НийгмийнСПОРТ

Шатрын оргилд гарсан Монголын “Полгар”

Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ эрэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэрбээр шатрын спортын оргилд гарч чадлаа. Манай улс олон шилдэг эмэгтэй шатарчинтай ч эл цолд хараахан хүрэхгүй байсаар өдий хүрсэн юм. Тэгвэл 19-хөн настай Д.Номин-Эрдэнэ чадлаа.

Ер нь эрэгтэйчүүдийн их мастер цолд хамгийн дөхөж очоод байсан монгол шатарчин тэр. Аль хоёр жилийн өмнө хоёр болзлыг нь хангачихсан байсан юм. Унгарт болсон олон улсын тэмцээнд оролцохдоо эрэгтэйчүүдийн их мастер цолны гурав дахь болзлоо хангасан тэрбээр одоо чансааны оноогоо 2500-д хүргэх учиртай.

Түүнд чансааны 123-хан оноо дутуу. Ер нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) ирэх арваннэгдүгээр сард хуралдах хуваарьтай. ФИДЕ тамирчдынхаа чансааг сар бүр шинэчилдэг тул Д.Номин-Эрдэнэд энэ оноос өмнө эрэгтэйчүүдийн их мастер цол олгочих болов уу. Ер нь магадлал тун өндөр.

Эрэгтэйчүүдийн их мастер цолыг өнөөг хүртэлх хугацаанд 37-хон эмэгтэй шатарчин хүртсэн нь хэр шалгуур өндөртэй, хүрэхэд амар амжилтынх нь илрэл болов уу. Эл цолыг хамгийнх анх 1978 онд ЗХУ-ын шатарчин Нона Гаприндашвили хүртсэн түүхтэй. Унгарын алдарт шатарчид болох эгч, дүү гурван Полгарыг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл дэлхий даяар Д.Номин-Эрдэнийг Монголын “Полгар” хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь дамжиггүй.

ТАВАН НАСТАЙДАА ШАТАР ТОГЛОЖ СУРЧЭЭ

Гадаадад амьдарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон монгол тамирчин бий. Тэдний нэг Д.Номин-Эрдэнэ. Өдгөө Унгар улсад гэр бүлийнхээ хамт амьдардаг түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Өдгөө 18 настай түүний аав спортын дэд мастер цолтой, дүү нар нь ч шатраар хичээллэдэг, олон улсын цөөнгүй тэмцээний медальтай. Ерөнхийдөө тэднийх спортын гэр бүл. Аав, үеэл ах Ч.Баттүвшин хоёрынхоо шатар нүүхийг харж, энэ спортод хорхойссон Д.Номин-Эрдэнэ таван настайгаасаа хойш хөлөгт тоглоомд оюунаа сорьж буй.

Авьяасыг нь хөгжүүлэх, сонирхлыг нь дэмжих зорилгодоо хөтлөгдсөн аав нь охиноо тухайн үеийн “Отгонтэнгэр” буюу өнөөгийн “Цэцэн нүүдэл” клубийн дасгалжуулагч Х.Эрдэнэдоржийн шавь болгож, шатрын А үсэг заалгажээ.

Д.Номин-Эрдэнэ ирээдүйд их юм дуулгахаа анхны амжилтаараа л харуулсан аж. Спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хоёрхон сарын дараа болсон өсвөрийн тэмцээнд долоон тавилын бүгдэд нь хожин түрүүлсэндээ их урамшсан гэдэг. Анхны амжилтаа алтан медалиар эхэлсэндээ тун ч бэлгэшээж явдаг юм билээ.

Олон улсын тэмцээний анхны амжилт нь 2006 онд ОХУ-д болсон Хүүхдийн их наадмын мөнгөн медаль. Зургаан настай охин дэлхийн хошой аварга, Азийн АШТ-ий түрүүтэй, Казахстаны тамирчин А.Зайсаятай оноо тэнцсэн ч коэффицентийн зөрүүгээр дийлдсэн юм. Энэ л үеэс Д.Номин-Эрдэнэ хэмээх нэр шатрын спортын дэвжээнд сонсогдож эхэлсэн билээ.

