Ярилцлага

Сэтгүүлч О.Эрдэнэдаваа: Гэр бүлдээ "Орос явна" гэж хэлээд л Украин руу хөдөлчихсөн

Tovch.mn сайтын сэтгүүлч О.Эрдэнэдаваа Нийслэлийн Сэтгүүлчдийн эвлэлээр дамжуулан ОХУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн албанд хүсэлт тавьснаар Украин дахь нөхцөл байдлыг сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн квотод орж чаджээ.

Хуягт харгалзагчтай, хатуу цагийн хуваарьтай нөхцөлд тэр орчуулагчийн хамт явж, өөрөө дүрсээ бичихийн хамт иргэдээс яриа тодруулга авах хэлбэрээр сурвалжилгаа бэлтгээд Монголдоо ирсэн. Нэвтрүүлэг нь олон нийтэд янз бүрийн сэтгэгдэл төрүүлээд байгаа билээ.

Түүнтэй ярилцлаа.


НӨХЦӨЛ БАЙДЛЫГ НЭМЭЛТ ХАЧИРГҮЙГЭЭР ҮЗҮҮЛЬЕ ГЭЖ ЗОРЬСОН

-Таныг Украинаас бэлтгэсэн нэвтрүүлгээ цацсаны дараахан нэг талыг баримталж, Оросоос санхүүжилт авч гэх мэтээр хүлээж авах хүн цөөнгүй гарч ирсэн. Үүнийг хамгийн түрүүнд яаж хүлээж авсан бэ?

-Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө, янз бүрийн л байр сууринаас хандсан. Оросоос санхүүжилт авсан байна, РЦНК-гаас явуулж гэж хүртэл ярьж байсан. Огт тийм зүйл байхгүй. Бүр Оросын нутгаар дамжиж Украин явсан байна гэж ч шүүмжилж байсан.

Украин руу явахын тулд нэг бол ОХУ, эсвэл БНХАУ-ын нутгаар дайрах нь тодорхой шүү дээ. Бид хамгийн ойр замыг туулж очих төлөвлөгөө гаргасны үндсэн дээр Оросын нутгаар дайрсан хэрэг. Эндээсээ Улаан-Үүд хүрч, цааш Москвад очсон. Москвагаас машинаар явсаар Украины хилд тулж очсон.

Донецкт анх дөнгөж очиход АНУ-ын сэтгүүлч суманд оногдож нас барсан байхтай тааралдсан. Ер төсөөлснөөс амаргүй нөхцөл байдал шууд угтсан л даа. Албаны хүмүүс биднийг Донецк, Луганск хавиар явж болохгүй гэж хориглосон. Ирээд л шууд буцах уу, яах вэ гэдэг нөхцөл байдал үүссэн.

Ингээд өөр гарц гаргалгаа хайж, олон улсын сэтгүүлчдийн байгууллагаар дамжуулан хүсэлт гаргасаар Геническ, Мелитополь хотуудад сурвалжлага бэлтгэх боломжтой болсон. Крымийн хойгийн ойролцоо байдаг хотууд юм билээ. Тэнд мөн Луганск, Донецкоос сурвалжилга бэлтгэх гээд чадаагүй орон орны сэтгүүлчид ирчихсэн хүлээж байсан.

-Хориглосон, мөн зөвшөөрөл олгосон төв байгууллага нь аль юм бэ?

-ОХУ-ын Батлах хамгаалах яамны Хэвлэлийн алба.

Тэд зөвхөн зөвшөөрөл олгохоос гадна бидэнд хамгаалалт гаргаж өгсөн. Мөн нэг зүйлийг онцлоход, маш олон хяналт шалгалт, үзлэгийг давж байж сурвалжилгаа бэлтгэсэн. Хаа сайгүй цэргийн зэвсэг, тоног төхөөрөмж байршуулчихсан, анх төсөөлснөөс ч хүнд нөхцөл байдал угтсан.

-Эндээс хөдлөхийнхөө өмнө Орос, Украины хооронд өрнөж буй нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж байхдаа аль нэг талыг нь дэмжсэн байр суурьтай байсан уу, хувь хүнийхээ хувьд?

