СПОРТЯрилцлага

П.Бүрэнтөгс: Бид зөвхөн авах биш буцаагаад өгөх үүрэгтэй

Улсын аварга П.Бүрэнтөгстэй түүний хэрэгжүүлж буй “Бүрэн монгол” төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-БИД ОЛОН ТҮМНИЙ ХАЙР, ДЭМЖЛЭГ ДУНД АМЬДАРЧ ЯВАА ХҮМҮҮС-

-Баяр наадмаас хойш та баруун аймгаар нэлээд явах шиг боллоо. Ямар ажлаар яваад ирэв ээ?

-Сайн байцгаана уу. Танай сайтыг үзэж, уншиж байгаа нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Наадмаас хойш баруун аймаг руу гараад ганц, хоёр төрийн тахилгат ой, шинэ сумын ойд оролцоод, “Бүрэн монгол” төслийн арга хэмжээгээ хэрэгжүүлээд, сар гаруй хугацаанд ажиллаж, аялаад ирлээ. Бидний хэсэг нөхөд 2021 оны хавар нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн аянд гар бие оролцож байя гэдэг үүднээс нийлж, нэгдээд “Бүрэн монгол” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн ажлуудын маань нэг болох “Бүрэн монгол гэр” үйл ажиллагаа баруун аймагт хэрэгжлээ. Олон түмний халуун дулаан уур амьсгал, дэмжиж байгаа итгэл сэтгэл дунд бидний ажил амжилттай хэрэгжсэнд манай баг, хамт олон баяртай байгаа.

-Төслийн гол зорилго юу вэ?

-Бидний хэсэг залуус нэгдээд, нийгэмдээ сайн сайхны бүтээе, гар бие оролцъё гэдэг үүднээс энэхүү төслийг анх эхлүүлсэн. Манай төрийн бус байгууллагын нэр “Бүрэн монгол”. Өөрийнхөө нэрээр нэрлээд гээд хүмүүс гайхаж байж магадгүй. Спортын хүний нүдээр харахад спорт бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Гэтэл сүүлийн үед спорт талцал, хагарлын ангал болоод байгааг хүн бүр анзаарч байгаа. Тиймээс манай ТББ-ын хамгийн том зорилго бол эв нэгдэл. Тиймээс ч эв нэгдэлтэй, бүрэн бүтэн байхыг бэлгэдэж “Бүрэн монгол” гэж төслөө нэрлэсэн. Мөн нийгмийн хандлагад анхаарч ажиллая. Тэгэхгүй бол нийгэм бас нэг тийшээ хазайгаад байгаа юм болов уу гэсний үндсэн дээр хөдөлмөрч хичээнгүй, хөгжих боломжтой, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, бэлэнчлэх сэтгэлгээгүй, аливаа ажилд хойш суудаггүй, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг залуусыг дэмжье гэж шийдсэн. Ийм залуусыг дэмжсэнээр нийгэмд ямар өөрчлөлт гарах вэ гэхээр тухайн хүн маш хурдан хөгжиж, босно. Манай төсөл ганц П.Бүрэнтөгсийн юм биш. 21 аймагт 120 гаруй гишүүнчлэлтэй, зөвхөн нийгмийн сайн сайхны төлөө цугласан баг бүрэлдэхүүний арга хэмжээ юм. Залуучуудын нэгдэл, түүний нэг гишүүн нь би гэж хэлж болно.

-Олон нийт П.Бүрэнтөгс аварга ямар зорилгоор ийм төсөл хэрэгжүүлээд байна, цаад санаа нь юу юм бэ гэх мэтээр олон таамаг дэвшүүлж байх шиг байна билээ. Нийгэм рүү хандсан ажил хийдэг бөхчүүд цөөхөн байдаг шүү дээ?

