Нийгмийн

Болд Ерөө гол компаниас 612 сая төгрөг завшсан ч шүүхээс 40 саяар торгуулжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна. Нийт 57 хэргийг танилцуулж байгаа бөгөөд үүнээс шүүхээр шийдвэрлэсэн дөрвөн хэргийг танилцууллаа.

  1. Япон улсын иргэн Такахама Кэничи нь их хэмжээний мөнгө залилуулсан гэх хэрэг

Хэргийн товч: Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахама Кэничитэй Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, Ориентал Капитал ХХК, Ориентал Инвест ХХК зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудыг үүсгэн байгуулж зохиомол байдлыг бий болгон хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргаж Япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилсан гэх.

Холбогдогч нарт ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дaхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг СБД-ийн ЭХАШШ-д шилжүүлж, шүүхээс 2022.05.30-ны өдөр 2022/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолоор О.Болдод зургаан жилийн хорих ял шийтгэсэн.

Яллагдагч О.Болдоос анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

2. Монгол Улсын иргэн Т.Гочоосүрэнд холбогдох хэрэг

Хэргийн товч: Т.Гочоосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оын долоодугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах "Палас" зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байжээ. Япон улсын иргэн "Сүрүга" корпорацын гүйцэтгэх захирал Хара Цүнэкигийн орны матрас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн гэх.

Холбогдогч Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарт Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2012.09.02-ны өдрийн 1093 дугаартай тогтоолоор цагаатгасан байна.

Хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Японы иргэн Хара Цүнэякиг нас барсан гэх мэдээлэл авсан. Манай хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажиллаж байгаа. Т.Гочоосүрэн, И.Тэргэл нар япон улсын иргэнийг гүтгэсний дараа хувиараа бизнес эрхэлж байгааг цагдаагийн байгууллааас шалгаж байна" гэсэн юм.

3. Монгол Улсын иргэн Ц.Цэдан нарт холбогдох хэрэг

Хэргийн товч: Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар нь BB&T компаниас 22.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн санхүү хариуцсан Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м.кв талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй обьектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулсан гэх.

Энэхүү хэргийг 2015 онд нээсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн №237 тоот шийтгэх тогтоолоор Ц.Цэдэнд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 74 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Яллагдагч Ц.Цэдэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, 2017 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадалгаагаар 13 жилийн ялыг есөн жил болгон өөрчилжээ. Улсын дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн №29 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, буруугүйд тооцон шийдвэрлэсэн байна.

4. Хятад улын иргэн Ли Шао Ми холбогдох хэрэг

Хэргийн товч: Болдтөмөр Ерөө гол компанийн хувьцаа эзэмшигч хятад иргэн Ли Шао Мигийн хөрөнгийг тус компанийн нярав н.Оюунсүрэн гэх эмэгтэй 317 сая ам.долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшсан. Ингэхдээ өөрийн гарын үсэг зурах эрхээрээ 612 сая төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон гэх.

Анхан шатны шүүхээс н.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, зорчих эрхийг нь долоон сараар хязгаарлаж шийдвэрлэсэн. Энэхүү хэргийг 2022 онд шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button