Сурвалжилга

Сонгинохайрханы иргэд 30 жилийн хөгжлөө ярилцаж, гурван жилийн төлөвлөгөөгөө гаргалаа

“Хогоо ангилж хаядаг болмоор байна. Ийм шийдлийг хороогоо, дүүргээрээ хийх хэрэгтэй. Миний үр хүүхдээс дутахааргүй нэгэн тэнд ажиллаж байна. Хог ачдаг ажилчдын цалинг 1.6 сая төгрөг болгосон ч хүн олдохгүй байна гэж ярьж байна. Бодит байдал дээр тэдний өмссөн хувцас, ажиллаж буй орчин хүнд нөхцөлд байхад цалинг нь өсгөлөө гээд яахав дээ. Хогоо ангилах гэдэг бол ухамсар. Ерөөсөө л үүнийг хэвшил болгоход чиглэж ажиллах хэрэгтэй байна, засаг дарга аа” хэмээн ярих нэгэн бол Сонгинохайрхан дүүргийн I хорооны иргэн н.Чинбат юм.

Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 92 мянган өрхийн 390 мянган иргэний нэг билээ. Олон жил амьдарч буй орчноо сайжруулахаар өөрийн саналаа бодлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” уулзалтын үеэр хэлсэн юм.

Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Үүний 33 нь гэр хороолол, долоон орон сууцны хороолол ажээ. Харин үлдсэн гурван хороо нь холимог хороолол юм байна. Энэ дүүрэгт гэр хороололд амьдрах иргэд их байдгаас хамгийн үүдэн нийгмийн хувьд олон асуудал бий. Энэ талаар ярилцахын тулд тус дүүргийн 30 жилийн ойн хүрээнд иргэдтэйгээ уулзаж байгаа ажээ.

Сонгинохайрхан дүүргийн 90 гаруй хувьд нь гэрэлтүүлэгтэй болжээ

“Иргэдээ сонсъё” уулзалт тав дахь өдрөө Сонгинохайрхан дүүрэгт байрлах 107-р сургуульд болсон юм. Тус сургуулийн урлаг заал хөл гишгэх зайгүй болсон байв. Ажихнээ 60-аас дээш насныхан 95 орчим хувийг эзлэх нь олон нийтийн ийм уулзалтад хамгийн идэвхтэй бүлгийнхэн гэлтэй.

Уулзалтын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Хамгийн олон хүн амтай энэхүү дүүрэгт гэрэлтүүлэг, дэд бүтэц, зам талбайн бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээг цахимжуулах, хоггүй болгох, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг бий болгоход чиглэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дүүргийнхээ 90 гаруй хувийг гэрэлтүүлж чадлаа. Ингэхэд нийт 21 мянга гаруй гэрэлтүүлэгтэй болсон. Мөн 64 байршилд 1559 гарааш, чингэлгийг чөлөөлө ажил хийхээс 1234-ийг нь уулгасан байна. Мөн 2-5 насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Нэмэлтээр долоон сургуулийг шинээр барьж байгаа. Зохион байгуулж буй уулзалтаар иргэдийн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх шат шатны байгууллагад удирдлагуудтай хамтарч ажиллана” гэсэн юм.

Тог цахилгааны асуудлаа шийдүүлээгүй 120 айл байна

Тус уулзалтад I болон 35-р хорооны Засаг дарга нар оролцсон юм.

35-р хорооны засаг дарга Д.Баярсайхан “Энэ хороог хариуцаж байх үед 33 ширхэг гэрэлтүүлэгтэй байсан. 36 гудамжтай. Өнөөдрийн байдлаар 370 орчим гэрэлтүүлэг тавьсан. Ингэснээр гудамжуудаа 100 хувь гэрэлтүүлгээр хангаж чадсан гэж үзэж байгаа. Харин хүчдэл унах, зарим айлууд тог цахилгаангүй гэсэн асуудал бий. Хүчдэлийг нь сайжруулсан. Энэ жил 150 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан. Одоо зураг төслийн ажлыг хийж байгаа. Он дамнаж хийх ажил юм” гэлээ.

Мөн тэрбээр "Манай хороонд цэцэрлэгийн насны 400 хүүхэд бий. Нэг байрыг шинээр түрээсэлсэн. Ингэснээр 300 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа. Үлдсэн 100 хүүхдийг эцэг эх нь гэрээр харах боложтой юм. Манай хорооны уулархаг газарт байдаг. Үүний улмаас замын ажил хүндрэлтэй байна. Иргэд үйлчилгээ аваагүй авахдаа өгсүүр газар руу явдаг нь тэдэнд тодорхой хэмжээнд хүндрэл үүсгэдэг талаар гомдол ирж байгаа" гэв.

35-р хороонд тогны эх үүсвэрээ шийдүүлж чадаагүй, хөрш айлаасаа утас татаж хэрэглэдэг 120 гаруй айл байгаа гэх тоон мэдээлэл байна. Ирэх оны эхний улирал гэхэд эдгээр айлын тог, цахилгааны асуудлыг шийдэж дуусна гэх хүлээлттэй байгаа ажээ.

I хорооны иргэд усаа 6000 төгрөгөөр зөөж байна

Харин I хороонд хамгийн их тулгардаг асуудал нь гэрэлтүүлэг ажээ. Тус хорооны хувьд гэрэлтүүлгийн ажил 40 хувьтай байгаа юм. Энэ талаар тус хорооны Засаг дарга О.Буянгэрэл "Дүүргийн орон унтгийн хөгжлийн сангаар 33 ширхэг гэрэлтүүлэг тавьсан. Нийслэийн Орон нутгийн хөгжлийн сангаас 44 гэрэлтүүлэг тавихаар зураг төслийн ажлын хийж байна. 2023 оны III улирлаас дэд бүтэц, зам, дулаан хангамж гэх мэт бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгах төлөвтэй байгаа. Мөн 119-р гудамжид алсаас айл өрхүүд ус зөөхдөө нэг явдалдаа 6000 төгрөгийг усаа зөөхдөө зарцуулдаг гэх мэдээлэл байна. Тиймээс худагны хүртээмжийн асуудлыг цаашдаа авч хэлэлцэж, ажиллана" гэв.

Улаанбаатар ТӨҮГ-ээс цахилгааны ауудалтай байгаа тус хорооны 180 өрхийн асуудлыг шийдэхээр бэлдэж байгаа ажээ.

Уулзалтын үеэр иргэд хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан юм. Үүнд, нэг цонхны ажилтан байхгүй, тэтгэвэр нэмэгдсэн ч барааны үнэ өсөөгүй, замын бүтээн байгуулалтын ажил нэг айлаас болж зогссон, хог ихэссэн тул хог ангилах сав гаргах зэргийг дурдав. Мөн нүүрсний цэг бага, худагны хүртээмж муу, цахилгаан, тогны асуудалтай, хугацаа нь дууссан барааг 50 хувь хямдруулж зарж байгаа, замыг улиралд ядаж нэг удаа хусах гэх мэт асуудал хамгийн ихээр давтагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button