НийгмийнСПОРТ

48 кг-ын ирээдүй: IJF онцолсон Г.Наранцэцэг

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF Монголын жүдоч Ганбаатарын Наранцэцэгийг онцолсон нь өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлын нэг байлаа. IJF түүнийг яагаад онцолсон бэ. ОУХМ Г.Наранцэцэг Анталиягийн дэвжээнд эмэгтэйчүүдийн 48 кг-д алтан медаль авсан. Улмаар “Их дуулга” ангиллын тэмцээнээс анхны түрүүгээ хүртсэн юм. Тэгэхдээ аваргын төлөөх барилдаанд нутаг нэгт жүдоч Б.Баасанхүүг ялж, шагналын тавцанд хоёр монгол жүдоч зогссоныг онцлохгүй байхын аргагүй.

ТҮҮНИЙ ИХ ДУУЛГЫН АНХНЫ ТҮРҮҮ

Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг дэлхийд алдартай. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг эл жинд олон жил дэлхийд цойлж, 48 кг-ынхны нүүр царай болсныг спортын хүрээнийхэн сайн мэднэ. Монголын жүдогийн олон, олон анхдагч амжилтыг тэр эл жинд гаргасан. М.Уранцэцэг гавьяатыг жүдогоос зодог тайлж, холимог тулааны спортод шилжсэний дараа 48 кг-д түүний амжилтыг хэн үргэлжлүүлэх, залгамж халаа болох нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Энэ асуултын хариултыг амжилтаараа өгч буй тамирчдын нэг нь Г.Наранцэцэг.

БӨХИЙН СПОРТТОЙ 2008 ОНД АМЬДРАЛАА ХОЛБОЖЭЭ

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг 2008 онд олимпын аварга болоход нь бөхийн спортод дурлаж, амьдралаа холбосон тамирчдын нэг нь Г.Наранцэцэг. Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн тэрбээр анхандаа Чулуун-Эрдэнэ, Орхонбат, Батжаргал нарын удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэжээ. Тухайн үед Ихтамир суманд жүдо бөх хөгжөөгүй байсан гэнэ.

СПОРТООС ХОЁР ЖИЛ ХӨНДИЙРСӨН НЬ

Г.Наранцэцэг бөхөөр анх хичээллэхдээ 24 кг жинтэй байжээ. Гэтэл тэмцээний хамгийн хөнгөн жинь 32 кг. Тэмцээнд оролцох гэхээр жин нь хүрдэггүй байж. Тэгээд л аргагүйн эрхэнд бэлтгэлээ өдөр бүр хийнэ, багшаасаа гуйна. Олон кг-ын зөрүүтэй тул бэртэж, гэмтэх вий гээд ч тэр үү, түүнийг өрсөлдүүлдэггүй байсан гэнэ. Г.Наранцэцэг хичээсээр, гуйсаар байгаад багшаараа арайхийж зөвшөөрүүлжээ. Гэтэл багш нь “За, энэ хүүхдийг ялбал тэмцээнд оролцуулъя” гээд түүнийг эрэгтэй тамирчинтай барилдуулжээ. Ганц олдсон боломжийг ашиглая гэж хичээсээр өрсөлдөгчөө ялсан ч багш нь хэлсэндээ хүрээгүй гэнэ. Уйлсаар гэртээ харьснан нь түүний санаанаас ер гардаггүй гэнэ. Шантарч, урам нь хугараад чөлөөт бөхөөс хоёр жил хөндийрчээ. Энэ тухайгаа “Бэлтгэлээ хэчнээн сайн хийсэн ч тэмцээнд оролцохгүй байхаар шантарч, урам хугардаг юм билээ. Гэр бүлийнхэн “Бэлтгэлийн цагаа хичээлдээ зарцуул. Эсвэл өөр спортоор хичээллэ” гэж ятгана. Хичээл тарангуут гэртээ харьж цайгаа уучихаад л бэлтгэлдээ явдаг байлаа. Жин 32 кг руу овоо дөхөж байтал бэлтгэл хийхээр хасагдчихна. Хамт бэлтгэл хийдэг хүүхдүүд “Хоол сайн ид” гэж зөвлөнө. Би жингээ нэмэх санаатай төрөл бүрийн арга хэрэглэсэн дээ.

