Top StoriesНИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Хогийн цэгийн хажууд цогцолсон багачуудын “диваажин”

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд хүүхдүүдээс төлбөр бүү хэл хичээлийн хэрэгслийн зардал ч авдаггүй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг талаар сонсоод зорьж очиж сурвалжиллаа. Өдөр бүр хүүхдийн инээд бялхаж байдаг энэ газар бол Канадын “Велүү” сангийн үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэг юм.

-Гэр хороолын дундахь баянбүрд-

“Нарны хүүхдүүд” рүү очих зам нь ярвигтай, мэдэхгүй хүн олоход хэцүү. Баянхошууны тойргоос Баруун салааны замаар 2 км орчим өгсөж, Толгойтын зам руу салж мөн зайд уруудаад гэр хорооллын гудамжууд руу орж байж хүрнэ. Цэцэрлэг л сурвалжилна гэж бодсон манай багийг ганц цэцэрлэг биш, олон нийтийн номын сан, сургалтын төв, оёдлын цехтэй сургалт хүмүүжил, хөдөлмөрийн цогцолбор угтаж гайхшруулав. Бидний утсаар холбогдож тавсан хүсэлтийг менежер Т.Батцэцэг уриалгахан зөвшөөрсөн бол номын санч Ч.Билгүүн угтан авч, байгууллагаа танилцуулсан юм.

"Велүү" санг үүсгэн байгуулагч Жюли, Челван Велүү

“Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг Жюли Велүү хэмээх сайхан сэтгэлт эмэгтэй нөхрийнхөө хамтаар үүсгэн байгуулсан “Велүү сан”-гийнхаа хөрөнгөөр үүсгэн байгуулжээ. Канадын иргэн тэрбээр нөхрийн хамт Канадаас гадна Индонези, Австрали, АНУ-д амьдарч байсан бөгөөд тухайн улсынхаа эмзэг бүлгийн иргэдэд туслах буяны ажиллагаа явуулдаг байж. 2010 анх Монголд ирж, хотын захын хорооллуудын нөхцөл байдалтай танилцаж яваад Улаанчулуутын хогийн цэг дээр эцэг, эхээ ажилдаа явсан хойгуур гэрээ сахин хоцорч буй бага насны хүүхдүүдийг хараад сэтгэл нь ихэд эмзэглэсэн гэнэ. Ингээд “Хүүхдүүд ядаж өдрийн цагаар эрүүл, аюулгүй орчинд байх ёстой” гэсэн сэдлээр анхныхаа цэцэрлэгийг байгуулж байжээ.

Эхлээд гэрт байрлаж, өдөр өнжүүлэх маягаар ажилладаг байснаа 2012 онд АНУ-ын ЭСЯ-наас одоо цэцэрлэг байрлаж буй зөөврийн байрыг хандивласны дараа Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг стандартын дагуу явуулах боломж бүрдсэн аж. Энэ цагаас хойш төсөл хөтөлбөрийнхөө тоог нэмсээр өнөөдрийн түвшинд хүрчээ.

“Велүү” сангийнхны эхний зорилго нь дээр хэлсэнчлэн, бага насны хүүхдүүдийг өдрийн цагаар аюулгүй орчинд байлгах явдал байсан бол яваандаа үйл ажиллагаа нь өргөжиж, өдгөө "Дүүлэх тогоруу" зуны зуслан, “Нарны хүүхдүүд I”, “Нарны хүүхдүүд II”  цэцэрлэг, “Гандис сан”-гийн нэрэмжит олон нийтийн номын сан, “Тусчхан” оёдлын цех гэсэн объектттой дөрвөн төсөл болж өргөжсөн байна.

Бид эхлээд олон нийтийн номын сантай нь танилцлаа. Номын сан, сургалтын төвийг Ч.Билгүүн, Д.Энхмаа нар хариуцаж ажилладаг аж. Тэд байгууллагынхаа талаар бидэнд танилцуулсан юм.

