Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан "Тэмүүлэл" үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Урлагийн төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэнгийнхээ нээлтийг Монголын Уран зургийн галерейд хийлээ.
Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийн дахин давтагдашгүй сор бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор 2019 оноос хойш Ахмад уран бүтээлчдийн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд “Оршихуй” хэмээх нэгдсэн үзэсгэлэнг зохион байгуусан байна.
Үүнээс хойш нийт долоон ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн Монгол Улсын Урлагийн төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан уран бүтээлийн үзэсгэлэнгээр үргэлжлүүлж байгаа юм байна.

Уран барималч Ц.Амгалан нь 1977 онд Ленинград хотноо И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд барилгын дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгсжээ.
Тэрбээр “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон арван баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1979 оноос Халх голд “Монгол улсын хилчин дайчид”-ын хөшөө босгосноор монументаль (том хэмжээний) баримал, хөшөө бүтээх эхлэлээ тавьжээ.
1981-1984 онд Монгол, Зөвлөлтийн уран бүтээлчдийн групп 55 метр өндөр зэс хөшөөг бүтээснээр (уран барималч А.Н.Бурганов, Ц.Амгалан, Л.В.Мисожников, Д.Чойжилжав) 1986 онд Монгол улсын Төрийн шагнал хүртсэн байна.
Мөн хотын цэцэрлэг парк сэдэвт нэрт баримлуудаас нь дурдвал “Гурван унага”, “Хос хун” усан оргилуур, “Үлэг гүрвэлийн парк” (хүүхдийн парк), Тэрэлжийн зам дахь Антын аманд Монгол нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг амьд хэмжээгээр нь бүтээж парк байгуулж байжээ.

Ц.Амгалан нь олон улсын баримлын симпозиумуудад амжилттай оролцож, монгол хүний бүтээсэн урлагийн бүтээл, монголын өв, соёл, түүхийн нэгээхэн хэсгийг үүрд мөнхлөн үлдээж иржээ. Түүний олон улсад урласан томоохон бүтээлүүдээс дурдвал,
- “Тэмээн зэрэглээ” (БНХАУ Бээжин хот Баримлын парк)
- “Талын уянга” (БНХАУ, Чан Чун хот)
- “Найман шарга” (БНХАУ Шинхен хот баримлын парк)
- “Зэрэглээн дундах адуу” (АНУ Нэшуа хот)
- “Онгод” (АНУ Бруклайн хот)
- “Тэмүүлэл” (Итали Улс Үдин хот)
- “Чингисийн эр хоёр загал” (Канад Улсын Ред Дийр хот)
- “Заг” (Австрали Улс, Сидней хот) гэх мэт.
Тус үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөг болон уран бүтээлчийн 40 гаруй жилд туурвисан сор бүтээлүүдийн дээжис дэлгэгдэж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.