-Монголоос явахынхаа өмнө аль болох олон талт эх сурвалжаас мэдээллээ авч, харьцуулахыг хичээсэн. Ингэхэд ялгаа гарч ирсэн л дээ. Барууны хэвлэлүүд Украины талд мэдээлэл бэлтгэж байгаа нь илт анзаарагдаж байв. "Хотууд руу дайрлаа, эзлэн түрэмгийллээ" гэх мэтээр. Харин Оросын хэвлэлүүд "Улс төрчдийнх нь тогтоосон дэглэмийг өөрчлөх шаардлагатай байна, хотыг эзлэн түрэмгийлээгүй" гэдэг байдлаар мэдээлж байсан.

Тийм учраас ямар нэг цензургүйгээр, нөхцөл байдлыг яг газар дээрээс нь, нэмэлт хачиргүй үзүүлье л гэж зорьсон. Аль нэг талыг барихгүйгээр ажиллахыг эрхэмлэсэн. Хотууд нь үнэхээр бөмбөгдөлтөд өртөж, эвдэрч сүйдэж үү, иргэд нь зовж зүдэрч байна уу гэдгийг харуулъя гэж бодсон. Мөн монгол сэтгүүлч олон улсад гарч ажиллаж болдог юм байна гэдгийг үзүүлмээр санагдсан. Ингээд хамгийн боломжтой хоёр хотоос сурвалжилгаа бэлтгээд ирсэн.

БИДНИЙГ МЕЛИТОПОЛИОС ГАРСНААС ХОЁР ЦАГИЙН ДАРАА ТЭНД БӨМБӨГДӨЛТ БОЛСОН

-Оросын талаас зөвшөөрөл өгсөн хотын иргэд учраас орос талд байр сууриа илэрхийлэхийг үгүйсгэхгүй юм байна?

-Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хамгаалалтын ажилтнууд бидний аюулгүй байдлыг хангаж өгч байснаас ямар хүнээс ярилцлага авч, яаж ажиллахыг зааж, зааварлаагүй.

Харин нөхцөл байдал өөрөө маш шахуу байсан. Нэг хотод гурван цаг л ажиллах хугацаа өгсөн. Нэг газар буугаад ярилцлага авч, хөтлөлт хийх зэрэг нь бүгд яаралтай, хугацаатай. Иймд өгөгдсөн цаг хугацаанд яаж их зүйл багтааж үзүүлэх вэ гэж хичээсэн л дээ. Хамгаалалтын албаныхан нэг дор хүн бөөгнөрсөн газрууд руу дайралт хийж магадгүй гэж сэрэмжлүүлж, яаравчлуулж байсан.

Анхных учраас алдаж онох зүйл байсан байх аа. Цаашид манай сэтгүүлчид улам сайжрах байх, энэ хэрээр монголчууд маань олон улсын үнэн зөв мэдээллийг монгол сэтгүүлчийнхээ сурвалжилгаас авдаг болох боломж улам нээгдэнэ гэж итгэж байна.

-Иргэд ч бас айдастай байсан байх л даа?

-Миний ойлгосноор, аюулгүй байдал арай сайтай гэдэг утгаар л энэ хоёр хотод олон улсын сэтгүүлчдэд зөвшөөрөл олгосон юм билээ.

Оросын цэргүүд дагуулчихсан явж байхад иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх болов уу даа гэсэн эмээлт надад ч бас байсан.

Гол нь тэд "Энэ нөхцөл байдал дууссаны дараа ямар нэг байдлаар шинэ засаглал тогтоно. Орос үргэлжлүүлээд үлдэж мэднэ, эсвэл Украины засаг захиргаа ч эргээд тогтож мэднэ. Иймд өдгөө аль нэг талд ярьчихсан зүйлдээ хожим хариуцлага хүлээж магадгүй" гэсэн хандлагаар ярилцлага өгсөн.

-Анх Донецкт буухад АНУ-ын сэтгүүлч буудуулсан байсан гэсэн, шалтгааныг нь тодруулсан уу?

-Тухайн сэтгүүлчийн нас барсан шалтгааныг мэдэхгүй байна. Харин галын шугаман дунд явж байгаад буудуулсан гэж сонссон.

Ер нь хүмүүст "Дайны бүс нутагт очиж сурвалжилна" гэхээр яг кинон дээр гардаг шиг, хаа сайгүй буудалцаан болсон, бөмбөг тэсэрсэн, тийм төсөөлөл буусан байх л даа.

-Нөхцөл байдал өөр байсан уу. Яг цэргийн ажиллагаа явагдаж байхтай таарсан удаа бий юу?

