Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Бүрэн автомат төхөөрөмжөөр “ӨНХРҮҮШ” панкэйкийг хэрхэн хийдэг вэ

Eguur.mn сайт энэ удаа Хүнсний ууган үйлдвэр Өгөөж-Чихэр боов ХХК-ийн үйлдвэрт зочиллоо. 2019 оны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн “Өнхрүүш” нэртэй бүтээгдэхүүнийг хийж буй үйлдвэрлэлийн явцтай танилцаж, тус компанийн бодлого, инноваци, чанар хүртээмжийн талаар Маркетингийн менежер С.Сувдмаатай ярилцав.

Европын орнуудын гал тогоонд өдөр тутмын хөнгөн хоолны нэгт тооцогдох болсон панкэйкийг /pancake/ Монголчуудын онцлогт тохируулан хийх санааг Өгөөж-Чихэр боов ХХК-ийнхэн 2012 онд анх гаргаж, хоёр жилийн турш зах зээлийн болон бүтээгдэхүүний судалгаа хийж 2014 онд анх үйлдвэрлэн гаргаж байжээ. Өдрийн цагаар хоол идэх завгүй амьдралын хэв маягтай хүмүүст идэхэд хялбар, бэлэн, тэжээллэг хүнсийг үйлдвэрлэж дотоодын иргэдийн ташаалд нийцүүлэх нь тэдний зорилго байж. Нөгөөтэйгүүр, хэт чихэрлэг биш хүний биед хэрэгтэй, чанартай хүнсийг боловсруулан хүүхдүүдийн дуртай амттанг хийх нь чухал.

Иймд тэд Япон улсын чанар стандартыг баримтлан “Өнхрүүш” нэрийн панкэйкээ үйлдвэрлэж эхлэв. Бүрэн автомат буюу хүний гарын оролцоогүйгээр зуурмагийг цутгахаас уутанд савлагдах хүртэл төхөөрөмж өөрөө ажиллах тул эрүүл ахуйн шаардлага өндөр түвшинд хангагдаж, хүний хөдөлмөр шаардахгүйгээр бүтээмж өндөртэй ажиллах боломжийг олж нээжээ.

“ӨНХРҮҮШ” ПАНКЭЙКИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ

НЭГ. Зуурмаг пийшин рүү автоматаар, стандарт хэмжээгээр гойжих

ХОЁР. Пийшин дээр жигнэгдэх

ГУРАВ. Эргүүлэн, доод талыг жигнэх

ДӨРӨВ. Шанз түрхэх

ТАВ. Хоёр талын хавтангийн амыг дарж боох

ЗУРГАА. Бүтээгдэхүүний логог тамгалах

ДОЛОО. Бүтээгдэхүүн хөргүүрийн системд орно

НАЙМ. Уутанд савлагдах

ЕС. Хайрцаглах

Бүтээгдэхүүнийг уутлах хэсэг металл илрүүлэгчтэй тул үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн байдлаар гадны биет орсон бол шууд дохио өгч, систем өөрөө мэдээлдэг. Уутлагдсан зөөлөн бүтээгдэхүүнийг ажилтан хугарч, няцрахаас хамгаалан 15 ширхэгээр нь нэг хайрцаг болгон багцална.

Ингэж хайрцагласан бүтээгдэхүүнийг ээж аавууд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгт нь өгч явуулахаар их хэмжээгээр худалдаж авдаг тухай С.Сувдмаа ярилаа. Учир нь “Өнхрүүш”-ийг хадгалах хугацаа урт учир дуусна гэж айх шаардлагагүй, зарим тохиолдолд гадны улс орон руу ч захиалгын дагуу өгч явуулдаг гэлээ.

Одоогоор Монгол улсын хэмжээнд Өгөөж-Чихэр боов ХХК л уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж буй гэдгээрээ онцлогтой байна.

“Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн Маркетингийн менежер С.Сувдмаа:

-ХЭРЭГЛЭГЧИД ТАЛХАН ДЭЭР ВАРЕНЬ ТҮРХЭЭД СУУХ БИШ, ШУУД БЭЛНЭЭР НЬ АВААД ИДЭХ СОНИРХОЛТОЙ БАЙГАА-

-83 жилийн түүхтэй Өгөөж-Чихэр боов ХХК салбарынхаа ууган үйлдвэрлэгчдийн нэг. Дотоодын талх нарийн боовны хэрэгцээний хэдэн хувийг дангаар бүрдүүлж байгаа вэ?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өгөөж-Чихэр боов ХХК 1936 онд байгуулагдсан, хүнсний ууган үйлдвэр. Тэр утгаараа хэрэглэгчид маань “Өгөөж” гэдэг нэрийг сайн мэддэг. Манай компани 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын нарийн боовны зах зээлийн 70 орчим хувийг эзэлж байгаа.

