаанд аажмаар авч хэрэгжүүлнэ хэмээн баримт бичигт онцолжээ.
“Импортын хоригийг яаравчлан тогтоохгүй. Их Британид нийлүүлэлтийн сүлжээг сэргээж, аж үйлдвэр, хэрэглэгчдийг дэмжих хугацаа өгнө” хэмээн тодотгосон байна.
Мөн “Их Британи ОХУ-аас эрчим хүчний хараат байдлыг арилгахын тулд АНУ, Европын Холбоо болон бусад түншүүдтэй нягт хамтран ажиллаж байна” хэмээжээ.
Мягмар гараг /2022.03.08/-ийн эхээр “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлсэн ба эл арга хэмжээ нь боловсруулсан бүтээгдэхүүн, ялангуяа дизель түлшинд мөн нөлөөлнө гэсэн байна. Гэсэн ч, энэ нь Оросын байгалийн хийг Их Британид нийлүүлэхэд хамаарахгүй аж.
“Оросын газрын тосыг нийлүүлэхийг хориглсон нь Их Британи дахь эрчим хүчний үнэд нөлөөлнө” хэмээн “Блүүмберг” тэмдэглэлээ.
Тус агентлаг Их Британийн Үндэсний статистикийн газрын сар бүрийн мэдээлэлд үндэслэн, Их Британийн Оросоос өнгөрсөн онд импортолсон газрын тосны хэмжээ ойролцоогоор дөрвөн тэрбум фунт стерлинг буюу 5.3 тэрбум ам.доллараар үнэлжээ.
Их Британид ОХУ-аас газрын тос, боловсруулсан бүтээгдэхүүний импорт эдгээр төрлийн бүтээгдэхүүний нийт импортын 13.4 хувийг эзэлж байна.
Мягмар гарагийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улс ОХУ-оос эрчим хүч худалдан авахаа зогсооно гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч эл шийдвэр нь Америкийн хэрэглэгчдэд нэг их хүндрэл учруулахгүй байх болно хэмээн амласан юм.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд өөрсдөө шууд хаачхаасай.