НийгмийнНИЙГЭМ

Иргэний үнэмлэх дээр гэрийн хаягийг мэдээлэхээ болино

Улаанбаатар хотод жилд дунджаар 25-30 мянган хүн шилжиж ирдэг байна. Тэр хэрээр нийслэл хотын гэр хороолол, барилга, айл өрхийг хаягжуулах үйл явц ээдрээтэй байдаг билээ. Тухайлбал, хаягийн давхцал үүсэх, нэр дугааргүй задгай гудамжууд нэмэгдэх, улмаар эмнэлгийн үйлчилгээ, цагдаа, гал унтраах, аврах ангийн тусламж авахад хүндрэл үүсдэг. Түүгээр ч зогсохгүй нэгдсэн мэдээллийн системийн хоцрогдлын улмаас албан байгууллага хоорондын тоон болон хувь хүний мэдээллүүд, зөрдөг юм. Энэ мэтээр хаягийн бүртгэл хийх нь жижиг ажил шиг харагдавч өргөн хүрээг хамрах зүйл билээ.

Технологийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд цахим үндэстэн болно гэх зорилтыг тавьсаар хэдэн жилийн нүүрийг үзлээ. И-монголиа цахим системийг ашиглана гэхэд эсэргүүцэж, мэгдэж, гайхаж байсан үе ч ард өнгөрчээ. Нийгэм хөгжихийн хэрээр бидний хэрэглээ ч цахимжсаар байна. Тиймээс хаягжилтийг цахимжуулж, байгууллага хооронд мэдээллээ солилцох, хаягийн нэгдсэн бүртгэлийг бий болгох, ямар ч хаягийг хайсан хүндрэл учрахгүй байхаар асуудлыг шийдэх хэрэгцээ үүсээд байгаа юм.

Нийслэлийн есөн дүүрэгт хаягийн тэмдэгжүүлэлт хийгээгүй

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т 3.4 сая иргэний 1.1 сая үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг аж. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт 561 мянган хаяг бүртгэлтэй юм байна. Хаягийн шинэчлэлийн 22 хувь нь бүртгэл зөрсөн зөрчилтэй байжээ. Тиймээс Улаанбаатар хотод стандарт болон стандарт бус хаягийг шийдвэрлэж, баталгаажуулахад гар ажиллагаа шаардлагатайг УБЕГ-аас мэдээллээ.

Дээрх асуудлуудын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас хаягжуулалтын ажлыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг герпорталаар дамжуулан цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийсэн байдаг. Мөн 2013-2018 онд Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг хийсэн юм. Үүний үр дүнд геопорталын системийг байгуулсан байдаг. Уг систем нь хэрэглэгчдийн хандалт, бүртгэлийг хянах боломжтой ажээ.

Хаягийн мэдээллийн санд нийт 1.08 сая нэгж талбарын 689.9 мянган барилга байгууламж, 49.8 мянган гудамжны өгөгдлийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас оруулсан байна. Шинээр хот суурин газрын 650 мянган нэгж талбар, 284 мянган барилгыг хаягжуулжээ. Мөн малчдын өвөлжөө хаваржаа, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа 206 мянган нэгж талбарт хаяг олгосон аж.

Энэ мэтээр хаягжуулах үйл явцыг чухалчилж үзэж буй нь авууштай ч хамгийн ихээр Улаанбаатар хотод шаардлагатай гэдгийг орхигдуулах шиг. Тухайлбал, Монгол орон даяар хаягийг тэмдэгжүүлэх ажлыг хийж буй нь орон нутагт идэвхтэй байна. Нийт 241 сумын хаягийн тэмдэгжүүлэлт хийжээ. Харин 89 суманд бэлтгэл ажлын үйл явцдаа байгаа юм байна. Мөн нийслэлийн есөн дүүрэгт хаягийн тэмдэгжүүлэлт хийгээгүй байгаа ажээ.

"Postal code" болон "zip code"-оо идэвхтэй ашигладаг болно

Улаанбаатар хотод хаягжуулах үйл явц удаашралтай, урагшгүй байгаад удирдах албаны хүмүүс хэд хэдэн гарц гаргалгааг нэрлэж байгаа юм. Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал "Cloud" бүтэц, "postal code" болон "zip code" ашиглах нь манай улсын цахим хөгжлийн нэг хэсэг гэдгийг Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай төслийг танилцуулахдаа дурдлаа. Тэрбээр "Цаашдаа Cloud дэд бүтцийг бий болгоно. Үүлэн системийн мэдээллүүд нь Үндэсний дата төвд хадгалагдана. Энэхүү ажлыг он дуусахаас өмнө эхлүүлнэ" гэсэн юм. Мөн гаднын улс орнууд шиг "postal code" болон "zip code" ашиглах нь хаягийн мэдээллийг технологитой хослуулсан шийдэл гэж үзсэн билээ.

"Postal code" гэдэг нь шуудангийн нэгдсэн кодыг хэлдэг. Нийт есөн оронтой юм. Энэхүү код нь тухайн хаягийн газар зүйн байршлыг тодорхойлох, аль ч төрлийн үйлчилгээнд хэрэглэх, хаягийн зөрчил гарахгүй байх гэх мэт давуу талтай байдаг. "Zip code" гэдэг нь бүсчлэлийн код бөгөөд таван оронтой юм. Бүс гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсгийн байршлын мэдээллийг агуулна. Товчхондоо иргэн эдгээр кодуудаа мэдсэнээр хаягаа буруу бичсэн ч кодоо зөв бичвэл ямар ч үйлчилгээнд хугацаа алдахгүй, мөн шуудангийн илгээмжээ зөв байршилд авах боломжтой гэсэн үг.

Хаягийн мэдээлэлтэй холбоотой өөр нэгэн зүйл нь иргэний үнэмлэхийг шинэчлэх ажил ажээ. Иргэний үнэмлэхийн загварыг шинэчлэхдээ дээр нь буй хаягийн мэдээллийг гаргахгүй юм байна. УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Хаягийн мэдээллийг иргэний үнэмлэх дээр ил гаргахгүй. Иргэдийн гарт байгаа гэрчилгээг цахимжуулж, зардлыг хэмнэнэ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Erni bol zow baij medne

Зочин
Зочин

Хэрэг төвөг олшрооод бгаа энэ үед бүр сайн цахимжих нь зөв бгаам даа

Зочин
Зочин

Тийм шүү цаг үеэн дагаан хувьсан өөрчлөгдөж сайжарч байх ёстоы

Зочин
Зочин

Энэ чинь харин авууштай мэдээ бна даа

Зочин
Зочин

Zuw shvvv demjij bna

Банк мэдээлэл нэхдэг
Банк мэдээлэл нэхдэг

Голомт банк данс эзэмшигчийн мэдээлэл шинэчлэл гэж иргэний бүх мэдээллийг өөрөөр нь бичүүлж авч байна. Хууль бус гэхээр тэгвэл манайх танд үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэж шахдаг.

Лхагва
Лхагва

Золбингууд л ихсэнэ. Цагдаа нар гэмт хэрэгтнийг гэрийн хаягаар л хайж олдог
Хаяггүй бол хэрэгтэнг яаж олох юм.

Холбоотой мэдээ

Back to top button