Сурвалжилга, Нийтлэл

Монголчууд баяжих тусмаа төмс идэхээ больдог

ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖ ТӨМСНИЙ ХЭРЭГЛЭЭ УРВУУ ХАМААРАЛТАЙ

Төмсний зах зээлийн үнэ саяхан огцом нэмэгдэж, кг нь 5000 төгрөг болсон билээ. Үүнийг иргэдийн ихэнх нь цочирдон хүлээж авсан гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Тэгвэл энэ байдал нь Монголд хүнсний хомсдол нэгэнт нүүрлэсэн бөгөөд монголчуудын ихэнх нь ядуу дорой амьдарч байна гэсэн утгыг бас давхар илэрхийлдэг байна.

Учир нь төмс хэмээх ногоо нь элбэг дэлбэг цагт хэнд ч тоогдохгүй адлагддаг хэр нь хүнсний хямрал нүүрлэхэд аминд ордог, иргэд баян тансаг байх тусмаа хэрэглэхгүй байх хандлагатай “сонин” ногоо аж.

БАЯН БАЙХ ТУСМАА БАГА, ЯДУУ БАЙХ ТУСМАА ИХ ТӨМС ИДНЭ

Төмс хүний хоол хүнсний бүтцэд чухал байр суурь эзэлдэг нь маргаангүй. Дэлхийн 100 гаруй оронд тархаж, 70 гаруй оронд хүнсний гол бүтээгдэхүүн нь болон өргөмжлөгдөж, 200 гаруй нэрийн хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог гэдэг үзүүлэлт л үүнийг батлаад өгнө.

Өмнөд Америкийн Андын нурууны өндөрлөг газраас гаралтай энэ ургамал 500 жилийн өмнөөс Европ тивээр дамжин дэлхийд тархсан бөгөөд түүнээс хойш тохиолдсон байгалийн гамшиг, Дэлхийн дайн гэх мэт олон гай түйтгэрээс хүн төрөлхтнийг аварсан нь яах аргагүй үнэн.

Хэдий ийм ач тустай ногоо боловч “Аргагүйн эрхээр л хэрэглэдэг” гэсэн имиж төмсийг байнга дагалдаж ирсэн нь хачирхалтай. Ийм хоч авахад нөхцөл голохгүй ургадаг, хямд төсөр зэрэг нь нөлөөлсөн нь маргаангүй. Төмс илчлэг чанараараа байцаа, лууван, цэцэгт байцаа зэргээс 5-6 дахин илүү ч цардуул ихээр агуулдагаасаа болж ийнхүү адлагдахад хүрчээ.    

Монголчуудын хүнсний бүтцэд төмс томоохон байр суурь эзэлдэг. Гэхдээ тухайн айл өрхийн эдийн засгийн чадамж нэмэгдэх тусам төмсний хэрэглээ буурдаг сонин зүй тогтол ажиглагджээ. Жишээ нь, сард нэг сая төгрөг хүртэлх орлоготой гэр бүлийн нэг гишүүн жилд 46 кг буюу стандарт хэмжээний төмс хэрэглэдэг байхад 500 мянга ба түүнээс доош орлоготой өрхийн гишүүд жилд 60 кг, түүнээс дээш хэмжээтэй төмс хэрэглэдэг байна. Харин өрхийн орлого 1.5 сая, хоёр сая гэх мэтчилэнгээр нэмэгдэх тусам гэр бүлийн гишүүдийн хэрэглэх төмсний хэрэглээ 46 кг-аас 15 кг хүртэл буурдаг ажээ.

ТӨМС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР Ч БАЙЖ БОЛНО

Төмс гэхээр таны толгойд хамгийн түрүүнд чипс эсвэл чанаж, жигнэж болгосон ямар нэг хоол төсөөлөгдөж байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Тэгвэл энэ хэвшмэл ойлголтыг эвдэх цаг иржээ. Төмс нь хүнснээс гадна эрчим хүчний эх үүсвэр байх бүрэн боломжтой гэдгийг Израилийн эрдэмтэд тогтоожээ.

Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэмтэн Рабинович болон түүний багийнхан төмснөөс эрчим хүч гаргах боломжийг нухацтай судалж байна. Төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбоод түүнээс гарсан цахилгаанаар лед гэрлийг ч асаах чадалтай эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон бөгөөд үүгээр алслагдсан хот тосгонуудыг ч гэрэлтүүлэх боломж ойр байгаа гэж тэдгээр эрдэмтэд итгэж байгаа юм. Тэд лед гэрлээр тоноглосон 40 өрөөг гэрэлтүүлэх чадалтай эрчим хүчийг төмснөөс  гаргаж авах боломжтой гэж тооцоолоод буй.