Эцэг эхээ цунамид алдсан англи залуугийн үүсгэн байгуулсан “Гандисийн сан” /“Gandys foundation”/-ы дэмжлэгээр өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд нээлтээ хийжээ. Эднийх 41, 24, 26, 5 зэрэг 50 мянга гаруй оршин суугчтай зургаан хороондоо байдаг ганц номын сан гэнэ.

Номын сан нэртэй ч нэгдүгээр давхартаа номын сан, интернэт, компьютер сургалтын төв, хоёр давхартаа хүүхэд, насанд хүрэгчдэд гар урлал, гадаад хэл, урлагийн сургалт тогтмол зохион байгуулдаг “ОЛОН НИЙТИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” байв.

Монгол хүүхдүүд дүү нараа их хардаг. Тиймээс дүүгээ гэртээ харж өөрөө болон дүүгээ
хөгжих боломжийг битгий алдаасай гэсэндээ хоёрдугаар давхартаа хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх булан засаж тохижуулсан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд дүүгээ дагуулж ирээд хамтдаа цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой төдийгүй дүү нь тоглож байхад номын сандаа хичээлээ хийж амжуулах боломж бүрдүүлжээ.

Номын санг хариуцаж ажиллуулдаг Ч.Билгүүн "Яг одоогоор манай дээр 250 үйлчлүүлэгч карт нээлгэсэн байна. Бид үйл ажиллагаагаа хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд хүргэх сонирхолтой байгаа. Том хүн учраас цаашаа хүүхдүүддээ нөлөөлөх нөлөөлөл нь илүү байх юм болов уу гэж бодож байгаа учраас ингэж байна л даа. Сайн дурын сургагч багш нартайгаа хамтраад сургалтаа зохион байгуулдаг. Он гараад гэрэл зургийн сургалт эхлүүлнэ" гэж ярив.

"Төрийн бус байгууллагын ажилтан байх нь ачалал ихтэй, үинэ төсөл хэрэгжүүлэх болгонд ажил нэмэгддэг. Гэсэн ч хөгжих боломжтой учир ажилтандаа өгөөжтэй байдаг" гэж Б.Энхмаа өгүүлсэн.

Зүүн гар талаас Ч.Билгүүн, Т.Батцэцэг, Б.Энхмаа

Анхныхаа үйлчлүүлэгчдийг хүлээж авсан өдрийн сэтгэгдлийг нь асуухад Ч.Билгүүн "Хүүхдүүд ийм гоё орчин бүрдсэнд итгэж чадахгүй байгаа нь сонин байсан. "Энэ газар цаашдаа байж л байна биз дээ, маргааш алга болчихгүй биз дээ" гэж их асууж байсан. Өөрсдөд нь зориулагдсан ийм гоё газар байгуулагдсан, цаашдаа олон жил ажиллана гэдэгт ер нь одооноос л гайгүй итгэж эхэлж байгаа" гэж хариулсан. Мөн иргэдээс мөнгө төгрөг хандивлахаасаа илүүтэй цаг заваа зориулж, нэг өдрийг хүүхдүүдтэй хамт өнгөрөөх санал ирвэл баяртай хүлээж авахаа илэрхийлсэн.

Гэр хорооллын дунд байршилтай олоход жаахан хэцүү ч олоод орсон байхад буцаж гармааргүй халуун дулаан орчин энд бүрджээ.  

-Төр , эцэг эхчүүдийн ачааг давхар үүрдэг “Нарны хүүхдүүд I” цэцэрлэг-

“Велүү” сангийн Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл “Нарны хүүхдүүд цэцэрлэг I“ одоо 13 багш ажилчидтай, 120 хүүхэдтэйгээр яамнаас батлсан хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Цэцэрлэгийн байр нь дулаахан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг сайн бүрдүүлжээ.

Энд СХД-ийнхээ 41, 24, 26 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг давхаргын гэр бүлийн голдуу хүүхдүүд хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол авч байна. Өмнөтгөлд өгүүлсэнчлэн, зорилтот бүлэгт чиглэж ажилладаг учир эцэг эхчүүдээс нэг ч төгрөг авдаггүй, төсөл болон хандиваар 100 хувь санхүүждэг.

