
Сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаа тул голын түвшин ихсэж урсгал нь илт нэмэгдэж буй. Тэгвэл урин дулаан цаг ирж дотоодын аялагч амрагчид майхан, саваа зэхэж аваад голын эрэг барааддаг. Үүнтэй зэрэгцэн усанд эндлээ гэх харамсалтай мэдээ тасрахаа больдог нь нууц биш.
Ихэнх хүмүүс чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг аль эсвэл мэддэг хэрнээ нүүр тулахаас нааш ухааран ойлгодоггүй энэ сэдвийг одоо ярих цаг нь болсон. Өнгөрсөн жилийн баяр наадмын хоёр, гуравхан хоногт л гэхэд 20 гаруй хүн усанд живж амь насаа алджээ.
Харин бүхэл зуны хугацаанд яг хэдэн хүн амь эрсэдсэн нь тодорхойгүй. Ердөө хэдхэн хоногийн дотор гэхэд дэндүү их тоо. Үүний ард хэчнээн гэр бүл өнчрөл хагацлын хатуу зовлонг туулдгийг хэлэхэд бэрх.
Усанд амиа үйж байгаа гол шалтгаан нь ердөө л хувь хүний хариуцлагын асуудал болж таардаг. Жишээ нь найз нөхөд, гэр бүл, албан байгууллагаараа аялахдаа архидан согтуурч улмаар гол усанд ордог нь эрсдэл бий болгодог. Нэг л мэдэхэд хөл алдчихдаг усанд нэгнээ хөөргөж оруулах эсвэл усанд сайн гэж өөртөө барддаг нь амь насаа алдах шалтгаан болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Ус ч хүн усандаа гэж ярилцах нь ч бий...
Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүйтэн усанд ороход шөрмөс нь татаж улмаар хөдөлж чадалгүй амь эрсэддэг гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Нөгөө талаараа аялаж зугаалах үедээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс болж бяцхан амь усанд хөвөх тохиолдол гардаг. Иймд гол уснаас болгоомжтой байж өөрийн болон бусдын амийг гарч болзошгүй эрсдлээс сэргийлээрэй.
Эцэс сүүлд нь хэлэхэд аялал нь "АВРАЛТ" болж хувираад адаг сүүлд нь "АМИА ҮЙЛТ" болж бөөн гуниг харуусал дагуулах вий.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж бий шүү дээ, хичнээн сайн байлаа гээд байгаль эх л дийлнэ