Азийн аварга, MVP Д.Дэлгэрням: 2017 оноос хойш нэг ч хожигдоогүй Австралийн багийг ялж, аваргаллаа

Гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хооронд Сингапур улсад зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг эх орноо төлөөлөн оролцлоо.

Эрэгтэй шигшээ багийн хувьд Азийн аваргын "А" хэсэгт зохион байгуулагч Сингапур болон урьдчилсан шатнаас эрхээ аваад байсан Тайваны багтай багтаж хэсгээ тэргүүлэн супер наймд шалгарсан. Харин хасагдах шатны тоглолтоо Казакстаны багтай хийж 10 онооны зөрүүгээр илүүрхэн шилдэг дөрөвт үлдсэн юм. Ингэснээр тэд медалийн эрхийн төлөө буюу алтан медалийн төлөө тоглох уу, хүрэл медалийн төлөө тоглох уу гэдгээ шийдэх чухал тоглолтоо байнгын хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэгч Шинэ Зеландын багтай хийж нэгхэн онооны зөрүүгээр буюу 19:18-ийн харьцаатайгаар буулган авч дөрөв дэх удаагаа Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө тоглохоор шалгарч үлдсэн.
Харин сүүлийн шатанд Ази тивийн гурван удаагийн аварга Австралийн шигшээ багтай аваргын төлөө дахин таарав. Хүнд тоглолтын эцэст цаг дуусахаас минут гарангийн өмнө А.Анандын холын зайн шидэлт амжилттай болж багаа аваргын тавцан руу хөтөлснөөр төдийлөн давж чадахгүй байсан даваагаа давж ийн хоёр дахь удаагаа аваргалсан юм.

Манай багийн хувьд 2017 онд эх орондоо зохион байгуулсан Азийн аваргын тэмцээнд түрүүлж, 2018, 2019 онуудад мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байв.
2023 оны 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний онцлох тамирчин Монголын багийн ахлагч Д.Дэлгэрням байлаа. Түүний хувьд 16 багийн бүх тоглогчдыг оноо авалт болон бусад үзүүлэлтээрээ тэргүүлж тус тэмцээний “MVP”-ээр шалгарсан юм.
Ийн бахархам амжилтаа дахин бататгаж, Ази тивд хоёр дахь удаагаа аваргалсан Монгол Улсын шигшээ багийн тамирчид өчигдөр 17 цагт эх орондоо газардлаа. Бид тэдэнтэй уулзаж, тэмцээний талаарх сэтгэгдэл болон ирэх оны олимпод оролцох эрхээ авахад хэр ойртож буй талаар нь цөөн хором ярилцлаа.
- Австралийн багийн хувьд л гэхэд 2017 онд манай багт хожигдсоноосоо хойш Азийн аваргын тэмцээнд нэг ч хожигдоогүй амжилттай байсан-
Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн ахлагч, Азийн хошой аварга, "MVP" тоглогч Д.Дэлгэрням
-Сайн байна уу. Хоёр дахь удаагаа Азийн аваргын тэмцээнд түрүүллээ. Мөн шилдэг үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа шүү дээ. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний тухайд?
-Энэ Азийн аваргын тэмцээн маань ази болон далайн орнуудын тэмцээн болчихож байгаа юм л даа. Австрали, Шинэ Зеланд гээд далайн эргийн, арлын орнууд багтсан маш том тэмцээн боллоо. Бидний хувьд 2017 оноос хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Таван удаа оролцсоноос дөрвөн удаа финалдаж хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Сингапур улсын тухайд өнгөрсөн жилээс эхлээд гурван жилийн турш энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Бид хоёр дахь тус улсад зохион байгуулсаан Азийн аваргы тэмцээнд оролцоод эх орондоо ирлээ. Өнгөрсөн жил бид хариуцлагатай тоглолтдоо хожигдож тэмцээнээ харамсалтайгаар эрт өндөрлүүлж байсан. Харин энэ жил өмнөх алдаагаа давтахгүй, амжилтаа бататган ахиулахын төлөө илүү нягт тоглохыг хичээлээ. Эсрэг багаа ч гэсэн сайн судлаж маш хариуцлагатай тоглосон, тийм ч учраас ялалт байгуулсан байх аа гэж бодож байна. Ямар ч байсан хоёр дахь удаагаа аварга болж чадлаа. Энэхүү амжилт маань цаашид дэлхийд гарахад том давуу тал болох болно.
-Шинэ Зеландын болон Австралийн багтай хийсэн сүүлийн чухал хоёр тоглолт амаргүй, хүнд тоглолтууд байлаа. Багийн тактикийн хувьд?
-Шинэ Зеланд, Австралийн багууд аль аль нь нурууны хувьд өндөр, ур чадвар ч маш өндөр түвшний багууд шүү дээ. Бидний хувьд олон улсын тэмцээнүүдэд оролцдог комбинац, тактикаа л боловсруулж тоглолоо. Австралийн багийн хувьд л гэхэд 2017 онд манай багт хожигдсоноосоо хойш Азийн аваргын тэмцээнд нэг ч хожигдоогүй амжилттай байсан. Сая аваргын төлөө таарч тоглоод энэ удаа манай баг хожсоноор хожлын цувралыг нь зогсоож чадсан.
-Энэ амжилт 2024 оны олимпод оролцох эрх авахад тодорхой нөлөө үзүүлэх байх. Олимпод оролцох эрхээ авахад бидний өмнө хэдэн даваа байгаа вэ. Бид хэр ойртож байна?
-2023 оны Азийн аварга болсон нь бидэнд ямар давуу талтай вэ гэхээр 2024 оны Парисын олимпод оролцох багуудын хооронд эрхийн төлөөх тэмцээнүүд их болно. Тодруулбал 2-3 тэмцээн байгаа. Энэхүү тэмцээнд Ази тивээ төлөөлөөд шууд оролцох боломжтой болж байгаа. Үүгээрээ давуу талтай гэж хэлж болно. Мэдээж бид олимпод оролцохын төлөө бүхий л нөөц, боломжоо дайчилна. Эрхийн тэмцээнүүддээ ч оролцоно, оноогоо ч сайн цуглуулна.
-Тэмцээнд аль илүү баг нь л хождог. Азийн гэх тодотголоор бол бид дөрөв дэх удаагаа алтан медаль хүртлээ-
3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга

