
Энэ үзэсгэлэн юугаараа онцлог вэ.
Нэгдүгээрт, уран бүтээлч П.Ганбат нь “B Contemporary Art Gallery”-г үүсгэн байгуулсан. Энэ галлерей сүүлийн хоёр жилд контемпорари урсгалын үзэсгэлэнг хамгийн идэвхтэй бөгөөд тасралтгүй олны хүртээл болгож буй.
Хоёрдугаарт, өнөөгийн нийгмийн сүүдэртэй талууд дундаас хүний, ер аливаа зүйлийн мөн чанарыг дэлгэн тавьж үзүүлснээрээ сэрхийтэл эгэн бодох мэдрэмжүүдийг төрүүлж байна.
“Чихэн доторх нүд” үзэсгэлэнгээр зочилж, П.Ганбаттай цөөн хором ярилцсанаа тэмдэглэн хүргэе.

П.Ганбат хамгийн сүүлд 2009 онд бие даасан үзэсгэлэнгээ дэлгэжээ. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрч. Ийм хугацааг уран бүтээлчийн бүтээх туурвих үйл явцад “завсарлагаа” хэмээн нэрийдэх боломжтой. Гэхдээ П.Ганбатын хувьд тийм биш. Тэр өнгөрсөн жилүүдэд гадаадын цөөнгүй биенналь, фестивалиудад оролцсоноос гадна “B Contemporary Art Gallery”-г үүсгэн байгуулсан. Мөн өдгөө Монголын Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл уран бүтээлчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд гэмээр олон нийтэд чиглэсэн агуулгаар идэвхийлэн ажиллаж буйн зэрэгцээ бүтээлийн ажлаа ч зогсоогоогүй юм.
Түүний хувь уран бүтээлчийн үүднээс дэлгэсэн бүтээлүүд ямар концепцтэй, хэллэгүүд нь ямар онцлогтой байхыг сонирхсоор “Чихэн доторх нүд”-ийг зорилоо. Учир нь анх П.Ганбатыг уран бүтээлч гэхээс илүү галлерейн үүсгэн байгуулагч, магадгүй удирдан зохион байгуулагч, нэг тийм “идэвхтэн” нэгэн гэдгээр таньж, танилцаж байв.

Бүтээлүүдэд ерөнхий байдлаар ашигласан материал нь мотоциклын шатахууны банк юм. Тэднийг олноор нийлүүлж босгосон инстолляц хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна. Мөн хоёр ижлийг “бөөр”-өөр нь холбосон, нэгийг онцлон мэдрэхүйн “эрхтэн”-үүдээр баяжуулсан бүтээлүүд ч анхаарал татаж байлаа. Үүнээс гадна хуучин зурагтын дэлгэц, доторх эд ангиудыг бүтээлдээ ашиглажээ. Эдгээр нь эхний ээлжинд орхигдож, онхи хаягдан үлдсэн биетүүд мэт санагдана. Харин ажаад байхад өөр өөрийн даван туулж буй хугацаандаа улам амин чанараа олж, бага багаар, чимээ имээгүй амирлангаа амилж, амь орж, зүрх нь цохилж, судас нь лугшиж, халуун цус нь урсаж буй мэт сэтгэгдэл төрнө.