-83 жил үйлдвэрлэл явуулсан, ууган үйлдвэр гэж байгаа ч техник технологийн шинэчлэл, цаг үетэйгээ хөл нийлүүлж, өсөж дэвжиж буйгаараа шинэ залуу үйлдвэрлэгч шиг. Одоо хэрэглэгчдийн худалдан авах чадвар, тэдний эрэлт хэрэгцээтэй уялдуулж хэрхэн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ач холбогдол өгч анхаарч байна вэ?

-Өгөөж-Чихэр боов ХХК-ийн хувьд 1936 онд үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнээ одоог хүртэл үйлдвэрлэхийн зэрэгцээ залуу үеийнхний идэх хүсэл сонирхолд нийцүүлэх шинэ бүтээгдэхүүнээ ч төлөвлөж, судлаад гаргадаг. Тухайлбал, бид сүүлд “Өнхрүүш” нэрийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд, маш амжилттай явж байна. Мөн хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдлийг сонсох маш чухал. Үзэсгэлэн яармагууд дээр хэрэглэгчид манай бүтээгдэхүүний талаар юу хэлж байна, юу хүсэж байна, энийг яаж сайжруулбал болох вэ гэх мэт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулалтын тал дээр аль болох хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож хийдэг. Жаахан хүүхдүүд, идэр залуус, ид насныхан, өвөө эмээ нар юу идэхийг хүсэж буйг тус бүрчлэн судалж байж шинэ бүтээгдэхүүн гаргаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд явж байгаа.

-2018-2019 онд хэрэглэгчид илүүтэй ямар бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байгаа нь борлуулалтаас харагдаж байна вэ?

-Хэрэглэгчид маань өөрсдөө маш их хөгжсөн, энэ салбарын талаар мэдлэгтэй, боловсролтой болсон. Ийм үед төвөггүй, цэвэрхэн идчихэж болох бүтээгдэхүүнийг сонирхож байна. Манай компанийн номер нэг борлуулалттай бүтээгдэхүүн бол “Жимст”. Зах зээлийн 70 орчим хувийг манай компани эзэлж буй тухай өмнө дурдсан. Үүнээс харахад уг бүтээгдэхүүний Монгол дахь борлуулалтыг манайх дангаараа хангаж буй юм. Хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байгаагаас харахад талхан дээр варень түрхээд суух биш, шууд бэлнээр нь аваад идэх сонирхолтой байгааг харуулж байна. Тэр ч утгаараа бид “Өнхрүүш” нэрийн бүтээгдэхүүнээ дунд нь шууд шанзтай болгож гаргаж байгаа юм. Нөгөөтэйгүүр шинэлэг гоё амт мэдрэхийг хүсэж буй хэрэгцээн дээр тулгуурласан.

-Сүүлийн үед ямар техник технологи, шинэ санаа, инноваци нэвтрүүлж байна. Өнхрүүш нэрийн бүтээгдэхүүн тань шинэ технологи нэвтрүүлснээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон шүү дээ?

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Өгөөж-Чихэр боов ХХК инноваци талаасаа тоног төхөөрөмжийг автоматжуулах, шинэчлэх маш их ажлууд хийсэн. Манай нарийн боовны цехэд бүрэн автомат Швейцарийн ...  /үйлдвэрлэлийн нууц тул нэрийг нууцлав. сурв/ фирмийн шугам ажиллаж байгаа. Жимстэй боовыг бид анх жижиг тоног төхөөрөмж дээр гараар хийдэг байсан тул эрэлт, хэрэгцээгээ бардаггүй байсан. Хэрэглэгчид хүсээд байдаг ч бид үйлдвэрлэж чаддаггүй үе байсныг бүрэн автомат шугам авч ирж байршуулснаар хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг хангаж чадах хэмжээнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болоод байна. Бүрэн хангах хэмжээнд хүрч чадаагүй ч маш өндөр бүтээмжтэй ажилладаг. Гурил илдэх, шанзаа түрхэх, таслах гээд бүх ажлыг хийдэг бүрэн автомат шугам юм.