ӨСВӨРИЙН ДАШТ-д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ ШАТАРЧИН

Шатрын спорттой нөхөрлөснөөсөө хойш тэрбээр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөөр өдий хүрсэн. 2009 оны өсвөрийн ДАШТ-д Азийн хошой аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн шатарчин А.Мехинаг хожиж шуугиулсан юм.

Энэ амжилт зөвхөн эхлэл нь байж. Үүнийг Д.Номин-Эрдэнэ дараа жил нь Азийн аварга, дэлхийн аварга болж баталсан билээ. Тэрбээр Азийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны эмэгтэй шатарчин, Монголын шатарчдаас өсвөрийн дэлхийн аваргын титмийг хүртсэн анхны тамирчин болж, олны магнайг тэнийлгэсэн юм. Грек улсад болсон ДАШТ-ий өмнөхөн гаргасан судалгаагаар дэлхийн аварга болох магадлалтай гурван тамирчны нэгээр түүнийг нэрлэснийг онцолъё.

Дэлхийн дэвжээнд таван тивийн 119 орны 1700 тамирчин 11 өрөг тоглосноос ганц ч ялагдалгүйгээр түрүүлж, монгол хүний оюуны чадлыг мэдрүүлж, аваргын титэм хүртсэн гавьяа Д.Номин-Эрдэнийнх. Тухайн жилийнхээ Азийн АШТ, ДАШТ-д түрүүлнэ гэдэг яахын аргагүй бахдам амжилт. Ийм амжилт гаргасан шатарчин Монголд байтугай дэлхийд хуруу дарам.

Түүний амжилт булган сүүлтэй байж А.Энхтуул, Б.Мөнхзул, Д.Батсүрэн нар дэлхийн өсвөрийн аварга болоод байна. Дэлхийн аварга болсныхоо дараа тэрбээр “Монгол орон маань хамгийн залуу их мастертай, насанд хүрэгчдийн дэлхийн аваргатай болоосой” хэмээн өгүүлсэн удаатай.

ХОЁР ЦОЛ ЗЭРЭГ ХҮРТСЭН ДЭЛХИЙН АНХНЫ ШАТАРЧИН

Аравхан настайдаа Азийн аварга, дэлхийн аваргын титэм хүртээд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан үг нь биеллээ олох тун дөхсөн. Тэрбээр таван жилийн дараа буюу 2015 онд эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолны болзол хангаж, дахин “давхар цохилт” хийв.

Монголын эмэгтэй шатарчдаас дөрөв дэх их мастер болохдоо дээрх хоёр цолыг хүртсэн дэлхийн анхны тамирчин болсноор нь бахархахгүй байхын аргагүй. Түүгээр ч үл барам Монголын шатарчдаас хамгийн залуудаа дээрх хоёр цолны эзэн болсон юм. Дэлхийн шилдгүүдээс Унгарын алдарт шатарчин Юдит Полгар 12 нас, арван сар, 11 хоногтойдоо, БНХАУ-ын тамирчин Хоу Ифань 12 нас, арван сар, 17 хоногтойдоо их мастер болж, хамгийн залуудаа уг цолыг хүртсэн шатарчнаар түүхэнд нэрээ мөнхөлжээ.

ДЭЛХИЙН ОЛИМПИАДАД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОВ

Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох нь тамирчин бүхний мөрөөдөл. 2016 онд Азербайжаны Бакуд болсон тус тэмцээнд Д.Номин-Эрдэнэ Гавьяат тамирчин Т.Батчимэг, Их мастер А.Энхтуул тэргүүтэй Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд орж өрсөлдсөн юм.

