УЛС ТӨР

“Туркоиз хилл ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн Рио-Тинтод шахалт үзүүлэх саналаас Засгийн газар ТАТГАЛЗСАН УУ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЮУНД САНАА ЗОВСОН БЭ

 “Туркоиз хилл ресурс” компанийн  нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн төлөөллүүд Монголд ирээд байгаа аж. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, тэд “Рио-Тинто” группийн хууль бус үйлдэлтэй МУ-ын Засгийн газартай хамтран тэмцэх асуудлаар ярилцахаар Улаанбаатарт ирсэн ч манай нөлөө бүхий улстөрчид уулзахаас татгалзсан байна.

“Рио-Тинто” групп 2019 оны тавдугаар сард Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулж буйгаа мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа “Туркоиз хилл ресурс” компанийн хувьцаа Тронтогийн хөрөнгийн бирж дээр огцом унасан юм. “Рио-Тинто” групп нь “Туркоиз хилл ресурс” компанийн 50.8 хувийг эзэмшдэг. Хэдий тийм ч тус компанийн бусад хувьцаа хувьцаа эзэмшигчид “Рио-Тинто”-гийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж, компанийн ирээдүйд эрсдэл үүслээ гэж үзсэн байдаг.

Тайлбар: “Туркиоз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалт

Улмаар “Туркоиз хилл ресурс” компанийн хувьцаа эзэмшигчид нэгдэн, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа нь хойш сунасан асуудалд үнэлгээ хийлгэх асуудлыг хөндсөн талаарх мэдээлэл гадны хэвлэлүүдээр цацагдаж байсан юм.

Эх сурвалжийн мэдээллээр, “Туркоиз хилл ресурс” компанийн хувьцаа эзэмшигчид Оюутолгой  төслийн 34 хувийг эзэмшигч МУ-ын Засгийн газартай хамтран далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлд Рио-Тинто группийг шахах саналтайгаар ирсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: ТЭД АСУУДЛАА КОМПАНИЙН ТҮВШИНД ДОТООДДОО ЯРИЛЦАХ БОЛОМЖТОЙ

Гэвч Засгийн газрын түвшинд яагаад тэдэнтэй уулзахаас татгалзсан нь анхаарал татаж буй юм. Энэ талаар  ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЛЫН ЭХ СУРВАЛЖТэд асуудлаа компанийн түвшинд дотооддоо ярилцах боломжтой.

Засгийн газраас эхлээд 135 сая ам.долларын татварын өрөө төл гэж шахаад, “Туркоиз хилл ресурс” компанийн хувьцаа эзэмшигчидтэй уулзахаас татгалзсан.  Гэхдээ ЗГХЭГ-ын хүрээнд ажил хэргийн уулзалтууд хэвийн үргэлжилж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Харин “ТУРКОИЗ ХИЛЛ РЕСУРС” КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД “Далд уурхайн бүтээн байгуулалт удааширсан нь компанид сөргөөр нөлөөлөх тул энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хамтран, хүчээ нэгтгэж, Рио-Тинто группийг шахах боломжтой. Далд уурхайн бүтээн байгуулалт хурдтай урагшлах нь  34 хувийн эзэмшигч Монгол Улсын Засгийн газарт ч ашигтай.

Тийм байтал уг асуудлаарх уулзалтуудад Засгийн газраас оролцохоос татгалзсан нь байгаа нь Монголын нөлөө бүхий улс төрчдийг Рио-Тинтогийн ятгалгад өртсөн гэж хардахад хүргэж байна” гэх утга бүхий мэдээллийг холбогдох албаныханд өгчээ.

Харин  Монгол дахь “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙН ЗҮГЭЭС  “Туркоиз хилл ресурс”-ийн удирдлагууд жилд нэг удаа ирж, уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцдаг. Энэ хүрээндээ ажиллахаар Монголд ирсэн байгаа. Засгийн газрын түвшинд уулзалт хийх хүсэлт тавин, татгалзсан хариу авсан эсэх дээр бидэнд мэдээлэл алга” гэсэн юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button