Нийгмийн даатгалын багц хуулийн агуулга №1: Хөдөлмөрийн зах зээл дэх “Далд эдийн засаг”-ийг илчлэх нь
Нийгэмд асар их хүлээлттэй байсан Нийгмийн даатгалын багц хууль өнгөрсөн сарын 10-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн баригдсан билээ. Багцад:
- Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтаж буй.
Дээрх хуулийн төслүүд Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж, иргэдээс санал авах үйл явц үргэлжилж байна. Eguur.mn дээрх үйл явцтай холбоотойгоор цуврал нийтлэл бэлдсэний эхнийхдээ Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийг онцоллоо. Онцлохдоо гол онцлог нь болох 27, 28, 29 дүгээр зүйл, маргаан дагуулж ойлголтын зөрүү үүсгээд буй 19.1.2 дүгээр заалт дээр төвлөрлөө.
-24 жил хүлээлгэсэн, “Нэрийн дансыг мөнгөжүүлэх” шийдэл-
Манай улс одоогоос 24 жилийн өмнө нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг 1999 онд баталсан байдаг. Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан юм. Гэвч нэрийн данстай болсон ч гэсэн үзэл баримтлал нь хуваарилалтын тогтолцоогоо хадгалсаар 24 жилийн нүүр үзээд байв.
Даатгуулагч тэтгэвэрт гараагүй байхдаа юм уу, тэтгэвэрт гараад удаагүй байхдаа нас барлаа гэхэд нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэврийн сандаа үлдэнэ. Хүүхэд болоод ар гэрийнхэнд нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт огт байхгүй байв. Үндсэндээ Нэрийн дансны хууль гарлаа гээд тэтгэвэр тогтоох аргыг л өөрчилсөн хэрэг болохоос тогтолцоог өөрчлөх тал дээр ахиц гараагүй, төр зөвхөн ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа агуулга давамгайлж, иргэндээ илүү боломж олгож байгаа агуулга нь 0-тэй тэнцэж байлаа.
Төр мөнгө олоод иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлчих юм бол хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шууд шилжих боломжийг хадгалж буй нь л энэ хуулийн иргэнд чиглэсэн ганц ашиг байсан. Тэгвэл төр иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэх үүргийг өөртөө хүлээж, шинэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд арга замуудыг тодорхойлж өгсөн нь том дэвшил болж байна.
Өөрөөр хэлбэл, даатгуулагч хийгээд улс оронд маш олон давуу талуудыг үүсгэх эхлэлээ тавьсан. Ерөнхий хуульд дээрх заалтуудыг оруулж өгснөөр 1999 онд батлагдсан Нэрийн дансны тухай хууль хүчингүй болж байна.
Маргаан дагуулсан 19.1.2 буюу хөдөлмөрийн зах зээл дэх “Далд эдийн засгийг барьж” шимтгэлийн баазаа нэмэх шийдэл
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарч буй бусад хуулиуд Нийгмийн даатгалын таван сангийн алдагдлыг багасгах, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилтын хүрээнд гарч байгаа гэдгийг юуны түрүүнд ойлгох ёстой. Учир нь, уг сангууд алдагдалтай ажилласнаар төсөвт дарамт учирч, тэнцвэржүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байсан юм.
Манай улсын нэг онцлог нь, дэлхийн бусад улсууд шиг хөдөлмөрийн насны иргэд багасаж, ахмадуудын тоо нэмэгдсэнд бус, харин хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангаж чадаагүй үндсэн шалтгаантай байсан.
Өөрөөр хэлбэл, “Залуусын улс” гэх тодотголоо аажмаар гээж буй ч хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангачихад л “Эв хамтын тогтолцоо” ч ашгаа өгсөөр байх харьцаа нь хэвээрээ буй. Гагцхүү ажлын байр хангалттай нэмэгдүүлж чадаагүй, НДШ төлөгчдийн бааз сууриа нэмэгдүүлээгүйн улмаас тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох дундаж хугацааг долоон жил болгож нэмэх зэрэг даатгуулагчдад хохиролтой, нийгмийн даатгалын тогтолцоонд эргэлзэх үр дагавар авчирсан шийдлийг хэрэгжүүлж ирсэн юм.
Хамгийн гарцаагүй, оновчтой шийдэл ажлын байр нэмэгдүүлэх буюу НДШ төлөгчдийн бааз сууриа нэмэгдүүлэх явдал. Гэвч энэ нь тодорхой хугацаа шаардах тул Нийгмийн даатгалаас гадуур явж буй далд бололцоог ашиглах шийдэлд хүрч, төдийлөн мөрдөгддөггүй байсан Иргэний хуулийн 342, 359 дүгээр заалтыг Ерөнхий хууль руу татан оруулж ирсэн байна. ААН-ээс даатгуулагчид төлсөн төгрөг бүрээс НДШ тооцож суутгах тийш алхсан энэ заалт ААН болон НДШ-ээс гадуур хуримтлал үүсгэж буй иргэнд цочроо өгчээ.
Гэсэн ч мөрдсөнөөрөө хөдөлмөрийн зах зээлд НДШ-ээс гадуур эргэлдэж буй мөнгөн урсгалыг илрүүлж, шимтгэл төлөгчдийн бааз суурийг богино хугацаанд нэмэх ач холбогдолтой. Түүнчлэн 2000-аад оноос эхлэлтэй, ААН-үүд “Давхар тайлан” гаргадаг үе эргэж ирэхээс сэргийлсэн нүүдэл гэж хэлж болох юм.
Гэхдээ аль ч талаас нь бодсон 19.1.2-ыг “Завсрын” буюу түр зуурын шийдэл гэж харах нь зүйтэй бөгөөд гол гарц гаргалгаа нь ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэх явдал юм. Энэ ажлыг ААН-үүдэд ирэх татвар зэрэг дарамтыг бууруулж байж л биелүүлэх учиртай. НДШ ч үүнд орно. Тиймээс улс орны эдийн засгийн байдал сайжирмагц ААН-үүдэд ирэх дарамтыг багасгаж байж л асуудлаа углуургаар нь шийднэ гэдгийг санах л ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаар юм аа