Хэдийгээр өнөө цагийн шилдэг тамирчин Б.Мөнгөнтуул хүндэтгэх шалтгаан улмаас оролцож чадаагүй ч манай эмэгтэй шатарчид 20 дугаар байрт шалгарч, өмнөх амжилтаа ахиулсан. Хэрэв тэд сүүлчийн өрөгт Израилийн багтай тэнцсэн бол эхний 10-т орох боломжтой байлаа. Д.Номин-Эрдэнэ нэгдүгээр ширээнд тоглон (Тухайн орны хамгийн өндөр чансаатай тамирчныг илтгэнэ), 10 өргөөс 6.5 оноо авч, багтаа хувь нэмэр оруулжээ.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ОХИНОО ДЭМЖДЭГ

Тамирчны амжилтад гэр бүл, эцэг, эхийн дэмжлэг маш чухал. Үүнийг олон тамирчны түүх, амжилтаас харж болно. Их мастер Б.Мөнгөнтуулын аав Батхуяг охиныхоо дотнын зөвлөгч, уйгагүй дэмжигч. Гавьяатын авьяасыг хөгжүүлэх зорилгоор эцэг, эх нь Москвад хэсэг хугацаанд амьдарсныг спортын хүрээнийхэн андахгүй.

Тэдний жимээр Д.Номин-Эрдэнэ аавтайгаа хамт алхаж явна. П.Даваадэмбэрэл охиноо үргэлж дэмжин, бүхнээ зориулдаг нэгэн. 2009 онд охиныхоо нэрэмжит “Champion” клуб байгуулж, дэлхийн энтэй тамирчин болгох зорилгоор 2013 оны арванхоёрдугаар сард гэр бүлээрээ Унгар руу нүүсэн нь үүний илрэл болов уу.

Шатрын спорт мэргэжлийн түвшинд хөгжсөн өнөө үед ур чадвараа ахиулах боломжтой оронд амьдарч, бэлтгэл хийх нь мэдээж зөв сонголт. Ингэснээр Европт болдог зэрэглэл өндөртэй тэмцээнүүдэд оролцох боломж нэмэгдэж, тэр хэрээр ур чадвар, амжилт нь ахихад хөшүүрэг болж байгаа нь гарцаагүй. 

ЕВРОПООР ТОЙРОН АЯЛЖ, ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛЖЭЭ

Д.Номин-Эрдэнэ Монголын шатрын спорт, ёс заншил, өв уламжлалаа дэлхийд сурталчлах зорилгоор өнгөрсөн жил гэр бүлээрээ Европыг тойрон аялжээ. Тэд 13 улс, 36 хот дамжин 15 000 км аялсан аж. Аяллынхаа үеэр тэмцээнд оролцохын зэрэгцээ харийн нутагт амьдардаг монголчууд, шатрын клубүүдэд “Зорилготой амьдрал” сэдэвт уулзалт зохион, нүдээ боож байгаад зэрэг тоглолт хийжээ.

Одоогоор тэрбээр шатрын хөлгөө харахгүйгээр гурван удаа зэрэг тоглоод байгаа. Нэгэнд нь бүр таван хүнтэй зэрэг тоглолт зохион байгуулсан юм. Хамгийн сонирхолтой нь Д.Номин-Эрдэнэ аль ч тоглолтод хожигдоогүй аж.

ЧАНСААГААРАА МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ШАТАРЧДЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООСОН

Насныхаа ангилалд Монгол Улсын чансааг олон жил тэргүүлж буй Д.Номин-Эрдэнэ 2016 оны дөрөвдүгээр сард чансаагаа 2490-д хүргэж, Монголын эмэгтэй шатарчдын дээд амжилт тогтоожээ.

Тэгэхдээ дэлхийн шилдэг 100 эмэгтэй тамирчны 18, охидын ангилалд гуравдугаарт эрэмбэлэгдсэн юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бахархаж байнаө
бахархаж байнаө
9 сар 17, 2019 10:29

Амжилт хүсье

Mongol
Mongol
9 сар 17, 2019 21:46

Үнэхээр бахархам гэр бүлд болон Их мастертаа амжилтын дээдийг хүсье удахгүй эмэгтэй дэлхийн аварга шатарчинтай болноо Монгол улс үүнийг энэ охин бүтээнэ гэдэгт итгэж байна!

Холбоотой мэдээ

Back to top button