ДЭЛХИЙ

ДЭЛХИЙН УЛСУУД: Авлига авсан албан тушаалтнуудыг хулгайчид тооцож, гарыг нь тасддаг

Авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэх, түүнийг таслан зогсоох хууль тогтоомж улс болгонд бий. Авлигын эсрэг стандарт хориг, хязгаарлалт, зохицуулалтын хүрээ бүх өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоомжид тусгалаа олсон байдаг. Нийгмийн болоод хувь хүний ухамсараар тэрхүү хууль дүрмийг ягштал хэрэгжүүлсэн тохиолдолд харьцангуй үр дүнтэй болох нь батлагддаг.

Авлига гэдэг нийгэм, эдийн засгийн хөгжил сул дорой, улс төрийн тогтолцоо нь тогтворгүй, ард иргэдийнх нь боловсрол муу, мухар сүсэгт хэт автсан газарт илүү цэцэглэн хөгждөг гэж шинжээчид дүгнэж, тодорхойлдог.

Бид энэ удаад уншигч та бүхэнд дэлхийн улс орнууд авлигатай хэрхэн тэмцдэг, ямар хууль дүрэм хэрэгждэг талаарх мэдээллийг цөөн хэдэн улсын жишээн дээр өгүүлье.  

---НИДЕРЛАНД УЛСАД---

Нидерланд бол авлигын түвшин хамгийн багатай орнуудад тооцогддог. Тус улсын авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоонд дараах хэдэн арга хэмжээнүүд багтдаг аж.

  • Авлигыг илрүүлэх, авлигын үйл ажиллагааны үр дагавар, түүнд хүлээлгэх шийтгэлийн талаар байнга мэдээлж, сурталчлах. Дотоод Хэргийн сайд жил бүр авлигын хэргийн илрүүлэлт, авлигын хэрэгт холбогдсон этгээдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаараа парламентдаа танилцуулдаг уламжлалтай.
  • Авлига гарч болзошгүй цэгүүдэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох, тэдгээр цэгт ажиллах хүмүүсийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавих.
  • Албан тушаалтны ёс зүйг зөрчсөн хариуцлагад тохирох эрх, үүргийн тогтолцоог бүрдүүлэх.
  • Авлигын гэмт хэрэгт холбогдсон бол ногдуулах гол шийтгэл нь төрийн байгууллагад ажиллахыг хориглож, нийгмийн бүх тэтгэмжээс чөлөөлдөг. Торгуулийн арга хэмжээнд нь мөнгөн торгуулиас гадна албан тушаалаас нь түдгэлзүүлэх зэрэг багтдаг.
  • Авлигатай тэмцэх хамгийн чухал байгууллагууд, ялангуяа яамдад албан тушаалтнуудын гаргасан алдаа, тэдний санаатай болон санамсаргүй зөрчил дутагдал, гарах үр дагаврыг илрүүлэх үүрэг бүхий дотоод хамгаалалтын албыг ажиллуулдаг.
  • Авлига хээл хахуульд өртөх өндөр магадлалтай албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тогтолцоог зохион байгуулдаг.
  • Үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд үл нөлөөлөх авлигын гэмт хэрэгтэй холбоотой бүх материалыг зайлшгүй ил тод мэдээлдэг.
  • Албан тушаалтнуудад авлигын хор уршгийг тайлбарлан сургах тусгай тогтолцоо бүрдсэн.
  • Авлигын хэргийг илрүүлэх томоохон эрх мэдэл бүхий авлигатай тэмцэх олон нийтийн аюулгүй байдлын тогтолцоог бий болгож чадсан.
  • Бүх шатны албан тушаалтнууд өөрт мэдэгдэж буй авлигын хэргийг бүртгэх үүрэг хүлээж, холбогдох мэдээллийг зохих шугамаар дотоодын хяналтын алба, Хууль Зүйн Яаманд мэдээлдэг.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авлигын хэргийг олон нийтэд ил болгож, мөрдөн байцаалтыг байнга явуулж авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

---ХБНГУ-Д---

ХБНГУ-д төрийн албан хаагчид тодорхой чиг үүргийн дагуу нийгмийн сайн сайхны төлөө ажил үүргээ чин шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээдэг.

  • Төрийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан үйлдэл нь хууль ёсны эсэхэд өөрийн зүгээс дүгнэж, бүрэн хариуцлага хүлээдэг.
  • Авлигатай тэмцэхэд хамгийн чухал асуудал бол албан ёсны нууцыг чанд сахих явдал.
  • ХБНГУ-д төрийн албан хаагч албан тушаалынх нь хугацаа дууссан ч үйл ажиллагааны явцад өөрт нь ил болсон мэдээлэл, баримтыг нууцлах үүрэгтэй.
  • Зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч баримт /хэрэг/-ын талаар шүүхэд ч гэсэн мэдүүлэг өгөх эрхгүй байдаг.
  • Төрийн албан хаагчид албан үүргээс гадна аливаа ажилд оролцохдоо албан ёсны дээд байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай. Зөвхөн шинжлэх ухааны хүрээлэн, сургалт, судалгааны ажил явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй.
  • Төрийн албан хаагч нь компани, нөхөрлөл, эрх зүйн бусад хэлбэрийн аж ахуйн нэгжийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон бусад байгууллагад биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан бизнес эрхлэх эрхгүй.
  • Албан тушаалын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол байгаа бол тухайн ажилд томилохыг хориглоно.
  • Төрийн албан хаагчид үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг мөн нарийвчлан зохицуулдаг.

---АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД---

АНУ-ын хууль тогтоомжид төрийн албыг “албан үүргээ ухамсартайгаар биелүүлэхэд саад болох аливаа хувийн болон бусад санхүүгийн ашиг сонирхол хамаарахгүй үйл ажиллагааны салбар” хэмээн үздэг.

  • Төрийн албан хаагчид нь “төрийн мэдээллийг ашиглахтай холбоотой санхүүгийн гүйлгээ хийх, хувийн ашиг сонирхолын дагуу ашиглахгүй байх үүрэгтэй”.
  • Төрийн албан хаагч нь өөртэй нь ямар нэгэн бизнес эрхэлдэг аливаа хүн, бүлэг, байгууллагаас дурын хэлбэрээр бэлэг сэлт, өргөл барьц авахыг хориглоно.
  • Төрийн албан хаагчдын үүрэг бол авлигын аливаа бүх тохиолдлыг зохих байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
  • Мөн үндсэн цалингаасаа илүү нэмэлт орлого олох боломж хязгаарлагдмал байна.
  • Төрийн албан хаагч нь санхүүгийн зардал, орлоготой холбоотой бүх мэдээллийг ил зарлах ёстой. Үүнд, бүрэн орлого, ногдол ашиг, хадгаламжийн хүү, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн орлого, шимтгэл;
  • Төрийн бус байгууллагаас авсан санхүүгийн болон бусад орлого;
  • Тээврийн болон холбогдох зардал;
  • аливаа хувь хүн, байгууллагаас хүлээн авсан бэлэг, үүнд тээврийн зардал, хоол хүнс, зочид буудлын төлбөр, зоогийн газарт хооллох, төрөл бүрийн энтертайнмент арга хэмжээний төлбөр зэрэг;
  • Төрийн албан хаагч нь эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд, гэр бүлийн бусад гишүүдээр дамжуулан харилцдаг бүх корпораци, компани, пүүс, бизнесийн бусад хэлбэр, ашгийн бус байгууллага, түүнчлэн боловсролын болон бусад байгууллагын нэрсийн жагсаалт

---АВЛИГЫН ЭСРЭГ ЯЛ ШИЙТГЭЛҮҮД---

Авлигын эсрэг хамгийн хатуу тэмцдэг нь Азийн улс орнууд. Ялангуяа, Хятадын авлигатай тэмцэх хууль дэлхийн хамгийн хатуу хууль ч байж магадгүй гэлцдэг. Учир нь, Хятадад авлигын хэрэгт холбогсон албан тушаалтнуудад төрийн өмчийг шамшигдуулсан хэргээр цаазаар авах ял оноодог.

Ийм ял шийтгэлийн арга хэмжээ 1980-аад оны эхээр ХЯТАДЫН эрүүгийн хуулинд шинээр гарч ирсэн. Түүгээр ч үл барам, цаазаар авах ялыг бүр олон нийтийн өмнө гүйцэтгэдэг. Жилд хэдэн мянган ийм шийтгэл ногдуулдаг ба дийлэнх тохиолдолд төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон пүүс корпорацийн удирдлагууд ялын дээд хэмжээ авдаг. Өөр нэг шийтгэл бол авлига авсан бол гарыг нь тастах тохиолдол ч цөөнгүй бий аж.

