ДЭЛХИЙЯРИЛЦЛАГА

Дадул Намжил: Үхэл бол хорвоод мэндлэх үед бидэнд өгсөн “оршихуйн хөзөр”-ийн нэгээхэн хэсэг

Бид уншигч та бүхэнд “The New York Times” сонины Төвдийн гэвш лам Дадул Намжилтай “Буддын шашны лам хэрхэн үхлээ угтаж авдаг вэ” гэх нэгэн сонирхолтой сэдвээр ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Гүн ухаан судлаач, профессор Жорж Янси түүнтэй ийн ярилцжээ.   

The New York Times”: Энэ удаагийн ярилцлага бол үхлийн утга учрыг харуулсан цувралын маань хамгийн анхных нь. Бид энэ асуултад янз бүрийн шашныг төлөөлөх эрдэмтэн мэргэд, басхүү атеист буюу шашингүй үзэлт нэг эрдэмтнээс хариулт авсан юм. Энэ сарынхаа дугаарт бид тэртээ 1977 оноос Энэтхэгийн Дарамсала хотын “Буддын диалектикийн хүрээлэн”-д Буддын шашинд суралцаж эхлээд 1992 онд Энэтхэгийн өмнөд хэсэгт байрлах Дрепунг Лоселинг хийдийн харъяа их сургуулийг гэвш Лхарамба буюу Буддын гүн ухааны докторын зэрэгтэй төгссөн Төвөдийн Буддын шашны гэвш лам Дадул Намжилтай ярилцлаа.

Гэвш лам Дадул Намжил мөн Энэтхэгийн Чандигарх хотын Пенжабын Их Сургуульд англи хэлний уран зохиолын магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр одоо АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод байрладаг Эмори Их Сургууль /Emory University/-ийн Бясалгалын шинжлэх ухаан, энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төвд ажилладаг. Түүнтэй бид цахимаар ярилцсан юм.

Гэвш Дадул Намжил: Амьдрал үзэсгэлэнтэй атлаа нэг наст ургамал, шавьж мэт түр зуурынх, мөнх бус юм гэдгийг үнэлж сурснаараа бид түүний төгсгөлийн санаатай эвлэрч чадна”.

Би дорнын гүн ухаан, тэр тусмаа Буддын шашны гүн ухааныг анх сонирхож эхлэхдээ хорин настай байв. Би Сиддхарта Гаутама хэрхэн Будда болон хувирсаныг, ялангуяа түүний хүсэл тачаал, айдас хүйдэс нь ар араасаа үүдэн гарах байдалд санаа зовниж буйг биширсэн билээ. Үнэн хэрэгтээ, үхэл олон хүнд айдас төрүүлдэг. Тиймээс, хүмүүс бид яагаад үхлээс айдаг вэ гэдгийг Буддын шашны үүднээс тайлбарлаж өгөхгүй юү?

–Бид амьдралд хайртай учраас л үхлээс айдаг. Бид үхлийг заримдаа хэт их хайрладаг, түүнийг зөвхөн нэг талаас нь л харахыг илүүд үздэг. Бид төсөөлж буй амьдралтайгаа зууралдаж, түүнийг байгаагаас нь илүү гэрэл гэгээтэй болгох гэж хичээдэг. Бүр тодруулбал, бид амьдралын бүрэн дүр зургийг бүтнээр нь харахаас татгалзаж, амьдралд “төрөлхийн сул тал” болох үхэл гэж зүйл бий шүү гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Гэвч, бид үхэл хэзээ ч ирэхгүй гэж боддоггүй бол биш.

Бид өнөөдөр, маргааш, сар, жилийн дараа гэх мэт ямар ч мөчид, хэдийд ч үхэж болно гэдгээ ойлгодоггүй. Амьдралын талаарх энэхүү урьдчилсан таамаг төсөөлөл, сонгомол, бүрэн бус үзэл бол бидэнд үхэлгүйгээр орших, ядаж ойрын ирээдүйд “үхэхгүйдээ” гэсэн хүчтэй бодолд уусаж, хүсэж тэмүүлж, шунан тачаадаж, тэр ч байтугай итгэл найдварыг аажмаар бий болгодог. Гэвч, бодит байдал бидний итгэл үнэмшилтэй зөрчилддөг.

Бид эдгээр дотоод сул талдаа хэт автсан байдаг ч төрөлхийн л үхлээс айж эмээдэг, түүний тухай бодлоо хөөн зайлуулж, үхэл бидний амьдралыг сүйрүүлдэг гэдэгт гүн итгэчихдэг.