-Ази, Номхон далайн тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж, эх орондоо ирлээ. Тэмцээний тухайд?
-Азийн аваргын тав дахь удаагийн тэмцээнд оролцоод ирлээ. Бид дөрвөн удаа финалдлаа. Энэхүү тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байна. Яг Азийн аварга нэрээрээ болдог бол бид дөрвөн удаа түрүүлсэн гэсэн үг. Учир нь далайн орон Австрали улс урилгаар орж ирдэг. Ямар ч байсан залуус маань сайхан тоглолт үзүүлээд эх орондоо ирлээ.
Монгол хүн багаараа, хамтаараа ажиллаж чаддаг юм аа. Багийн спорт маш сайхан хөгжиж байна. Бид нэгдэж зүтгэж чадвал багийн спортод амжилт үзүүлж чадна гэдгийг залуус маань дахин баталлаа. Баяртай байна.
-Сүүлийн хоёр даваа амаргүй байлаа. Тоглолтын тухайд юу хэлэх вэ?
-Австралийн баг 26 дараалсан хожилтой буюу нэг ч хожигдолгүй байсан. Тэрхүү хожлыг нь сая зогсоолоо. Ер нь бол илүү нь хождог шүү дээ. Манай залуус 10-15 см-ийн намхан ч гэсэн багийн ажиллагаа, систем гээд монгол сагсан бөмбөгөөрөө тоглоод аваргын тавцанд дахин зогсож чадлаа.
-Алтан медалийн төлөөх тоглолтын цэгийг тавьсан А.Анандын шидэлтийн тухайд. Тооцоолсон хувилбар байсан уу?
-Тэрхүү шидэлт энэ жилийн шилдэг шидэлтүүдийн нэгээр шалгарах байх. А.Ананд маань сайн ч шидсэн, багийн хувилбар комбинац ч сайн явсан.
-Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн чамлахааргүй амжилтыг үзүүлсэн. БНХАУ-ын багтай хасагдах шатны тоглолтоо хийсэн шүү дээ?
-Монголын сагсан бөмбөг түүхэндээ эмэгтэй сагсан бөмбөгчдөө анхаарч байгаагүй. Манайхтай таарч тоглосон Хятадад л гэхэд эмэгтэй 20 сая сагсан бөмбөгч байх жишээний. Гэхдээ манайд бол хөгжиж байгаа. Удахгүй үр дүн, амжилтууд гарна гэдэгт итгэлтэй байна.
-Сүүлийн шийдвэрлэх шидэлт манай багийн хувилбар, тактик байсан-
Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Азийн аварга А.Ананд
-Таны хувьд анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?
Маш их баяртай байна. Миний хувьд анх удаа Азийн аварга боллоо. Энэ удаагийн тэмцээн бидний хувьд дан ганц Азийн аварга гэхээсээ илүү олимпийн эрхийн тэмцээн гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой байлаа.
-Таны сүүлийн шидэлт багаа ялалтад хөтлөсөн. Эгзэгтэй үед маш сайн шидэлтийг гүйцэтгэсэн. Энэ хэрээр сэтгэл зүйн байдал өндөр түвшинд байсан гэж харагдахаар байлаа?
-Сүүлийн шидэлтийн тухайд гэвэл манай баг хувилбар, комбинацийн дагуу хийсэн. Эгзэгтэй мөчид ийм шидэлт гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн байсан гэх үү дээ. Тухайн үед яг бэлдсэн хувилбар системээрээ тухайн шидэлтийг хийсэн байгаа.
Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Азийн аварга О.Энхбаатар

-Бидний өмнө 2024 оны олимп гэх том даваа байна. Түүнд хүрэхийн өмнөх гол зорилго?
-Мэдээж хэрэг бид хэдийн ойрын зорилго бол олимпод оролцох. Оролцохын тулд энэ жилдээ оноогоо сайн цуглуулж, боломжтой бол оноогоороо эрхээ авах. Мөн олимпын эрхийн төлөөх гурван тэмцээндээ маш сайн амжилттай оролцохыг зорих болно. Азийн аваргын тэмцээнд түрүүлснээр олимпын эрхийн төлөөх тэмцээний тоо нэгээр нэмэгдэж гурав болсон. Энэ нь бидний хувьд бас нэгэн боломж юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.