ВИДЕО КОНТЕНТ

Морин хуурч, хөөмэйч Д.Хишигээ: Биет бус өв соёлыг мартагдуулахгүйн тулд өөрийн биеэр үлгэрлэнэ

Gen Z үеийн зарим залуусыг үндэсний өв соёлдоо хайнга хандаж, үл хүндэтгэдэг  хэмээн шүүмжлэх нэг үе бий. Тэгвэл тэр үеийн хандлагыг эрс өөрчилж чадах Д.Хишигээтэй ярилцлаа. Түүний хувьд хорин дөрөвхөн настай хэдий ч аль хэдийн мартагдахад хүрсэн соёлын биет бус өвийг сэргээн өөрийн биеэр үеийн залуустаа таниулахыг хичээж буй нэгэн. Тодруулбал хоолойн лимбэ, хуучир, шанз, хөөмэй, морин хуураас авахуулаад бүгдийг нь суралцаж яваа билээ.

Тэрбээр бидэнд ярихдаа “Үндэсний гэсэн бүхнээ хэзээ ч мартаж болохгүй. Соёлын биет бус гэдэг утгаараа зарим урлагийн төрөл зүйл устах аюул нүүрлэж байна. Тиймээс өөрөө сураад мартуулахгүй байх арга хэмжээг авч байгаа. Морин хуураа тоглоод, хөөмийлөхөөр асар их тайвшралыг мэдэрдэг” хэмээн бидэнд ярьж байсан юм. Түүний үеийн залуустаа таниулах гэж хичээж буй зарим соёлын биет бус өвийг ахмад үеийн цөөхөн хэдэн хүн мэдэх нь ч бий.

Төгссөн сургууль:

Соёл урлагийн их сургууль /2018 он/

Мэргэжил:

Жүжигчин

Сошиал хуудас: 

Дамба Хишиагээ /фейсбүүк/, инстаграмм khekv.126

-Морин хуурыг гаргууд сайн тоглож эхэлсэн тэр цаг хугацаанаас яриагаа эхэлье?

-Есдүгээр ангиасаа морин хуур тоглож сурсан. Тэр жилээ “Уран хишиг” улсын уралдаанд оролцож түрүүлж байлаа. Яг миний өөрийн үндсэн мэргэжил морин хуурч биш. Жүжигчин мэргэжилтэй. Яагаад ардын урлагтаа хайртай болсон үүх түүхээс ярьж өгье. Би өөрөө Монгол Улсынхаа биет бус соёлын өвийг тээгч байхыг хүсдэг. Гадаад дотоодод аялаж зугаалсан ч гэсэн бид өөрсдийгөө Монгол гэж тодорхойлох ямар нэгэн сүнслэг зүйл хэрэгтэй шүү дээ.

-Морин хуураас гадна өөр олон ховор нандин хөгжим тоглож чаддаг гэж сонссон?

-Соёлын зарим биет бус өв соёл маань цаг хугацааны эрэхээр мартагдаж, орхигдох гээд байдаг талтай. Хөөмэйлөхөөс гадна хоолойн лимбэ гэж байдаг. Энэ нь соёлын бас нэг мартагдаж байгаа соёлын биет бус өв. Хэр барагтай хүмүүс мэддэггүй юм билээ. Харин мэр сэр ахмад хүмүүс хийж байхыг би харж байсан юм. Ерөнхийдөө миний үеийн залуус мэдэхгүй гэж хэлж болно. Түүнийг өөрийн болгосон. Мөн хэл хуур, цуур гэх мэт хөгжмийн зэмсэгүүдийг эзэмшиж байгаа.

-Энэ олон хөгжмийг биеэ дайчлан сурч байгаа гол зорилго тань юу вэ?

-Нэгдүгээрт би урлагт гайхалтай ихээр хайртай. Хоёрдугаарт монгол залуус өөрсдийгөө тодорхойлох соёлын өвөө өөрийн бие бодол оюундаа тээгээсэй гэж хүсдэг. Тиймээс өөрийн биеэр үлгэрлэж харуулах гээд хичээгээд явж байгаа минь энэ. Намайг хэн ч хүчлээгүй, хэн ч эх орон ч бай гэж хэлээгүй би өөрийнхөө хүсэл зорилгыг дагаж яваа минь энэ.

-Өөрийгөө хэр эх орон ч гэж бодож байна?         

