НИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Өдрийн сурвалжилга: Халтиргаа эхэлснээр ГССҮТ-д 102 хүн үйлчлүүлжээ

Намрын адаг сар эхлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотын гудамж талбай цагаан өнгөөр хучигджээ. Цас орсон болоод ч тэр үү, эсвэл нэхмэл зузаан цамц өмссөнөөс болсон уу, ажилдаа явах замдаа огтхон ч даарсангүй. Тэгсэн атлаа жиндүүхэн салхитай нь хацар хайрна. Хорвоо ертөнц ч урьд урьдынхаас илүү удаан болсон мэт. Тэр хэрээр цаг хугацаа ч удаан өнгөрөх шиг.

Долоохон хоногийн өмнө өглөө эрт гудамж талбайд хоёр тийш яарсан хүмүүс явдаг сан. Өнөөдөр бүгд л ичээндээ орсон баавгай шиг хөдөлж ядах нь эгээтэй л цаг хугацаа удааширсан мэдрэмжийг төрүүлнэ. Амралтын өдөр орсон цасны улмаас дээрх дүр зураглал бий болжээ. Үүнтэй зэрэгцээд машинтай иргэд замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох нь уртаас урт түгжрэл үүсгэсэн байлаа. Машинтай зэрэгцэж замын цас хусах үйлчилгээний ажилтнууд яаж ч хурдан ажиллаад тэр их цасыг хусаж дуусахааргүй байв. Хааяа нэг амсхийж, уртаар санаа алдан, эргээд ажилдаа орох нь багагүй ядарсныг нь харуулна.

Хүүе, хаая гэхийн завдалгүй нэгэн хүү халтираад унаад өгөх нь тэр. Дүрэмт хувцсыг нь харахад бага ангийх бололтой. Тэрхэн зуур ухасхийн босож, сургууль руугаа гүйв. Хажууханд халтирахгүйн тулд гараа алдалж, хөлөө ойр ойрхон тавин алхах оюутан бололтой дөрвөн охин явж байлаа. UBH барилгын гэрлэн дохио хүртэл оцойж алхана. Бүгд урт хар куртик, цагаан малгай өмсөөд, оцойж алхаж буй нь яагаад ч юм оцон шувуу шиг харагдах нь тэр. Зөвхөн тэд ч биш явган хүний зам дээрх цас хайлж, мөс тогтсон нь гудамж дүүрэн оцон шувуу алхаж буй мэт. Ингээд бодох үед би ч ингэж харагдаж байгаа байхдаа хэмээн өөрийгөө дотрро багахан шоолов. Зөвхөн энэ хэсэг газарт хүмүүс халтирч байна уу гэвэл үгүй. Арслантай гүүр, МУИС орчмын зам, Ард кино театрын буудал, Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордонг тойрсон зам гэх мэт газруудад гантиг хавтан бүхий явган хүний зам байгаа нь иргэдийг "оцон шувуу" болгоход хүргэж байлаа.

ГССҮТ-д ням гарагт 102 хүн үйлчлүүлжээ

Халтиргаа, гулгааны улмаас хүнд, хөнгөн бэртэл авсан иргэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийг зорих нь нэмэгджээ. Тус төвөөс бэртэл авсан иргэдийн талаар тодруулахад "Бид одоогоор нэгтгэл тоогоо гаргаагүй байна. Өглөөнөөс хойш халтиргааны улмаас бэртэж, үйлчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн. Манай төвөөр өчигдрийн байдлаар 102 хүн цас орсны улмаас халтирсан гэх мэдээлэлтэйгээр үйлчлүүллээ" гэсэн юм.

ГССҮТ-д халтиргаанаас үүдэлтэйгээр хүний биеийн мөчний хугарлын гэмтэл хамгийн их байдаг ажээ. Үүнд, гар, хөл болон тархийг нэрлэж болно. Унах үедээ хэрхэн унаснаас хамаарч хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртдэг аж. Хамгийн их бэртдэг мөч нь гарын хэсэг юм байна. Хүн унахдаа өөрийн онцлогоороо, биеэ хамгаалан тулахдаа гараа ашигладаг учраас хамгийн их бэртэж гэмтдэг биеийн хэсэг ажээ. Мөн гараа халаасандаа хийж яваад унахдаа гараараа тулж амжаагүйгээс үүдэж тархиа гэмтээх тохиолдол нэлээдгүй байдаг аж.

Явган зорчигчийн замын стандарт шаардлага хангахгүй байна

Улаанбаатар хотод гантиг хавтангаас болж өмнөх жилүүдэд ч гэмтэх хүмүүс нэлээдгүй байв. Явган хүний замыг халтиргаа үүсгэхээс сэргийлж, чанартай, эрсдэл багатай материалыг сонгодог аж. Тухайлбал, барууны орнуудад чулуу, мод, бетон болон аспальтаар явган зорчигчийн замыг хийдэг байна. Ингэхдээ ногоон төгөл буюу цэцэрлэг дундуур эко явган хүний зам бүрдүүлэхийн тулд модыг ашигладаг аж. Харин том чулуунуудыг бетонтой хольсон зам тавих нь ч элбэг. Мөн аспальтаар явган хүний замыг хийснээр өвлийн улиралд эрсдэл бага байдаг ажээ. Ихэвчлэн явган зорчигчийн замыг өвлийн улиралд эрсдэл багатай байлгах үүднээс бага зэргийн товруутай, барзгар байдлаар хийдэг байна.

