Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын хэрэглээний барааны инфляц 3 жилийн дээд түвшинд хүрсэн ч дефляцын дарамт дуусах болоогүй

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засагт дефляц буюу бараа, үйлчилгээний үнэ буурах асуудал үүссэн. Дефляц нь зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ буурч, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж буй процесс юм. Нэг утгаар инфляцын эсрэг хэлбэр юм. Дефляц эдийн засгийн өсөлтийг удаашруулж, цаашлаад уналтад оруулах аюулыг ч дагуулдаг.

Тэгвэл БНХАУ-ын хэрэглээний барааны инфляц өсөлт арванхоёрдугаар сард сүүлийн 34 сарын хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна. Гэвч 2025 оны жилийн дүнгээр сүүлийн 16 жилийн хамгийн бага түвшинд хүрч буурсан байна. Мөн үйлдвэрийн гарц дээрх барааны үнэ унасан хэвээр байгаа тул БНХАУ-ын засгийн газар эдийн засгаа дэмжих арга хэмжээ авна гэх хүлээлтийг нэмлээ.

19 их наяд долларын ДНБ-тэй тус улсын эдийн засгийн тэнцвэргүй байдал өнгөрсөн 2025 онд улам дорджээ. Гэхдээ эдийн засгаа дэмжих бодлого явуулж, экспорт сайн хийсний ачаар 2025 онд ДНБ-ээ тав орчим хувиар өсгөнө гэсэн зорилгодоо хүрэхээр байна.

Дэлхийн хүчирхэг эдийн засгуудын ДНБ-ий ихээхэн хувийг иргэдийнх нь хэрэглээ үүсгэдэг. БНХАУ-ын хувьд ДНБ-ий 40 орчим хувийг л иргэдийн хэрэглээ бүрдүүлдэг байна. Энэ нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Зарим шинжээчид БНХАУ энэхүү үзүүлэлтийг 50 хувьд хүргэхээр ажиллах ёстой гэж үзэж байгаа юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эхлүүлсэн худалдааны дайн хэрэглээний эрэлтийг улам дордуулжээ. Үүнээс гадна олон жил үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь иргэдийн хэрэглээний сэтгэл зүй болон эдийн засгийн өсөлтөд саад болж байна. Сүүлийн жилүүдийн тоо баримтаар бол тус улсын ДНБ-ий 25 орчим хувийг үл хөдлөхийн салбар бүрдүүлж байгаа юм. Мөн Хятадад хөрөнгөө хадгалах хамгийн арга нь үл хөдлөх худалдан авах байсан.

Зургийн эх сурвалж: Fortune

Дефляцын дарамт үргэлжилнэ

БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо баасан гарагт /2026.01.09/ нийтэлсэн тоо баримтаар бол арванхоёрдугаар сард хэрэглээний үнийн индекс (CPI) өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар өсжээ. Энэ нь арваннэгдүгээр сарын 0.7 хувиас бага зэрэг өссөн үзүүлэлт бөгөөд шинжээчдийн таамагтай нийцсэн юм.

Үнэ өсөхөд хүнсний бүтээгдэхүүн голлон нөлөөлжээ. Тухайлбал, шинэ ногоо 18.2 хувиар, үхрийн мах 6.9 хувиар тус тус өссөн байна. Статистикч Дун Лижуань үнийн өсөлтийг тайлбарлахдаа шинэ жилийн баярын өмнөх худалдан авалт болон засгийн газрын бодлого нөлөөлсөн гэжээ.

БНХАУ-ын эрх баригчид дефляцыг зогсоож, эрэлтийг дэмжихээ амлаж буй. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг өсгөхөөр зорьж байгаа юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн суурь эрэлт сул хэвээр байна.

“ING” банкны ахлах эдийн засагч Лин Сон "Инфляц харьцангуй бага байна. Тиймээс энэ онд мөнгөний бодлогыг улам зөөлрүүлж магадгүй" гэж хэлжээ. Харин “Capital Economics”-ийн эдийн засагч Зичунь Хуаны хэлэхдээ, эрэлтийг дэмжих дорвитой арга хэмжээ авахгүй бол үйлдвэрлэлийн гарцын илүүдэл болон дефляц ирэх жилүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Хүнс болон шатахууны үнийг хассан суурь инфляц 1.2 хувьтай гарсан нь арваннэгдүгээр сарынхтай ижил үзүүлэлт байлаа. Алтны үнийг хасаж тооцвол суурь инфляц өмнөх сараас ялимгүй буурсан гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолжээ.

Цар тахлын дараах БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сул байгаа тул инфляц олон түвшиндээ хүрч чадахгүй байна. Дээр дурдсан үл хөдлөхийн салбарын хямралаас гадна ажилгүйдэл өндөр байгаа нь Хятадад өрхийн хэрэглээ буурахад хүргэжээ. Үүнээс болоод үйлдвэрлэгчдийн дунд барааныхаа үнийг буулгах өрсөлдөөн үүсэж, бараа бүтээгдэхүүн илүүдэл үүсээд байгаа юм.

Арванхоёрдугаар сард үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 1.9 хувиар буурчээ. Энэ нь арваннэгдүгээр сарын 2.2 хувийн уналтаас сайжирсан үзүүлэлт байв. Гэсэн хэдий ч БНХАУ-д үйлдвэрлэлийн гарцын үнэ сүүлийн гурван жил гаруйн хугацаанд тасралтгүй уналаа. 2025 оны үйлдвэрийн гарцын үнэ өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурсан байна.

Дэлхийн зах зээх дээрх түүхий эдийн үнэ болон зарим салбарын үйлдвэрлэлийг хязгаарлах бодлого хэрэгжиж эхэлсэн нь энэ бууралтыг сааруулахад тусалжээ.  Харин Хятадын үйлдвэрлэлийн илүүдэл гарцын асуудалд ямар ч бодит ахиц гараагүй юм. Шинжээч Хуан хэлэхдээ, удаан эдэлгээтэй барааны үнэ олон улсын санхүүгийн хямралын үеийнхээс ч хурдтай унаж байгаа нь нийлүүлэлт хэт их байгааг баталж байна гэжээ.

2025 оны сүүлийн хагаст БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларсан тул 2026 онд эрх баригчид ямар алхам хийнэ гэж шинжээчид таамаглаж байгаа аж. БНХАУ 2026 онд хуучин бараа солих хөтөлбөрт зориулж 62.5 тэрбум юань төсөвлөжээ. Хуучин бараа солих хөтөлбөрийг БНХАУ-ын засгийн газар иргэдийн хэрэглээг дэмжих зорилготой эхлүүлсэн юм. Мөн банкнуудын хадгалах ёстой бэлэн мөнгөний нөөцийн хэмжээ болон бодлогын хүүг бууруулах зэрэг аргаар эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж эрх баригчид амлаад байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button