Өөрөөр хэлбэл хэллэг өөрөө тэднийг ямар нэгэн байдлаар далд хэдий ч оршсоор буй амин чанар, мөн чанарын агуулга руу хөтлөн дуудаж байсан юм.
Мөн үүдний хэсэгт өөд, өөдөөсөө харсан хананд өлгөсөн хоёр бүтээл үзэсгэлэнгийн хамгийн онцлог хэсэг. Чармай шалдан ахимаг насны эрийн бэлэг эрхтэн тус газарт эмээл байна. Эмээл гэж хэлбэр төдий танигдах ч материал нь нөгөө л төмөр, хайлш, метал мэт харагдах бөгөөд дээр нь суухын аргагүй урт тэмтрүүлүүд өлийжээ. Энэ хэсэгт мөн хуучин зурагтын дэлгэцүүдийг урт тахир төмрөн хөлтэй болгож дэглэсэн нь этгээд. Эдгээр нь нийлэмжээрээ харь гарагийн, эсвэл технологийн хөгжил дээд цэгтээ хүрч, эргээд амьдралын амьд оршихуйг эрэн хайсан тийм цаг үеийн мэт мэдрэмж төрүүлж байх юм. Товчхондоо, өөр цаг хугацаанд очсон мэт санагдана.
Ийнхүү,
- Мартагдаж орхигдсон боловч халуун амин чанараа дотроо чимээ имээгүй тээж буй
- Цаг хугацааны хувьд ямар нэгэн байдлаар контраст үүсгэсэн хоёр хэллэг нь нийлээд “Чихэн доторх нүд” концепцтойгоо хэрхэн уялдаж болохыг бодож үзнэ.
Нэгдсэн гаргалгаа нь, техник технологи идэвхийлэн хөгжих хэрээр аливаа юмсын мөн чанар орхигдон одож буй. Харин хүмүүс “нүд”-гүй болж. Үүнийг анзаарах хараа үгүй. Мөртлөө чихтэй гэдэг санааг бүтээлч нэрээрээ илэрхийлсэн байна. Нүд үнэн, чих худал гэдэг. Чих гэхээр сураг төдий дуулсан, үндэслэл муутай мэдээллийг ч илэрхийлдэг. Энэ утгаараа, хаа сайгүй зүгээр л хэлбэр төдий дэвсэн хүмүүс гүйлдэв ч орчин тойрон, цаг үе нь ийм хохигор хүйтэн бас хатуу, амин чанараа дотроо тээн царцсан, мөртлөө гайхан хачирхмаар ойлгомжгүй, танил бус ертөнцийн шинжтэй болчхоод буйг П.Ганбат илэрхийлэхийг оролдож гэлтэй.

П.Ганбат “Найз маань эхнэрийнхээ төрсөн өдрөөр Фэйсбүүкэд пост бичиж мэнд хүргэсэн байсан. Би эхнэр нь гадагшаа ч юм уу явж дээ л гэж бодсон. Гэтэл нэг гэрт, хамт байгаа хэвээр байсан. Тэгсэн мөртлөө яагаад. Яагаад хамт байхдаа амь халуун илэрхийлчих боломжтой зүйлийг олон нийтийн цахим сүлжээнд бичиж байгаа юм бэ. Ийм хэлбэрт шүтсэн орчин үеийн хандлагуудыг би ерөөсөө ойлгохгүй байна” гэлээ.
Мөн хүүхдийг заавал гадаад хэлтэй болгохоор чичирч буй, мөртлөө өөрсдөө хэл ус муутай эцэг эхчүүдийн талаар гэх мэт нийгмийг ажихдаа тээж явдаг эмзэглэлүүдээ хуваалцсан юм.
Түүний бүтээлүүд дооз тунгаа тааруулсан, байх ёстой элемент байх ёстой газраа байршсан, “Илүү ч үгүй, дутуу ч үгүй” гэсэн тодотголд яв цав нийцсэн мэт. Тэр материалыг хэтийдтэл өөрчлөхийг урьтал болгоогүй, буй байдлаар нь, өөрөө өөрийнх нь хэллэгээр хадгалахдаа зохимжит элементүүдээр “амилуулж” өгсөн шинжтэй. Үзэсгэлэнгийн ерөнхий уур амьсгал нэгдмэл болж чадсан бөгөөд нөгөө талаар юунд ч хэт их хичээгээгүй мэт. Зүгээр л хийх ёстой зүйлийг хийх ёстой байдлаар нь хийгээд, бүтээлүүдэд өөрөө өөрсдөд нь ярьж, хөдөлж, амьдарч, оршиж эхлэх боломж олгож гэлтэй.