-Хардаж байгаа хүмүүст буруу өгөх боломжгүй. Яагаад гэвэл нийгэм нь ийм байна. Ямарваа нэг зүйлийн цаана эрх ашиг нуугдаж байдаг болчихсон учраас хүмүүс харддаг нь бас зөв байх. Бидний хувьд бол эсрэгээрээ. Бидэнд ямарваа нэг ашиг харсан зүйл байхгүй. Үүний ард том улс төрч, том бизнесмен байна гэж битгий хараарай. Зүгээр л нэг бөх нийгмийн хариуцлагын хүрээнд хэдэн нөхөдтэйгээ нэгдээд сайн сайхан зүйл хийгээд явж байна гэж харах нь зүйтэй. Зарим хүмүүс маш их асууж байна. Чиний цаана улстөрч нуугдаж байна, хүний мөнгө угааж байна гэдэг ч юм уу янз бүрийн зүйл ярьж байна. Үүний хариулт явцын дунд харагдах байх. Төслөө эхлүүлэхдээ хэвлэлийн хурал хийж байсан. Энэ үедээ төсөл маань цэвэр нийгмийн сайн сайхны төлөөх. Ямар нэг ашиг сонирхол байхгүй гэж хэлж байсан. Өнөөдөр ч гэсэн энэ үгэндээ бат зогсож байна.

-Бөхчүүдийн нэр хүнд маш их унаж байна. Та үүнд эмзэглэж явдаг уу?

-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг. Өндөр цолтой бөхчүүд болон бөхийн тогоонд орж ирж буй залуучууд зөвхөн хувь хүн биш шүү гэдгээ их анхаарах хэрэгтэй. Би бие хүн болсон шүү. Миний ард бөх гэж том айл байдаг шүү. Би хиртвэл бөх маань хиртэнэ шүү гээд өөрийгөө бодохгүй юм аа гэхэд бөх гэдэг ариун дагшин өв уламжлалаа нандигнаж явах ёстой. Хоёрдугаарт манай бөхийн холбоо элдэв янзын хорноос ангид байж, бөхчүүдийнхээ төлөө зүтгэдэг, хууль дүрэм нь чанга байвал бөх маань хөгжих юм болов уу. Миний хувьд монгол бөхийн спортод орж, өдий зэрэгтэй явж байгаадаа баярлаж явдаг. Яг ний нуугүй хэлэхэд бид олон түмний хайр, дэмжлэг дунд амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр бид зөвхөн авах биш буцаагаад өгөх үүрэг гэж бий. Миний хийгээд байгаа энэ ажлууд миний үүрэг юм болов уу. Олон түмний хүндлэл, хайр ивээлд би явж байгаа.

-ЭРҮҮЛ САРУУЛ, ЗАЛУУ ХҮН ЯДАРЧ ЯВАА БОЛ ЭМГЭНЭЛ-

-“Бүрэн монгол” төслийн хүрээнд 21 аймагт 21 гэр бүлд иж бүрэн гэр бэлэглэх арга хэмжээ үргэлжилж байна. Цаашид бас өөр ажлууд хийхээр зорьж байгаа байх?

-Манай төсөл хөгжих боломжтой залуусын нийгмийн баталгааг цогцоор нь шийдэж байгаа юм. Гэр өгч байгаа нь энэ төслийн зөвхөн малгай нь бөгөөд цогц төсөл юм. Тухайн сонгосон өрхдөө иж бүрэн тавилгатай монгол гэр өгч байгаагаас гадна хурим найрыг нь хийж байна. Орон нутгийн төр захиргааны байгууллага болон бизнесменүүдийг уриалаад хашаа, газрыг нь шийдэж өгч байна. Ингээд ХНХЯ-тай хамтраад ажлын байраар хангаж байна.

-Ямар ажил хөдөлмөр хийдэг залуу гэр бүлүүд сонгосон бэ?