Манай хоттой ижил шил толь шиг гялтганасан материалтай явган хүний зам эрсдэл ихтэй тул улс орнууд ийм төрлийн хавтангаар төдийлөн явган хүний замыг хийдэггүй. Монгол улсад сүм дуган хийдийн дундах явган хүний замыг шатаасан хөх тоосгоор хийдэг байсан түүхэн эх сурвалж бий. Ингэхдээ шатаасан хөх тоосгыг хооронд нь зайтай тавьж, хажуугаар нь чулуу шигтгэдэг байжээ. Харин барууны эртний улс орнуудад том ширхэгтэй чулууг шашны барилгад ашглаж байсан нь хожим явган хүний замд ашиглах болсныг түүхэнд дурдсан байдаг. Энэ мэт түүхээс харахад ч явган хүний замд гял цал болсон зам үгүй. Түүнээс гадна гудамж, зам дээрх өгсүүр болон уруу газарт халтиргаанаас хамгаалсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настанд зориулсан шат, шатны бариул зэрэг нь зайлшгүй байх ёстой. Энэ мэтээр явган зорчигчийн замд зориулсан стандарт шаардлага хангахгүй өнөөдрийг хүрлээ.

Оцон шувуу шиг алхах нь үр дүнтэй арга

Халтиргаанаас үүдэлтэй гэмтлээс сэргийлэхийн тулд иргэд “пингвин алхалт” буюу оцон шувуу шиг алхах нь хамгийн зөв алхалт болохыг Японы эрдэмтэд онцолсон байдаг. Ингэж алхахын тулд нэгдүгээрт, өвдгөө суллаж, гараа халааснаасаа гарган биеийн дагуу сул байрлуулна. Гар сул байх нь унахад гараараа тулж, түлхэж эрчийг сааруулснаар хүчтэй унах, бэртэж гэмтэхээс сэргийлэх юм. Хөлөө энгийн үеийнхээс хооронд нь ялимгүй салгаж, биеийн тэнцвэрээ олж авах нь чухал.

Хоёрдугаарт, цас болон мөсөн дээр гишгэхдээ биеийн тэнцвэрийг аль болох өлмий өсгийгөөр бус улаа бүтэн тавьж гишгэх хэрэгтэй. Мөн ердийнхөөс алхмаа ойртуулж, жижиг жижгээр алхах нь тустай. Хөлийн өлмийг ялимгүй гадагш чиглүүлсэн байх нь чухал. Хөлийн улыг бүтнээр нь газарт гишгэх шаардлагатай. Ингэснээр халтирах эрсдэл багасах юм. Улмаар яаралгүй, сандралгүй урагш алхана.

Гуравдугаарт, хэрэв халтирч савж унавал эрүүгээ аль болох цээж рүүгээ нааж өгөөрэй. Ингэвэл толгойгоо газар савж, тархиа гэмтээхээс сэргийлэх юм. Мөн биеэ аль болох бөмбөг хэлбэрт оруулан хурааж, булчингуудаа суллаж өгвөл гэмтэх эрсдэл буурдаг байна. Мөн зузаан, дулаахан хувцас өмссөнөөр гэмтэхээс сэргийлэх жийргэвч болдог ажээ.

Халтирч унаад гэмтсэн бол хохирлоо хэрхэн барагдуулах вэ

Албан байгууллага аж аухйн нэгжүүд гадна орчныхоо 50 метр зайд халтиргаа, гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмчилгээний зардал, энэ хугацаанд олох байсан орлогыг тухайн байгууллага хариуцна. Хэрэв тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах юм.

Эрүүл ахуйн тухай хууль:

4.4.3 Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэавэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх

13.1.6 Энэхүү хуулийн 4.4.3-т заасны дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах

Иргэний хууль:

497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хэрэв хохирлоо барагдуулахыг хүсвэл:

  1. Халтирч унасан газраа баталгаажуулж, зураг дарж, бичлэг хийх. Харин ганцаараа явсан үедээ бэртэж гэмтсэн бол цагдаа болон түргэн тусламж дуудаж, гэмтэж бэртсэн гэдгээ баталгаажуулж болно.
  2. Бэртлийн зэргээ тодорхойлуулж, эмчилгээний зардлаа тооцуулж, эмнэлгийн магадлагаа гаргуулж, тухайн дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлнэ.
  3. Тухайн байцаагч эмчилгээний зардлыг байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дангаасүрэн
Дангаасүрэн
10 сар 31, 2022 15:46

Биеэ авч явж чадахгүй дэндүү арчаагүй юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button