НИЙГЭМ

“Оролцоо орцноос”: Орон сууцны иргэдэд хөршийн ба СӨХ-ны эрхийг ойлгуулж байна

Швейцарийн Хөгжлийн агентлаг болон “Зориг” сангийн хамтран хэрэгжүүлдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудаас бүрдсэн “Оролцоо орцноос” бичил төсөл нь 2022 оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж буй билээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 60 оюутныг сонгон шалгаруулж, багт хуваан Зориг сангийн дэмжлэгтэйгээр нийгэмд ач холбогдолтой төслийг оюутнууд өөрсдөө санаачлан хэрэгжүүлдэг.

“Оролцоо орцноос” төсөл нь: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Их засаг Их сургуулийн хуулийн сургууль болон Хууль сахиулахын Их сургуулийн Эрх зүйн сургуулийн оюутнууд болох Б.Туяа, М.Мягмарбаяр, Р.Оюундэлгэр, М.Жавзандулам, Т.Биндэрьяа, Б.Энхмаа, У.Бадамсүрэн зэрэг гишүүнээс бүрджээ.

Ил задгай хог хаягдал, хүрээлэн буй орчны бохирдол зэргээс гадна орон сууцны оршин суугчдын дунд бидний Үндсэн хуулиар олгогдсон эрх тухай бүр зөрчигдөж байгааг тэр бүр мэддэггүй. Иймд  “Сууц өмчлөгчдийн холбоо” болон “хөршийн эрх”-ийн талаарх эрх зүйн мэдлэгийг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх, оршин суугчид бие биенээ хүндлэхийг уриалах мультимедиа контент төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа аж.

Байрны оршин суугчид ихэвчлэн амьдарч буй орон сууцтайгаа холбоотой асуудал болон цаашлаад СӨХ гэж ямар байгууллага болох, СӨХ-ийн мөнгө юунд зарцуулагддаг тухай мэдээллийг иргэдэд хүргэх, эрх үүргийг нь таниулах, иргэдэд эрх зүйн ойлголт, зөвөлгөө өгөх, түүнчлэн бусдыг хүндлэх ёс суртахууны хэм хэмжээг мөн контентуудаараа дамжуулан хүргэх зорилготой юм.

Зорилгын хүрээнд “Оролцоо орцноос” фейсбүүк болон инстаграмм хуудсаар дамжуулан эрх зүйн мэдлэг, мэдээллийг энгийн, сонирхолтой ойлгомжтой байдлаар түгээдэг ба өөрт тулгамдсан сэдвийн хүрээнд цахим хуудсаар дамжуулан холбогдож эрх зүйн зөвөлгөө авах боломжтой.

ТЭД ЮУ ХИЙЖ БАЙГАА ВЭ

Төслийн хүрээнд тэд гурван ажил төлөвлөж хийж байгаагийн эхнийх нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан контент хүргэх юм. “Оролцоо орцноос” гэсэн фэйсбүүк хуудас, инстаграмм хаяг нээж, түүн дээрээ эрх зүйн мэдлэгийг энгийн, сонирхолтой байдлаар оруулж, тэдгээрийгээ орон сууцнуудын фэйсбүүк группээр түгээдэг. Энэ явцад иргэд төслийн маань контент дор сэтгэгдэл үлдээж, мөн чатаар холбогдон зөвлөгөө авч байна.

Удаах ажил нь, тэдний төсөл орон сууцтай салшгүй холбоотой тул бид оршин суугчдад хэрэгцээтэй эрх зүйн мэдлэгийн энгийн харилцан яриа, комик байдлаар бэлтгэж орон сууцны лифтэд зурагт хуудас болгон байршуулсан. Иргэд лифтээр зорчихдоо 10-30 минутыг зарцуулдаг. Энэ хугацаандаа зүгээр зорчихын оронд СӨХ-ны, хөршийн эрхтэй холбоотой богино комикийг уншаад буух боломжийг ингэж бүрдүүлэхийг хичээсэн. Оршин суугчид тасралтгүй зорчдог лифтэд самбар байршуулах нь иргэдэд мэдээллийг хурдацтай, үр дүнтэй хүргэх чухал арга болж байгаа.

Эцэст нь тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл агуулсан брошур тараах өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгийн агуулга нь орон сууцанд ямар хэм хэмжээ мөрдөгддөг тухай, хөршүүд хэрхэн бие биедээ төвөг учруулахгүй амьдрах зарчим болон СӨХ гэж юу хийдэг байгууллага вэ зэрэг олон асуудлыг энгийн байдлаар хүргэсэн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
4 сар 30, 2022 16:10

Mash ur duntei zuv zuil sanaachilsan mundag zaluuchuud baina Amjilt xusie

Холбоотой мэдээ

Back to top button