Төмс болон бусад ургамлаас эрчим хүч гаргаж болохыг 1780 онд Луижи Галвани анх олж мэджээ. Тэрээр органик биетээс эрчим хүч гарган авахдаа мэлхийний хөлийг зэс утастай холбож үүнээсээ эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон байдаг аж. Мэлхийний хөлний огцом хөдөлгөөнөөс нь эрчим хүч ялгарч байсныг тогтоосон хэрэг. Үүнээс хойш зөвхөн хөдөлгөөний эрчим хүчнээс гадна давстай уснаас ч эрчим хүч гаргах боломжтойг олж мэдсэн тул эрчим хүчний энгийн үүсвэрүүд хаанаас л бол хаанаас гарч болохыг мэдсэн байдаг.

Харин төмсний тухайд Рабинович 2010 оноос хойш Калифорнийн их сургуулийн докторын ангийн хэсэг оюутнуудын хамтаар илүү их эрчим хүч гарган авах талаар судалж эхэлжээ. Тэд туршилтандаа одоогийн байдлаар 20 орчим төрлийн төмс хэрэглэж үзээд байгаа гэнэ. Ингэхдээ төмсийг найман минут буцалгаж улмаар амьд эсүүдийг нь багасгаж ялтсуудтай урвалд оруулах замаар эрчим хүч гаргаж авах гэнэ. Чанасан төмсөө тал бүрээс нь олон удаа зүсэх тусам илүү их эрчим хүч гарган авах боломжтой ажээ.

Энэ дашрамд өгүүлэхэд, төмснөөс өөр ногоо, жимс ч эрчим хүч ялгаруулдаг. Гэхдээ хамгийн элбэг, өөрөөр хэлбэл бааз суурь сайтай нь төмс учраас энэ салбарын гол судлагдахуун болсон байна.

ХАМГИЙН ИХ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАДАГ ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО

  • Лууван 0.99 вольт
  • Гадил 0.99 вольт
  • Төмс 0.98 вольт
  • Алим 0.97 вольт
  • Улаан лооль 0.94 вольт
  • Нимбэг 0.94 вольт
  • Өргөст хэмх 0.92 вольт

МОНГОЛЧУУДЫГ ХҮЧЭЭР ТӨМСӨНД ОРУУЛСАН ТҮҮХ

Монголчууд төмс хэрэглэж эхэлсэн түүх маш бүрхэг. Төмсний тухай өгүүлсэн зарим мэдээлэлд “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан “Заяатай төрсөн Өүлэн эхийн затгас төмсөөр тэжээсэн хөвгүүд Засагтан сайд болж өсөв” гэсэн өгүүлбэрийг эш татаж, Чингис хаан төмс идэж өссөн, монголчууд найман зууны тэртээгээс төмсийг хэрэглэж ирсэн мэтээр бичсэн байх нь элбэг тохиолдох аж.

Гэвч энэ нь ташаа бөгөөд Чингис хаан одоогийн бидний хэрэглэж байгаа төмсийг амсаж ч үзээгүй. “Затгас” гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар тольд “цагаан төмс” гэсэн байх бөгөөд тэрхүү нэршлээр нь нягталбал “Тод улаан цэцэгтэй, төмс нь цагаан өнгөтэй сүүнд хийж хөөрүүлэн идэж болдог, чулуурхаг хөрстэй газар дөчөөс жаран сантиметр өндөр ургадаг ургамал сараана” хэмээн тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан Чингис хааны идэж өссөн төмс нь улаан цэцэгний үндэс байжээ.

Харин одоо бидний мэддэг төмстэй монголчуудыг хятад цагаачид анх танилцуулсан байх магадлал өндөр юм. Харин нийтээр хэрэглэж хэвшсэн нь гэвэл 1940-өөд он.

Эмэг эх Ш.Цэрэнлхам маань амьд сэрүүн ахуйдаа “Тэр үед төрөөс төрөл бүрийн хүнсний ногоо тариалаад эхэлчихсэн, түүнийгээ хэрэглүүлэхийн тулд одоогийн хэллэгээр “шахаа” хийдэг байв. Төрийн албан хаагчдын цалингийн 50 хувьд нь  төмс, манжин лууван бодоод өгчихнө. Түүнийг идэхээсээ идэхгүй нь их, амьдралын бололцоо тааруу хамаатан садандаа өгчихдөг байсан” хэмээн дурссан юм. Үүнээс үзвэл, төмсийг төрөөс бодлогоор хүнсэнд нэвтрүүлсэн, амьдралын боломж тааруу айл өрхүүд түлхүү хэрэглэдэг байсан нь тодорхой байгаа юм.