Авлигыг Хятадад “Хориотой жимс” гэж нэрлэдэг. Хятадад төрийн албан хаагчид албан тушаалын эрх мэдлээрээ баяжихын тулд ердийн бус алхам хийх нь тун ч элбэг. Тэр хэрээрээ ял шийтгэл нь ч өндөр. Хятадын эрх баригчид төрийн байгууллагаас гарсан бол дараа нь албан тушаалтнуудад хувьцаа бэлэглэх, үл хөдлөх хөрөнгө, машин худалдан авах, нэр хүндтэй ажилд орохыг хориглодог аж.

2007 онд Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн албыг байгуулж, түүний даргаар Хяналтын сайд Ма Вэнийг томилсон. Тус хэлтсийн үүрэг даалгаварт авлигын шалтгааныг судлах, түүнийг устгах арга барилд дүн шинжилгээ хийх, албан тушаалтнуудын эрх мэдлийн ашиглалтад хяналт тавих, авлига авсан удирдлагуудыг ялаас мултрах боломжийг олгодог цоорхойг арилгахын тулд одоогийн хууль тогтоомжийг судлах зэрэг асуудлууд багтдаг.

How Corrupt Is China? - YouTube

Авлигатай тэмцэх хамгийн шалгарсан практик үр дүнтэй нь батлагдсан арга бол боловсон хүчнийг нэг албан тушаалд аль болохоор удаан ажиллуулахгүй, сэлгэн ажиллуулдаг.

Гэвч, хэт хатуу арга хэмжээ авах нь авлигатай тэмцэх цорын ганц арга зам биш гэж үзэж “зөөлөн аргаар” тэмцэх нь ч бий. Хятадад авлига авах нь буруу зүйл, авлига авахаас татгалздаг болох сэтгэлгээг тархинд нь суулгахад ихээхэн анхаарч, ач холбогдол өгдөг. Бүр тусгай сургалтууд ч бас бий. Төрийн албан хаагчид бясалгал хийж, тулааны урлагаар хичээллэж, хүч чадлын дасгал хийдэг. Энэ нь сэтгэлийн дотоод заслаараа авлигатай тэмцдэг гэсэн үг.   

Мөн албан тушаалтнуудын ар гэрийнхэнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Албан тушаалтнуудын гэр бүл, үр хүүхдүүдэд нь зориулж хахууль авсан хэргээр ял эдэлж буй хорих ангиудад танилцах аялал хүртэл зохион байгуулдаг. Авлигын хэргээр буудах ял авсан гэмт хэрэгтгүүдийн ар гэр, хамаатан саднаар нь ашигласан сумны төлбөрийг хүртэл төлүүлдэг байх жишээтэй.

Арабын Нэгдсэн Эмират Улсад авлига авсан албан тушаалтнуудын гарыг нь тайрах ял ногдуулдаг. Тэднийг хулгайч гэж тооцон ийм хатуу ял тулгадаг байна.  Тэнд авлигын хэргийг бусдын мөнгийг халаасалж буй хулгай гэж тооцдогтой холбоотой.

ИЛҮҮ ЛИБЕРАЛ ЯЛ ШИЙТГЭЛ

---ХОНКОНГ---

Хонконгчууд авлигатай тэмцэх салбарт “гавьяа байгуулсан” гэдгээрээ сайрхах дуртай. Өмнө нь Хонконгод бараг бүх төрийн салбар авлигын хэрэгт холбогдож байсан. Гэвч, Хонконгийн эрх баригчид хэд хэдэн үр дүнтэй арга хэмжээ авсны ачаар хээл хахууль цэцэглэлтийг ялж чаджээ. Тиймээс үүгээрээ бахархах нь ч бас аргагүй. Үүнд: нэгдүгээрт, төрийн албан хаагчид бүх үл хөдлөх хөрөнгө, тансаг автомашин болон бусад үнэтэй цайтай эд зүйлсээ шударга хөдөлмөрийнхөө хүчээр олсон мөнгөөр ​​худалдаж авсан гэдгийг батлах ёстой. Хэрэв албан тушаалтан шударга бус үйлдэл, өөрөөр хэлбэл хууль бусаар хөрөнгөжиж дээрхийг худалдж авсан бол түүнийг чанга дэглэмтэй шорон хүлээдэг. Эд хөрөнгийг бүгдийг нь хурааж авдаг. Хоёрдугаарт, төрөөс авлигатай тэмцэх бие даасан комисс байгуулж, ажилчид, албан хаагчдыг авлигаас хараат байлгаж, авлигад уруу татагдахгүйн тулд тэдний цалинг өндөр болгосон.