“Намар хичээлийн шинэ жил эхлэхэд эцэг эхчүүдээр 200 гаруй мянган төгрөгийн хичээлийн хэрэглэл бэлтгүүлдэг. Албан ёсны үндэслэл нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 266 дугаар тушаал гэж явдаг юм. Манай цэцэрлэг энэ зардлыг эцэг эхчүүдээс гаргуулдаггүй. Төслийн хөрөнгө оруулалт, хандивлагч байгууллагуудын хандиваар болгодог” гэж цэцэрлэгийн эрхлэгч бидэнд ярьсан.

Нэгэнтээ зорилтот бүлэгт чиглэж ажилладаг, хамрагдаж буй хүүхдүүд нь онцлогтой тул хоол хүнсний тал дээр ч улсын цэцэрлэгээс өөр, илчлэг чанарын хувьд давуу байдаг аж. Сангаас хэрэгжүүлж буй дэд төслүүдийн ихэнх нь  цэцэрлэг рүүгээ чиглэдэг учир энэ цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг “азтай” гэж хэлж болмоор.

“0-7 насны хүүхдүүдийнхээ шүдийг бүрэн эмчилбэл насанд үрсэн хойно зүрх судас, хоол боорвсруулх замын өвчлөл автоматаар 50 хувиар буурдаг” зүй тогтол бий. Тэгвэл эднийх “Мишээл сан”-гийн дэмжлэгтэйгээр “Шүд эрүүлжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлээд удаж байгаа бөгөөд 90 хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлжээ.

Мөн “Herbalife Nutrition” сантай хамтарч жингийн дутагдалтай хүүхдүүдэд эрүүл хүнсээр нэмэлт тэжээл өгөх төсөл хэрэгжүүлж байгаа, ирэх дөрөвдшгээр сард төслийнхөө үр дүнг дүгнэх гэнэ.

Төрөөс цэцэрлэгүүдэд хүүхдийн тоогоор хувьсах зардал олгодог. Хүүхэд нэг бүрийг СӨБ-д хамруулах нь төрийн хуулиар хүлээсэн үүрэг. Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг хариуцах нь харин эцэг эхийн үүрэг. Хүүхдүүдийг өвлийн дулаан хувцсаар хангасан.

Энд харин нэг зүйл нэмж хэлэхэд, энэ хичээлийн жилд салбарын яамнаас “Нэг ч хүүхэд гэртээ үлдэхгүй” уриатай, өндөр мөнгөн дүн бүхий төсөл СӨБ-ын салбарт хэрэгжсэн. “Түгжрэл бууруул” хэмээн нийслэлийн төсөвт үлдээж өгсөн 420 тэрбум төгрөгийн багагүй хэсэг нь энэ ажилд зарцуулагдсан байдаг. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө яамнаас “Хамран сургах тойргийн бус хүүхдийг авбал хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгнө” гэж амалсан тул “Нарны хүүхдүүд” цэцэрлэг өөрийн байоладаг 41 дүгээр хорооноос гадна 24, 26 дугаар хорооноос олон үүхэд хамруулсан аж. Гэтэл хэрэгжүүлдэг дээрээ амлалтаа зөрчиж, зөвхөн 41 дүгээр хорооны хүүхдүүдийн зардлыг л хоёр дахин нэмж өгнө гэсэнд цэцэрлэгийн эрхлэгч сэтгэл дундуур байна лээ.  

"Велоо сан" 150 хүүхдийн багтаамжтай "Нарны хүүхдүүд II" цэцэрлэгийг 2018 онд Улаанчулуутын хогийн цэгийн аман дээр барьснаа өнгөрсөн жил төрд шилжүүлж өгчээ.

Өөрөөр хэлбэл, “Нарны хүүхдүүд” цэцэрлэг төр, эцэг эхчүүдийн үүрэх ёстой ачааг хоёуланг нь өөр дээрээ авч ажиллаж байгаа аж.   

