ДЭЛХИЙ

В.А.Моцартын хөгжим унаж татах өвчний шинж тэмдгийг дарангуйлдаг

Хөгжмийн зохиолч В.А.Моцартын "Төгөлдөр хуурын хоёр сонат"-ыг сонсоход унаж татах өвчний шинж тэмдэг дарангуйлагддаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэхүү бүтээл нь хөгжмийг хүлээж авах сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины урд хэсгүүдийг өдөөдөг аж.

Эрдэмтдийн судалгааны талаар шинжлэх ухааны "Scientific Reports" сэтгүүлд нийтэлжээ.

АНУ-ын Гайселейн нэрэмжит Анагаах ухааны коллежийн профессор Барбара Жобстоор ахлуулсан мэдрэлийн өвчний судлаачид мэргэжил нэгтнүүдийнхээ ажлыг үргэлжлүүлж, чухам Моцартын хөгжим унаж татах өвчтэй хүмүүст хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Бусад эрдэмтдийн өмнө нь хийсэн судалгаа Моцартын хөгжмийг сонссоны ачаар хүнд хэлбэрийн таталтын тохиолдлын давтамж гуравны нэг орчим хэмжээгээр буурч байгааг харуулжээ. Сонирхолтой нь Жозеф Хайдны хөгжмөөс ийм нөлөө ажиглагдаагүй байна.

Эрдэмтдийн судалгаанд 16 хүн сайн дураараа оролцжээ. Таталт өгдөг голомтыг олохын тулд тэдний тархинд электрод түр суулгасан байна. Эдгээр хүмүүст Моцартын төгөлдөр хуурын хоёр сонат болон бусад сонгодог бүтээлээс богино хэсгийг сонсгожээ. Хөгжмийг сонсгох үедээ эрдэмтэд өвчтөнүүдийн тархины идэвхжил хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласан байна. Ингэхэд сонгодог хөгжмийг ердөө гучхан секунд сонсгоход эерэгээр нөлөөлж, тархины янз бүрийн хэсэгт хүнд хэлбэрийн таталт өгөх давтамж 66 хувиар буурч байжээ. Ялангуяа өвчтөнүүд "Төгөлдөр хуурын хоёр сонат" -ын ноотны дараалал нь давтагдсан хэсгүүдийг сонсоход ихээхэн үр дүн үзүүлсэн байна.

Тархины үйл ажиллагаанд хийсэн дараагийн дүн шинжилгээгээр Моцартын бүтээлүүдийг сонсох үед тархины урд хэсгийн хальс, баруун ба зүүн тархины идэвхжил, мөн тархины идэвхжлийн янз бүрийн түвшин болон ухамсрын түвшинг харуулдаг тархины үелзлүүдийн нэг болох тета долгионы эрч хүч нэмэгдэж байгаа нь харагджээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, Моцартын төгөлдөр хуурын хоёр сонат болон бусад бүтээлүүд нь гол төлөв тархины урд хэсгийн хальс болон хөгжмийг хүлээж авах сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсгүүдэд нөлөөлдөг аж. Тархины энэ хэсгийн Моцартын хөгжимд үзүүлэх хариу үйлдлийг цаашид судалснаар эдгээр хөгжим нь унаж татах өвчнийг хэрхэн дарангуйлж байгааг ойлгоход тус дөхөм болно гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bayanaa
Bayanaa
2022-08-03 20:32

Ter 2 sonstiin eriig ny niitleh hwregtei bna

Холбоотой мэдээ

Back to top button