УЛС ТӨР

ОУВС-гаас арилжааны банкнуудын IPO гаргахыг түр хойшлуулахыг дахин зөвлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.02) Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаад, мөн цар тахлын амаргүй цаг үед ОУВС дэмжлэг үзүүлсэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрбээр, Ковид-19, олон улсын нөхцөл байдал болон хил, боомтын асуудал гэсэн гурван хүчин зүйлс Монгол Улсын эдийн засаг, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаадын валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байна. Иймд бидний хувьд төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөө хамгаалах талаар идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, өнгөрсөн баасан гарагт Улсын Их Хурлаас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, УИХ-ын хоёр тогтоолын төслийг эцэслэн баталсан. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр улсын төсвийг тодотгоод зогсохгүй, төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын бүтцийн шинэчлэлийг эхлүүлэх зэрэг хууль тогтоомжийг баталсан хэмээв.

Хатагтай Ангана Банержи "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарах төсөөлөл байсан болов ч гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан шинэ эрсдэлүүд гарч ирсэн. Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал. Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад ОУВС-гийн Суурин төлөөлөгч Согхён Юн, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Чанг Ху, ОУВС-гийн эдийн засагч Дэвид Корвино, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x