-Мелитополь, Геническ хоёр хотод нөхцөл байдал харьцангуй тайван болсон байсан. Гэхдээ иргэдийнх нь аж амьдрал маш тааруу. Эдийн засгийн эргэлт зогссон, ажлын байр байхгүй. Нэг хэсэг нь талх үйлдвэрлэж, нөгөө хэсэг нь худалдаж авч, амьдралаа залгуулж байсан. Тусламжаар ирсэн бараануудыг дугаарлаж авч байлаа. Зах дээр нь тэнгисээс барьсан загас, өөрсдөө хийсэн талхнаас өөр бараа байхгүй.

Газар тариалангаар барууны орнуудыг, ОХУ-ыг хангадаг ийм хотууд юм билээ л дээ. Гэвч энэ аж ахуй бүрэн зогссон гэхэд болохоор. Дээрээс нь иргэдийнх нь 20 гаруй хувь дүрвэсэн байсан. Биднийг очиход ч дүрвэж буй иргэд олон байсан. Тэднээс яриа, тодруулга авах хүсэлт тавьсан ч неонацистууд бий тул халдлагад өртөж магадгүй гээд зөвшөөрөөгүй.

Харин биднийг Мелитополиос гарснаас хоёр цагийн дараа бөмбөгдөлт болсон. Утаа нь холоос харагдаж байсан. Нэг газраа удаан байж болохгүй гэж сануулаад байсан учир нь энэ юм билээ. Хэзээ, хаана дайралт болохыг таамаглах боломжгүй гэж тайлбарладаг юм байна.

ГАДААД ХҮН ЗӨВДӨӨД, МОНГОЛ ХҮН БУРУУТДАГ ХАНДЛАГЫГ МЭДЭРЛЭЭ

-Гадаадын сэтгүүлчидтэй хамт ажиллахад ажиллаж буй арга барилаас нь суралцмаар зүйл юу байв?

-Ер нь адилхан юм билээ. Харин бидний хийсэн сурвалжилгыг Томас гэж сэтгүүлч герман хэл рүү орчуулж, нийтлэх зөвшөөрөл авсан. Нийтлэл бичдэг сэтгүүлч юм билээ. Германд хэвлэгдэж байгаа байх.

Мөн "Тэнд тийм зураг аваад байсан, түүнийгээ өгч болох уу" гэдэг байдлаар харилцан солилцож, хамтарч ажиллацгааж байсан. Нөгөө талдаа хугацаа ч маш богино байсан.

Гадаадын сэтгүүлчдээс видео сурвалжилга хийдэггүй, аналист талдаа, бичвэр бичдэг хүмүүс нь илүү олон юм билээ. Гар утсаараа зургаа аваад, дэвтэртээ тэмдэглэл хийж аваад л яваад байсан.

-Хоол хүнсний хангамжаа өөрсдөө бэлдсэн байх, замын турш хэр их өлссөн бэ?

-24 цаг өлсгөлөн явах үе ч таарсан. Крымийн хойгт очих хүртэлх зардал, хоол ундыг өөрсдөө хариуцаж явсан ч Цааш Украины нутаг руу орсны дараа хоол идэх, ус уух боломж бараг л байхгүй болчихсон.

Үүний дээр хамгаалалтын хүнд дуулга, хантааз болон камер хэрэгслээ үүрээд явахад их чанга л юм билээ. Дайны нөхцөл байдалд явж байж уух ус ч нэхэх эрх бидэнд байхгүй шүү дээ.

-Танд өөр гадаадад сурвалжилга хийж байсан удаа бий юу?

-Бий, БНХАУ-д ажиллаж байсан. Гэхдээ дайны нөхцөл байдалд сурвалжилга хийнэ гэдэг тэс өөр юм билээ.

-Сэтгүүлчийн мэргэжлээр ажилласан хугацаанд нь тохиолдсон хамгийн хүнд нөхцөл байсан уу. Эсвэл Монголд үүнээс ч илүү зүйлтэй тулж байв уу?

-Сэтгүүлчээр 10 орчим жил ажиллахдаа үзсэн хамгийн хүнд хэцүү мөртлөө сонирхолтой ажил энэ байсан. 14 хоногийн хугацаа хоёр сар шиг л өнгөрсөн. Ихэнхдээ унтахгүй, машинаар явна. Орой буудалласан үедээ ч өдөр авсан сурвалжилгаа хурдан Монгол руу хүргэхийн тулд шөнөжин ажиллаж байх жишээтэй. Ганц олдож буй боломж учраас нойр хоолыг умартаж, боломжтой гарц гаргалгааг эрэлхийлж ажилласан.