Бид гэр бүл, найз нөхөд, эд баялаг, эрх мэдэл гээд тав тухтай амьдралаас дэндүү их хамааралтай болчихдог учир үхлээс айдаг. Үхэл л биднийг тэрхүү тааламжтай зүйлсээс маань салгах юм шиг санадаг. Мөн дээрээс нь бид үхлийн дараа юу болохыг мэддэггүй учраас л улам их айдаг. Бид үхлийн үйл явцыг удирдаж чадахгүй, нөхцөл байдлын хүчинд автах болно гэдгээ ойлгож ухаарч байгаа нь эргээд зөвхөн айдсыг нэмэгдүүлдэг. Үхлээс айх айдас бол үхлийг ухаарахтай адил зүйл биш гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.

Таны бодлоор бидний ихэнх нь амьдралыг хүлээн зөвшөөрдөг ч гэлээ үхэл бол бидний энэ хорвоод мэндлэх үед бидэнд өгсөн “оршихуйн хөзөр”-ийн нэгээхэн хэсэг гэдгийг ойлгохыг ч хүсдэггүй гэж хэлж болох байх. Энэ их айдас хүйдэсийн гол цөм нь бидний амьдрал, үхэл хоёрын уялдаа холбоог хүлээн зөвшөөрөх чадваргүйд байгаа болов уу гэлтэй.

–Яг тийм. Бид бодит байдлыг яг байгаагаар нь харж, хүлээж авдаггүй: амьдрал бол үхлийн нэг хэсэг, үхэл бас амьдралын нэг хэсэг. Нэмж хэлэхэд, бидний биеэ тоосон байдал, хэт их бардам зан, өөрийгөө ялган “тусгаарлах” хүсэл биднийг үндсэндээ амьдралын салшгүй хэсэг болох зүйл /үхэл/-ээс салгасаар байдаг.

Та эгоцентризм гэх ойлголтыг бидний үхлийн айдастай холбосон нь надад таалагдаж байна. Үхлийн санааг хүлээн зөвшөөрөх нь өөрсдөдөө саад тотгор тавихаа болих явдал гэж хэлж болох байх. Энэ нь магадгүй миний бодлоор үхлийг уужуу тайван сэтгэл, ухаанаар даван туулахад туслах аргуудтай холбоотой байх.

–Бид үхэл бол зайлшгүй байдгийг тунгаан бясалгаж, түүнийг бидэнд өгсөн амьдралын салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрч чадах учиртай. Амьдрал үзэсгэлэнтэй атлаа нэг наст ургамал, шавьж мэт түр зуурынх, мөнх бус юм гэдгийг үнэлж сурснаараа бид түүний төгсгөлийн санаатай эвлэрч чадна. Тэгэж байж гэмээнэ бид байнга хувьсан шинэчлэгдэж, дахин мэндлэх санааг ойлгох болно. Энэ нь биднийг байгаль дэлхий, тэр тусмаа уулс, одод, тэр ч байтугай орчлон ертөнцтэй холбож өгдөг. Учир нь, бүх үзэгдэл юмс тасралтгүй өөрчлөгдөж, шинээр мэндэлдэг. Энэ бүхэн бол уужуу тайван байж, байнга хувьсан өөрчлөгдөх бодит байдлыг хөнгөнөөр хүлээн авахын сацуу өөрийн болоод өрөөл бусдын төлөө өгөөмөр ач тус өгөхийн төлөө одоогийнхоо энэ цаг мөчид ухамсартайгаар оршихыг хичээж амьдрах шаардлагатайг харуулж байгаа хэрэг.    

Ямар гоё тайлбар вэ. Тэгвэл хэрхэн тэрхүү сэтгэлийн амар амгаланг олж авах талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

–Ингэхийн тулд, юуны өмнө таны оюун санааны тогтвортой байдлыг чухам юу алдагдуулж байна, тэр бүх саад тотгор болж буй элементүүд хэрхэн ажилладаг, юу улам хүчирхэгжүүлдэгийг нарийн тодорхойлохыг хичээ. Дараа нь харин та тэр бүгдтэй тэмцэж чадах эсэхээ бодоод үз. Би чадах уу, аль эсвэл үгүй юу гэдгээ. Хариулт нь “үгүй” гэж байгаа бол түүнийг хүлээж авахаас өөр юу хийж чадах билээ.

Харин, “яана аа” гэж санаа зовох нь дэмий зүйл. Нөгөөтэйгүүр, хэрэв хариулт тань “тийм” гэж байгаа бол та тодорхой арга замуудыг хайж, амьдралдаа бодитоор хэрэгжүүлж болно. Дахин хэлэхэд, санаа зовох хэрэггүй.

