Тохироог баталсан нь

Ардчилсан намын даргаар Л.Гантөмөр сонгогдоод хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Харин АН-ын дарга хэн болох нь маргаан дагуулсан асуудал болоод хоёр жил боллоо. Энэ хооронд хэд хэдэн дотоод сунгаа явагдсан байдаг.
Сунгаа бүрээр, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч, М.Тулгат ч намын даргаар сонгогдож байсан удаатай. Тэдний хэнд ч тамга шилжээгүй, УДШ намын даргаар бүртгээгүй. Харин саяхан С.Баярцогтын нэр дэвшсэн сунгаанд Л.Гантөмөр ялалт байгуулав. Дараа нь дахин өөр нэг сунгаа явагдаж, Д.Ганбат ялсан юм. Энэ дүр зургаар, өдгөө АН-ын даргаар Х.Баттулга, М.Тулгат, Л.Гантөмөр, Д.Гантөмөр нарын дөрвөн хүн лав ялалт байгуулж, УДШ-д хандах нөхцөл үүсээд байгаа юм. Мөн намын тамгыг хадгалж буйгаараа С.Эрдэнэ ч энд нэрлэгдэнэ.
Нэг өнцөг нь, тэдний хэнийг ч эрх баригч намын үүднээс хүлээн зөвшөөрсөн удаагүй. Харин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Л.Гантөмөрийг хүлээн авч уулзжээ. Энэ нь өдийг хүртэл задарсан, хуваагдсан АН-ын цаана МАН байсан гэдэг хардлага, прогнозыг баталж буй гэлтэй.
Өөрөөр хэлбэл, "Парламент ийм байна. Сөрөг хүчин ийм байна. Хамтарч ажиллахдаа талархалтай байна" гэсэн агуулгаар уулзалт болсон гэж хармаар. ҮХЦ, УДШ зэрэг хараат бус байх учиртай байгууллагууд үндсэндээ МАН-ын захиалгаар ажиллаж буй дүр зургийг нийгэм тэр чигтээ харсан. Үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгосон болон ҮХНӨ хийх шаардлага нөхцөлийг бий болгосон ҮХЦ-ийн шийдвэрүүдийг дурдаж болно.
АН-ын даргаар УДШ-ээр батламжлагдаагүй гэвэл Х.Баттулга ч, Д.Ганбат ч, М.Тулгат ч, Л.Гантөмөр ч нэгэн адил. Харин заавал Л.Гантөмөрийг дуудан уулзлаа гэдэг нь нюанстай.
Цаашид Л.Гантөмөрийг УДШ-д АН-ын даргаар бүртгэх эсэхээс шалтгаалан энэ өнцөг, улс төрийн үйл явдал өрнөхөөр байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.