Ярилцлага

Б.Ариунхишиг: 38 хэм хүртэл халуурч, таталт өгдөг томуугийн энтеровирус элбэг байна

Ойрын өдрүүдэд хүнд хэлбэрийн ханиад нэмэгдэж байна. Нийтлэг хэлбэрээр маш хүчтэй халуурах, хоолой өвдөх, юм идэх дургүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа юм.

Тэгвэл уг ханиад нь ямар төрлийн вирусээс гаралтай болох, уг вирусээр хэрхэн өвчлөхгүй байх талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Ариунхишигтэй ярилцлаа.

ХЭД ХЭДЭН ВИРУСИЙН ХАЛДВАРААР ЗЭРЭГ ӨВЧЛӨХ БОЛОМЖТОЙ

-Одоо томуу, томуу төст өвчний ямар халдвар илүү зонхилж байна вэ?

-Улирлын чанартай томуу төст өвчин нь есдүгээр сарын сүүлээс дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Томуугийн 200 гаруй халдвар бүртгэлтэй байдаг байсан бол сүүлийн үед 230-300 гаруй болж нэмэгдлээ. Энэ вирусүүд нь үүсгэгчээсээ хамаараад илэрдэг шинж тэмдэг нь өөр өөр байдаг. Адинавирус л гэхэд нүд нуухтаж, нулимс гоожих, нүдний салстыг гэмтээх шинж тэмдэг илэрнэ. Эресвирус нь бага насны хүүхдүүдийн амьсгалын доод замыг гэмтээж илэрнэ. Нэг ёсондоо цээж шуугина гэсэн үг. Яг өдийд томуугийн улирал учраас хүүхдүүд сургууль цэцэрлэгээсээ халдвар авч байна. Дамжуулах нь ч эрс нэмэгдсэн.

-Адинавирус нь давамгайлж байна гэсэн үг үү. Аль эсвэл Эресвирус нь уу?

-Риновирус. Энтеровирус, Эресвирус, Бокавирус адилхан л байна гэсэн үг. Харин эндээс нэг зүйлийг онцолж хэлэхэд Энтеровирусийн хувьд өндөр халуурч, тууралт үүсдэг вирус юм. 38 хэмээс дээш халуурдаг гэсэн үг. Ийм өндөр халуурснаараа энгийн эрүүл хүүхэд байсан ч таталт өгдөг. Тийм болохоор 38-аас дээш халуурах юм бол эмчид хандах хэрэгтэй. Риновирусийн хувьд ихэвчлэн амьсгалын дээд замын шинж тэмдгүүд буюу хамар, залгиурын үрэвслээр илэрдэг. Өөрөөр хэлбэл хамар битүүрэх, нус гоожих, найтаах хэлбэрээр илэрснийг хүмүүс ханиадтай андуурах нь бий. Тус вирус нь эхэн үедээ халуурах, хамраас нус гоожих шинж тэмдгээр илэрч, дараа нь хамар залгиурын үрэвслээр хүндэрдэг гэсэн үг юм. Бокавирусийн хувьд томуугийн үед илэрдэгтэй ижил боловч зарим хордлогын шинж тэмдэг тод илэрнэ. Хоолой залгиур хөндүүрлэх, цэртэй ханиалгах цаашлаад хүндэрсэн үедээ хатгаа болгодог вирус байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн амын эргэлтэд томуу, томуу төст вирусүүд байна. Дээрх вирусээс сэргийлэхийн тулд заавал мэргэжлийн эмчид үзүүлэх, эмчийн бичиж өгсөн эмчилгээг хийлгэх нь зөв. Энтеровирусийн хувьд хордлого өгдөг. Гар, аман дээр тууралд гардаг. Онцлог нь хордлогын шинж тэмдэг илэрнэ.

-Нэг хүн эдгээр вирусүүдийг зэрэг тусаж болох уу. Хэрэв тэгвэл маш хүнд хэлбэртэй өвчлөх үү?