Ер нь тэр үед монголчууд хятад бараанд хэтэрхий дасчихсан учир шинэ хэрэглээ нэвтрүүлэхэд маш хэцүү байсан гэдэг юм билээ. Улс гэрийг байгуулахад архи, цай, давс гэсэн гурван зүйл заавал хэрэг болдог байна. Тиймээс ЗХУ монголчуудад цай, нийлүүлж эхэлсэн бөгөөд ингэхдээ хамгийн чанар муутай Гүржийн дугуй булант цайг өгсөн юм. Цайны ургамлын гол түүхий эд нь навч байтал мөчир гийшүү юутай хүйтэй нь багцалж шахсан Гүрж ногоон цайг хэрэглүүлж сургахын тулд дунд нь алтан бэлзэг, ээмэг хийж шахах гэх мэт, одооныхоор бол маркетингийн арга хэрэглэсээр дасгасан байдаг. Харин төмсийг хэрэглүүлж сургахын тулд илүү “дарангуйллын” арга хэрэглэж байжээ. 

Төр засгаас иргэдийнхээ хүнсний нэр төрлийг олшруулахын тулд ийнхүү янз бүрийн арга хэрэгдэж байсан боловч 1960-аад он гартал хөдөө орон нутагт хүнсний ногоо огт хэрэглэдэггүй хэвээрээ л байсан гэдэг.   

ТӨМСИЙГ ХАМГИЙН САЙН ТАРЬДАГ УЛС НЬ ХЯТАД

Төмс Өмнөд Америкаас гаралтай боловч хожим Ази тивийн улс орнууд маш ихээр тариалах болжээ.  НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын мэдэгдлээр 2007 онд дэлхий дээр тариалсан нийт төмсний 80 хувь нь Ази тивд ногдож байжээ. 

  • БНХАУ 95.26 сая тонн
  • Энэтхэг 45.48 сая тонн
  • ОХУ 30.2 сая тонн
  • Украин- 23.25 сая тонн
  • АНУ 20.99 сая тонн
  • Герман- 10.66 сая тонн
  • Польш- 9.1 сая тонн
  • Бангладеш- 8.2 сая тонн
  • Голланд- 6.7 сая тонн
  • Франц- 6.3 сая тонныг тариалан эхний байруудад оржээ.

БАЯН ХҮНД ТООГДДОГГҮЙ, ЯДУУ ХҮНД ОЛДДОГГҮЙ ТӨМСНИЙ ТУХАЙ БАРИМТУУД

  1. Төмс нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүн болоод зогсохгүй бал бурам, цардуул, спиртийн үйлдвэрийн түүхий эд бөгөөд малын ашиг шим, чанарыг дээшлүүлэх тэжээл болдог. Албан ёсны мэдээгээр төмсийг Европ руу оруулж ирсэн үеийг манай тооллын 1570 он гэж тооцож байна.
  2. Монгол оронд төмс тариалж хүнсэндээ хэрэглэсээр хагас зуун жил болсон ч хэдийнэ “хоёр дахь талх” болж чаджээ. Төмс шим тэжээл ихтэй тул өндөр чанартай тул насанд хүрсэн хүн хоногт 250-300 гр төмс хэрэглэвэл С амин дэмээ 30-50 хувиар хангаж байна гэсэн үг.
  3. Төмс ургаж соёолоход азотлог бодис нь багасч солонин хэмээх хорт бодис хуримтлагдаж гашуун амттай болдог. Солонинд хүн амьтан хордож болдог. Ялангуяа соёолж ургасан төмсний соёонд солонин их хуримтлагддаг байна. Иймээс соёолон ургасан төмсийг мал, гэрийн тэжээмэл амьтанд өгөхдөө соёог нь авч хаяад булцууг өгөөрэй. Зарим төмс хальсны хэсгээрээ ногоошн өнгөтэй болсон байдаг нь солонинг таних хамгийн энгийн арга юм.
  4. Төмс зөөлхөн махлаг эд бүхий бөгөөд гадна талаар нь хальс бүрхсэн байдаг. Хальс нь махлаг эдэд ус, хий орох болон элдэв мөөгөнцөр нэвтэрч өвчлүүлэхээс хамгаалах үүрэгтэй. Төмсийг хадгалахдаа дарах, шахах, цохих, хэт өндрөөс унагааж болохгүй. Төмс байнга амьсгалж байдаг учир талбайгаас хураасны дараа чийг нь алдагдаж жин нь багасна. Төмсний булцууны 75 хувийг ус эзэлдэг учраас дулаан, хүйтэнд их мэдрэмтгий. Даарч хөрсөн, хөлдөх шахсан төмсийг чанаж идэхэд чихэр амтагддаг. Энэ нь хүйтэн нөхцөлд хадгалснаас болж байгаа юм. Төмс -1-2 хэмд л хөлддөг.
  5. Төмс Хойд Америкт Европоос ч хожуу буюу 1621 онд нэвтэрчээ. Бермудын арлын захирагч нантинель Батлер гэгч Виржини мужийн захирагч Франсис Вайаттад бүхэл бүтэн хөлөг онгоцоор дүүрэн төмс бэлэг болгон илгээсэн гэнэ.
  6. Оросууд бараг зуун жилийн турш төмсийг хайр дурлалд аз авирдаг гэж итгэж явжээ.