-Маш гоё хүмүүс сонгосон. Жишээ нь Архангайгаас сонгосон өрх маань намайг явахад “Би улсын аварга малчин болчихоод таныг урина аа” гэж байх жишээтэй. Тийм хүмүүст урам, чин сэтгэл өгөөд явж байгаадаа маш их баярласан. Хөдөлмөр эрхэлж байгаа, амьдралын төлөө зүтгэж байгаа залуусыг дэмжсэн. Зарим хүн яагаад ажил хийж байгаа хүмүүст өгч байгаа юм, ядарсан хүмүүст өгөөч гэх мэт хандлага гаргаж байна. Эрүүл саруул, залуу хүн ядарч явж байна гэвэл эмгэнэл. Хохь нь гэхээс өөр арга байхгүй. Мөн манай Увс аймгаас сонгогдсон Төртогтох гээд залуу 17 настайгаасаа хараагүй болж, амьдралын хатуу бэрх рүү унаж эхэлсэн. Гэхдээ тэр залуу хэзээ ч амьдралд бууж өгөөгүй. Группынхээ мөнгөөр хотод сургалтад суугаад, бариач болоод Увс аймагтаа хамгийн шилдэг бариач болчихсон байх жишээтэй. Тэр хүн нэг ч халамж хараагүй, хүнээс юм гуйгаагүй. Хөдөлмөр эрхлээд, гэр бүл, хоёр хүүхдээ хангалттай тэжээгээд явж байна. Хараагүй хүн тэгж амьдарч болоод байхад эрүүл саруул хүн яагаад ядарсан амьдардаг юм бэ. Энэ мессежийг л нийт хүмүүст өгөх нь бидний хамгийн том зорилго.

-Баруун аймгаас ирээд хэдхэн хонож байгаа. Одоо зүүн аймгаар явах гэж байна уу?

-Манай багийнхан баруун найман аймгаар яваад хотод ирээд долоо хонож байна. Одоо зүүн таван аймгаар явахаар төлөвлөж байна. Энэ бол амаргүй том ажил. “Бүрэн монгол гэр” төсөл маань хоёр жил дамнаж явах байх. Ирэх жил үлдсэн 7-8 аймгаараа явна. Учир нь бид бүхэн эндээ бас ажил, амьдралтай учраас үүнийгээ зохицуулж, зав зайгаараа явахгүй бол бүх юмаа хаяад зүтгэж болохгүй байна. Хамт олноороо бахархаж байгаа. Жилийн дотор чамгүй ажил хийсэн байна. Жилийн өмнө л бид хаанаас санхүү босгохоо шийдээгүй, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй, ямар хүн сонгохоо мэдэхгүй байлаа. Өнөөдөр энэ ажлын 70 хувийнх нь ард гарчихаад сууж байна. ТВ8 телевизтэй хамтраад контент бүтээж байна. Ямар хүмүүсийг яаж сонгож, ямар үйл ажиллагаа явуулаад байгаа мессежээ илэрхийлсэн нэвтрүүлгээ ирэх 11-р сараас цацаж эхэлнэ.

-Санхүүжилтийн асуудал бас сонирхол татаж байна. Хэрхэн шийдэж байна вэ?

-Аливаа сайн үйлсийн аян олон түмний дэм тусаар явдаг. Янз бүрийн хардлага гарч байх шиг байна. Бид энэ төслөө хэрэгжүүлэхэд 400 гаруй сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа юм. Тиймээс бизнесмен хүмүүстэй уулзаж, саналаа тавьж, уриалж төсвөө босгож байна. Их хэмжээний төсөвтэй учраас төсөв маань бүрэн гүйцэт бүрдээгүй байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд ажиллаж байна. Өөрсдөө зөв зүйл рүү зүтгэж, мөрөөдөж, тэмүүлж яваа болохоор болчих байх гэж найдаж яваа. Манай төслийн багт эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн байхгүй. Чин сэтгэлээсээ тархиа уудлаад, нэгдээд ажиллах хүмүүсийг л нэгтгэсэн. Олон түмний дэмжлэгээр төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Бид төслөө дуусгаад тайлангаа олон нийтэд танилцуулах нь зүйтэй байх гэж бодож байна.

-ДОПИНГИЙН АСУУДАЛ “ХАРАНХУЙ” ХЭВЭЭРЭЭ БАЙНА-

-Наадмаар авсан допингийн шинжилгээний хариу юунаас болж хоёр сар орчим болж байж ирсэн гэж бөхчүүд та бүхэн үзэж байгаа вэ?