Мөн та бүхний сая харсанчлан бид еэвэнг 10 эгнээгээр автоматаар үйлдвэрлэдэг болсон. Энэ нь мөн ... нэртэй бүрэн автомат шугам. Энэ мэт, ер нь бид Монгол улсдаа дэлхийн хэмжээнд ашиглагддаг бүх л тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. Францад ч, Германд ч бидний ашиглаж буй уг төхөөрөмжөөр л бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн гаргадаг. Монголынхоо хувьд Өгөөж-Чихэр боов ХХК дэлхийн хөгжилд нийцсэн тоног төхөөрөмжүүдийг авч ирээд, ажиллуулаад, хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаараа бахархаж ажилладаг.

-Уламжлал, шинэчлэлээ хослуулж явах нь зүйтэй шиг. Уламжлалт бүтээгдэхүүн болох гэрийн боов, зүсмэл зэргийг хайж байдаг хэрэглэгчид бий. Гадны улс оронд амьдарч байгаа иргэд ч уг бүтээгдэхүүнүүдийг эх орноосоо захиж авдаг. Одоо уламжлалт ямар ямар бүтээгдэхүүнээ анхны орц, найрлагаар нь гаргаж байгаа вэ?

-Манай уламжлагдаж ирсэн маш олон бүтээгдэхүүн бий. Зүсмэл дээр үед яг ямар байсан тэр хэвээр, Танзуур бүтээгдэхүүн, Үзэмтэй үрэл ч хүмүүсийн анх амталж байсан яг тэр амтаараа үйлдвэрлэгдсэн хэвээр байна. Мөн еэвэнг гадаад дотоодод амьдарч буй иргэд Монголоо санахаараа захиж авна. “Заавал Өгөөжийн еэвэнг авна шүү” гэж захисан гэсээр үйлчлүүлэгчид их ирж авахын зэрэгцээ бид иргэдийн захиалгаар гадагшаа явуулах тохиолдлууд ч байдаг.

-Танайх бүтээгдэхүүнүүдийнхээ түүхий эдийг хаанаас худалдан авдаг вэ?

-Нарийн боов үйлдвэрлэх гол түүхий эд нь гурил байдаг. Бид уг түүхий эдийг мэдээж Монголынхоо Алтан тариа компаниас худалдан авдаг. Харин зарим талаар гурил голдог бүтээгдэхүүнүүдээ ОХУ-аас татсан гурилаар хийдэг. Энэ нь маш ховор. Бусад жижиг түүхий эдүүдийг чанар шаардлага хангасан газраас судалгааны үндсэн дээр худалдаж авдаг.

-Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр танайх олон улсын ямар стандарттай байгаа вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд бид ISO 9001, ISO 45001, ISO 22000 гэсэн гурван стандартын хажуугаар, лабораторийн өөр нэг стандарт нийт дөрвөн стандартыг зэрэг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг ажилд бид Обзерв консалтинг хамтран ажиллаж, сургалт зохион байгуулахаас эхлээд яг одоо хэрэгжүүлэлтийн шатандаа явж байгаа.

УГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХОЁР ЖИЛ СУДАЛЖ, ТУРШИЖ БАЙГААД ГАРГАСАН

-Танай компанийн “Өнхрүүш” нэрийн бүтээгдэхүүн МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнд оролцож хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарсан байсан. Танай технологийн ямар шинэч байдлыг ийн үнэлсэн бэ?

-МҮХАҮТ, НЗДТГ хамтран жил бүр Улаанбаатар түншлэл нэртэй олон улсын үзэсгэлэн зохион байгуулдаг. Олон улсын үзэсгэлэнд бид тасралтгүй оролцож, энэ жил шагналын хуртай байлаа. “Өнхрүүш” бүтээгдэхүүнийг анх 2013 оны сүүл 2014 оны эхээр үйлдвэрлэж эхэлж байсан. Түүнээс хойш таван жил өнгөрч байж хэрэглэгчдэд дасал боллоо. Бүтээгдэхүүн бүр тодорхой амьдралын мөчлөгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд бид уг бүтээгдэхүүнийг илүүтэй таниулах ажлууд хийж байсан бол одоо яг хэрэглэгчид сонгож иддэг үе дээр ирээд байна. Хамт олны минь итгэл, зүтгэл үнэлэгдэж энэ нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байгаа.

-Дөрөв, таван жилийн өмнө үйлдвэрлэж эхэлж байсан гэлээ. Гэтэл тухайн үед Монголчууд яг панкэйкийн талаар ойлголт багатай байсан бол өнөөдөр өглөөний цай, өдрийн хөнгөн хүнсний хэрэглээнд илүү таньж хэрэглэх болж. Танай компанийн хувьд панкэйкийн технологийг Монголчуудын хэрэглээнд нийцүүлэн хэрхэн боловсруулав?