Мэдээжийн хэрэг, эхлээд сэтгэл санаагаа тайвшруулах арга зам хэрэг болно. Цаашилбал, олж авсан тайван, тогтвортой байдалдаа тулгуурлан юуны өмнө аливаа зүйлс гэдэг хоорондоо хэрхэн уялдаа холбоотой, тэдгээр нь бие биедээ сөрөг эсвэл эерэг нөлөө үзүүлдэг тухай ойлголтыг гүнзгийрүүлнэ. Энэ ойлголтыг амьдрал ахуйдаа оруулаарай.

Бид өөрсдийнхөө хор хөнөөлтэй элементүүд болох бүрхэг сэтгэл хөдлөл, гажуудсан үзэл бодлоо таньж, тэдгээрийг сайтар шинжлэх хэрэгтэй. Тэд хэзээ гарч ирдэг вэ? Тэр бүхний эсрэг хэрхэн сөрөн зогсох вэ? Мөн бид өөрсдийн бүтээлч шинж чанарууд эсвэл боломжуудыг анзаарч, тэдгээрийг хэрхэн ашиглах, хөгжүүлэхэд суралцах учиртай юм.

–Үхлийг бодитойгоор харахаас татгалзсанаар бид өөрсдийгөө юунаас салгаж, хохироодог гэж та бодож байна вэ?

–Үхлийг бодитойгоор, өөрөөр хэлбэл амьдралын салшгүй нэг хэсэг болгон харж чадахгүй, үүний дагуу амьдрахгүй бол бидний бодол санаа, үйл хөдөлгөөн бодит байдлаас ангижирч, зөрчилдөөнөөр дүүрч, байх ёсгүй саад бэрхшээлийг бий болгодог.

Энэ тохиолдолд бид энэ үнэлж баршгүй “амьдралын бэлэг”-ийг дэмий үрэх эсвэл эцсийн дүндээ бидний хувьд юу ч биш богино хугацааны, хоромхон зуурын зорилгын хойноос хөөцөлдөж цагаа үрэх болно. Эцсийн дүндээ бид амьдрал гэж юу болох, хэрхэн амьдрах ёстойгоо мэдэхгүй, огт амьдарч үзээгүй мэт үхэлтэй учирч магадгүй юм.

Opinion | How Does a Buddhist Monk Face Death? - The New York Times

Та “амьдралын бэлэг” гэж чухам юуг ингэж нэрлэсэн гэдэг нь их сонирхолтой санагдлаа. Амьдрал ямар утгаараа “бэлэг” байж болох бол. Таны хэлсэн үхэл ба амьдралын хоорондын уялдааг харгалзан үхлийг нэгэн төрлийн “бэлэг” гэж нэрлэж болох уу?

–Би бараг бүгд л үүнтэй санал нийлэх учраас амьдралыг “бэлэг” гэж нэрлэсэн. Мэдээж, үүнийг өөр өөрийнхөөрөө хүлээж авах нэгэн байх нь тодорхой. Миний бодлоор үхэл бол амьдралын салшгүй хэсэг юм шүү гэж хүлээн авч, үнэлж сурахын тулд тэрхүү “амьдралын бэлэг”-ийг яг л онгоцны зангуу, эхлэл цэг болгон ашиглах учиртай байх.

Үхэл бол тэрхүү “амьдралын бэлэг”-ийн байгалиас заясан нэг хэсэг, амьдралтай хамт бидний оршин тогтнох гэж нэрлэдэг зүйлсийг бүхэлд нь, бүрэн дүүрэн, утга учиртай болгодог зүйл. Чухамдаа бидний зугтъя гээд ч зугтаж болшгүй зайлшгүй тохиох төгсгөл л бидний амьдралыг илүү утга учиртай, үнэ цэнтэй болгож, зорилго мөрөөдөлдөө хүрэхэд маань урам зориг өгдөг. Үхэл бас шинэчлэлт, дахин төрөлт, залгамж чанарыг илэрхийлдэг учир үхлийн талаар зөв бодож сэтгэснээр бид ойлгон ухаарах, хүлээн зөвшөөрөх, хүлээцтэй хандах, итгэл найдвар, үүрэг хариуцлага, өгөөмөр сэтгэл зэрэг хувиргах чанаруудаа төлөвшүүлдэг. Буддын шашны нэгэн сударт үхлийн талаарх бясалгалыг “бясалгалын дээд хэлбэр” хэмээн магтан дуулсан байдаг.