Томчууд, багачуудад жигүүр хайрлагч "Тусчхан", "Дүүлэх тогоруу"

"Велүү" сангийн хэрэгжүүлж буй өөр хоёр төсөл бол зуны зуслан, аж ахуйн тооцоот оёдлын цех юм.

Төв аймагт байрлах “Дүүлэх тогоруу” зуны зуслан нь жил бүр 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. СХД-ийн 41, 24, 26 дугаар хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулдаг.

“Тусчхан” оёдлын цех нь 41 дүгээр хорооны иргэдээ ажлын байраар хангах зорилготой. Аж ахуйн тооцоон дээр ажилладаг. Захиалгаар үндэсний хувцас хэрэглэл хийхийн зэрэгцээ төслийнхөө ажилд оролцоно. Тухайлбал, өнгөрсөн жил үндэсний загвартай 500 ширхэг өвлийн дулаан хүрэм үйлдвэрлэж, цэцэрлэгийн хүүхдүүдээ дулаан хувцсаар бүрэн хангаад үлдсэнийг нь "Ид шидийн орон", 108 төвийн “Хүүхэд хамгаалах байр” зэрэг газруудад тусламжаар өгсөн байна.

Энэ төсөл одоо ч хэрэгжиж байгаа бөгөөд “Нэг хүрэм зарвал нэг хүрэм бэлэглэнэ” гэдэг тооцоотой. Өөрөөр хэлбэл, та энэ цехээс 160 мянган төгрөгөөр нэг хүрэм худалдаж авахад цаана нь зорилтот бүлгийн нэг хүүхэд өвлийн дулаан хувцастай болж байна гэсэн үг аж.

Борлуулалын ашгаа буяны үйлсэд зорилах ийм ажиллагааг сангаас байнга зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрсөн зунаас гэрийн үйлдвэрлэл явуулж эхэлсэн бөгөөд “гурван нэг зарж чадвал нэг хүнд гэр бэлэглэнэ” гэсэн тооцоотой ажиллаж, хоёр айлыг гэртэй болгожээ.

Ямар ч ажил мэргэжилгүй байгаад сургалтад хамрагдаж энэ цехэд ажилд орсон нэг бус хүн өөрийн бизнесийг эхлүүлэн "жигүүрээ дэлгэж" нисэн одсон байна.

-Багачуудын "Диваажин" сайхан сэтгэлийн хандив дээр тогтдог-

Үүдээр нь алхаж орсон цагаас хойш санаанд орж, удах тусам батажсан "Багачуудын диваажин" гарчгийн биелэл болсон энэ газраас гарахынхаа өмнө бид менежер Т.Батцэцэгтэй сангийн үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар хэдэн хором хөөрөлдсөн юм.

"Нарны хүүхдүүд" цэцэрлэг анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүүхдүүдээ гэрээс нь машинаар очиж авдаг байжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ өглөөд цэцэрлэгт хүргэж өгдөг соёл ч байгаагүй гэнэ. 12 жилийн дараа энэ байдал огт үгүй болсон. Энэ утгаараа хүүхдүүдээр дамжуулж эцэг эхийг сургах ажил дам байдлаар явагдсан гэж ойлгож болох аж. Ямар ч замгүй байсан газарт хатуу хучилттай зам тавигдсан. Зам дагаж хөгжил ирдэг. Энэ бүхнийг тэрбээр төслийнхөө үр дүн хэмээн онцолсон.

Сангийн зүгээс жил бүр хорооныхоо зорилтот бүлгийн 100-200 хүнд хүнсний шууд тусламж олгодог. Цар тахлын үеэр энэ туламжаа улам ахиу болгож, хүнснээс гадна түлээ нүүрс өгч байжээ. Цэцэрлэгт хамргдсан хүүхдүүдээс сургалт сайтай, хувийн сургуулиудад сургах боломжийг бүрдүүлж 10 гаруй хүүхдийг хамруулсан ч харамсалтай нь шинэ очсон сургуульдаа ялгавахлан гадуурхалтад өртөж, нэлээд хэсэг нь сургуулиасаа гарсан талаар тэрбээр харамсан ярьсан юм.

