UFC 284: А.Волкановски дуулиан тарих дөхсөн ч Ислам Махачев яльгүй илүүрхлээ

Холимог тулааны UFC холбооны энэ жилийн хамгийн сонирхолтой эвент Австралид дөнгөж сая өндөрлөлөө. Үдшийн гол тулаанд холбооны “өдөн жин” /66 кг/-гийн аварга Александр Волкановски хөнгөн жин /70 кг/-гийн аварга Ислам Махачевтай тулалдсан юм. Энэ хоёр тамирчин холбооны Р4Р буюу жингийн ангилал хамаардаггүй чансааг тэргүүлэгч №1, №2 тулаанч байсан нь түүхэнд анхдагч болж, тэр хэрээр үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Учир нь, Р4Р чансааны эхний хоёрт ёс юм шиг хүнд жингийн нэг тамирчин бичигддэг тул хооронд нь тулалдуулах бололцоогүй байдаг байж. Энэ цаг үед харин Александр Волкановски, Ислам Махачев гэсэн жин ойролцоо хоёр шилдэг жин, жиндээ гялалзан анхны, басхүү ховор боломжийг үүсгэсэн юм.
Хоёр тамирчдын тулаанд Ислам Махачевыг тасархай хожно гэж үзэгсэд олон байсан. Гэвч яг октагон дээр тэнцүүхэн тулаан өрнөж, төгсгөл хэсэгт ач холбогдол өгвөл Александр Волкановски бараг илүү байсан. Тулааны нэг, хоёр, дөрөвдүгээр үед Ислам Махачев илүүрхэж, Александр Волкановски 3, 5 дугаар үед илүүрхсэн. Нийлбэр дүнгээр Ислам Махачев хожив. Александр Волкановски UFC-д анхны ялагдлаа хүлээсэн ч олон нийтэд өөрийгөө батлан харуулж чадлаа.
UFC 284: Үндсэн тулаанууд
Яир Родригес (16-3) – Джош Эмметт (18-2). Яир Родригес хөлийн гурвалжин боолтоор ялж, “өдөн жинг”-гийн түр аварга болов. Тэрбээр удахгүй А.Волкановскитэй жинхэнэ аваргын бүсний төлөө тулалдана.
Жек Делла Маддалена (14-2) – Рэнди Браун (17-5). Маддалена эхний үед боож ялав.
Жастин Тафа (6-3) – Паркер Портер (11-8). Жастин Тафа эхний үед хүнд цохилтоор яллаа.
Жими Крут (12-1-3) – Алонзо Менифилд (13-1-3). Тэнцлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.