-Бидний “Өнхрүүш” нэрийн бүтээгдэхүүн буюу гадаадын орнуудад панкэйк нь Япон улсаас үүсэлтэй. Тиймээс ч бид Япон улсаас ... брендийн тоног төхөөрөмжийг авч ашиглаж байгаа. Уг брендийн тоног төхөөрөмжүүдийг дэлхийн улс орнуудын 97 хувь нь дээрх бүтээгдэхүүнийг хийхэд зориулан худалдан авдаг. Япончууд өөрсдөө дораяаки нэртэй бүтээгдэхүүнээ гаргадаг шүү дээ.  Сонирхуулахад, биднийг “Өнхрүүш”-ээ анх гаргаж байх үед Японы “Дориама” нэртэй хүүхэлдэй гарч, түүн дээр энэ дораяаки буюу бидний “Өнхрүүш” их гардаг байсан нь бүтээгдэхүүнээ таниулахад их нэмэр болсон. Сургуулийн хүүхдүүдэд үйлдвэрээ танилцуулах үеэр хүүхдүүд “Өнхрүүш”-ийг хараад л шууд “Дориама дээр гардаг дораяаки байна шүү дээ” гээд л мэдэж байсан. Япон улсын хувьд дунд нь буурцгийг шанз болгоод хийсэн нь элбэг. Энэ мэтчилэн улс орон бүр онцлогоосоо шалтгаалаад өөр өөрөөр хийдэг. Монголчууд буурцагны шанзтайг иддэггүй, бид туршилт болгон хийж ч үзсэн. Харин манайхан жимс, ирис, аарц зэргийг илүүтэй сонирхож байгааг судалж байж сонгон, бүтээгдэхүүн болгосон.

-Бүтээгдэхүүн маш зөөлөн, амтлаг, хөвсгөр чанартай юм байна. Ингэхдээ хэрэглэгчийн эрүүл мэндэд зориулсан ямар технологи, шинэ санаа шигтгэж өгсөн бэ?  

-Бүтээгдэхүүн мэдээж маш амттай байх ёстой. Орц жорын онцлогийн тухайд 1 кг гурилд 57 ширхэг өндөг ордог байх жишээтэй. Эрүүл мэндийн талаасаа хүн өдөрт нэг өндөг идэх нь ашигтай байдаг. Тиймээс нэг бүтээгдэхүүнээс хүн өдөрт идэх өндөгний хэрэгцээгээ авах боломжтой. Мөн зөгийн бал ордог. Энэ мэтээр бид хамгийн чанартай гэсэн түүхий эд материалыг сонгож хэрэглэгчдэдээ амттай чанартай бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог.

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үе шатыг та тайлбарлахгүй юу? Зуурмагаас бусад нь автомат ажиллагаагаар гардаг уу?

-Тиймээ. Зуурмагаа өөрсдөө зуурж бэлддэг. Үүнээс хойш бүтээгдэхүүн уутанд савлагдаж бэлэн болох хүртэлх бүх үе шат бүрэн автоматаар явдаг. Зуурмагаас пийшин дээр жигнэх, шанз түрхэх, амыг дарж боох, нүүрэн дээр нь Өгөөж-Чихэр боов компанийн бэлэг тэмдэг Өнхрүүшийг дардас болгон дарах үйл явц өрнөнө. Уг дардасны тухайд бид Япон улс руу тусгайлан захиж хийлгэсэн. Цаашид энэ зурагны оронд ямар ч зураг тавих боломжтой болно. Тамгалагдаж гарч ирсэн бүтээгдэхүүн хөргүүрийн систем рүү шилжиж, дараа нь уутандаа савлагдаж гарч ирнэ.    

-Бүтээгдэхүүнийг хэд хоног хадгалах боломжтой вэ?

-21 хоног хадгалах боломжтой. Зөөлөн кексэн бүтээгдэхүүнүүд маш хурдан хугацаанд буюу 72 цаг орчимд хугацаа нь дуусдаг. Бидний хувьд тусгай жор технологи ашиглахын зэрэгцээ Япон улсад үйлдвэрлэгддэг стандарт бүхий хугацаа уртасгагчийг бүтээгдэхүүнтэйгээ хамт уутанд нь хийж өгдөг. Энэ нь бүтээгдэхүүнд ямар нэгэн хор хөнөөлгүй. Мөн ихэвчлэн хүүхдүүд уг бүтээгдэхүүнийг сонгож иддэг учир дээр нь “Идэхийг хориглоно” гэх бичээсийг Монголоор бичиж өгсөн нь давуу тал болж байгаа.

Нөгөөтэйгүүр, бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд шанзгүй хавтанг нь хөлдөөж, тусгайлан зарж эхлээд байна. Үүнийг хэрэглэгчид өөрийн хүссэн шанзтай хольж идэх боломжтой.