Аливаа аж ахуйг эрхлэн явуулахад санхүүгийн эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. "Велүү" сан жил бүр 700 км-ийн морьтой аяллыг зохион байгуулж орлогоор нь үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Энэ зун "Дэлхийн хамгийн холын зайн морьтой аялал" уриатай 3600 км аяллыг Монголд зохион байгуулжээ. Түүнчлэн сайхан сэтгэлт байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр дэд төслүүдээ хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, "Олон нийтийн номын сан"-гийн хоёр жилийн үйл ажиллагааны зардлыг "Рио Тинто" компани, Энэ жилийн цэцэрлэгийн хичээлийн хэрэгслийн зардлыг "Монголиан стар дистрибьюшн" компаниас гаргаж өгчээ.

Байгууллагын алсын хараа нь хүүхдийг багаас нь салахгүй хамт явсаар төлөвшсөн бие хүн "бүтээх", байршиж буй хорооныхоо иргэдийг ажлын байраар хангаж, хүүхдүүдийн амьдралын баталгаанд нөлөөлөх явдал тул төслийнхөө ажлын байранд хорооныхоо иргэдээс сургаж авдаг. Цэцэрлэгийнхээ хашаанд хүлэмж барьж, иргэдэд хүнсний ногоо тарих сургалтыг өнгөрсөн жилээс зохион байгуулж найман төрлийн нарийн ногоо тарьж ургуулах арга технологийг заасан нь нэг л жишээ гэнэ.

"Нарны хүүхдүүд I" цэцэрлэгийн одоо байрлаж буй байр нь Оюутолгойд ажилчдын кэмпээр ашиглагдаж байсан зөөврийн байшин. Ашиглалтын хугацаа нь дуусаж буй тул ирэх жил 240 хүүхдийн багтаамжтай үинэ цэцэрлэг барихаар хөрөнгө оруулалтаа цуглуулж эхэлжээ. Мөн Англи хэлний сургалттай сургууль нээх зорилт бий.

Тиймээс сайхан сэтгэлээр хамтрах хүн бүхнийг найрсаг хүлээж авна гэдгээ манай сайтаар дамжуулан илэрхийлсэн юм. Хамтарч ажиллахыг хүссэн хүмүүс фэйсбүүк хуудас дахь "Veloo foundation" пэйж хуудст зочлон холбогдох сувгийг олох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 09:40

Яармагаас хотын төв рүү явж бна. Хүннү молл эндээс битүү түгжирч бна. Яармагын байраа зараад �######�лаа. Азгүй м�##� нь яармагт авах бх даа кк

Зочин
Зочин
2022-12-08 11:14

Угнь их гоё цэцэрлэг юмааа тохижолт сайтай гаднах орчин нь л гэхээс

Зочин
Зочин
2022-12-08 11:15

Hoooh ymar saihan tohijuulaa wee ajliiin amjilt husey

Зочин
Зочин
2022-12-08 11:16

Доторхоо ийм сайхан тохижуулж чадсан юм чинь гаднахаа сайхан цэвэрлээд тохижуулчихаж болохгүй юм байхгүй шүү дээ эерэг т�##�аас нь харж сурах хэрэгтэй �##�иваа асуудлыг

Зочин
Зочин
2022-12-08 11:16

Tohijolt bol unen super hiigdejeee dotooood

Зочин
Зочин
2022-12-08 11:17

АЖЛЫН ХАМТ ОЛОНД НЬ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. УДАХГҮЙ ГАДНАХ ОРЧИНОО САЙЖРУУЛААРАЙ

Зочин
Зочин
2022-12-08 11:18

INGEEED ZUTGEJ BGA NGNEEE SAIHAN DEMJEEED OGOOOSEI

Зочин
Зочин
2022-12-08 11:51

Анхаараасай

Холбоотой мэдээ

Back to top button