Путин Ши Жиньпинд төрсөн өдрөөр нь хайрцаг дүүрэн зайрмаг бэлэглэжээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийн 66 насны ой тохиожээ.
Харин тэрээр төрсөн өдрөөрөө Тажикистаны нийслэл Душанбед болж буй Ази тивд итгэлцэл, тогтвортой байдал бий болгох зорилготой CICA олон улсын чуулганд оролцож байгаа юм. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын төрийн тэргүүнд сонирхолтой бэлэг барьсан байна.
“Ийм сайн найзтай болсондоо би баяртай байдаг” гэж хэлсэн Путин түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд бялуу, хайрцаг дүүрэн зайрмаг, оросын гар урчуудын бүтээлийг бэлэглэжээ.
Ши Жиньпинийг орос зайрмагт дуртай, ОХУ-д айлчлах бүртээ зайрмаг зооглохыг хүсдэг тухай 2016 онд хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Тэгвэл Путин түүнд хайрцаг дүүрэн зайрмаг бэлэглээд тэдгээрийг “Хамгийн амттай нь” гэж магтсан байна. Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгчийн бэлэгт талархаад хариуд нь Оросын самоварыг санагдуулам хөх өнгийн вааран савыг хятад цайны цуглуулгын хамт бэлэглэжээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.