---СИНГАПУР---

Сингапурт авлигатай тэмцэх ажлын хүрээнд шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлж, хээл хахуулийн гэмт хэрэгт эрүүгийн шийтгэлийг чангатган, шүүгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлсэн. Мөн авлига өгсөн, авсан бол аль аль талд нь ижил ял шийтгэл ногдуулах зэрэг хэд хэдэн үр дүнтэй арга хэмжээ авсан. Ингээд эцэстээ хэдхэн жилийн дотор Сингапур их хэмжээний авлигын эсрэг тууштай тэмцэж чадав. Энэ мэт авлигатай тэмцэх хатуу бодлого хэрэгжүүлснээрээ Сингапур авлигын төвшин хамгийн багатай орнуудын нэг буюу дэлхийн чансааны долоодугаарт орох болов. Энэ нь авлигыг нэлээд соёлтойгоор, хүмүүнлэг аргаар ялж болдгийг нотолж байгаа юм.

---ӨМНӨД СОЛОНГОС---

Өмнөд Солонгост нээлттэй ил тод байдал, нийгмийн хяналтыг түлхүү шүтдэг. Үүнийгээ ч иргэн бүр нь баримталдаг гэхэд хилсдэхгүй. 1999 оноос хойш Өмнөд Солонгост “OPEN” хөтөлбөр хэрэгжиж байна. “OPEN” бол цахим систем ба  албан тушаалтанд иргэдээс ирүүлсэн өргөдлийг хянан шийдвэрлэхэд цаг алдалгүй хяналт тавьж, албан тушаалтнуудын ажлыг аль болох нээлттэй, ил тод болгох боломжийг олгодог хөтөлбөр. Эл системийг нэвтрүүлснээр иргэдийн өргөдөл, гомдлыг олон нийтээс нуух боломжгүй болсон тул шударга бус шийдвэр гаргах эрсдэл багассан.

Үүний хажуугаар бас 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлсэн Авлигын эсрэг шинэ хууль авлигатай тэмцэхэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Насанд хүрсэн иргэн бүр аливаа албан тушаалтанд аудит хийх эрх олгосон шинэ хууль юм. Эл хуулиар хяналт, шалгалтын хороонд аливаа гомдлын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлэх эрхийг жирийн иргэнд хуулиар олгосон нь маш үр дүнтэй байгаа юм. Ингэснээрээ авлига, хүнд суртлыг нээлттэй болгох бодлогын ачаар Өмнөд Солонгосыг авлигын индексээр 52-т авчирсан юм.

---НИДЕРЛАНД---

“Транспэрэнси Интернэйшнл” /Transparency International/ байгууллагын мэдээлснээр, Нидерланд авлигын төвшин хамгийн бага буюу наймдугаар байрт орж буй улс. Ийм амжилтанд хүрэхийн тулд тус улсын эрх баригчид авлигын эсрэг хэд хэдэн арга хэмжээ авчээ. Хахуульд идэгдсэн орон нутгийн албан тушаалтнуудыг төрийн байгууллагад ажиллахыг нь хориглож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд бүх л нийгмээс үзүүлэх хөнгөлөлт, урамшууллаас хассан байна.

Мөн авлига авч болзошгүй албан тушаалтныг тодорхой албан тушаал хашихаас сэргийлэхийн тулд Нидерландад боловсон хүчнийг сонгон шалгаруулах тусгай системийг зохион байгуулав. Түүнчлэн ажилтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж болзошгүй томоохон газруудад албан тушаалтнуудын үйлдлийг хянаж, алдаа дутагдлыг нь илрүүлдэг дотоод хамгаалалтын албыг хүртэл байгуулсан байна.

Хамгийн чухал зүйл бол авлигатай тэмцэх үр дүнтэй арга хэмжээ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хээл хахуулийн хэргийг олон нийтэд сурталчлах, мөрдөн байцаалт явуулах боломжийг олгосон. Үүнээс гадна, авлигын хэрэгт холбогдоогүй, холбогдсон хамтран ажиллагсдынхаа албан тушаалаа урвуулан ашигласан талаар мэдээлэл өгсөн бол мөнгө санхүүгийн болон эд хөрөнгийн томоохон дэмжлэг үзүүлж, урамшуулах системийг хэрэгжүүлсэн байна.