Таны хэлснээр бид үхлээс айдаг, учир нь үхлийн дараа юу болохыг бид мэдэхгүй талаар дурслаа. Платон “Сократын уучлал” номондоо, “Үхэл бол нэг төрлийн адислал байж болно” гэсэн эртний Грекийн гүн ухаантны үгийг иш татсан байдаг. Мөн “Үхэл бол зүүдэндээ юу ч харахгүй унтах мэт зүүд шиг, эсхүл бидний сүнсийг өөр газарт аваачдаг зүйл байж болно” гэсэн байдаг. Та Төвөдийн буддист хүний ​​хувьд үхсэний дараа үргэлжлэл бий гэдэгт итгэдэг үү?

–Буддистууд, ялангуяа Важраяна шашны дагалдагчид нарийн ухамсар, нарийн энерги, амьдралаас амьдрал руу шилжих шилжилтийн тасралтгүй байдалд итгэж, энэ үйл явц  хэзээ ч дуусашгүй гэж үздэг. Энэхүү ухамсрын нарийн энерги нь мөнхийн байх агаад түүнд эхлэл гэж үгүй, басхүү төгсгөл ч гэж огт байдаггүй. Эгэл жирийн амьтад та бидний хувьд шинэ амьдрал руу шилжих шилжилт бол ямар нэг сонголтын үр дүн биш, харин өнгөрсөн хугацаанд үйлдсэн буян, нүгэлтэй холбоотой үйлдлүүдийн нөлөөн дор бий болдог зүйл. Тиймээс, буян, нүгэлээс хамааран бид амьдралын янз бүрийн хэлбэрт дахин мэндлэх боломжтой.

–Би хүүхэд байхдаа ээжээсээ нөгөө ертөнцийн талаар байнга асуудаг байв. Тиймээс, үхсэний дараа яах бол гэсэн айдастай байдаг тэдгээр хүүхдүүдэд энэ талаар юу гэж хэлж тайвшруулах ёстой юм бол?

–Үхлийн дараах амьдрал гэдэг тэдний өөрсдийнх нь үргэлжлэл байх агаад энэ амьдралдаа тэдний хийсэн сайн ч бай, муу ч бай бүх үйл хожмоо үр дагавартай гэдгийг тэдэнд хэлэх хэрэгтэй. Энэ насандаа хэдий хэр энэрэн нигүүлсэж, эерэг сэтгэлгээг хөгжүүлж, бусдад зөв хандлагыг төлөвшүүлнэ тэр хэмжээгээрээ дараагийн төрөлдөө мөн адил тэдгээр шангаа хүртэх болно. Тэр бүхэн танд ямар ч нөхцөл байдал, тэр ч байтугай үхэлд хүртэл тайван хандахад тань туслах болно. Тиймээс, үхлийн дараах амьдралын айдсыг даван туулах хамгийн найдвартай арга бол одоо байгаа цаг мөч бүрийг мэргэн ухаан, энэрэнгүй сэтгэлээр дүүргэх явдал агаад энэ нь биднийг одоо цагт аз жаргалтай, утга учиртай амьдрахад минь туслах учиртай ажгуу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-14 09:44

Гоё ярилцлага уншлаа нүгэл бүхнийг тэвчих сэтгэл явагтун

Зочин
Зочин
2022-06-14 09:45

Тиймээс, үхлийн дараах амьдр####ын айдсыг даван туулах хамгийн найдвартай арга бол одоо байгаа цаг мөч бүрийг мэргэн ухаан, энэрэнгүй сэтгэлээр дүүргэх явд#### агаад энэ нь биднийг одоо цагт аз жарг####тай, утга учиртай амьдрахад минь туслах учиртай ажгуу

Зочин
Зочин
2022-06-14 09:48

Бид өөрсдийнхөө хор хөнөөлтэй элементүүд болох бүрхэг сэтгэл хөдлөл, гажуудсан үзэл бодлоо таньж, тэдгээрийг сайтар шинжлэх хэрэгтэй. Тэд хэзээ гарч ирдэг вэ? Тэр бүхний эсрэг хэрхэн сөрөн зогсох вэ? Мөн бид өөрсдийн бүтээлч шинж чанарууд эсвэл боломжуудыг анзаарч, тэдгээрийг хэрхэн ашиглах, хөгжүүлэхэд сур####цах учиртай юм.

Зочин
Зочин
2022-06-14 21:58

Түвд Энэтхэгүүд 2000жил дагаж саобагнаад наад өмхий шашингаас чинь юу хожив.Үхэх төрөх жам шдээ

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x