“ӨНХРҮҮШ”-ИЙН ҮЙЛДВЭРТ ХОЁР АЖИЛТАН Л АЖИЛЛАДАГ

-Маш их судалгаа, үе шатуудыг давж байж шинэ бүтээгдэхүүн гардаг нь дамжиггүй. Өнхрүүш нэрийн бүтээгдэхүүнийг анх гаргахаар зөвлөлдөж байсан түүхээс хуваалцвал?

-Маш хөгжилтэй дурсамж шүү. Манай захирал Япон явж ирэхдээ энэ бүтээгдэхүүний талаар судалж, мэдээд ирсэн. Бид ч ойлголт муутай байсан тул шинэ бүтээгдэхүүнийхээ төлөвөлгөөн дээр “Дөрөвдүгээр сард гамбираа сурталчилна” гээд оруулаад өгчихсөн /инээв. сурв/ Гэтэл хурал дээр захирал “Та нар ийм гоё бүтээгдэхүүнийг гамбир гэж нэрлэхдээ яах вэ” гээд бид бөөн инээдэм болж, нэрээ сольж Өнхрүүш болгож байлаа. Тухайн жил цагаан сарын дараа Япон улсаас техникүүд ирж, мэргэжилтнүүдийг нь урьж авч ирээд бүтэн сар гаруйн хугацаанд манай технологийн мэргэжилтнүүдийг дадлагажуулсан. Үүнээс өмнө бид зах зээлийн судалгаа хийж, нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн. Ийм шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа тул жаахан айдастай байсан ч залуусын хэрэглээний чиг хандлага их өөрчлөгдөж байгаа юм чинь зайлшгүй туршаад үзэх хэрэгтэй гэдэг баримтлалаар урагш зүтгэсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл “Маш амттай сайхан бүтээгдэхүүн” гэх үргэлжид эерэг сэтгэгдлүүд сонссоор ирсэн байна.

-Бүтээгдэхүүнийхээ Өнхрүүш нэрийг хэрхэн өгч байв аа?

-Анх бид панкэйк гэдэг гадаад нэрээр нь шууд худалдаалах бодолтой байсан ч дотоодын хэрэглэгчдэд тийм ч танил нэр биш тул татгалзсан. Ингээд бүтээгдэхүүний нүүрэн дээр байрлах тамгаа ямар байлгах тухайгаа хэлэлцэж байгаад Өгөөж-Чихэр боов ХХК-ийн бэлгэ тэмдгийг сонгохоор болж, Өнхрүүшээ нүүрэн дээр нь тавиад, бүтээгдэхүүнээ ч Өнхрүүш нэртэй болгосон.

-Нэг бүтээгдэхүүн гаргахын тулд хэр удаан хугацаа зарцуулав аа?

-2012 онд судалж эхлээд 2014 оны эхээр арай гэж тоног төхөөрөмжүүдээ үйлдвэртээ авч ирж суулгасан. Тоног төхөөрөмж өөрөө маш ухаалаг, бүх ажлаа өөрөө хийдэг. Тэр үйлдвэрт хоёр ажилтан л ажиллах бөгөөд нэг нь хянагчийн үүрэг гүйцэтгэнэ, нөгөө нь үйлдвэрлэгдээд гарсан бүтээгдэхүүнийг хайрцагт савладаг. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ийм шийдлийг Япончууд бидэнд бэлдэж өгсөн байдаг.

-Одоо үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу? эсвэл хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн бүтээгдэхүүнээ гаргадаг уу?

-Тоног төхөөрөмж өөрөө маш өндөр бүтээмжтэй. Өдөрт хэдэн мянган ширхэгийг үйлдвэрлэх бүтээмжтэй. Зургаан эгнээгээр маш хурдан үйлдвэрлэдэг. Гэхдээ зах зээл хязгаартай. Хүн болгон мэдэхгүй байгаагийн дээр Монголын хүн ам багадаа ордог. Япон улсад харин өдөр, шөнөгүй үйлдвэрлэдэг гэх. Манай байгууллагын хувьд өглөөнөөс орой ажлын цаг тарах хүртэл тасралтгүй ажиллаж, үйлдвэрлэлээ явуулдаг.  

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
111
111
2020-02-26 21:19

борлуул�##�тын менежмент их муу хөдөө орон нутаг замын үүд сэлэнгийн хүн их зорчдог хэсгийн дэлгүүр түц кофе шопд гадаадын оросын чихэр пече

Холбоотой мэдээ

Back to top button