-Сайн хэлж мэдэхгүй л байна. Энэ допинг гэдэг хар сүүдэр Монгол Улсыг нөмөрч, маш их гутааж байна. Ялангуяа том цолтой бөхчүүд өөрсдөө бүдрээд байна. Цаагуураа хууль дүрэм, зохион байгуулалт маш муу байгааг л харуулж байна. Энэ нь нийгэмд талцал бухимдал их гаргаж байна. Энэ жил би шинжилгээ өгсөн. Гэтэл эргээд надад таниас илэрсэнгүй гэж албан бичиг илгээсэнгүй. Юу ч хэлсэнгүй. Угаасаа л ийм харанхуй явж ирсэн. Жаахан эрүүлжиж байна уу гэж хүлээж байтал буцаад харанхуй руугаа яваад байгаа юм шиг ажиглагдах юм.  Их харамсаж байна.  Их дотогшоо болж байна. Барилдаж байгаа хүмүүс бид элдэв хэл ам биш үндсэн бэлтгэлдээ цаг заваа зарцуулмаар байдаг. Манай холбоо зохион байгуулалтын хувьд ч маш дутуу дулимаг ажиллаж байна. Бүх зүйл эрүүл болоосой. Тэгж байж энэ спортоор хичээллэж байгаа залуучууд урам зоригтой барилдах болов уу гэж бодож байна даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:31

Мундаг аварга. Гүндүүгүй эр хүн дээ

Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:33

Hövchiin hvren baavgai

Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:42

Мунадаг эр хүндээ хар багааса�##� дэмжсээр ирсэн. Дэмжихээр ч байх болно.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:51

Маш сайхан ярилцлага болжээ. Аваргад амжилт хүсье

Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:57

Saihan avargaa

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:22

Би Увсынханыг жаахан хүн муутай гэж боддог маш нутгархаг их хорчин ялангуяа Баянмөнх гэдэг бөх бол энэ муухай хагар�##� хэл ам нутгархаг явдлыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн нүгэлтэн. Харин аврага Бүрэнтөгс нэг л уха�##�аг , нүдэнд дулаахан , хөөрхөн инээсэн зөв з�##�уу шиг байгаа юм энэ з�##�ууг Увсын хорчингууд бүү хордуулаасай билээ. Бүрэнтөгсдөө сайн сайханыг ерөөе

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:22

Сайхан ярилцлага болжээ. Бөхчүүд бүгд л ингээд нийгэмд чиглэсэн ажилд боломжоороо гар бие оролцоод бусдыг зөв зүйлд ури�##�аад яваа хэрэгтэй байгаа юм. Уха�##�аг даруухан аваргадаа Д�##�ай даян дархан аварга болохын ерөөл өргөе.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:17

Сайхан гүндүүгүй мундаг хүү ажилд амжилт хүсье!

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:46

Нас нэмэх тусам аавтайгаа адилхан болох юм даа

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:46

Аварга даа эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

хүннү
хүннү
8 сар 31, 2022 11:53

Сайхан аврага шүү. Би бөхиын барилдааныг шимтэн үздэггүй. Гэхдээ Бүрэнтөгс аврагын барилдсан барилдаан бүрийг үздэг. Нүдээрээ инээсэн, их төвшин даруухан бөх шүү. Монгол бөхчүүд энэ аварга шиг байгаасай. Увс нутгийн олон сайхан хүмүүстэй нөхөрлөж, заримтай нь худ ураг болсон байна. Увс нутгийн нэрийг унагаж байгаа хүмүүс байхад тэдний өмнөөс нутгийнхаа нэрийг сайнаар авч яваа Бүрэнтөгс аваргадаа амжилт хүсэе.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 18:35

Аврага цолондоо дүүрэн сайхан бөх шүү амжилт з�##�уу минь

Цэцэг
Цэцэг
9 сар 1, 2022 09:05

Болж дээ бусад бөхчүүд үлгэр аваасай буяны үйлд шамдаасай даа !

Зочин
Зочин
9 сар 1, 2022 19:25

ene hvn ih hurald ner devshih sanataiya

Холбоотой мэдээ

Back to top button