УЛС ТӨРЭдийн засгийн мэдээ

С.Наранцогт: Валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.09/ ээлжит хуралдаанаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцсэн юм. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Засгийн газрын 362 дугаар тогтоолоор гарсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг холбогдох Төрийн нарийн бичгийн дарга нар, Монголбанкны дэд ерөнхийлөгч, мөн миний бие С.Наранцогт ахлан ажиллаж байна. Тогтоолын хэрэгжилттэй холбоотой мэдээллийг 14 хоног бүр Засгийн газарт мэдээлж байх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Өнөөдөр анхны танилцуулгаа хийлээ. Ажлын төлөвлөгөөг гаргаж, долоо хоног бүр төрийн өмчит компаниудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдэж байна. Аравдугаар сарын албан ёсны статистик мэдээллээр Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Энэ нь 3.3 сарын нөөц юм. Валютын зах, арилжааны банк, Монголбанк хоорондын арилжааны зөрүү 150-200 төгрөг, валютын нөөц 2.5 тэрбум ам.доллларт хүрч багассан үеийг бодвол өнөөдөр арилжааны зөрүү 20-30 төгрөг болсон байна. Арилжааны банкуудаас олгодог валютын дүн нэг саяаас 10 сая болж өссөн. Энэ мэтээр манай улсын валютын нөөц нэмэгдэж, үр дүн сайжирч байгаа" гэлээ.

Мөн тэрбээр "Төрийн өмчит компаниудад тодорхой ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Аравдугаар сард өмнөх саруудын дунджаар оруулж ирдэг байсан валютын урсгал нэмэгдсэн. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгойн хувьд өмнөх саруудын дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол 70.5 сая ам.долларт хүрлээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өмнөх саруудын дунджаар 81 сая ам.доллар оруулдаг байсан бол сүүлийн сарын байдлаар 104 сая ам.доллар оруулсан байх жишээтэй. Ийм үр дүнгүүд гарсан байна. Дээрх ажлын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хоёр бүрэлдэхүүн хэсгээр ажиллаж байгаа.

Нэгдүгээрт, тогтолцооны шинэчлэл. Тогтолцооны шинэчлэл гэдэг нь манай улсаас экспортлож буй ашигт малтмал, түүхий эдийн гэрээ бүртгэлийг бүрэн цахимжуулах ажил юм. Энэ ажил и-баримтад тулгуурласан дөрвөн модулиас бүрдсэн системийг боловсруулна. Үүнээс гурван модулийн ажлыг бүрэн хийж дууссан. Гэрээ бүртгэх ажлын явц 74 хувьтай байна. Арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар хөгжүүлэлтийн асуудал дуусаж, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс компаниас бүртгэж эхлэх юм. Нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын хилээр гарч байгаа ашигт малтмал болон түүхий эдийг бүртгэж, цахимжуулна.

Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийг биржээр худалдах ажлыг хийж байна. Биржийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Ирэх оны эхний улиралд хэлэлцэж, батлана гэх хүлээлттэй байгаа. Нөгөө хэсэг бүлэг ажил нь, төрийн өмчит дөрвөн компаниудаас орох валютын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ. Эрдэнэс Тавантолгой компанид нэлээдгүй ажил хийсэн. Эрдэнэт үйлдвэр, Монроснефть улсын үйлдвэрийн газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдэд оны төгсгөл хүртэл тодорхой хэмжээний валютын нөөц бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгч, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний хэрэгжилтийн дагуу компани тус бүрд 14 заалт бүхий Засгийн газрын тэмдэглэлийг гаргалаа. Өгөгдсөн үүрэг даалгавар энэ ондоо багтаж бүрэн дуусах боломжтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дампуурцаан

Холбоотой мэдээ

Back to top button