АПУ: Лактозын харшилтай хүмүүст зориулсан сүү үйлдвэрлэж байна

Сүү уухад гэдэс дүүрэх, гэдэс мушгирах, дотор муухайрах асуудал дэлхийн хүн амын 1/3 -д тохиолддог гэсэн тооцоо бий. Энэ нь 2 тэрбум 600 сая хүн энгийн сүү ууж чаддаггүй буюу өөрөөр хэлбэл уусан тохиолдолд дээрх шинж тэмдгүүд биед нь илэрч эхэлдэг гэсэн үг. Эдгээр хүмүүсийг "лактоз" үл тэвчилттэй хүмүүс гэж нэрлэдэг. Тэгвэл сүүнээс авч болох амин дэмүүдийг авч чадахгүй байгаа нь асуудал бөгөөд үүнд шийдэл олжээ. Тодруулбал, манай улсын Апу Дэйри компани лактозны харшилтай хүмүүст зориулан Монголд анх удаа "Lactose Free" нэртэй сүүг зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү сүү нь сүүний харшилтай хүмүүсийн эсрэг заалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ онцлог аж.

Лактоз гэж юу вэ...
Сүүний сахар буюу лактоз нь хоёр нүүрс усны хэлбэрээс бүрддэг. Сүүний сахар биед шингэхдээ глюкоз, галактоз болж задарсны дараа нарийн гэдсээр шимэгддэг. Тэгвэл сүүний сахарыг задалж биед шингэх хэлбэрт шилжүүлдэг фермент болох лактаза ферментийн ялгаралт биед хангалтгүй байснаас сүү шингээх чадвар буурдаг.
Сүү шингээх чадвар муудах шалтгаан
Цөөн тохиолдолд төрөлхийн лактаза ферментийн дутагдалтай хүн байдаг. Харин ихэнх хүмүүсийн хувьд удаан хугацаагаар сүү хэрэглээгүйгээс шалтгаалж уг ферментийн ялгарал багасч, идэвхи нь буурдаг. Гэхдээ долоо хоногоос дээш хугацаанд буюу өдөр бүр сүү хэрэглэж хэвшвэл идэвхи нь сэргэж сүү шингээх чадвар дээшилнэ.
Гэдэс дүүрэх, базлах, гүйлгэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол дараах зөвлөмжийг дагах
- Тослог багатай сүүг эхний ээлжинд хэрэглэх
- Эхний удаад бага хэмжээгээр дасгаж уух /50, 100, 150, 200 г.м/
- Хүйтэн сүү ходоодыг цочроож суулгуулдаг учир бүлээсгэж уух
- Тараг, айраг, ээдэм, бяслаг, аарц, ааруул, ээзгий зэрэг сүүнээс бусад төрлийн сүүн бүтээгдэхүүн хэрэглэх. Учир нь эдгээр бүтээгдэхүүн боловсруулах явцад сүүний сахар задарч биед шингэх боломжтой болсон байдаг.
- Сүүг шингэлж хярам байдлаар бага хэмжээгээр хэрэглэж лактаза ферментийн ялгаралтыг дэмжих хэрэгтэй. Ингэхдээ буцалсан устай 50:50 хувиар шингэлж уух
- Сүүний харшил - Сүүний харшил нь сүүний сахараас биш сүүний уурагтай холбоотой байдаг тул сэргийлэх цорын ганц арга нь сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх юм. Сүүний харшил арьс бэржийх, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.