---АНУ: 15 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ---

АНУ-д авлигын эсрэг тэмцэх хамгийн шилдэг арга бол хуулийн дагуу шийдэх. Тухайлбал, хээл хахууль өгсөн тохиолдолд торгуулийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Түүнээс гадна, шүүх дээрх хоёр ялыг хатад нь өгөх эрхтэй.

---КАНАД: 14 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ---

Канадад шүүх, хууль тогтоох байгууллагад болон төрийн байгууллагын албан хаагч тодорхой үйлдэл хийснийхээ хариуд эд материалын болон бусад ашиг орлого зорилгоор бусдаас хахууль авсан бол, эсхүл ийм үйлдлийг зөвшөөрсөн бол 14 жил хүртэлх хугацаагаар шоронд ял эдлэх шийтгэлтэй.

---ФРАНЦ: 10 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ---

Францын хууль тогтоомжид авлига авсан тохиолдолд аж үйлдвэр, худалдааны аж ахуйн нэгжийн дарга, ажилчдыг долоон жил хүртэл хорих ялаар, харин албан тушаалтныг арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Түүнчлэн Францын хуулиар албан тушаалтныг 2-10 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл  их хэмжээний торгууль ногдуулж, ямар үнэтэй байхаас үл хамааран янз бүрийн бэлэг сэлт авахыг хориглодог.

Францад эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд таван жил хүртэл хорих ял, бас торгууль ногдуулдаг. Албан тушаалтны хийсэн үйлдэл нь ноцтой үр дагаварт хүргэсэн бол шийтгэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг аж.

---ГЕРМАН: 5 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ---

Албан тушаалтан албан үүргээ зөрчиж, бусдаас эд хөрөнгө, бусад ашиг орлого олох зорилгоор авлига авах, өгөхийг шаардах, эсхүл цаашид авахаар зөвшөөрсөн бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял авна.

Дэлхийн практикаас харахад хээл хахуулийг арилгахын тулд авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ногдуулах арга хэмжээг аль болох чанга болгох тусам төдийчинээ үр дүнтэй гэсэн тооцоо гардаг. Сонирхуулахад, зарим оронд хээл хахуулийг Үндсэн хуулиа зөрчсөн, эх орноосоо урвасантай адилтган үздэг байна.

Эх сурвалж: Weforum.org

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-04 10:18

Манай улсад хатуу хэрэгжмээр бгаа юм дааа

Зочин
Зочин
2022-06-04 10:19

Хатуу хуультай болж хулгайч нарийн гарыг нь та�####�х хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-04 10:23

Монгол дарга нарыг тэгээч

Зочин
Зочин
2022-06-04 10:52

Гарыг нь тасд тасд

Зочин
Зочин
2022-06-04 10:53

Хатууу хуууль хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-04 12:50

Гудамжаар дүүрэн гаргүй хүмүүс аймшигтай төсөөлөл, дэмий юм байнаа

Зочин
Зочин
2022-06-04 13:43

Гараа тайруулчихаад УИХ-ын 76 маань яаж кнопоо дарах юм бэ? Ёстой хэцүү хууль бна. Харин мухар гараараа �######� илж болох байх аа? Ха ха ....

Зочин
Зочин
2022-06-06 06:58
Reply to  Зочин

Хөл кноп хийчихнэ. Аргаа олно, муу юманд гарг�##�гаа сайтай луйварчид.

Зочин
Зочин
2022-06-04 15:06

Манай Монголд авлига авсан хүний гарийг тайрдаг болчихвол төрийн ордоноос эхэлээд л, яам тамгын газар болон хил га�##�ь, мэргэжлийн хян�##�т, дүүрэг хороо ер нь улсын байгууллагуудаар дүүрэн мухар гартай хүмүүс байх байхдаа

Зочин
Зочин
2022-06-04 22:28

Монголд бол эсрэгээрээ бараг гавьяа байгуулсан юм биш үү. Улам л эрх мэдэлтэй болоод байдаг. Хулчгар ард иргэдтэй улсад аргагүй л дээ

Зочин
Зочин
2022-06-06 06:56

Монголд тэгвэл баахан гаргүй УИХ-ын гишүүд, сайд , дарга нартай болох нь.

Зочин
Зочин
2022-07-21 08:53

ЯАСАН САЙХАН МЭДЭЭ ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button