УАШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн жүдоч

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Дундговь аймгийн Мандалговь хотод өнөөдөр эхэлнэ. Эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн, амжилт гаргасан тамирчдаар Парисын олимпод сойх шигшээ багийг бүрдүүлэхээрээ онцлогтой.
Улсын аварга өнөөдөр эхлэхтэй холбогдуулан нэгэн сонирхолтой баримтыг уншигч танд хүргэе. Монгол Улсын дэвжээнд хамгийн олон удаа түрүүлсэн жүдоч бол Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Од. Хос (Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч) цолтой Монголын гуравхан алдартны нэг (нөгөө хоёр нь З.Дүвчин, Х.Болдбаатар) тэрбээр жүдогийн улсын аваргад 16 удаа түрүүлсэн амжилтаар дээрх рекордыг эзэмшдэг. Үүнийхээ 15-д нь завсаргүй түрүүлсэн нь яах аргагүй давтахад бэрх амжилт.

ДАШТ-ээс медаль хүртсэн, хос гавьяат болсон Монголын анхны эмэгтэй жүдоч Х.Эрдэнэт-Од Азийн хошой аварга, Монголын жүдогийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн.

Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга тэрбээр Монгол Улсын шилдэг тамирчнаар найман удаа тодорсон. Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нарын олон шилдэг шавь нь олимп, дэлхийн дэвжээнд багшийнхаа амжилтыг үргэлжлүүлж явна.

1998 онд гавьяат болж, 2008 онд зодог тайлсан Х.Эрдэнэт-Одын дараа буюу хоёрдугаарт бичигдэх амжилтыг Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ гаргасан. Өдгөө төр түшиж яваа тэрбээр улсын аваргад 12 түрүүлж, Монголынхоо шилдэг болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.