-Би багаасаа л хөдөө өссөн хүүхэд. Д.Дагвадоржийг Японы сүмод түрүүлэхэд огшдог байлаа. Гэхдээ сүүлд бодол санаа бүх зүйл минь арай өөрөөр төлөвшөөд эх орон гэж би юм байна. Надаас эх орон эхлэх юм байна гэж их боддог болсон. Ядаж л хогоо хаяхгүй, усаа хайрлах хэрэгтэй юм байна гэдэг бодол хүртэл сүүлийн үед маш их хүчтэй орж ирдэг болсон. Тиймээс би эхлээд өөрөө зөв үлгэр дуурайлал үзээлэх хэрэгтэй гэдгээ ч ухаарсан. Эхлээд нэг хүн намайг тоохгүй байсан ч яваа яваандаа тэд намайг ойлгоно гэдэгт би итгэдэг. Гадаад олон соёл орж ирж залуус шуурч байгаа хэдий ч бид нэг зүйлийг мартаж болохгүй тийм биз.

-Тийм шүү. Таны морин хуур дарж, гадаадын хүмүүст сонсгож байгаа бичлэг цахим хуудсаар нэлээд явлаа шүү дээ?

-ОХУ-аас хэдэн бизнессмэнүүд ирсэн. Тэдэнд л тоглож өгсөн бичлэг маань цахим хуудсуудаар нэлээд явсан. Хүмүүс ихэнх нь л эмэгтэй хүн гэхэд урамтай сайхан тоглож байна гэх мэтчилэн урмыг үг хайрлаж байна билээ. Гэхдээ би мэргэжлийн морин хуурч биш гэж хэлсэн шүү дээ. Өөр олон сайн эмэгтэй морин хуурчид байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Жүжигчин мэргэжлээр сурч төгссөн гэсэн шүү дээ. Мэргэжлээ орхиод морин хуур болон бусад хөгжмийн төрлүүд рүү хазайв уу?

-Мэргэжлээ орхиогүй шүү. Би СУИС-ийн кино драмын ангийг Л.Дэмидбаатар багшийн удирдлага доор сурч төгссөн. Багш маань ноднин хавар бурхан болсон. Багш бидэнд олон зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Чадах чадахдаа тултал нь хийх хэрэгтэй гэж зааж сургасан юм. Тиймээс би энэ олон зүйлсийг үзэж туршиж үздэг байх. Дээрээс нь жүжигчин хүн чинь хүн судлаач гэж ярилцдаг шүү дээ. Түүндэй адил хөгжимтэй ойлголцох, түүнийг  мэдрэх их чухал санагддаг.

-Мэдэрдэг мэдрэмжээсээ хуваалцвал?

-Хуур тоглох, хөөмэйлж амьтны шуум гаргахдаа хүртэл энгүүн тайван мэдрэмжийг л авдаг. Тайвшрал авдаг гэх юм уу даа. Тайвширахаар үүлэн дээр алхаж байгаа юм шиг мэдрэмж л авдаг гэх юм уу даа /инээв/.

-Энэ олон хөгжмийн зэмсэгүүдийг сурахад мэдээж тус бүрт нь багш байсан байх, аль эсвэл дан ганц бие даан суралцсан хэрэг үү?

-Жүжигчний ур чадварын багш Л.Дэмидбаатар багш, хөөмэйний багш УГЗ Б.Одсүрэн, хуурын багш Т.Түвшинбаяр нар гэж хүмүүс надад энэ бүгдийг заасан. Баярлалаа гэж хэлмээр байна. Энэ багш нарынхаа зааж сургасан зүйлийг найзууддаа, дүү нартаа сонсгож хэзээ ч үл мартуулахгүйн тулд хичээх болно. Найз нар маань эмэгтэй хүнээс ийм авиа гарлаа хэмээн эхлээд сонирхож гайхаж байгаа нь хүртэл таатай санагддаг. Заримдаа бүр тэднийг сурмаар санагдтал хөөмэйлэхийг ч гэсэн хүсдэг.

-Зөвхөн морин хуураас гадна рок хөгжим сонирхдог гэсэн байх аа?

-Улаан галзуу рок бол биш. Мэдрэхийг хүссэн зүйлийнхээ мэдрэмжинд л тааруулж сонсдог гэх юм уу даа. Одоо харин давхар мотоцикл сонирхож эхлээд байгаа. Залуу хүн учраас одоо л хийхгүй бол хөгшрөөд байгаа юм шиг санагддаг. Тиймээс мотоциклийн сургалтад явж эхэлсэн. Хурдны зам дээр давхихад төрсөн тэр мэдрэмжүүд нь надад таалагдсан юм. Хийхийг хүсэж байгаа зүйлсээ л хийж амьдармаар байна. Гэхдээ зөв зүйлд тэмүүлэх хэрэгтэй гэж ойлгож болно. Заримдаа хүмүүсийн аюултай гэж үздэг тэр зүйлсийг хийж үзмээр мэдрэмж надад төрдөг. Айдсаа ялан дийлж байгаа мэдрэмж ч гэсэн надад таатай санагддаг. Зарим залуус ямар нэгэн зүйлийг хийхээс айгаад байдаг юм шиг санагддаг. Тиймээс аль болох зоригтой байх хэрэгтэй юм болов уу даа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button