-Залруулж болох байсан ч алдаа хийчихлээ дээ гэж бодсон зүйл байгаа юу?

-Хүмүүсийн шүүмжлэлийг харсан л даа. Цэргийн тоног төхөөрөмж гэдгийг зэвсэг, хэрэгсэл гэх ёстой байсан. Эсвэл дайн байлдаан гэхийг цэргийн ажиллагаа гэж ярилаа гэх мэтээр ч юм уу, үг хэллэг талд маань шүүмжилсэн зүйлс байна билээ.

Хэллэгийн асуудлууд дээр засаж болох байсан гэж бодож байгаа. Нэг минутын дотор гялсхан хөтлөлтөө хийгээд л явах нөхцөл байдал байсан учраас зарим үг хэллэг дээр алдсан байхыг үгүйсгэхгүй. Засаж хэлэх, хоёр гурван дубль авах боломж байгаагүй. Өгөгдсөн боломжийг тултал ашиглахыг л хүссэн. Баялаг материал цуглуулж чадсан учраас бусад орны сэтгүүлчид надаас яриа, дүрс авч, орчуулж нийтлэх хүсэлт тавьсан байх.

-Украинаас сурвалжилга бэлтгэх шийдвэр гаргахад таны өөрийн эрмэлзэл хамгийн том нөлөөлөл үзүүлж гэж ойлголоо. Редакцаас яаж хүлээж авсан, ямар дэмжлэг үзүүлсэн бэ. Мөн гэр бүл, ойр дотнын хүмүүс нь яаж хүлээж авсан бэ?

-Гэрийнхэндээ бол “Орос явчхаад ирье” л гэж хэлсэн. Харин галт тэрэг хөдөлсний дараа Украин явах гэж буй тухайгаа Фэйсбүүктээ постолсон, үүнээс л манай гэр бүлийнхэн мэдсэн. Энэ тийм ч элбэг олдоод байх боломж биш тул ямар нэг гэр бүл, ах дүү хамаатан садны нөлөөлөлд автахаасаа сэрэмжилсэн гэх үү дээ. Өмнө нь хэлчихсэн бол мэдээж намайг хориглоно, явуулахгүй.

Редакцаас тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаснаас гадна тодорхой хэмжээний санхүүжилт өгсөн. Нийслэлийн Сэтгүүлчдийн эвлэлээс ч мөн өндөр тусламж үзүүлсэн. Олон хүний тусламжтайгаар Украины хилийг даваад ирлээ.

Украинаас гарах талдаа олон хүн дугаарлаж байхад ганцаараа эсрэг зүгт нь сөрж явсан тэр мөч бага зэргийн айдас төрүүлсэн. Гэвч нэгэнт тавьсан зорилгоо биелүүлнэ л гэж бодсон.

-Хэд хэдэн удаа "Монголын сэтгүүлч явж болдог" гэдгийг харуулахыг хүссэн гэж та ярилаа. Анхны зорилго нь ихэд эерэг боловч энэ зүтгэлийг үнэлсэн нь бага, буруугаар ойлгосон нь элбэг байв уу гэж харсан. Төгсгөлд нь энэ тал дээрх өөрийнхөө сэтгэдлийг илэрхийлэхгүй юу?

-Бидэнтэй хамт явсан Голландын хоёр сэтгүүлч дараа нь нийтлэл бичсэн байсан л даа. Түүнийг нь монгол хэл рүү орчуулж тавьсан байсан. Гэтэл монголчууд “Зөв мэдээлэл дамжуулж байна” гэдэг байдлаар дэмжиж, хандсан байсан. Миний сурвалжилга болохоор тэр нийтлэлийг видео хэлбэрт л оруулчихсан, мөн түүнээс дэлгэрэнгүй агуулгатай байдаг. Энэ тохиолдолд монгол хүн мэдээлэл бэлтгэсэн нь л буруутчихаж байгаа юм шиг санагдсан.

Голланд сэтгүүлчийн нийтлэлд миний авсан яриаг буулгаад оруулсан хэсэг ч байгаа. Гэтэл монгол хүн болохоор буруутчихдаг, голланд хүнийх зөвдчихдөг хандлага байна билээ.