ГЭРИЙН ЭЗЭГТЭЙН СОНОРТ...

  1. Төмсийг сэрүүн, хуурай, харанхуй газар хадгалдаг. Хадгалахын өмнө ялзарч, муудсан төмсийг ялгана.
  2. Цэвэрлэсэн төмсийг хадгалдаггүй. Харин хэрчихгүйгээр бүтнээр нь усанд түр хийж болно. Хэрчсэн төмсийг усанд хийсэн ч тэжээллэг бодисныхоо тэн хагасыг гэдэг.
  3. Төмс цэвэрлэсний дараа гараа нимбэгээр арч. Төмс, лууван зэрэг хүнсний ногоог хальсан бээлийгүй цэвэрлэхэд гар харладаг. Үүнийг нимбэгний хальсаар арчвал хэвийн болно.
  4. Төмсийг шүүлтүүртэй саванд угаавал тохиромжтой.
  5. Хальстай нь чанасан төмсийг болсных нь дараа хүйтэн усанд булхвал хальс нь амархан арилна. Ер нь төмсийг хальстай нь чанавал үнэт витамин нь хадгалагдана.
  6. Чанасан төмсийг үрүүлдэх шаардлагатай бол үүнийг зөвхөн халуунаар нь хийнэ. Хөргөж хүйтэн болсны дараа үрүүлдвэл төмс гарт наалдана.
  7. Төмсний нухаш хийж байгаа тохиолдолд халуун сүүг аажмаар хийнэ. Эс тэгвэл бөөм үүснэ.
  8. Төмсийг шарахын өмнө хуурай алчуураар арч. Тэгвэл шарахад холтос нь шаргал гоё өнгөтэй болно.
  9. Төмс удахаараа ногоовтор өнгөтэй болох нь бий. Энэ нь салонин хэмээх хорт бодит үүссэний илрэл. Тиймээс хүнсэндээ зөвхөн шинэ төмс хэрэглэх нь чухал.
  10. Төмс зэрэг бусад ногоог усаа буцалгасны дараа хийдэг журамтай. Эхний үед бага ус хийж, буцалсных нь дараа усаа бага багаар нэмнэ. Ингэвэл ногоон дахь үнэт витамин нь алдагдахгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-21 08:48

Одоо тэгээд цардуул ихтэй гээд байгаа хүмүүс иэдэхээн болиод, үнэтэй гээд байгаа хүмүүс нь авахаан л болчих хэрэгтэй л дээ

Зочин
Зочин
2022-07-21 08:49

Мах гурилаа идээ ойрдоо ногоо авч хэрэггүй.Ногоо амархан муудна.Худ�##�даачид худ�##�дан авагч бхгүй бол хэн болохоо мэдэг.Авб�##� ав авахгүй бол боль гэдгийг нь мэдрүүл.Заав�##� үнэтэй ногоо идэх хэрэг байна уу.

Зочин
Зочин
2022-07-21 08:49

Ц�##�ин тэтгэвэрээ нэмэхгүй байж үнийн хөөрөгдөл арай л дэндэж бнаа

zochin
zochin
2022-07-21 10:11

Төмс их идэх муу хөрснөөс ш�##�тга�##�даг

Гуталт муур
Гуталт муур
2022-07-21 11:18

Төмсөөр хомсдож эхэллэээ

Зbujinочин
Зbujinочин
2022-07-22 04:42

Mungu muutai bol tumsuur l hool hiine sh oor yah yum be , tums idmeer sanagdchihlaa.

Холбоотой мэдээ

Back to top button