Урьдчилсан үнэлгээ: Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 200 тэрбум төгрөг шаардлагатай

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг шууд тодорхойлох боломжгүй байгаа билээ. Тус ордын техник, эдийн засгийн үзүүлэлт /ТЭЗҮ/-ийг боловсруулж дуусаагүй юм.
Гэвч урьдчилсан байдлаар 200 тэрбум төгрөг шаардлагтай хэмээн үзэж байгаа ажээ.
Энэхүү ордын байршил, геологийн нөхцөл, хүдэржилт, эрдсийн шинж чанараас хамаарсан хэд хэдэн асуудал эдийн засгийн эргэлтэд оруулахад нөлөөлдөг байна. Үүнд:
- Асгатын ордын хуучин хайгуулын үе шатанд нээгдсэн хэвтээ амнуудад хүрэхийн тулд зайлшгүй хилийн зурвас нэвтрэх шаардлагатай байдаг аж.
- Ордын нөөцийн үнэлгээг хуучны ОХУ-ын стандартаар боловсруулснаас хойш судалгааны ажил хийгээгүй бөгөөд энэ нь одоогийн олон улсын стандартын шаардлагад нийцдэггүй байна.
- Хүдэржилт болон эрдсийг шинж чанараас нь хамаар баяжмал дахь хүнцэл болон сурьмаг ялган авах технологи асуудалтай ажээ.
Дээрх асуудлуудыг чиглэн хийж буй ажлын талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төсөл, хайгуул ашиглалт судалгааны хэлтсийн уулын ашиглалт, олборлолт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхжаргал ярилаа.
Тэрбээр “Манай компанийн зүгээс хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Үүнээс дурдвал, ордын нөөцийг олон улсын жишигт нийцүүлэн тооцох, шаардлагатай тохиолдолд нэмэлт геологи, хайгуулын ажлыг хийнэ. Хүдрийн хам баяжмалаас хүнцэл болон сурьмаг ялган авах технологийн туршилтын ажлыг хийлгэж, технологийн схемийг эцэслэн тогтоох юм. Мөн ОХУ-ын хилийн зурвасыг нэвтрэхгүйгээр ордыг ашиглалтад бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг судалгааны ажлуудыг эхлүүлээд байна” гэв.
Эдгээр судалгааны ажлыг эцэслэн боловсруулсны үндсэн дээр хийж гүйцэтгэвэл эрсдэл багатай хэмээн үзэж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.