Ядууст ээлтэй нийгэм дундаж давхаргынхныг сэтгэлзүйг сүйтгэж байна
Архинд ормоор, амьдралаа тавьж туумаар, дараа нь олны нүдэн дээр байснаа эргүүлж олж авмаар, нийтийн сүлжээнд од болж, байгаагүйгээ ч өөрийн болгомоор адын бодол төрөх болсноо нэг нөхөр минь хуучлав. “Яадаг юм бэ, нүдэн дээр хүмүүс тэгж чадаж байна шүү дээ” гэнэ. 10-аадхан жилийн өмнө “Асуудлаа шийдэж, идэж уухаасаа илүү гарчихаад амьдралын төлөө зүтгэж байгаа ч хүчрэхгүй байгаа зөв хүмүүст тусална, ядаж нэг хүүхдийнх нь хичээлийн хэрэгслийг ч болтугай дунд сургууль төгтөл нь даана” гэж ярьж явсан хүн өнөөдөр байрандаа төдийгүй өөрөө хүнээс тус авах талаар бодох болсон нь сонин санагдав.
Манайхан арчаагүй анхиагүй нэгнийг эвийлж байр сууц аваад өгчихдөг, амьдрал ахуйг нь өөд нь татчихдаг, олон нийтэд хандаж, анхаарал татсан хүмүүс асуудлаа “ногоон гэрлээр” шийддэг энэ гажиг үзэгдэл зовсон ч зовоогүй юм шиг, бор зүрхээрээ өөрсдийгөө болгож яваа бусдынхаа тэсвэр тэвчээрийг барж, сэтгэл зүйг нь хямрааж байгаа юм байна даа гэсэн бодол төрлөө.
Дундаж давхаргынхан цар тахлаар хөсөр хаягдсан...
Дэлхийн улс орнуудад улс төрийн чиг баримжаа нь зүүн тийш алгуур шилжиж байгаа нь тодорхой болсон. Эд баялаг цөөнхийн гарт төвлөрөхийн хэрээр ядуус олонх болж, тэдний саналыг авахын тулд улс төрийн намуудын бодлого ч өөрийн эрхгүй зүүн тийш явж байна. Үр дүнд нь халамжийн бодлого илэрхий нэмэгддэг.
Барууны бодлого баримталдаг улсуудын төгс жишээ гэж ойлгогддог АНУ-д хүртэл халамжийн бодлого хавтгайрсан. Ядуу хүмүүсээ сайтар халамжилна, бараг тэжээнэ. Баячууд нь бага татвар төлөх аргыг хэзээд олж чаддаг бол дундаж давхаргаа бараг л мөлжинө.
Манай улс ч үүнээс ялгарах юм алга. Гурван хүн тутмын нэг нь халамж авдаг, баячууд нь хэт баян. Дундаж давхарга гэдэг ойлголт нь жаахан ухаад үзвэл их л ядруухан шүү дээ, манайд.
Дэлхийд бол амьжиргааны бүх зардлаа гаргаад цаана нь хуримтлуулах мөнгө үлдэж байвал дундаж гэж үздэг. Харин манайд мэргэжил боловсрол эзэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлж татвар төлдөг хүмүүсээ “дундаж давхарга” гэж үздэг.
Энэ хүмүүс нь үнэндээ ажилгүй болчихвол ямар ч орлогогүй, ядуугийн ядуу болж хувирах өндөр эрсдэлтэй хүмүүс.
Халамж, тэтгэмж авдаггүй тэд улсаас нэг удаа тараасан 300 000 төгрөгөөс өөр тусламжгүйгээр цар тахлын хоёр жилийг давсан. Хөл хорионы дэглэм удаан үргэлжилсэн бол одоо “нийгмийн эмзэг давхарга” гэж яриад байгаа халамжийнхнаас биш, харин төрөөс халамж хүртдэггүй, төр нь туслах шаардлагагүй, дундаж давхарга гээд хаячихсан хэсгээс илүү олон хүн өлсгөлөнд нэрвэгдэх, үхэх магадлалтай байсан. Өнгөрсөн хоёр жилд хамгийн их зовсон хэсэг бүлэг бол цар тахлын улмаас ажилгүй болсон ч халамж, тэтгэмжид хамрагдаж чадаагүй тэр хэсэг юм. “Манай “Дундаж давхарга” эмзэг, эрсдэлд хамгийн түрүүнд өртөж, ачааны хүндийг үүрдэг ч халамж тусламжаас хоцромтгой” гэж ярьдгийн учир энэ.
-Эрх баригчид ядууст ээлтэй нийгэм байгуулж байна-
Монгол Улс 2025 онд хүн амынхаа 80, 2030 онд 85 хувийг дундаж давхаргад хүргэх зорилтыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа дэвшүүлсэн. Энэ нь дундаж давхаргаа дэмждэг, дундаж давхаргад ээлтэй нийгмийг цогцлооно гэсэн санаа. Гэтэл яг үнэндээ ядууст ээлтэй тогтолцоог хөгжүүлсэн.
“Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үг бий. Төр засгаас хэрэгжүүлсэн халамжийн бодлого энэ үгийг “Хүүхэд гаргавал ам тосдоно”, “Хүнтэй суувал ам тосдоно” болгож өөрчлөх шахсан байна.
Удахгүй “Баян хүнтэй явалдаж, яаж ийж байгаад хүүхдийг нь гаргавал ам тосдоно” ч болгож өөрчлөх сурагтай. Боловсролын салбарын цалинг сая шинэчлэхдээ удаан жилийн нэмэгдлийг байхгүй болгосон нь ч угтаа тууштай ажиллаж, хөдөлмөрлөх сэтгэл рүү ус цацаж байгаа нэг хэлбэр юм.
Энэ жишээнээс харахад л 20, 30 жил шигдчихсэн халамжийн “намаг”-аас иргэдээ татаж гаргана, дундаж давхаргад шилжүүлнэ гэдэг сайнаар бодоод биеллээ гэхэд зурсан төлөвлөгөө, товлосон хугацаандаа яавч амжихааргүй нь харагдаад байх юм.
Засгийн газраас халамж хүртдэг иргэдийн тоог багасгахын тулд тодорхой ажил хийж байна аа. Давхардсан халамжийг цэгцэлж, халамж авах шаардлагагүй буюу хууль бусаар халамжид хамрагддаг байсан этгээдүүдийг илрүүлэх ажлыг эхлүүлсэн. Чамгүй амжилттай яваад олны ам сайн байгаа. Гэвч олон жил аваад дасчихсан халамжаасаа салсан хүмүүсийг ажил хөдөлмөр хийх боломж бололцоогоор хангах, сэтгэлзүйг нь өргөх тал дээр давхар анхаарах учиртай. “Өнөөдөр Монгол Улсыг нуруундаа...” энэ тэр гэж томрохоо больё, зүгээр энэ улсыг улс шиг улс болгож байгаа, сэтгэлийн хат нь мохчихоогүй, бор зүрхээрээ чимээгүйхэн зүтгэж яваа хүмүүст ямар дэмжлэг байна вэ. Цалин мөнгө нь амьдралд нь хүрэлцэж байна уу.
“Хүнд хэлэхэд ичмээр дамшиг” гэдэг шиг дэлхийн жишиг, шалгуур үзүүлэлттэй тохируулахаар базаахгүй л дүн гарч байна.
-Дундаж давхаргынхны сэтгэл зүй туйлдаж байна-
“Монголчууд нийтээрээ парной, сэтгэл гутралд нэрвэгдсэн”, “Тэдэн хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай” гэх мэт нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой таагүй мэдээллийг олж хараагүй хүн ховор биз. Судалгаа хийсэн, мэргэжлийн хүмүүс нь ингэж ярьж байна.
Тэгвэл “Ядууст ээлтэй нийгэм дундаж давхаргынхны сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ” гэдэг асуудлыг одоо хөндөх цаг нь болсон байна.
Миний ойлгож байгаагаар, бид ядууст биш дундаж давхаргад ээлтэй нийгмийг бүтээхээр зорьж байгаа. Ядууст ээлтэй нийгэм бүтээвэл ядуусын тоо олширно, дундаж давхаргад ээлтэй нийгэм байгуулбал дундаж давхарга зузаарна. Өнөөдөр ажил хийж байгаадаа л дундаж давхаргад тооцогдож байгаа иргэн ажлаасаа халагдахад эмзэг давхарга шүү дээ.
Өвдөж зовоход ямар ч хөнгөлөлтгүй. Өмнө нь хэдэн арван жил төлсөн байлаа ч тухайн өвдсөн жилийнхээ даатгалыг төлөхгүй л бол эмнэлгийн үйлчилгээ ч авах эрхгүй.
“Төлж байхдаа өвдөхгүй яасан юм”, “Өмнө нь яах гэж олон жил төлсөн юм, хохь чинь” гэж хэлснээс ялгаагүй хариу сонсоод явдаг. “Үх” гэснээс ялгаагүй ийм хатуурхал өөр бусад олон зүйл дээр тулгардаг. Ийм байдалд олон ороод ирэхээр сэтгэл зүй нь эмзэг болдог, ядуу арчаагүй байсныхаа төлөө хүмүүс хожоод байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдөг. Тиймээс дарга нар халамжийн бодлого хэрэгжүүлж, компаниуд нийгмийн хариуцлага хэрэгжүүлснээ олон нийтэд сурталчлахдаа бодолтой байх ёстой юм болов уу гэсэн бодол ч төрөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг дэмжих дэмнэх бодлого байхгүй. Ажил хийгээд хичээж байгаа хүнээс аан чи мөнгө олоод байна уу чиний олсон мөнгийг өөр ажилгүй арчаагүй нөхөрт өгье гэснээс огт ялгаа байхгүйгээр дээрэмдэж байна.
Ягяг. Ингэж бичих сэтгүүлч байсанд Баярл�##�аа.