П.Ганбат ч хувь хүний хувьд нэг бол бүхнээс ангижирсан, нэг бол ямар нэг зүйлээс гүн бат уяатай яваа нэгэн мэт. Нэг бол хуучинсаг, аливаад өөрийн цензурийг хүчтэй тавьдаг хүн юм шиг боловч нөгөө талаар бүгдийг жамаар нь, хувь заяанд нь даатган орхидог мэт санагдсан. Ийм нэг, тэхий дундуур нь онож барьж авахын аргагүй илэрхийлэмжтэй уран бүтээлч миний өмнө суулаа. Бодож бодож олсон дүгнэлт гэвэл, тэр ямартай ч орчин тойрон гэх үү, гишгэж буй хөрс гэх үү, амьдран буй нийгэм цаг үе гэх үү, алинаас нь ч хараат бус, эрх чөлөөлөг, хөнгөн жингүүдэн, алсран оршигч гэлтэй. Тэр зүгээр л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар амьдардаг хүн байх. Зүрх нь дуудвал юуг ч хийж чадах.
За, хувь уран бүтээлч болон концепц, онцлох хэллэгүүдээс нь гараад, ерөнхий дүр зургаар нь авч үзвэл зарим бүтээл тийм ч “шинэ” биш. Иймэрхүү хийцтэй инстолляцыг монгол уран бүтээлчдийн ажлуудаас цөөнгүй харж болно. Бусадтай жиших шаардлагатай бол шүү дээ. Ер нь нэгэн ижил хэллэг уран бүтээлч бүрийн бүтээлүүдэд ерөнхий зүй тогтлоор ажиглагдах нь өөрөө буруу биш бөгөөд улмаар нэгэн чиг хандлага, тэмүүлэл биежиж буйг илтгэдэг. Карл Юнгийн үздэгээр, хувь хүнийхээс гадна нийтийн далд ухамсар гэж байдаг. Харин уран бүтээлчид тэр нийтийн далд ухамсарт нуугдсан зүйлсийг ухаж, төнхөж гаргаж ирдэг байж болохоор санагддаг юм.
П.Ганбатыг Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч, “B Contemporary Art Gallery”-н үүсгэн байгуулагч цэрэг “цол гуншин” нь заавал сайн уран бүтээлч байх ёстой мэт хүлээлт рүү чирч буй талтай. Энэ хүлээлтийн үүднээс харахул, “Чихэн доторх нүд” тийм ч цоо шинэ, зогтусам, нээлт ололтын шинжтэй биш. Гэхдээ энэ тийм ч чухал ач холбогдолтой агуулга бас биш нь үнэн юм.

Уран бүтээлчийн бүтээх туурвих үйл явц өөрөө өөрийнхөө ертөнцөд их нандин байдаг. Түүнийг бусадтай жишсэн элдэв цензурт нийцүүлэх гэж хичээх аваас амин чанар нь алдагдах талтай. Тиймд зүгээр л П.Ганбат гэгч эрийн сэтгэлдээ тээсэн эмзэглэл, хиймээр санагдахдаа зүгээр л хийсэн бүтээлүүд хувь тохиол нь таарч, зүгээр л өдгөө үзэсгэлэн болон нэгджээ гэж харах нь илүү зүйтэй. Аа, энэ өнцгөөр харвал: Тэр мэргэжлийн байж чаджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайх�##�тай эгэлгүй ярилцлага болжээ
Owormots sanaaa bodliig uhsan vzmer bolj
Хэдэн хором ш�##� өөр ертөнцөөр аялах шиг боллоо
Гайх�##�тай сайхан
saihan yriltslaga boljeeee ert goe ym unshlaaa
Coooool medremj
Wonderful
(П.Ганбатыг Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч, “B Contemporary Art Gallery”-н үүсгэн байгуулагч цэрэг “цол гуншин” нь заав�##� сайн уран бүтээлч байх ёстой мэт хүлээлт рүү чирч буй т�##�тай. Энэ хүлээлтийн үүднээс харахул, “Чихэн доторх нүд” тийм ч цоо шинэ, зогтусам, нээлт ололтын шинжтэй биш. Гэхдээ энэ тийм ч чух�##� ач холбогдолтой агуулга бас биш нь үнэн юм.)Улаан ногооноор сийчжээ гэж!
Зүгээр л өнөөдрийн бидний эргэн тойронд таарч хажууд байгаа амьд биш хүйтэрч доройтон байгаа хүний чанарыг уран бүтээлчийн өнцгөөр харж сэтгэлээ илэрхийлж чадсан сонин үзэсгэлэн болжээ. Нээрэн л бид ийм болоод байна. Хүн бүхний санаа зовж байгаа.