-Тийм байх боломжтой. Амьсгалын замын халдварт өвчний үүсгэгчийн дамжих зам нь адилхан учраас нэг хүн хэдэн ч төрлийн вирусийн халдвар авах боломжтой. SARS-CoV-2 вирусийн халдвар авсан байлаа гээд томуугийн вирусээр өвдөхгүй гэсэн үг биш. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, маскаа тогтмол зүүж, гараа сайтар угаах, хүн хоорондын зай барих зэрэг энгийн арга хэмжээг эцэг, эхчүүд ялангуяа сайн хэрэгжүүлэх шаардлагатай. Ерөнхийдөө эрүүл хүн жилдээ 5-7 удаа ханиуд шуухнаа хүрдэг.

ХАНИАД ХҮРСЭН Л БОЛ ХИЧЭЭЛ, АЖИЛДАА БИТГИЙ ЯВ

-Тус вирусүүдээс өөрийгөө болон бага насны хүүхдийг хэрхэн сэргийлэх вэ?

-Бага насны хүүхдийн тухайд эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, шим тэжээлтэй хоол хүнс идэж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл тус вирус нь хөнгөн үедээ эдгэрэх боломжтой. Мөн онцын шаардлагагүй бол бага насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх нь зөв. Бага сартай хүүхдийг дэлгүүр, олон нийтийн газар болон унаагаар тэврээд явж байгаа мэр сэр харагддаг. Энэ нь төдий хэмжээгээр хүүхдээ томуу болон томуу төст халдварын вирусээр өвчлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс мэргэжлийн төв байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжүүдийг илүү амьдрал ахуйдаа дадал хэвшил болговол олон өвчнөөс сэргийлж чадна. Мөн дараагийн зөвлөмж бол гараа 20-30 секундын турш савандаж, зөв дарааллын дагуу угаах нь чухал. Тус зөвлөмж нь нотолгоонд суурилсан. Амьсгалын замын халдвар, гэдэсний халдвараас хамгаалах, эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үздэг. Тэгэхээр гар угаах, амны хаалтаа зүүх, зай барих, зөв ханиаж найтаах зэрэг энгийн зөвлөмжүүдийг байнга дадал хэвшил болгоорой гэж зөвлөе.

-Ханиад хүрчихсэн бол юун дээр анхаарах нь чухал вэ?

-Хамар битүүрээд, ханиад шуухнаа хүрэх л юм бол цэцэрлэг сургууль, ажилдаа явахгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл бусад нь эрсдэлд орж байна. Гэртээ хүүхдэдээ эм өгч, өөрсдөө уусан болоод л гадуур явж байгаа нь нэгнээсээ халдвар авах эрсдэл нь нэмэгдээд байгаа юм.

-Ихэвчлэн ямар насны хүүхдүүд өвдөж байна?

-Ерөнхийдөө сургуулийн өмнөх насны хүүхдүүд өвчилж ирж байна.

-Танай эмнэлгийн ачаалал хэр байна. Эмч ажилчдын хүрэлцээ хангалттай байна уу?

-Ажлын өдрүүдэд дунджаар 350 хүүхэд ирж байгаа бол амралтын өдрүүдэд 500 хүрч байна. Бага насны хүүхэд нь ханиад хүрч, хамраас нь нус гоожно уу үгүй юу эмнэлэгт аваад ирэх юм. Санаа зовж байгаа нь зөв хэдий ч маск зүүлгэхгүй олон хүнтэй эмнэлгийн орчинд авч ирээд олон халдвар зэрэг авхуулах тохиолдол гараад байна. Үүн дээр анхаарах нь чухал байна. Халдвар хамгааллын дэглэмээ ч сайхан барих хэрэгтэй болж байна.

-Уг вирусүүдийн дэгдэлт хэзээ буурах төлөвтэй байна гэж үзэж байгаа вэ?

-Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн үргэлжлэх хугацааг үүсгэгчийн онцлогтой холбоотойгоор хугацаа зааж, тогтоох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчний үүсгэгч нь маш богино хугацаанд хувьсан өөрчлөгдөх чанартай байдаг учир шууд энэ сард багасна, ихэснэ гэсэн таамаглал гаргах боломжгүй юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button