 Хичээлдээ цаг гаргахын тулд спортоо түр орхисон. Хоёр жил хүлээсний эцэст арайхийж 32 кг жинтэй болов оо. Бөөн баяр бололгүй яах вэ. Гэтэл хэсгийн аваргын төлөө барилдаанд ялагдчихдаг байгаа. Тэгэхэд ёстой сонин мэдрэмж төрсөн. “Сайн тамирчин болж чадахгүй юм байна. Спортоо бүр мөсөн орхиё” гэж хүртэл бодсон. Тэмцээн дууссаны дараа ордноос гарч явахдаа жүдогийн Батдэлгэр багштай таарсан юм. Жүдогоор хоёр сар хичээллээд аймгийнхаа АШТ-д түрүүлж, Хангайн бүсийн тэмцээнд оролцох эрх авсан. Бүсдээ түрүүлж, УАШТ-д оролцохдоо манлайлсан. “Спортоо бүр мөсөн орхиё” гэж байсан хүний бодол өөрчлөгдөлгүй яах вэ. Амжилт гаргахаар их урамшин, бүр их хичээдэг юм билээ” гэж дурссан юм.

 АЗИЙН НААДАМД ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ САМБОЧ

2018 онд Индонез улсад болсон 18 дахь удаагийн Азийн наадмын самбо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг түрүүлсэн. Улмаар Азийн наадмын дэвжээнээс алтан медаль хүртсэн анхны монгол самбоч болсон юм. Түүхэн амжилтын эзэн болохдоо тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Ойдовчимэдийг ялсан.

Азийн наадмын анхны аварга самбоч болсон талаараа “Тэр жилийн Азийн наадмын хөтөлбөрт самбо бөх шинээр багтсан. Эхлэлийг нь сайхан тавьж, амжилтынх нь жимийг гаргачих юм сан гэж бид хичээсэн. Оны эхэнд улсын аварга болсноосоо хойш Азийн  наадамд анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэлээ чамбайруулсан. Азийн наадамд түрүүлсэн анхны самбочин болохдоо Б.Ойдовчимэдтэйгээ түрүү булаалдсандаа бүр ч бэлгэшээж байлаа. Хоёр монгол бөх хоорондоо аваргын төлөө өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол болов уу.

Төрийн дуулал эгшиглэж, Монголын хоёр далбаа мандахад сэтгэл их хөдөлсөн. Өдий хүртэл амжилтын төлөө зүтгэж, хөдөлмөрлөсөн болон бүх талаар тусладаг гэр бүлийнхэн, багш нараа хамгийн түрүүнд боддог юм билээ.

Би жүдогоор түлхүү хичээллэдэг. Гэхдээ Азийн наадамд самбогоор бус, жүдогоор оролцох боломж байгаагүй. Учир нь энэ жил жүдогийн УАШТ-д түрүүлсэн тамирчдыг Азийн наадамд сойсон. Миний барилддаг жинд М.Уранцэцэг эгч улсынхаа дэвжээнээс ээлжит түрүүгээ хүртэн, тивийнхээ “олимп”-д зодоглох эрх авсан юм. Би УАШТ-ээс хүрэл медаль авахдаа хэсгийн аваргын төлөө барилдаанд түүнд ялагдсан” гэв.

ТЭР САМБО, ЖҮДОГООР ДАВХАР БАРИЛДДАГ

Г.Наранцэцэг самбо, жүдо бөхөөр давхар хичээллэдэг. Гэхдээ жүдогоор арай илүү түлхүү хичээллэн, амжилтын төлөө зүтгэж яваа. Хөлөөрөө мэх хийх, хөлнөөс барьц авахыг самбо зөвшөөрдөг, жүдо хориглодгоороо л ялгаатай. Бусдаараа адилхан. Олон хувилбартай барилдаантай болох, хэвтээ, босоо байрлалаас тэнцүү барилдаж сурах зэрэг давуу талтай гэж Г.Наранцэцэг онцолсон юм.

ТАВИЛГЫН БИЗНЕС ЭРХЛЭХИЙГ МӨРӨӨДДӨГ

Г.Наранцэцэг багадаа цэргийн байгууллагад ажиллахыг мөрөөддөг байжээ. Зодог тайлсныхаа дараа спортоос өөр чиглэлээр гадаадад сурах бодол түүнд бий. Олимп, дэлхийн аварга болох нь түүний хамгийн том зорилго. Зорилгодоо хүрснийхээ дараа оффисын ажил хийн, тавилгын бизнес эрхлэхийг мөрөөддөг. Тэрбээр энэ тухайгаа “Мундаг бизнесмэн болоход боловсрол, мэдлэг чухал. Тэгээд бас хөлөө олсныхоо дараа спортыг сайн дэмжиж, тамирчдад боломжоороо санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсдэг” гэсэн юм.

М.УРАНЦЭЦЭГ ГАВЬЯАТЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгээс үлгэрлэж явдаг тэрбээр нэр хүнд, чансаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “World masters” тэмцээнээс мөнгө, Их дуулга тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медальтай. Ийм нэгэн жүдоч Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын ирээдүй болж, М.Уранцэцэг гавьяатын амжилтыг үргэлжлүүлж явна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-04 10:27

Уу наа наа

Зочин
Зочин
2022-04-04 10:36

mundag tamirchin bolooroi

Холбоотой мэдээ

Back to top button