Хоёрдугаарт, монголчууд сошиалдаа хоёр тал болж талцаад л, бие биенээ үгүйсгээд сууж байгааг нь харахад дэндүү жаргалтай амьдарч байна даа гэж бодогдсон. Монголчууд маань тайван байна, дайн байлдаан алга. Өөрсдөө л хичээвэл сайн сайхан амьдрах, хөгжиж дэвших бүх боломж байна шүү дээ. Үүнийг онцолж хэлмээр санагдсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 08:54

haha unheer zorigtoi hun yumaa

Зочин
Зочин
2022-03-29 10:11
Reply to  Зочин

ЯГ ХАЛУУН ЦЭГ ДАЙНТАЙ ГАЗРААС БОЛОМЖООРОО СУРВАЛЖЛАГА ХИЙСЭН БАЙСАН ШҮҮ.ЭРХЭМ ЭРДЭНЭ ДАВАА ДҮҮД АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин
Зочин
2022-03-29 09:00

mongold tegeed yag yamar heregtei yum be

Зочин
Зочин
2022-03-29 09:17

Энэ муу сэтгүүлчийг их буруутгасан

Зочин
Зочин
2022-03-29 09:33

Тийм ш дээ, монголчууд чадаж байгаа нэгнээ доош зулгааж муучлахдаа л сайн

Зочин
Зочин
2022-03-29 09:46

Буу авчирсан уу

Зочин
Зочин
2022-03-29 10:05

Сэтгүүлч хүний чин эрмэлзэл байна шүү

Зочин
Зочин
2022-03-29 10:05

Дайны бүсрүү явна гэдэг ч зориг шүү

Зочин
Зочин
2022-03-29 10:06

Надад ч боломж олдвол явах л байсан

Зочин
Зочин
2022-03-29 10:38

Гадаад явж үзэх гэсэн байлгүй дээ

Зочин
Зочин
2022-03-29 11:51

Ezlen turemgiilegch ukrain hil yaaj davsan..

Иргэн
Иргэн
2022-03-29 12:38

Ах оросынхаа харуул хамга�##��##�т зөвшөөрөл хамша�##��##�тын хувцас гээд бүр т�##�ын дэмжлэг тусл�##�цаа заавар зөвлөгөө машрутаар сурв�##�жлага хийгээд ирсэн юм бн. Хийсэн сурв�##�жлага нь хэрхэн үнэлэгдэхийг соци�##�аар харагдах бх даа

Сайхан
Сайхан
2022-03-29 14:09

О.Эрдэнэдаваа хүүг сурв�##�жлагч хийж байхад нь маш олон удаа зурагтаар харж байсан. Дайн тул�##�даан болж байгаа тэр газар руу явж байгаа нь сэтгүүлч хүний эрхэм зорилго, эрмэлзэл тул зоригтой байна хүү минь. Хэчнээн сэтгүүлчид тэнд нас барсан билээ. Т�##�х авах гэж яваад олноороо буудуулсан, бөмбөгдөлтөд өртсөн хэчнээн олон хүмүүс нас барсан байна. Миний дүү ашгүй гайгүй яваад ирлээ.Өчигдөр хүүхдүүд ярихад нь яагаад энэ хүүг гэр бүл нь явуулаваа гэж айсан шүү. ЗА ЭНЭ ХҮҮДЭЭ АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

зоч
зоч
2022-03-29 14:54

дайн хийж байгаа оросын хамга�##��##�т доор сурв�##�жлага хийж,юугаа яаж үзүүлэх нь ойлгомжтой гарсан бүтээл нь ч угаасаа тодорхой. З�##�уу хүүхэд цаашдаа сургамж авах биз, яг үнэндээ чи дайныг битүүхэндээ дэмжигч гэж харагдахаар болж. Угтаа чи ядахдаа Польшийн хил дээр очиж дүрвэгчидтэй уулзсан бол бодит үнэнийг сурв�##�жлах байж

ЗОЧИН
ЗОЧИН
2022-03-29 18:31

ОРОСЫН ЭСЯ - НЫ САНХҮҮЖИЛТ УДИРДАМЖ ЧИГЛЭЛИЙН ДОР ТЭДНИЙ ТАРХИ УГААХ ХЭРЭГСЭЛ БОЛОН ЯВСААР ИРСЭН !

Баасансүрэн
Баасансүрэн
2022-03-29 22:23

З�##�уу хүн ийм л эрч хүчтэй зоригтой байх сайхан. Ажилд тань өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button